Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0005

 

“Э д о у” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0776 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э д о у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0776 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 93 дугаар зүйлийн 93.1, Патентийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э д о у” ХХК-иас Оюуны өмчийн газар, тус газрын Маргаан шийдвэрлэх комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсэг болох “Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, 30-2017-0003477 мэдүүлгийн дугаартай, Тасалбартай түгээх машин /ТТМ/ нэртэйгээр өгсөн Бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...манай зүгээс бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү шаардлагыг хүрээнд бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан нь үндэслэлтэй эсэх талаарх үйл баримтад холбогдуулан дүгнэлт хийх ёстой байсан ч дүгнэлт хийгээгүй. ... даалгах нэхэмжлэлийн тухайд татгалзах байна уу, татгалзал нь хууль бус уу гэдэг талаас нь дүгнэлт өгөх ёстой. Манай зүгээс удаа дараагийн татгалзах нь хууль бус талаар илэрхийлж байсан, шүүхээс үндэслэлийг тодруулаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, захиргааны актыг хянадаг.

Нэхэмжлэгч “Э д о у” ХХК нь Оюуны өмчийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Э д о у” ХХК-ийн Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, 30-2017-0003477 мэдүүлгийн дугаартай, тасалбар түгээх машин /ТТМ/ нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон үндэслэлээ “...мэдүүлэгт гарган өгсөн бүтээгдэхүүний загварыг бүртгэхээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхүй, бүтээгдэхүүний загварыг зохион бүтээсэн учраас бүртгэхийг хариуцагчид даалгах” гэж тайлбарласан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн захиргааны акт хэмээн тодорхойлон маргаж буй Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоол нь нэхэмжлэгчид бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэр биш, харин урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар татгалзсан шийдвэрийг хянасан акт байхад анхан шатны шүүхээс дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах боломжийг олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн ... 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасантай нийцэхгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч шүүхээр зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь аль захиргааны байгууллагын, ямар үйл ажиллагааны улмаас хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй болох, тухайн шүүхийн шийдвэр гарснаар эрх нь сэргэх боломжтой эсэхийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг зөвтгөж, маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхээс “Э д о у” ХХК-ийн бүтээгдэхүүний загварыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан Оюуны өмчийн газрын шинжээч О.О-ийг гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0776 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН