Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01013

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00394 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 997 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35 132 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би “М” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн лотки нийлүүлсэн. Урьдчилгаа 6 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Үлдэгдэл 25 160 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч 25 160 000 төгрөг төлөх, төлөхгүй бол алданги төлөхөөр тохиролцсон.3 000 000 төгрөг төлсөн тул үндсэн төлбөр 22 160 000 төгрөг, алданги 9 972 000 төгрөг, нийт 35 132 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани иргэн М.А-тэй 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгний хуучин лотки, таг худалдан авахаар болсон ба урьдчилгаа болгож 6 000 000 төгрөг төлсөн. Нийлүүлсэн бараа материалын ихэнх нь чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй материал ирсэн. Манай компанийн зүгээс болон гадна сантехникийн ажил гүйцэтгэсэн “Хос нуурын овоо” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан чанар стандартын дагуу бараа материал нийлүүлэхийг удаа дараа шаардаж, очиж шаардлага тавьж байсан. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс тухайн үед гэрээгээр тохиролцсон үнийн дүнг чанар, стандартын шаардлага хангаагүй бараа материал нийлүүлснээс их зардал гарсан, бараа материалын үнийг буулгахаар шаардлага гаргалгүй 2015 оны эцсээр 25 160 000 төгрөгийн үлдэгдлээр тооцоо нийлсэн. Учир нь урьдчилгаа 6 000 000 төгрөг, сүүлд 3 000 000 төгрөгт тооцож хайрга нийлүүлсэн, өөр төлбөр хийгээгүй тул аль аль талдаа алдагдлаа хүлээх нь зүйтэй гэж үзэж байсан.Нэгэнт эвийн журмаар гэрээний асуудлыг шийдвэрлэхгүй тул манай компани өмнөх 25 160 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нийт 35 132 000 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00394 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь хэсэгт зааснаар “М” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 32 132 000 төгрөг гаргуулж, М.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-иас 318 609 төгрөг гаргуулж М.А-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 431 143 /296 072+135 071/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 997 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхэд шүүгч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1, 91.1.2, 91.1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр шүүгчээс татгалзал байгаа эсэх талаар асуухад хариуцагч тал татгалзал байхгүй гэсэн, шүүх хуралдааны явцад хариуцагч хүсэлт шийдвэрлээгүй үндэслэлээр шүүгчээс татгалзсан. Гэтэл шүүгчээс татгалзсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн зөвхөн хүсэлт шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзсан байх тул тухайн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь заалтаар тухайн шүүгчийн ерөнхий шүүгч шийдвэрлэх боломжгүй, тухайн хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй байсан учир нь зөвхөн хүсэлт шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзсан.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1, 91.1.2, 91.1.3 дахь заалтууд, 92 дугааp зүйлийн 92.6 дахь заалтуудыг зөрчсөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 997 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардсан  М.А-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг агуулгаар нь хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж давж заалдах шатны шүүх үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан байна \хх-ийн 58 дугаар тал\.

Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад  асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч 2 хуудас бичгийн нотлох баримт нэмж гарган өгсөн бол хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч талаас хоёр нотлох баримт шинээр гаргуулахыг, мөн шинжээч томилуулах талаар хүсэлт гаргажээ \хх-ийн 58, 59 дүгээр тал\.  

Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Мөн зүйлийн 105.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болдог байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “тухайн хэрэгт ач холбогдолгүй” гэж үзжээ.

Хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг тул хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруу гэж үзэх үндэслэлгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоогүй байсан, эсхүл бололцоотой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны үед хүсэлт гаргасан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүх “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй байна \хх-ийн 59 дүгээр тал\.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, 92 дугаар зүйлийн 92.1., 92.6.-д заасныг зөрчсөнөөр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх хязгаарлагдсан гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй байна. Хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй байна.

Харин энэ зүйлийн 92.2.-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн  даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан байна.

Ийнхүү шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг хамааруулжээ.

Хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг ба хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд хэргийн оролцогч шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, эсхүл  ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.

Дээрхээс “уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэх үндэслэл тухайн тохиолдолд хамааралтай гэж үзэхээр боловч шүүгчийн хууль ёсны үйл ажиллагааг “үндэслэл бүхий эргэлзээ”-г бий болгосон гэж дүгнэх боломжгүй юм. Харин хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д зохицуулсаныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үедээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол  шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно.

Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно.

Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн ажиллагааг шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах эсэхийг шийдвэрлэх, шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгчийн ажиллагаанаас зааглаж, энэ хоёр субъектын бүрэн эрхийг ялгаж ойлгох учиртай.  

Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэж тодорхойлсон нь оновчгүй болсон боловч энэ нь шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх, улмаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.А- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 25 160 000 төгрөг, алдангид 2 464 400 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, 35 132 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан боловч татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтын дагуу хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 997 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 83/ШШ2017/00394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 318 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.               

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН