Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

 

   2019       06          28                                  2019/ШЦТ/640

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: С.Уранбилэг;

улсын яллагч: П.Даваасүрэн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Мөнхсайхан, Б.Бямбадорж, тэдний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Батбаяр;

шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан;

шүүгдэгч: Г.Г, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр;

гэрч: Б.Мандухай, Х.Наранчимэг, Г.Төвшин  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сономын С.Э, Гантөмөрийн Г.Г нарт холбогдох эрүүгийн 1809029070840 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин, гоо сайханы технологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............... регистерийн дугаартай, .........,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистерийн дугаартай, ....................

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

“Дэлгэр тур” ХХК-ний захирал С.Э нь “Эрчим хүчний тухай” хуулийн 30 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрх үүрэг заалтын 30.1.8 дахь заалтын дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийгээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко шинэс” нэртэй эмийн сангийн үүдэнд Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амь нас нь хохирсон,

“Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г нь “Эрчим хүчний тухай” хуулийн 30 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрх үүрэг заалтын 30.1.8 дахь заалтын дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээ аваагүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко шинэс” нэртэй эмийн сангийн үүдэнд Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Хүний амь нас хохирсонд маш их харамсалтай байна. Хэрвээ надад Г.Г тогны асуудал байсан талаар хэлж, “Эмийн сан”-гийн хаалганаас тог цохиж байгааг хэлсэн бол би энэ асуудлыг засч янзлах, ийм асуудал гаргахгүй байж болох байсан. Гэтэл огт хэлээгүй юм. Тухайн үед Г.Г “Эко шинэс” эмийн санг ажиллуулж байсан. Надад тодорхой хэмжээний буруутай үйлдэл байна гэж үзэж байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлгээ хангалттай өгсөн тул одоо нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой 19:50 цагийн үед 2 хүүхэд маань тоглох гээд гадаа гарсан юм. Төд удалгүй дүү нь танихгүй хүнтэй орж ирээд “ах ухаан алдаад унасан” гэж хэлсэн. Сандраад гараад очтол хүү маань өнгөрсөн байсан. Би 5 хүүхэдтэй, талийгаач хүү маань хожуу гарсан хэнз хүүхэд байсан. Миний нүдний өмнө л өнгөрсөн. Энэ асуудал гэр бүлд маань маш хүнд тусаж бүгд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа. Маш их гомдолтой байна. Г.Г бүтэн жил болж байхад нэг  ч удаа уулзаагүйд гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: Манай гэр бүлийн хувьд маш хэцүү байна. Г.Г яагаад өөрийгөө буруугүй гэж байгааг ойлгохгүй байна. Эмийн сангийн хаалга тогтой байсныг мэдсээр байж яагаад холбогдох хүмүүст хэлсэнгүй вэ, үүнийг эмийн санч нь мэдэж байсан байдаг. Ийм учраас Г.Г энэ хэрэгт буруутай гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Хохиролд нийт 224.890.557 төгрөгийг буруутай хүмүүсээс нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мандухай мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар

сарын 25-нд ээжээсээ энэ хэрэг болсныг мэдсэн. Манай гэр бүлд энэ асуудал маш хүнд тусч байгаа. Сэтгэл санаа, эд хөрөнгийн маш их хохирол хүлээж байна. Ялангуяа аавд маань маш хүнд туссан. Талийгаач дүү маань их мөрөөдөлтэй, зорилготой хүүхэд байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Наранчимэг мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэл “Эко шинэс” эмийн санг “Дэлгэр төвд” түрээсэлж ажиллаж байсан. Одоо “Эко шинэс” ХХК бол Г.Гийн компани юм.  Намайг ажиллаж байхад эмийн сангийн хаалганаас тог цохиж байсан удаа байхгүй, зүгээр байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Төвшин мэдүүлэхдээ: Х.Наранчмэгээс “Эко шинэс” ХХК-ийг Г.Г бид 2 худалдаж авсан. Бичиг баримтаа хөөцөлдөж байгаад улсын бүртгэлд нэрээ оруулж амжаагүй байсан гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан /1хх-ийн  27-30, 2хх-ийн 127/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж /2хх-ийн 129/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэн /1хх-ийн 48/, гэрч Ч.Номин /1хх-ийн 43/, гэрч Б.Батмандах /1хх-ийн 35-36/, гэрч Р.Эрдэнэбат /1хх-ийн 37-38/, гэрч Н.Бадрал /2хх-ийн 133/, гэрч Л.Мөнхтуяа /2хх-ийн 6/, гэрч Б.Отгончимэг /х-ийн 33-34/, гэрч Х.Наранчимэг /2хх-ийн 134/, гэрч Г.Төвшин /2хх-ийн 135/, гэрч Э.Ганбаатар /2хх-ийн 136/, гэрч Б.Мандухай /2хх-ийн 132/ нарын мэдүүлэг, Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 77-80/, С.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 81-84/, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 50-61/, шинжээч О.Болороогийн мэдүүлэг /1хх-ийн 62-63/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 67-71/, шинжээч Б.Найрамдалын мэдүүлэг /2хх-ийн 7/, хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-20/, Ж.С.Эын хувийн байдлын талаархи баримтууд /1хх-ийн 86-89, 94-97/, түрээсийн гэрээ /1хх-ийн 90-91/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 92-93, 113/, Г.Гийн хувийн байдлын талаархи баримтууд /1хх-ийн 99-112, 156-161/, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 125-130/, “Дэлгэр төвийн” холбоотой баримтууд /1хх-ийн 135-151/, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хүний амь насны үнэлгээний тайлан /1хх-ийн 164-182/, хохирлын баримтууд /1хх-ийн 184-246/, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /2хх-ийн 143-148/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 160-161/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Дэлгэр тур” ХХК-ийн эзэмшлийн “Дэлгэр төв” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг 2004 оноос эрхлэн явуулахдаа “Эрчим хүчний тухай” хуулийг мөрдөж ажиллаагүй тухайлбал уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан  “єєрийн эзэмшлийн шугам сvлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгvй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах”  гэснийг

биелүүлээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Дэлгэр төв” үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” нэртэй эмийн сангийн гадна хаалганы дээрх гэрлийн бүрхүүлээс төмөр хаалт руу цахилгаан дамжиж уг эмийн сангийн үүдэнд тоглож байсан Б.Ариунтөгс цахилгаан гүйдэлд цохиулж нас барсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайханы /1хх-ийн  27-30, 2хх-ийн 127/: “...19:50 цагийн орчим манай охин нэг залуу дагуулж орж ирсэн. Нөгөө залуу “танай хүү ухаан алдчихсан” гэхээр нь гүйж гараад иртэл амьсгаа хураасан байсан...” гэх мэдүүлгээр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн /2хх-ийн 129/: “...Манай эхнэр Мөнхсайхан над руу яриад “Ариунтөгс тогонд цохиулаад ухаан алдсан, сэрэхгүй байна” гэж ярисан. Ажлаа тараад иртэл “Дэлгэрэх төвийн” үүдэнд хүмүүс бөөгнөрсөн, цагдаа ирсэн, манай хүүхэд дээшээ хараад хэвтсэн, дээрээс нь юм бүтээчихсэн байсан...2018 оны 06 дугаар сарын 25-наас хойш сэтгэл санаагаар маш их унаж...сэтгэл гутрал өвчтэй болсон...Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэнгийн /1хх-ийн 48/: “... шатны хажуу талын цэнхэр төмрөөс манай ах 2 гараараа бариад дээшээ хараад зогсоод байхаар нь “яасан юм бол тэнгэр гоё харагдаад байгаа юм болов уу” гэж бодоод хажууд нь ирээд зогссон чинь унаад өгсөн...” гэх мэдүүлгээр,

гэрч Ч.Номингийн /1хх-ийн 43/: “...би тэр хавьд байсан хүүхдүүдээс асуухад тэнд байсан хүүхдүүд “төмөр хаалганд хүрээд унаад өгсөн” гэж байсан...” гэх мэдүүлгээр, 

гэрч Б.Батмандахын /1хх-ийн 35-36/: “...цагдаагийн алба хаагч нар үзлэгээ хийж дууссаны дараагаар бид нар тог хаанаас дамжиж тухайн хүүхэд цохигдсон болохыг тогтоохоор 0.4 киловатт хүчдэл заагч багажаар шатны төмөр бариулыг шалгаж үзэхэд тоггүй байсан. Цааш нь тус эмийн сан руу орох төмөр хаалганы гадна талын сараалжан төмөр хаалтыг хүчдэл заагч багажаараа шалгаж үзэхэд 231 Вольт зааж байсан. Тэгэхээр нь гадна талын төмөр хаалтанд хаанаас тог ирсэнийг шалгаж үзэхэд тус хаалт төмөрний дээд талд гол хэсэгт байрласан гэрлийн бүрхүүлийг шалгаж үзэхэд мөн хүчдэлтэй  231 Вольт зааж байсан. Тэгэхээр нь тэр гэрлийн бүрхүүлийг эмийн сан руу орох төмөр хаалганы гадна талын төмөр хаалтнаас салгаж үзхэд тухайн төмөр хаалт нь тоггүй болж байсан. Төмөр хаалт дээр байрласан гэрлийн бүрхүүлээс тог дамжсан байна гэдэг дүгнэлтэд хүрч гэрлийн бүрхүүлийг салгаж үзэхэд тэр гэрлийн бүрхүүл дотор байрлах гэрлэнд тог өгч байгаа холбоос утасны уг хэсгийн 2-3 см хэсэгт шалбарчихсан буюу гүйдэл дамжуулах утас ил гарчихсан, галтай, тэр нь тог дамжуулж улмаар цааш тус гадна талын хаалт төмөр хэсэгт тогийг дамжуулсан байсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Р.Эрдэнэбатын/1хх-ийн 37-38/: “..Эхлээд тухайн эмийн сангийн босгоны төмөр дээр цахилгааны хүчдэл илэрч инткаторт дохио гэрэл асч, дуугарч байсан. Мөн энэ хэсгүүдэд Ампирклиш -багажаар цахилгаан гүйдлийн вольтын хэмжээг

 

үзэхэд 220 вольтыг зааж байсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Н.Бадралын /2хх-ийн 133/: ”...Би “Дэлгэр тур” компанийг хариуцаж ажилладаггүй...” гэх мэдүүлгээр,

гэрч Л.Мөнхтуяагийн /2хх-ийн 6/: ”...2017 оны 01, 02 сард л байх С.Эд “энэ гаднах хаалганы дээр байдаг гэрэл асахгүй байна, танайх энийг засч өгөхгүй юм уу” гэж хэлэхэд “наад гэрлээ асааж яадаг юм, гудамжны гэрэл байж байхад чинь” гээд надад засч өгөөгүй...” гэх мэдүүлгээр,

”Талийгаачийн цогцост баруун, зүүн сарвуунд цахилгаан тэмдэг, нүүр, цээж, хэвлий баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун сарвууны цахилгаан тэмдэг нь цахилгаан гүйдлийн улмаас, нүүр, цээж, хэвлий, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал, үрэлцэх, шүргэлцэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.Талийгаач нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас нас барсан болно...” гэх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 50-61/8

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч О.Болороогийн /1хх-ийн 62-63/: “...талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй байсан...” гэх мэдүүлгээр,

”...таазанд тоноглох гэрэлтүүлэгч байгаа нь анхны зургийн дагуу суурилуулаагүй эсхүл ашиглалтын явцад сольж өөрчилсөн нь “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.6 дугаар бүлгийн 1.6.6 дэх заалтыг зөрчиж байна...цахилгаан дамжуулах утас зэс утасны хамгаалах бүрээс шалбарсан, гэрэлтүүлэгчийн бүрхүүлээс гарсан хөнгөн цагаан утастай хооронд нь холбохдоо цахилгаан дамжуулах утасны металл хэсгийг бусад гадаргуутай шүргэхээс хамгаалж үхлүүт боогоогүй, холболтыг шаардлга хангахгүй хийж гүйцэтгэсэн... Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл, Хэрэглэгчийн эрх үүрэг заалтын 30.1.8 дахь /өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал. засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах/ заалтын дагуу тухайн барилга байгууламж, шугам тоног төхөөрөмжийг эзэмшигч нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийж байх ёстой...” гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 67-71/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Найрамдалын /2хх-ийн 7/: “...Тухайн эмийн сангийн гадна байгаа гэрэлтүүлгийн эзэмшигч нь хариуцах ёстой. Барилгын ашиглалтын явцад өөрчлөлт орж болно, түүнийг батлагдсан зургийн дагуу, дүрэм, журмын дагуу байлгах, хэрвээ өөрчлөгдсөн тохиолдолд түүнийг буцааж зургийн дагуу дүрэм, журмын дагуу болгох нь эзэмшигчийн хариуцах ёстой үүрэг юм. Тэгэхээр энэ тохиолдолд “Дэлгэр тур” төвийн эзэмшигч юм...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-20/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Харин прокуророос шүүгдэгч Г.Гийг “Эрчим хүчний тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан  “...тоног тєхєєрємжийн бvрэн бvтэн, аюулгvй

байдал, засвар vйлчилгээг” хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээг аваагүйгээс хүний амь насыг хохироосон гэж үзэж яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

Хэргийн нөхцөл байдлаас судлан үзвэл “Эко шинэс” эмийн сангийн гадна хаалганы дээд талд байрлах гэрэлтүүлэгч нь анхны ажлын зураг төсөлд тусгагдсан гэрэлтүүлэгч биш, уг гэрэлтүүлэгчийн цахилгааны холболтыг шаардлага хангаагүй хийсэн зэрэг энэ гэмт хэрэг гарахад шууд хүргэсэн зөрчлүүдийг дээр шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаас гадна  Г.Гийн өмнөх үеийн түрээслэгч нар хэн аль нь эмийн сангийн гадна хаалганы хаалт төмөр цахилгаан гүйдэл дамжуулж байсан талаар гомдол гаргаж байгаагүй байна.

Мөн “Эко шинэс” эмийн сангийн гаднах хаалганы дээр байх гэрэлийг засч, асааж өгөх талаар сануулга, анхааруулгыг С.Эд 2017 онд хэлж байсан талаар гэрч Л.Мөнхтуяа мэдүүлэгтээ дурьдсан.

Хэдийгээр хэрэг гарахаас 2 хоногийн өмнө эмийн сангийн гадна хаалганы төмөр хаалт цахилгаан гүйдэл дамжуулж байсан талаар Б.Отгончимэг гэрчээр мэдүүлсэн байх боловч тэрээр энэ талаараа хэн нэгэнд огт хэлээгүй, мөрдөн байцаалтаар Г.Гийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй үндэслэлээр буруутгаагүй  болохыг анхаарах нь зүйтэй.

“Дэлгэр тур” ХХК нь “Эко шинэс” ХХК-тай “Дэлгэр төв”-ийн 50 м2 талбайг түрээслэн ашиглах талаар гэрээ хэлцэл хийсэн, энэ талаар харилцаа үүсгэж үйл ажиллагаа явуулах, ашиглах зөвшөөрөл олгосон нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног тєхєєрємжийн бүрэн бүтэн, аюулгvй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцах үүргээс чөлөөлөхгүй.

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүлийн 3.1.13-д “хэрэглэгч” гэж эрчим хvчээр хангах гэрээнд эрчим хvчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасан эрчим хүчээр хангах гэрээний нэг тал болж оролцож буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, иргэд энэ үүргийг баримтлахаар заасан байна.

“Дэлгэр тур” ХХК нь энэ шаардлагад хамрагдаж Монгол Улсын хуульд бүрэн нийцсэн, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног тєхєєрємжийн бvрэн бvтэн, аюулгvй байдал, засвар vйлчилгээг бүрэн хариуцаж, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах ёстой, тус компанийн захирал С.Э байгууллагынхаа үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дүрэм, журам стандартыг мөрдүүлэх, хяналт тавих үүргийг шууд хариуцах учиртай.

 

Энэ бүгдээс дүгнэн үзэхэд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн шугам,

сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хариуцах этгээд нь С.Э мөн, тэрээр энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гарахад хүрсэн бөгөөд Г.Г нь энэ талаар ямар нэг үүрэг хүлээх, ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хариуцах буюу үүнээс шалтгаалж хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Ийнхүү шүүгдэгч С.Эын өөрийн эзэмшлийн шугам сvлжээ, тоног тєхєєрємжийн бvрэн бvтэн, аюулгvй байдал, засвар vйлчилгээг бүрэн хариуцаагүй эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон  үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нийт 224.890.557 төгрөгийг нэхэмжилсэн болно.

“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан “хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” амь хохирогчийн нийт орлого, нийт зардал хоёрын зөрүүгээр тодорхойлж гэм хорын хохирлыг тооцсон нь таамаглалд үндэслэсэн гэж үзэж уг дүгнэлтийг хохирол гаргуулахдаа баримталсангүй.

Харин хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч С.Эаас 50.000.000 төгрөг гаргуулан (үүнд шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон хохирлын бүх баримт орж тооцогдсон болно) хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн болно. Үүнээс С.Эын өмнө нөхөн төлсөн 10.500.000 төгрөгийн хохирол хасаж тооцогдох учиртайг дурьдаж байна. 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүх шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

Хэдийгээр шүүгдэгч С.Эын үйлдсэн хэрэг нь хөнгөн ангилалд хамаарах боловч хохирол нөхөн төлөгдөөгүй, гэм хор бүрэн арилах боломжгүй байх тул энэ тогтоолоор оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Жаавай овогт Сономын С.Эыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч С.Э, Г.Г нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас нийт 39.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан, Б.Бямбадорж нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Г.Г бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8. Шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ