Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

Ц.О, Р.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.О, Р.Б нарт холбогдох 1929000610035 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаярын “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 cap баривчлах ял, 2016 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, ам бүл 3, аав, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Ц О, Р.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой “ТТШ" ХХК-аас Ц.О-д нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккуммуляторыг завшиж, мөн “ИГЖ" ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккуммуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Ц.О, Р.Б нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.О, Р.Б нарыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.О, Р.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дзх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Р.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Р.Б, Ц.О нарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Ц.О нарт тус бүрд нь оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд cap бүр 270000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.О, Р.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.О, Р.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч "ТТШ” ХХК, "ИГЖ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Э.Х, Г.Т нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Ц.О, Р.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.О, Р.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Ц.О, Р.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан нь хуулийг илт буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" гэсэн хууль ёсны зарчимыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Ц.О, Р.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд торгох ял оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл шүүхээс хуульд байхгүй зохицуулалтыг үндэслэн торгох ял  оногдуулж шийдвэрлэсэн. Үүнээс болоод шийтгэх тогтоол хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бичсэн 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтэд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5/52 дугаартай яллах дүгнэлт үйлдэж яллагдагч Р.Б, Ц.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг харъяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/59 дугаартай тэмдэглэлд /хх-106-110/ “...Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Р.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж” гэж тусгагдсанаас үзэхэд анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдаагүй торгох ялыг оногдуусан байна.

Гэтэл хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад /хх-116/ “Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Шүүгдэгч Р.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл тус тус оногдуулсугай” гэж тусгасан нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг тусгасан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчид гардуулан өгсөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэв” гэж шийтгэх тогтоолын агуулгаас зөрүүтэй бичигдсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 68, 69 дүгээр гүйцэтгэх хуудсануудад /хх-124, 126/ “...Ц.О, Р.Б нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгож шийтгэсэн тул шийтгэх тогоол, зурагтай анкетын хамт Нийслэл, Ө аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэв” гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдлыг бий болгосон байна.

Иймд прокурорын “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах” дүгнэлтийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.О, Р.Б нарт холбогдох 1929000610035 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                                 ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА                                      

                                                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ