Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 48

 

С.Э, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Т.Багахүү, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр, шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 921 дүгээр магадлалтай, С.Э, Г.Г нарт холбогдох 1809029070840 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт С. Э,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч С.Э-г хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-с нийт 39,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, Б.Б нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх С.Э, Г.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Г.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн  34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “... Эрчим хүчний тухай хуулийн ... холбогдох заалтуудад үндэслэн ... Г.Г-ийн ... үйлдэлд ... анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй ... гэсэн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим” болон 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.6 дугаар зүйлийн 1 “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 “... анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн илт үндэслэл муутай магадлал гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Г.Г-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8 дахь хэсэгт заасан “Хэрэглэгчийн эрх, үүрэг” заалтыг шууд зөрчсөн байхыг шаардаж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д Эрчим хүчний тухай хуулийн “Хэрэглэгч” гэсэн нэр томьёог тайлбарласан бөгөөд уг заалтаар “Эрчим хүчээр хангах гэрээнд худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно” гэж маш тодорхой тайлбарласан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Д” төвийн Эрчим хүчээр хангах гэрээг /хх-н 144-148 талд уг гэрээ авагдсан болно/ шүүгдэгч С.Э төлөөлөн байгуулсан. Эрчим хүч худалдан авах эрхтэй этгээд нь С.Э бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлж, хэрэгжүүлэх үүрэг бүхий хүн нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д зааснаар С.Э байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Г нь С.Э-н мэдүүлгээр тусдаа эрчим хүч хэрэглэж байсан, түүний хэрэглэж байсан эрчим хүчинд тусдаа тоолуур тоологдож байсан тул Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгч байж болно гэж дүгнэсэн нь /Эрчим хүчний тухай хуулийг иш татсан/ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, мөн С.Э-н энэхүү мэдүүлгийг анхан шатны шүүхэд хэргийн оролцогчийн хэн аль нь нотлох баримтаар судлуулаагүй, тогтоогдоогүй үйл баримт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн Г.Г, гэрч Г.Т нар нь “Э, Ш” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хуучин захирал гэх Н-тэй байгуулсан боловч энэхүү гэрээг Иргэний хуульд зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлж, хүчин төгөлдөр болгоогүй тул “Э Ш” ХХК-ийн хууль ёсны эзэмшигчээр бүртгэгдээгүй, түүнийг тус ХХК-ийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй юм. Г.Г “Д” төвийг түрээслээд 10 гаруй хоног болж байсан бөгөөд “Д" төвийн захирал С.Э-тай “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх” гэрээг бичгээр байгуулаагүй байсан, бичгээр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан хүчин төгөлдөр болоогүй түрээсний гэрээ. Хэдийгээр түрээсийн гэрээг Г.Г амаар байгуулсан боловч гэрээний зохицуулалтыг бичгээр тохироогүй байсан тул н.Наранчимэг, С.Э нарын хооронд бичгээр байгуулсан байсан хуучин түрээсийн гэрээний 2.7, 2.8 гэсэн заалтаар Г.Г-ийг буруутгах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ гэрч Б.О, Р.Э нарын мэдүүлгээр тог цохих магадлал бий болсон гэдгийг хэрэг болохоос 2 хоногийн өмнө мэдсэн гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, гэрчийн мэдүүлгийг ургуулан нэмэлт дүгнэлт хийсэн үндэслэлгүй дүгнэлт. Xавтаст хэрэгт авагдсан гэрч Б.О-н мэдүүлэгт “... тог цохиж байсан гэх мэдүүлэг байдаг боловч энэ тухайгаа Г.Г-т хэлж байсан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй бөгөөд Р.Э-н мэдүүлэгт дурдсан “... эмийн сангийн босго дээр цахилгаан хүчдэл илэрч байсан” гэсэн мэдүүлэг нь Г.Г үүнийг мэдсэн байх ёстой, эсхүл мэдэж байсан гэсэн үг биш.

Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх бүхий л ажиллагааг хийсний үндсэн дээр Г.Г-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, түүнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх заавал Г.Г-т ял оногдуулах гэсэн агуулгаар анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэхгүй гэсэн зарчмыг алдагдуулсан байх тул. .., ... хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч шинээр гарах баримт байхгүй, Г.Г-ийг буруутгах үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүх Г.Г хэрэглэгч гэдэгт хамаарч болзошгүй гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулагдсан бөгөөд өмнөх түрээслэгч Х.Н, Л.М нарын хооронд байгуулагдсан гэрээгээр Г.Г-ийг буруутгах үндэслэлгүй. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх С.Э, Г.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Г.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн  34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...Эрчим хүчний тухай хуулийн ...холбогдох заалтуудад үндэслэн ... Г.Г-ийн ... үйлдэлд ... анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй ...гэсэн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим” болон 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн илт үндэслэл муутай магадлал гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Г.Г-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8 дахь хэсэгт заасан “Хэрэглэгчийн эрх, үүрэг” заалтыг шууд зөрчсөн байхыг шаардаж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д Эрчим хүчний тухай хуулийн “Хэрэглэгч” гэсэн нэр томьёог тайлбарласан бөгөөд уг заалтаар “Эрчим хүчээр хангах гэрээнд худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно” гэж маш тодорхой тайлбарласан.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрхийг эдлэх эрхтэй, үүргийг хүлээх үүрэгтэй этгээд нь Эрчим хүчээр хангах гэрээнд нэг тал болсон, эрчим хүч худалдан авах эрхтэй этгээд байхыг шаардсан маш тодорхой зохицуулалт байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Д” төвийн Эрчим хүчээр хангах гэрээг /хх-н 144-148 талд уг гэрээ авагдсан болно/ шүүгдэгч С.Э төлөөлөн байгуулсан. Эрчим хүч худалдан авах эрхтэй этгээд нь С.Э бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлж, хэрэгжүүлэх үүрэг бүхий хүн нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д зааснаар С.Э юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Г нь С.Э-ын мэдүүлгээр тусдаа эрчим хүч хэрэглэж байсан, түүний хэрэглэж байсан эрчим хүчинд тусдаа тоолуур тоологдож байсан тул Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгч байж болно гэж дүгнэсэн нь /Эрчим хүчний тухай хуулийг иш татсан/ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, мөн С.Эын энэхүү мэдүүлгийг анхан шатны шүүхэд хэргийн оролцогчийн хэн аль нь нотлох баримтаар судлуулаагүй, тогтоогдоогүй үйл баримт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэсэн заалтыг зөрчсөн дүгнэлт болсон.

Мөн хэрэгт Г.Г нь эрчим хүч хэрэглэгч гэсэн ямар нэгэн нотлох баримт авагдаагүй бөгөөд хэргийн хэргийн холбогдогч С.Э-ын өгсөн “түрээслэгч нар тусдаа тоолууртай гэх” мэдүүлгийг үндэслэл болгосон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 921 дугаар магадлал гаргахдаа анхан шатны шүүх Г.Г-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн. Г.Г нь хаалганд цахилгааны гүйдэл байсан гэдгийг мэдсэн байх магадлалтай гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа үндэслэл нь эргэлзээтэй буюу Г.Г-ийн байгуулаагүй гэрээний заалтыг үндэслэл болгосон. Анхан шатны шүүх дүгнэхдээ С.Э нь тухайн оффисыг түрээслэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасан эрх, үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн нь үндэслэлтэй. Магадлалд дурдсан байгаа баримтуудыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэрхэн үнэлж байгаа талаар дурдсан. С.Э-аас “Д” төвийн үйл ажиллагааг 2004 оноос хойш удирдан зохион байгуулахдаа тухайн барилга буруу баригдсан, буруу кабел тавигдсан талаар мэдэж байсан уу гэхэд мэдээгүй гэсэн тайлбар өгсөн. 2017 онд өмнөх түрээслэгч “дээр байрлах гэрлийг асаагаад өгөөч гэхэд асдаггүй гэж байсан” гэх мэдүүлэг өгсөн. УЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс С.Э гэх хүн цахилгаан худалдаж авч, бусдадаа нийлүүлдэг гэсэн тодорхойлолтыг авсан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг буцаахдаа  аль заалтыг хэрхэн буруу хэрэглэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Ц.Батхүү хэлсэн саналдаа “... Г.Г-ийн өмгөөлөгч нараас эсрэг байр суурьтай байна. Г.Г нь “Э Ш” ХХК-ийг, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хамт худалдаж авсан бөгөөд үйл ажиллагаа явуулах явцад Х.Н нэрээр “Д Т” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээгээр Г.Г нь тодорхой үүргийг хүлээсэн буюу цахилгааны аюулгүй байдлыг хариуцахаар заасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төмөр хаалганд цахилгааны гүйдэл үүссэн байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Эмийн санч энэ талаар хэлсэн боловч хэлээгүй гэдэг бөгөөд үүнийг мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байхад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй. Хүний амь нас хохирсон нь Г.Г-ийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Г.Г эмийн сангийн цахилгааны төлбөрийг тусдаа төлж байсан учраас хэрэглэгч гэж үзэх ёстой. Үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг нь түрээслэсэн учир гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан тодорхой шаардлага байхгүй. Иймд магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж болох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирсон байна. Магадлалыг хэвээр үлдээх байр суурьтай байна. Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдсэн байвал тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлыг “гүйцэтгэгчээр” татахаар Эрүүгийн хуульд заасан байгаа. “Э Ш” ХХК өөрийн ашгийн төлөө энэ гэмт хэргийг үйлдсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан ба салбар хуулиудын заалтыг зөрчсөний улмаас хүүхдийн амь нас хохирсон. “Д Т” ХХК хариуцах ёстой гэж маргах боловч тухай барилгын жижиг хэсгийг түрээслэхдээ тухайн хэсгийнхээ хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг арилгасан байх үүрэгтэй. Түрээсийн гэрээгээр үүрэг шилжиж байгааг ойлгохгүй байна. Иймд Г.Г-т шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Харин Г.Г-тэй холбоотой асуудлыг шалгахаар буцаасан нь үндэслэлтэй. Г.Г-ийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн талаар үндэслэл гаргаж чадсангүй. Миний бие анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон асуудлыг тавьсан боловч няцаасан үндэслэлээ тайлбарлаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон. Яагаад гэвэл “Д Т” ХХК-ийн С.Э УЦТС ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг хангаж ажиллах үүрэгтэй. Харин Г.Г, С.Э нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн С.Э, Г.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.Э, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч С.Э-ыг “Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил хорих ялаар шийтгэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, Г.Гтэй холбоотой үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамаарал бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Тодруулбал, анхан шатны шүүх нь энэ хэрэгт Г.Г-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, гэмт хэрэг гарахад түүний үйлдэл нөлөөлсөн эсэх, хэрэв нөлөөлсөн бол хууль зүйн үр дагавар бий болгосон эсэх, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх гэж тодорхойлсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр гэрээг бичгээр байгуулаагүй боловч “Э Ш” ХХК-ийн захирал Г.Г нь тухайн гэмт хэрэг болсон объектыг хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, эмийн санч хөлслөн тухайн эмийн санг ажиллуулж байсан нь нотлогдон тогтоогдсон байхад Г.Г-ийг ямар нэгэн үүрэг хүлээх, ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хариуцах буюу үүнээс шалтгаалж хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжгүй байсан гэж өрөөсгөл дүгнэснийг хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж няцаасан дүгнэлт хийхгүйгээр тухайн эмийн санг түрээслэн ажиллуулж буй Г.Г-ийг тухайн объект, үйл явдалд хамааралгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.13 дахь заалт болон мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасны дагуу “Д” төвийн эзэн С.Э нь өөрийн эзэмшлийн барилгын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн засвар, үйлчилгээг хариуцах үүрэгтэй, харин Г.Г нь энэ талаар ямар нэгэн үүрэг хүлээхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Түрээсийн гэрээний 2.7, 2.8-д зааснаар түрээслэгч “Э Ш” ХХК нь түрээслэж буй талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдал, цахилгааны гэмтлийг хариуцахаар байхад уг гэрээний заалт нь компанийг худалдан авч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулсан Г.Г-т хамааралтай эсэх, түүнчлэн “Э Ш” эмийн сангийн төмөр хаалга, босгоны төмөр дээр цахилгаан гүйдэл илэрч байсан тухай нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд тус эмийн сангийн эзэн Г.Г орчин тойрондоо нэн аюултай нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ авалгүй үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байсан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт шаардлагатай байна.   

Мөн гэрч Б.О-н “... төмөр торон хаалгыг нойтон байх үед нь гараараа барихад тог цохисон”, гэрч Р.Э-н “... эмийн сангийн босгоны төмөр дээр цахилгаан хүчдэл илэрч байсан” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд тус эмийн сангийн эзэн Г.Г орчин тойрондоо нэн аюултай нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан нөхцөл байдал нь болсон үйл баримтад нөлөөлсөн эсэх талаар хууль зүйн бодитой дүгнэлт хийх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 640 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 921 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР