Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0833/З |
Дугаар | 221/МА2020/0019 |
Огноо | 2019-12-31 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2020/0019
“Хмм” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Мнарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Хмм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дүгээр шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1-т заасныг баримтлан “Хмм” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, Б.Д нар давж заалдах гомдолдоо: “...Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “санхүүгийн чадавхийг нотлох” баримт бичгийн жагсаалтад ашигтай ажилласан жил гэсэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл ашигтай ажилласан жилийн тоог ямар ч сонгох боломжгүйгээр шууд нэг жил заах цаашлаад ер нь ашигтай ажилласан жил гэсэн шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. ....Санхүүгийн чадавхийг нотлох баримтуудыг хангалттай гарган өгсөөр байхад зөвхөн ашигтай ажилласан жилийн шаардлагыг харгалзан үзэж манай санал болгосон тендерээс татгалзаж байгаад гомдолтой байна.
...Захиалагч нь хуульд заасан зарчмаа үл баримтлан шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байгааг дэмжин шийдвэр гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай тендерийн баримт бичиг цаашлаад анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. ....Өмнө нь захиалагчаас маргаан бүхий тендерээс 4 сар гаруйн өмнө тендерийн баримт бичгээ ашигтай ажилласан жилийг 2 жил гэж заасан атлаа дараагийн тендертээ 1 жил гэсэн шаардлага тавьж байгаа нь нэхэмжлэгч компанийн сул талыг мэдэн 1 жил гэсэн шаардлага оруулсан гэж бидэнд хардлага төрөхөөр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Хмм” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан, гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон” захиргааны акт биш байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй, ийнхүү гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянаад захиалагч хууль зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасан шийдвэрийг гаргахаар заасан, харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тендерт оролцогчийн гомдлыг 14 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь буюу дээр дурдсан шийдвэрийг тендерт оролцогч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зохицуулсан байна.
Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан бүхий тохиолдолтой харьцуулан авч үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай албан бичгээр “...Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 18.2-ын д-д “Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2018 он” гэж заасан нь хуульд нийцсэн, тендер шалгаруулалт нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй” гэж “Хмм” ХХК-ийн гомдолд өгсөн хариу нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан шийдвэр биш буюу маргаан бүхий асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, тендерийн баримт бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, өөрчлөөгүй, эрх зүйн үр дагаваргүй албан бичиг байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзлээ
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй албан бичгийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч “Хмм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон маргаж буй субьектив эрх сэргэхгүй, Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 18.2-ын д-д “Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2018 он” гэсэн заалт хүчингүй болох үр дагавар үүсгэхгүй юм.
Иймд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаанд хэрэг үүсгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Хмм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН