Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 235

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу 46-р байрны 04 тоот байрлах, “Кредит Монгол” Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг, 9-р байрны 14 тоотод оршин суух, “МЕХБААЛ” хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал ажилтай, Цогзол овогт Цогзолын Төмөртогоод холбогдох,

“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 276.965.966 төгрөг 55 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Даваатулга, хариуцагч Ц.Төмөртогоо, С.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Төмөртогоо, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэчулуун нар нь 2013 оны 11 сарын 21-ний өдөр “Кредит Монгол” ББСБ-тай хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 51350 ам долларыг сарын 4.0 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар зээлийн үндсэн төлбөрөөс 5 сар чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр зээлж авсан. Мөн 2014 оны 05 сарын 13-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан 51.300 ам долларын 08 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нь 2014 оны 10 сарын 24-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй, дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “Кредит Монгол ББСБ” ХХК-ний салбарын санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас 2016 оны 06 сард татан буугдсан болно. 2016 оны 12 сарын 07-ны байдлаар зээлдэгч Ц.Төмөртогоо, С.Эрдэнэчулуун нарын төлөх төлбөр үндсэн зээл 49.476.86 ам доллар, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэл хүү 52.083.25 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 10.225.22 ам доллар нийт 111.785.34 ам доллар буюу 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Монгол банкны албан ханш 1 ам доллар 2474.86 төгрөг байгаагаар тооцвол 276.653.066.55 төгрөг байна. Мөн шүүхэд нотлох баримт бүрдүүлэн өгөхөд гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний хөлс 29600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1542750 төгрөг, томилолтын зардал 90000 төгрөг, машины бензин 196000 төгрөг нийт 1856850 төгрөг нэмж тооцож байна. Иймээс Ц.Төмөртогоо, С.Эрдэнэчулуун нараас нийт 276.965.966 төгрөг 55 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Даваатулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Төмөртогоо нь хариуцагчаар татаж байсан С.Эрдэнэчулууныг нэхэмжлэлд хамааралгүй гэж байгаа учир түүнийг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Иймээс Эрдэнэчулуунаас нэхэмжлэх зүйл байхгүй болно. Харин зээлдэгч Ц.Төмөртогоогоос 276.965.966 төгрөг 55 мөнгө нэхэмжилж байна. Зээлийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан байгаа. Зээлийн гэрээнд ам доллараар тооцож зээл олгож байгааг тодорхой тусгаж харилцан зөвшөөрсний үндсэн дээр зээл олгогдсон. Зээлийн гэрээний 2.3-д зааснаар төлбөр тооцоог Монгол Улсын хуулинд заасны дагуу Монгол банкны тухайн өдрийн валютын ханшаар тооцон нэхэмжилсэн байгаа. Мөн зээлийн гэрээний 3.1.4, 3.2.4-т зааснаар хүүг зээлдүүлэгч төлөх үүрэгтэйг заасан, харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул зээлийн хүүг үндсэн хүү 0.4 хувийг өсгөж нэмэгдүүлсэн хүүг 0.8 хувиар тооцож нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээний 3.3-т зааснаар гэрээний аль нэг талд давагдашгүй хүчин зүйл учирсан гэдгийг нотлох баримтаар нотолвол талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно гэсэн байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгчид учирсан хохирлыг зээлдэгч нь төлж барагдуулна гэж гэрээнд заасан байгаа. Давагдашгүй хүчин зүйл учирсан гэдгийг зээлдэгч нь манай байгууллагад мэдэгдээгүй. Бид зээлийн нэмэлт гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг хойшлуулж өгсөн. Гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа хариуцагч Төмөртогоо нь гэрээний зүйлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж зээл авсан байгаа. Мөнгөн төлбөрийн үүргийг мөнгөн төлбөрөөр гүйцэтгэнэ гэж хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр нэхэмжилсэн байгаа. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Гэрээг ам доллараар хийхийг хориглоогүй, зөвшөөрсөн. Хариуцагч Ц.Төмөртогоо нь энэ хугацаанд үндсэн зээлд 1800 ам доллар, хүү 22030 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 300 ам доллар төлснийг төлбөрөөс хасч тооцсон учир нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Иймд хариуцагч Ц.Төмөртогоогоос 276.965.966 төгрөг 55 мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Төмөртогоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг барилга орон сууц барьж дуусгах зориулалтаар авсан. Зээлийг өгөхдөө үйл ажиллагааг судалж үзээд зээлийг олгосон. Зээл хугацаандаа бүрэн төлөгдөх боломжтой байсан. 2014 оны 08 сараас 2015 оны 01 сарын 15-ны хооронд гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж чадаагүй нь үнэн. Үүнд оногдох зээлийн хүү, түүний нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг зээлийн үүрэг үүсэх үеийн валютын ханшаар, Иргэний хуулийн дагуу тооцож төлөхөөр тухайн гэрээг хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 01 сарын 10-нд зээлийн гэрээ дуусах байсан. 2014 оны 12 сарын 02-ны өдөр манай барилгын ажил дуусч ашиглалтанд орсон. Ингэснээр зээлийг бүрэн төлөх боломж бүрдсэн. Гэвч зээлийг төлж чадахгүй болсон үндсэн шалтгаан нь Дорнод аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэс хүндрэл учруулсан. 2014 оны 12 сарын 02-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар улсын комиссын актыг барьж явж 16 айлын гэрчилгээг авч худалдан авагч нараас мөнгөө авах боломжийг тасалдуулсан. Хугацаа хэтрүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаад байгаа үндэслэл нь зээлийн хугацаа хэтэрснээс үүсэх үр дагавар гэж иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж тодорхой заасан байгаа. Би өөрийгөө энэ хуулийн заалтын дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байна. Энэ хугацаанд хүүнд 22032.99 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 300.88 ам доллар, үндсэн зээл 1873.14 ам доллар төлсөн. Миний тооцож байгаагаар бол үндсэн зээл 49.476.86 ам доллар, хүү 11.386 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн хамт Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож нийт 100.209.600 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа тайлбартаа бичсэн. Нэхэмжлэгчийн бусад зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ нь хариуцагч Ц.Төмөртогоод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 276.965.966 төгрөг 55 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Төмөртогоо нь “Кредит Монгол” ББСБайгууллагатай 2013 оны 11 сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалтын зориулалттай ЗГ1114/13/11/14 дугаартай зээлийн гэрээ, БГ1114/13/11/14 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулан 51.350 ам долларыг сарын 4.0 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар зээлийн үндсэн төлбөрөөс эхний 05 сар чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр зээл авсан бөгөөд 2014 оны 05 сарын 13-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 51.300 ам долларын зээлийн гэрээг 08 сарын хугацаатай буюу 2015 оны 01 сарын 10-ныг хүртэл сунгасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөр 49.476.86 ам долларыг төлөх талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар маргаан үүсгэн мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ нь “зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 12 сарын 07-ныг хүртэл тооцож 52.083.25 ам доллар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийг 2 дахин өсгөж 0.8 хувиар нэмж 10.225.22 ам долларыг Монгол банкны тухайн өдрийн ханш 2474.86 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ” гэж,  хариуцагч Ц.Төмөртогоо нь “үүрэг гүйцэтгэхэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, үүрэг гүйцэтгэгч буруугүй… үндсэн хүүг гэрээний үүрэг үүсэх үеийн буюу 2013 оны 11 сарын 21-ний өдрийн Монгол банкны долларын ханшаар тооцож төлбөр төлнө” гэж маргалдаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулласан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 сарын 10-ны өдөр дууссан бөгөөд түүнээс хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байтал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 12 сарын 07-ныг  хүртэл хүү тооцож нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээнд хүүтэй болон хүүгүй олгож болохоор хуульчилсан байгаа нь гэрээний хугацаанд хүү авах эрхтэй гэсэн үг юм.      Харин хариуцагч гэрээний хугацаанд тодорхой хэмжээгээр хүү төлсөн гэхдээ үндсэн зээл 49.476.86 ам доллар болон хүү 11.386 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул дээрх төлбөрийг үүрэг үүсэх үеийн буюу 2015 оны 01 сарын 10-ны өдрийн Монгол банкны долларийн ханш 1926.44 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ц.Төмөртогоо нь тайлбартаа: “давагдашгүй хүчин зүйл төлбөр төлөхөд нөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч давагдашгүй хүчин зүйл нь “байгалийн гамшиг, газар хөдлөлт, хорио цээр…” гэх мэт хүнээс үл хамаарах зүйлийг багтаасан байдаг бөгөөд түүний гаргасан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын гэрчилгээ гаргаагүй байдал нь давагдашгүй хүчин зүйлд хамаарагдахгүй гэж үзэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагч Ц.Төмөртогоогоос нэхэмжлэлийн шаардлага  үндсэн зээл 49.476.86 ам доллар буюу 95.314.202 төгрөг, хүү 11.386 ам доллар буюу 21.934.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүгийн 20 хувиар тооцож/ 2.277 ам доллар  буюу 4.386.889 төгрөг, мөн нотариатын зардал 29600 төгрөг, томилолтын зардал 90.000 төгрөг, авто машины бензины зардал 196.000 төгрөг нийт 121.951.137 төгрөг гаргуулан 155.014.829 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Төмөртогоо нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 10 баг, 74-р байр /ГД:000148945, Ү-0614006820 / 860 м2 талбай бүхий 16 айлын орон сууц, Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 1-02 тоот 884 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний газар /ГД:000217535, Г-0614000261/, Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 19-0 тоот ГД:0042584, 091100190 нэгж талбайны дугаартай 3264 м2 үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай эзэмших газар, Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 19-00 тоотод ГД:000148272, Ү-0611004091 улсын бүртгэлийн дугаартай 64 м2 талбай бүхий конторын зориулалттай байшин, Хэрлэн сумын 4-р баг, “МЕХБААЛ” ХХКомпаний бетон зуурагч, компрессор, өргүүр, таслагч, NYL60X маркийн экскаватор, КС-3562 маркийн кран зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч С.Эрдэнэчулууныг “хариуцагчаар татсан боловч жинхэнэ хариуцагч биш учир түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 138/Ш32017/00373 дугаартай “Хүсэлт хангаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаар оролцсон С.Эрдэнэчулуунд холбогдуулан эд хөрөнгө битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Цогзолын Төмөртогоогоос 121.951.137 төгрөгийг гаргуулан “Кредит Монгол” Банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155.014.829 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 10 баг, 74-р байр /ГД 000148945, Ү-0614006820 / 860 м2 талбай бүхий 16 айлын орон сууц, Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 1-02 тоот 884 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний газар /ГД:000217535, Г-0614000261/,  Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 19-0 тоот ГД:0042584, 091100190 нэгж талбайны дугаартай 3264 м2 үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай эзэмших газар, Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 19-00 тоотод ГД:000148272, Ү-0611004091 улсын бүртгэлийн дугаартай  64 м2 талбай бүхий конторын зориулалттай байшин, Хэрлэн сумын 4-р баг “МЕХБААЛ” ХХКомпаний бетон зуурагч, компрессор, өргүүр, таслагч, NYL60X маркийн экскаватор, КС-3562 маркийн кран зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

3. 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 138/Ш32017/00373 дугаартай “Хүсэлт хангаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаар оролцсон С.Эрдэнэчулуунд холбогдуулан эд хөрөнгө битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хя нан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.542.850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Төмөртогоогоос 767706 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБайгууллагад олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАЙГАЛМАА