Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01014

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00235 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 201/МА2017/00014 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 276 965 966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга, хариуцагч Ц.Төмөртогтоо, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ц.Т- нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан, барилгын хөрөнгө оруулалтын зорилгоор, 51 350 ам.долларыг 30 хоногт 4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, эхний 5 сар үндсэн зээл төлөхөөс чөлөөлөгдөх, хугацаа хэтэрвэл 30 хоногт 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлөөр зээлдэн авсан. Улмаар 5 сарын дараа зээлийн үндсэн төлбөр төлөгдөж эхлэх хугацаа болох үеэр 2014 оны 05 дугаар сарын 13-нд нэмэлт гэрээ байгуулан, зээл буцаан төлөх нийт хугацааг 8 сараар, түүний дотор зээлийн үндсэн төлбөр төлж эхлэх хугацааг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулан сунгасан байна. Гэвч Ц.Т- нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн тооцоог 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгосон.

Иймд зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 49 476.86 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 52 083.25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10 225.22 ам.доллар буюу нийт 111 785.34 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар 1 ам.долларыг 2474.86 төгрөгөөр тооцон, 276 653 066.55 төгрөг гаргуулах, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардал 29 600 төгрөг, Дорнод аймагт ажилласан ажилтны томилолтын зардал 90 000 төгрөг, автомашины бензин 196 000 төгрөг, буюу нийт 276 965 966.55 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу зээл авах үеийн нэг ам.долларын ханш буюу 1559 төгрөгөөр тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй явдал нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн алба, баригдсан орон сууцны гэрчилгээг айл бүрээр гаргаж өгөхгүй байгаатай холбоотой, надаас шалтгаалаагүй, миний буруу байхгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэх заалтын дагуу гэрээний хугацаа дууссан үе буюу 2015 оны 01 дүгээр сарын 12-ноос хойш бодсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй.

Иймд зээлийн үндсэн өр 77 134 424 төгрөг, гэрээний хугацаанд төлөөгүй хүү 19 229 311 төгрөг, гэрээний хугацаанд төлөөгүй нэмэгдүүлсэн хүү 3 845 862 төгрөг буюу нийт 100 209 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00235 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Т-гоос 121 951 137 төгрөгийг гаргуулан “Кредит Монгол” Банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155 014 829 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 10 баг, 74-р байр /ГД 000148945, Ү-0614006820 / 860 м2 талбай бүхий 16 айлын орон сууц, Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 1-02 тоот 884 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний газар /ГД:000217535, Г-0614000261/, Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 19-0 тоот ГД:0042584, 091100190 нэгж талбайны дугаартай 3264 м2 үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай эзэмших газар, Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 19-00 тоотод ГД:000148272, Ү-0611004091 улсын бүртгэлийн дугаартай 64 м2 талбай бүхий конторын зориулалттай байшин, Хэрлэн сумын 4-р баг “МЕХБААЛ” ХХКомпаний бетон зуурагч, компрессор, өргүүр, таслагч, NYL60X маркийн экскаватор, КС-3562 маркийн кран зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 138/Ш32017/00373 дугаартай “Хүсэлт хангаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаар оролцсон С.Эрдэнэчулуунд холбогдуулан эд хөрөнгө битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 542 850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т-гоос 767 706 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБайгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 201/МА2017/00014 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг баримтлан хариуцагч Ц.Т-гоос зээлийн гэрээний үүрэг болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учирсан хохиролд 276 965 966.55 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгон, хариуцагч С.Эрдэнэчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж; тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “767 706 төгрөг” гэснийг “1 542 780 төгрөг” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 936 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дорнод аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Ц.Т- намайг Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн”-дээ буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

...Дорнод аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс нь одоо болтол тус орон сууцны айл бүрийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Энэ үйлдлээрээ Дорнод аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд миний бие энэ талаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгүүлчихээд байгаа болно.

Манай 16-н айлын орон сууцнаас 3 айлын орон сууцыг худалдахаар гэрээ байгуулчихсан байгаа. Хамгийн гол нь Ц.Т- миний бие тэдгээр 3-н иргэнд тус тусынх нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцныхаа үнийг авах нөхцөл үүсээд байгаа юм. Тиймээс зээл төлөлтийн хугацаа хэтэрсэн асуудал нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй орон сууцыг худалдах боломжгүй байсантай шууд холбоотой юм. Энэ нөхцөл байдал нь Ц.Т- надаас огт шалтгаалаагүй бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй Дорнод аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн төлөлтийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасныг үндэслэн Ц.Т- надаас зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хугацааны буюу 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг дуустлах хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргах ёсгүй.

...Нэхэмжлэгч байгууллагаас Ц.Т- надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт нэхэмжилсэн 111 785,34 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016.12.07-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар 1 ам.долларыг 2474.86 төгрөгөөр тооцож гаргасан. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь намайг тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад 1 ам.доллар нь 1559 төгрөгтэй тэнцэж байсан. Би зээлж авсан ам.долларыг тухайн үеийн ханшаар нь төгрөгөөр солиулаад орон сууц барих үйл ажиллагаандаа зарцуулсан юм. Зээл авснаас хойш ам.долларын ханш өссөн. Банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь хүнээс урт хугацаатай төгрөгийн зээл авахад төгрөгийн ханш унасан, өссөнийг тооцож төлдөггүй, анх авсан төгрөгийн хэмжээгээр төлдөг шүү дээ.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гээд мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ. Дээрх хэм хэмжээнд заасан үүрэг үүсэх үе гэдгийг хэрхэн ойлгох нь чухал ач холбогдолтой. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд үүрэг үүсэх үндэслэлийг заасан бөгөөд 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гээд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж заажээ. “К” ХХК болон Ц.Т- бидний хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар ам.долларын өр төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1 ам.доллартай харьцах төгрөгийн ханш болох 1559 төгрөгөөр тооцож зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар төлөх ёстой үндсэн зээл 49 476,86 ам.доллар, үндсэн хүү 11 386 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2277 ам.доллар буюу нийт 63 139,86 ам.доллар төлөх ёстой гэж үзэж байна. Үүнийг Монгол төгрөгөнд шилжүүлбэл 98 435 042 төгрөг, үүн дээр нэхэмжилсэн нотариатын зардал 29 600 төгрөг, томилолтын зардал 90 000 төгрөг, автомашин бензины зардал 196 000 төгрөг нийт 98 750 642 төгрөгийг “К” ХХК-д төлөх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нийт нэхэмжлэлээс 178 215 324,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Иймд Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201/МА2017/00014 тоот магадлалд өөрчлөлт оруулж, “К” ХХК-ийн нэхэмжлэлээс 178 215 324,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Ц.Т- нь 61 350 ам.долларыг 10 сарын хугацаатай, 30 хоногт 4%-ийн хүүтэй, эхний 5 сар үндсэн зээл төлөхөөс чөлөөлөгдөх, хугацаа хэтэрвэл 30 хоногт 0,8%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй зээлжээ. Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан, зээл төлөх нийт хугацааг 8 сараар, зээлийн үндсэн төлбөр төлж эхлэх хугацааг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулан сунгажээ.

Хариуцагч Ц.Төмөтогоо нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний нөхцөл, зээлийн төлбөр төлөлтийн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, шаардлагынхаа хэмжээг тодорхойлсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3., 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасан шаардлагад нийцжээ.

 

   Зохигчдын хооронд ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан байх ба энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Уг зүйлийн 4.1.-д зааснаар бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглодог. Энэ зүйлийн 4.4.-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болохоор байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц,Төмөртогтоогийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг тодорхойлохдоо ам.долларын монгол төгрөгтэй харьцах харьцааг  нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйл нь “төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш” нэртэй бөгөөд 218.1.-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, 218.2.-т “хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн   өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшны тухай заасан болохоос бус төгрөгийн ямар нэг улсын мөнгөн тэмдэгт буюу гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй байна.

Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хууль ёсны хэрэгсэл мөн ба хуульд өөрөөр заагаагүй бол төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэж болдог.

Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг ба мөнгөний бодлогын хүрээнд төгрөгийн өөрийн ханшид буюу эдийн засгийн хэллэгээр девальваци, деноминаци зэрэг өөрчлөлт орсон тохиолдолд мөн инфляци, дефляцаас шалтгаалан төгрөгийн өөрийн үнэ өөрчлөгдөх явдал төлбөр гүйцэтгэх үнийн дүнд нөлөөлөхгүй бөгөөд төлбөрийг үүрэг үүсэх үеийн үнэлгээгээр гүйцэтгэх зарчмыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зохицуулжээ.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэлгээнд гадаад валюттай харьцах ханш шууд нөлөөлдөг хэдий ч үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр ямар үүрэг хүлээхээр талууд гэрээгээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэх ёстой байдаг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д туссан байна. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний зээлдэгч ам.долларын зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам.доллартай харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцах учиртай.

Давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, магадлалдаа тодорхой тусгасан байна.

Харин анхан шатны шүүх барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ барьцааны зүйлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн аль алин хамаарч байгааг анхааралгүй дан ганц үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан эрх зүйн хэм хэмжээг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасан нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дээрх алдааг залруулаагүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 201/МА2017/00014 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...С.Эрдэнэчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж” гэсний дараа “тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д” гэснийг “Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 049 027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН