Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01015

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01543 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 878 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 066 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрдалайн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай 74/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог тухайн сарын 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх cap бүрийн 10-ны дотор Худалдаа хөгжлийн банкин дахь “М” ХХК-ийн 499066756 тоот данс болон ХААН банкин дахь 5028077704 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 22 711 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 22 711 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 11 355 500 төгрөг, нийт 34 066 500 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Ди Зет энд Ай” ХХК-ийн эзэмшлийн MV-000168 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны уурхайд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/08 тоот хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахаар болсон тул “М” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 74/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ, 75/15 тоот барьцааны гэрээний дагуу 24 711 000 төгрөгийн түлш авч ажиллуулсан. Гэвч ашиглалтын явцад 1970 онд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгээр Монгол Улсын эрдэс баялгийн нөөцөд хүлээн авсан алтны нөөц батлагдаагүйн улмаас бид “М” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 74/15 тоот гэрээний давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан.

Иймд манай компани “М” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 74/15 тоот зээлийн гэрээ одоо ч хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Бид төлбөр барагдуулах талаар “М” ХХК-тай харилцан тохиролцох болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01543 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас алдангид 11 355 500 төгрөгийг, үлдэгдэл төлбөрт 22 711 000 төгрөгийг, нийт 34 066 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 328 290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 878 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 282 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

“Э” ХХК, “М” ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 74/15 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нөхцлөөр энэ гурван сарын хугацаанд төлбөрөө 10 дугаар сарын 10-наас эхэлж шаардах эрх үүссэн гэж үзвэл 60 хоногийн алданги төлөх тооцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар болон гэрээний 5.1 дэх хэсэгт зохигчид алдангийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж тохирсон тул хариуцсан тал хугацаа хэтрүүлсэн хоногийг 60 хоног гэж үзэж байна. Үүгээр тооцвол алданги 6 813 300 төгрөгөөс хэтрүүлэх ёсгүй юм. Нэхэмжлэгч тал гэрээ байгуулахдаа хариуцагч талын хүмүүстэй хүндэтгэн үзэх шалтгаануудыг гэрээний дагуу тохиролцсоныг бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гэрээний мэдүүлэг, нотлох баримт гаргаж оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүйд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж ач холбогдол өгөлгүй шийдвэр гаргасныг бид эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн үндсэн үүргийн биелэлтийг буюу худалдан авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхийг, мөн хугацаа хэтрүүлсний төлөө гэрээгээр тохирсон алданги гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, гэрээ хэвээр үргэлжилж байгаа гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зохигчид маргаагүй байна. “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд талууд “зээлээр авсан барааны үнэнд хүү тооцохгүй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3.-т заасан зохицуулалтад нийцээгүй боловч гэрээний бусад нөхцөл буюу гэрээний зүйлийн үнийн талаарх талуудын тохиролцоо, төлбөр төлөх арга, журам зэрэг нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “М” ХХК гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаар талууд маргаагүй, бөөнөөр худалдан авсан шатахууны тооцоог нийлсэн байх ба хариуцагч “Э” ХХК нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг төлсөн, эсхүл төлөх хугацаа болоогүй, эсхүл төлбөр төлөх хугацаа хожимдуулсанд худалдагч гэм буруутай гэж тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын дагуу хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч “Э” ХХК худалдан авсан дизель түлшний үнэ төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан шаардлагад нийцжээ. Алдангийн хэмжээг гэрээний хугацаагаар буюу 2015 оны 09 дүгээр  сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сараар тооцох тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01543 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 878 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН