Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 968

 

 

 

 

 

2019            09             26                                           2019/ДШМ/968                                       

 

Л.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Үүлэн,

            шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Алтанцэцэг,

            иргэний хариуцагч Д.М,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Гт холбогдох 1702000750035 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Л-ийн Г, Улаанбаатар хотод 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм, эрх зүйн багш мэргэжилтэй, Боловсролын их сургуулийн харъяа Сургуулийн өмнөх боловсролын их сургуулийн захирал ажилтай, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн 54А байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, түүхийн ухааны доктор цолтой. /регистрийн дугаар: 000000000/

Л.Г нь Боловсролын их сургуулийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зах зээлд нэг бүр нь 289,900 төгрөгөөр худалдаалагдаж байсан MIDEA BWJ-120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг зах зээлийн дундажаас дээгүүр үнээр буюу нэг бүрийг 2,000,000 төгрөгөөр тооцон 20 ширхэгийг “Оюутны өргөө цогцолбор”-т худалдан авахаар тохиролцож “Цалгайн хүү” ХХК-тай шууд гэрээ байгуулан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг шилжүүлж, Боловсролын их сургуулийн “Оюутны өргөө цогцолбор”-т 34,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Л.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Гийг “төсөв захирагч төрийн өмчийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Л.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, эрх хассан ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Л.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гээс нийт 34,202,000 төгрөгийг гаргуулан хохирогч Боловсролын их сургуулийн харъяа “Оюутны өргөө цогцолбор” /Н.Одгэрэл/-д олгож, иргэний хариуцагч Д.М нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг нотлогдсон мэтээр үнэлж хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар:

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргээр Л.Гийн үйлдлийг зүйлчилж ирүүлснийг шүүх хэвээр нь үлдээж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой талаар өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг няцаахдаа хийсэн дүгнэлт нь алдаатай болсон.

Учир нь, хэрэгт авагдсан баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, Сангийн яам болон БСШУСЯ-аас удаа дараа ирүүлсэн албан бичгүүдээр Л.Гийн угаалгын машин авсан мөнгө нь төр, хувийн хэвшлийн нийлсэн 27 их, дээд сургуулийн оюутнуудын төлсөн байрны төлбөр буюу төсвийн бус хөрөнгө гэдэг нь нотлогдсон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 дэх хэсэгт заасан “Төсөв захирагч төрийн өмч, ...” гэсэн таслалтай хэсгийг тусад нь авч гэм буруутайд тооцсон нь алдаатай байна. Шийдвэрлэх хүчин зүйл, нотлох баримт болох 1000 оюутны “Оюутны өргөө” цогцолбор нь төр, хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хувь нийлүүлсэн хөрөнгөөр баригдсан уу, эсхүл төрийн өмчийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан уу гэдгийг тогтоосон, мөн төрийн өмчид албан ёсоор бүртгэсэн үйл баримт /нотлох баримт/ байх ёстой буюу албан ёсоор төрийн өмчид бүртгэгдсэн эсэх нотлох баримт байхгүй, хэрэгт энэ талаар шалгаж тогтоогоогүй, нотлох баримт авагдаагүй нь дээрх зүйлчлэлийг зөв хэрэглэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Харин шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлээр зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хангаж байгаа бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго бүрэлдэхүүний шинжийг энэ зүйлчлэл нь илүү хангаж байгаа болно.

Хэрэг гарсан огноог 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэж тооцсонтой маргахгүй боловч энэ өдөр “Оюутны өргөө цогцолбор” 1000 оюутны байрны өмчлөлийн байдал тодорхойгүй, тогтоогдоогүй, шалгаж тогтоосон баримт байхгүй байсан.

Хэрэв анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1 “Төсөв захирагч төрийн өмч, ...” гэсэн таслалтай хэсгийг тусад нь авч гэм буруутайд тооцож байгаа бол ерөнхий байдлаар биш шууд нотлох баримтыг үнэлэн тогтоох ёстой, хуулийн заалттай. Гэтэл шүүх хэргийн нотлогдсон байдлын талаар дүгнэлт хийхдээ шууд төрийн өмч гэж дүгнэсэн нь нотлох баримтгүй, нотлогдоогүй буюу нотолбол зохих байсан байдлыг нотлогдсон мэтээр хийсвэрлэн хэт ерөнхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дах заалтад заасныг баримтлан мөн зүйлийн 6.15 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр дээрх байдлыг тодруулсны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх ёстой гэж үзэж маргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр /тогтоол/ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид “Төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцох заалт байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв баримталсан эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд энэхүү хууль буцаан хэрэглэх заалтыг үндэслэвэл Л.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.

2.   Хохирол, иргэний нэхэмжлэлийг буруу хангаж шийдвэрлэсэн талаар:

Хохирлын үнэлгээ болон төлбөл зохих төлбөрийн талаар маргаангүй. Гагцхүү хэн хариуцах ёстой талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан баримтаар "Цалгайн хүү" ХХК /захирал Д.М/ нь угаалгын машины төлбөрт 40.000.000 төгрөгийг авсан, захиран зарцуулсан, ашиг олсон баримт болон энэ мөнгөнөөс Л.Г хувьдаа авсан 1 ч төгрөг байхгүй болох нь хангалттай тогтоогдсоор байхад анхан шатны шүүх “Цалгайн хүү” ХХК /захирал Д.М/-д Иргэний эрх зүйн хариуцлага тооцох үндэслэлгүй, төлбөр гаргуулахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэдийгээр бизнесийн байгууллага ашиг олох эсэх асуудал нь хуулиар хориглоогүй боловч үндэслэлгүй хөрөнгөжих заалт Эрүүгийн хууль болон Иргэний хуульд тодорхой тусгагдсан байхад анхан шатны шүүх нийлүүлэх барааны үнэ, чанар байдал, үйлдвэрлэгдсэн улсын талаар зориуд худал мэдээлэл өгсөн этгээд болох “Цалгайн хүү” ХХК /захирал Д.М/-аас барааны илүү төлөлтийн төлбөрт 34.202.000 төгрөгийг гаргуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хэрэв анхан шатны шүүх иргэний хариуцагчаас төлбөр гаргуулахгүйгээр шийдэж байгаа бол шүүгдэгч Л.Г, “Цалгайн хүү” ХХК /захирал Д.М/ нарын хооронд хийгдсэн хэлцэлийг хууль ёсны дагуу хийгдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт гарч байгаа бөгөөд энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхэд эргэлзээг бий болж байна.

Төлбөрийг хэн хариуцаж төлөх эсэх асуудал маргаантай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зуйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх заалтаар шийдвэрлэх нь мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т заасныг хангана гэж үзэж маргаж байна.

Энэ хэрэгт хохирлын тооцоог нарийн тогтоосон эсэх нь эргэлзээтэй бөгөөд угаалгын машины үнэлгээ, эдэлж хэрэглэж актлагдсан байдал зэргийг тогтоосон зүйлгүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолд иргэний хариуцагчид татвар торгууль ногдуулсан гэж үзэж байгаа бол хэдэн төгрөгийн үнэлгээтэй, хил, гаалиар мэдүүлсэн баримтууд, хэдэн төгрөгийг торгууль, татвар хэлбэрээр улсын төсөвт оруулсан зэргийг нь нотлох баримтаар үнэлж байж хохирол төлбөрийн тооцоог гаргах ёстойг орхигдуулсныг залруулж, засах шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Цалгайн хүү” ХХК-ийн захирал миний бие Компанийн тухай хууль, Компанийн дүрмээр олгогдсон эрх мэдлийн хүрээнд уг компанийг төлөөлж “Оюутны өргөө” цогцолборт бараа нийлүүлэх гэрээг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэрээ байгуулахдаа бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бараа нийлүүлэх гэрээгээ зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн, 2014 онд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн асуудал шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалт байх бөгөөд “Цалгайн хүү” ХХК нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан зүйл байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Тухайлбал, “Цалгайн хүү” ХХК-аас МУБИС-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЦХ/02 дугаартай гэрээний /1-р хх 231-232/ үндсэн дээр бараа нийлүүлж, гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэн авсан. Уг гэрээнд барааны үнэ, чанар байдал, үйлдвэрлэсэн улс, үүрэг гүйцэтгэх хугацааг маш тодорхой заасан. Гэрээ байгуулахаас өмнө шүүгдэгч Л.Гт санал болгож буй барааны техникийн гэрчилгээ, танилцуулга болон түүнийг ямар үнээр нийлүүлэх боломжтой талаар саналаа зохих ёсоор хүргүүлсэн. Энэ талаар шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Тухайн үед “Цалгайн хүү” ХХК угаалгын машин санал болгохдоо орос хэл дээр бичигдсэн техникийн гэрчилгээ, танилцуулгыг материалдаа хавсарган ирүүлсэн байсан” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс шүүгдэгч Л.Г нь “Цалгайн хүү” ХХК-аас нийлүүлэх барааны үнэ, чанар байдал, үйлдвэрлэгдсэн улсын талаар бүрэн мэдээлэл авч, тэдгээрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан болох нь тодорхой харагдана.

Ийнхүү хоёр талаас харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ миний бие зохих ёсоор биелүүлж, гэрээнд заасан барааг, хугацаанд нь нийлүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “...эсхүл үүрэг нь ... хүчин төгөлдөр бус болсон ...” заалтыг баримтлан “Цалгайн хүү” ХХК-д бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэх үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэг үүсэхгүй.

2.  Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гомдолдоо иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх ёстой гэсэн нь хуулийн үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэгсийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаас үзвэл эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх, шүүхийн тогтоолд яаж тусгахыг тодорхой хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэлийг иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Гт холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, түүн дундаа “Тод үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 239-246/-ийг үндэслэсэн байх бөгөөд уг дүгнэлтэд шүүгдэгч болон хэргийн оролцогч хэн аль нь гомдол гаргаж байгаагүй, маргаагүй байдаг.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад бүрэн нийцсэн гэж үзэж байна.

3. “Цалгайн хүү” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №190014747 дугаартай “Татварын улсын байцаагчийн актаар тавигдсан аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар, торгууль, алдангийг төлсөн нь 2 дугаар хавтаст хэргийн 9-15 дугаар талд авагдсан" болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэв.  

Шүүгдэгч Л.Гийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Л.Г, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна ... хавтаст хэрэгт Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Мандахын гарын үсэгтэй Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Чулуунбаатарт гэж бичсэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1/1533 тоот албан бичигт ... Л.Гт төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон. Түүнчлэн 1000 оюутны байрны 1 оюутанд шаардагдах тавилга эд хогшилын нийт зардалд 891,825 төгрөгөөр тооцож, эргэн төлөх нөхцөлтэйгөөр их дээд сургуулиудын квотын дагуу оюутнуудыг оруулсан. Уг төлбөрийг оюутны байрны орлогоос буцааж төлж байгаа ... 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Боловсролын их сургуулийн захирал Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын сайдад хандаж оюутны байрны статусыг өөрчлөх талаар хүсэлт гаргасан. Тэгэхээр 1000 оюутны байр нь Боловсролын их сургуульд шилжиж ирээгүй байсан гэсэн үг. 228,000,000 төгрөгийн төсөв нь 1 оюутанд оногдох тавилгыг авах ёстой мөнгө болохоос нийтийн эзэмшлийн кридорт тавигдах эд зүйлийн мөнгө биш ... Боловсролын их сургуулиас авахдаа эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж тавилгуудыг тавьсан ... оюутнуудын төлбөрөөр менежмент хийж тухайн угаалгын машинуудыг тавьсан ... Энэ хэргийн зүйлчлэл буруу болсон. Л.Г гэмт хэрэг үйлдэх үедээ төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдаж авсан гэж зүйл анги нь тэр үед гэмт хэрэгт тооцогдохгүй байсан. Тухайн үед Өршөөлийн тухай хуульд хамрагдахын тулд уг зүйлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа гэрчилгээн дээр төрийн өмчийн гэдгээр бүртгэгдсэн байхыг шаардаж байгаа нь үндэслэлтэй юм” гэв.

Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтаар оюутны байр улсын төсвөөс санхүүждэг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчийг хэрхэн олж авах хэлбэр, аргыг тодорхой тусгасан байдаг. Л.Г нь менежментийн багийг ахалж нэгдүгээр гарын үсгээр мөнгө захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Тэр хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийг баримталж тендер зарлах үүрэгтэй байсан. Гэтэл уг үүргийг зөрчсөн. Үүнээс болоод “Оюутны өргөө” цогцолборт хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Л.Г нь Боловсролын их сургуулийн эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зах зээлд нэг бүр нь 289,900 төгрөгөөр худалдаалагдаж байсан MIDEA BWJ-120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу нэг бүрийг 2,000,000 төгрөгөөр тооцон 20 ширхэгийг “Оюутны өргөө цогцолбор”-т худалдан авахаар тохиролцож “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.Мтай шууд гэрээ байгуулан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг шилжүүлж, Боловсролын их сургуулийн “Оюутны өргөө цогцолбор”-т 34,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Шатархүүгийн “... Хуучин нэрээр Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрх шилжүүлэх, үр дүнгийн гэрээнд нэмэлт оруулах тухай” А/410 тоот тушаалаар “1000 оюутны дотуур байр”-ыг ашиглалтад хүлээн авах, тохижилт, үйлчилгээг удирдлагаар хангах, түүнд хамаарах төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2013-2014 оны хичээлийн жилд нэг жилийн хугацаатайгаар Боловсролын их сургуулийн захирал Б.Жадамбаад шилжүүлсэн. МУБИС-ийн удрирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар тогтоолоор “Оюутны өргөө цогцолбор” байрны менежментийн багийн ахлагч Л.Гт менежмент болон үйл ажиллагааг чанартай зохион байгуулахыг даалгаж, тусгай данс нээж захиран зарцуулж 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон ... 40,000,000 төгрөгөөр бараа худалдан авч байгаа тохиолдолд харьцуулалтын аргаар гурваас доошгүй үнийн саналаас сонгож худалдан авах байсан. Гэтэл худалдан авах ажиллагаа явуулаагүй тул Төсвийн тухай хуулийг зөрчин санхүүжилт олгосон байна. Нэг бүрийн үнэ нь 289,900 төгрөгийн үнэтэй байсан хагас автомат угаалгын машиныг 2,000,000 төгрөгөөр зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан байсан. Нийт 20 угаалгын машиныг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,798,000 төгрөгөөр авч болохоор байтал 40,000,000 төгрөгөөр худалдан авч 34,202,000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх мэдүүлэг /1-р хх 17-18/,

гэрч Б.Болормаагийн “... МУБИС-аас 20 ширхэг хагас автомат угаалгын машины хөрөнгийг шийдэж нийлүүлсэн. Оюутны өргөө цогцолборт анх авчирахдаа 1 бүрийн үнэ 2,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийн үнэтэй гэж хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх 21-22, 2-р хх 80/,

гэрч Л.Амарсайханы “... Би 2013 оны 12 сараас 2015 оны 10 сарын хооронд тус газар нягтлан бодогчоор ажилласан. 2014 оны 10 сард “Цалгайн хүү” ХХК-аас 1 ширхэгийг нь 2,000,000 төгрөгөөр үнэлж, 20 ширхэг хагас автомат угаалгын машиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авах гэрээ байгуулагдаж манайд нийлүүлсэн байсан ... Г захирал “гэрээний дагуу мөнгийг шилжүүл” гэсэн учир 1 дүгээр гарын үсгийг захирал Г, би 2 дугаар гарын үсгийг зурж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн ... Оюутны хотхоны жилийн төсвийг МУБИС-ийн удирдах зөвлөл баталдаг юм. МУБИС-ийн харьяа гэх утгаараа тус сургуулийн дотоод журам, санхүүгийн журмаар явдаг ...” гэх мэдүүлэг /1-р хх 22-24, 2-р хх 79/,

гэрч Б.Батсолонгын “... Манай алба МУБИС-ийн худалдан авалт, аж ахуйн алба болон нийтлэг үйлчилгээг хариуцан ажилладаг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тогтоол, Сангийн сайдын баталсан жишиг үнийг үндэслэн худалдан авалт хийдэг. Нэгжүүдээс шаардлагатай эд зүйлийн саналыг аваад төсөвт тусгаж дэд захирал Л.Г хянаж баталдаг байсан ... Л.Г захирал “угаалгын машин аваад гэрээ хийсэн, чи гарын үсэг зураарай” гэсэн. Хэзээ угаалгын машин авсан талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх 28/,

гэрч Д.Мандахын “... Л.Г нь захиргаа, аж ахуйн зарлагын дансыг хариуцан 1 дүгээр гарын үсэг зурдаг ... Оюутны өргөө цогцолборын менежментийн багийг ахалж, орлого, зарлагын дансанд 1 дүгээр гарын үсэг зурж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 158-159/,

гэрч Д.Ганцагийн “... Цагдаагийн байгууллагын албан бичгийн дагуу манай компани дээр 2014 оны 10 сард MIDEA-MTJ120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг хэдэн төгрөгөөр борлуулж байсныг харахад 289,900 төгрөг байсан. Тухайн үед уг угаалгын машиныг их хэмжээгээр авсан эсэхийг шалгаж үзэхэд ихээр авсан худалдан авалт байхгүй байсан ... Энэ барааны зургийг хэргээс харахад манай зарж байгаа угаалгын машинтай адилхан байна. Энэ угаалгын машиныг Эрээнд хийдэг ...” гэх мэдүүлэг /1-р хх 26/,

гэрч Т.Алтангэрэлийн “... MIDEI2MTJ120-1002 загварын хагас автомат угаалгын машиныг Хятад улсад үйлдвэрлэдэг ба Монгол Улсад албан ёсны эрхтэй компани байхгүй ... Манай компани Эрээн хот дахь Erlian Hot Long Yuan Mraiding гэх дэлгүүрээс нь авчирдаг юм. Энэ угаалгын машин нь 2014 онд энэ загвар, өнгөтэй зарагдаж байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байгаа. Орос хэл дээр гарын авлага нь байдаг. Манайд 2014 онд 10 сард 289,900 төгрөг байсан ба одоо бол 339,000 төгрөгөөр зарагдаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 27/,

Л.Гийг МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар томилсон Боловсролын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/137 дугаар тушаал /1-р хх 63-64/, Боловсролын их сургуулийн Оюутны өргөө цогцолборын бараа, үйлчилгээний дэлгэрэнгүй тайлан /1-р хх 192-222/, Боловсролын их сургуулийн Оюутны өргөө цогцолборын бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /1-р хх 227-230/,

2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЦХ/002 дугаартай гэрээ /1-р хх 231-232/, “ARINA COMPUTERS” ХХК-аас ирүүлсэн лавлагаа /2-р хх 6-7/, “... Медиа TWJ120-1002 загварын угаалгын машин 289,900 төгрөгийн үнэтэй байсан...” талаар “Тод үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 239-246/, “Цалгайн хүү” ХХК-ийн Хаан банк дахь 5046443524 тоот дансны хуулга /2-р хх 6-7/,

Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/7721 тоот албан бичиг /2-р хх 199/, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/14859 тоот албан бичиг /2-р хх 202/,  

Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/410 дугаар тушаал /1-р хх 134/,

Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоол /1-р хх 135/, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоол /1-р хх 145/,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр тогтоол /1-р хх 173/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар тусгай субъекттэй буюу төсөв захирагч үйлдсэн байхаар хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/410 тоот тушаалаар “1000-оюутны дотуур байрны ашиглалтад хүлээн авах, тохижилт, үйлчилгээг удирдлагаар хангах, түүнд хамаарах төсвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2013-2014 оны хичээлийн жилд Боловсролын их сургууль /захирал Б.Жадамбаа/-д шилжүүлж, байрны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, гэрээ байгуулах, дотуур байрны тохижилт, үйлчилгээг хууль тогтоомжид заасны дагуу үр дүнтэй зохион байгуулах удирдах баг томилон ажиллуулахыг даалгасан байна.

Дээрх тушаалыг үндэслэн Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор менежментийн багийн ахлагчаар Л.Гийг томилж, бүрэлдэхүүнийг батласан байх бөгөөд “Оюутны өргөө цогцолбор байр”-ны тохижилт, үйлчилгээтэй холбоотой зардлыг сургуулийн төсвөөс урьдчилан гаргаж зохих журмын дагуу орлогоос тооцохыг, цогцолборын байранд тусгай данс нээж, захиран зарцуулах нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг багийн ахлагч Л.Гт олгожээ.

Мөн Боловсролын их сургуулийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/182 тоот тушаалаар “Оюутны өргөө цогцолбор”-т тусгай данс нээлгэж, дансанд төвлөрсөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шүүгдэгч Л.Гт олгосон баримтууд хэргийн 1 дүгээр хавтасны 134, 135, 141, 145 дугаар талд авагдсан байна.  

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.35 дахь заалтад “төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;”, 4.1.38 дахь заалтад “төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;” гэж тус тус заасан болно.

Үүнээс үзэхэд эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдээр “Оюутны өргөө цогцолбор байр”-ны батлагдсан төсвийг захиран зарцуулах эрхийг Л.Гт олгосноор түүнийг төсвийн шууд захирагч буюу төсөв захирагч гэж үзэх үндэслэлтэй байна.

Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоолд “Оюутны өргөө цогцолбор байр”-ны тохижилт, үйлчилгээтэй холбоотой зардлыг сургуулийн төсвөөс урьдчилан гаргаж зохих журмын дагуу орлогоос тооцохоор шийдвэрлэснийг үндэслэн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоолоор цогцолборын байранд тавилга, эд хогшил худалдан авахад зориулан 228,000,000 төгрөг зарцуулахыг МУБИС-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Гт зөвшөөрч, худалдан авсан тавилга, эд хогшилыг сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэн орлогод авахыг даалгажээ.

Шүүгдэгч Л.Г нь цогцолборын байранд хөрөнгө худалдан авахад зориулан Боловсролын их сургуулиас хуваарилсан мөнгийг захиран зарцуулахдаа зах зээлд 289,900 төгрөгөөр худалдаж байсан угаалгын автомашиныг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 20 ширхэгийг худалдан авсны улмаас төрийн өмч үргүйдэж, зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэтэй хөрөнгө Боловсролын их сургуульд шилжсэн байх тул энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан үйлдлийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйл 273.1 дэх хэсгийн 273.1.2 дахь заалтаар гэмт хэрэгт тооцож байсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн шинжийг хэвээр хадгалж, харин төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлд тусдаа гэмт хэрэг байхаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх, Л.Гт холбогдох хэргийн талаар бодитой дүгнэлт хийж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэсний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 5400 нэгжээр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, шударга ёсны заримд нийцжээ.  

Иймд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэхдээ “... иргэний эрх зүйн хүрээнд хийсэн гэрээний дагуу хагас автомат угаалгын машиныг худалдсан “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.Мын үйл ажиллагаанд эрүүгийн болон иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх гэм буруу тогтоогдохгүй байх тул түүнээс гаргуулах төлбөргүй ...” гэж 34,202,000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь шүүгдэгч Л.Гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд зах зээлийн үнээс даруй 6-7 дахин өндөр үнээр худалдан авалт хийснээр худалдан авагчид илт хохиролтой гэрээ байгууллагдаж, зуучлан худалдсан хуулийн этгээд нь гэмт хэргийн улмаас шударга бусаар ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч, иргэний хариуцагч нараар төлүүлэх нь зүйтэй. Энэ талаар шүүгдэгч Л.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гээс нийт 34,202,000 төгрөгийг гаргуулан хохирогч хохирогч Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа “Оюутны өргөө цогцолбор” /Н.Одгэрэл/-т олгосугай.” гэснийг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гээс 17,101,000 төгрөг, иргэний хариуцагч Д.М /”Цалгайн хүү” ХХК/-аас 17,101,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа “Оюутны өргөө цогцолбор” /Н.Одгэрэл/-т олгосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                                              Д.ОЮУНЧУЛУУН

 

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН