Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1536

 

 

Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/00242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нарт холбогдох

 

820 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээ,

Хариуцагч Б.Оюунбилэг, Г.Золжаргал,

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Золжаргал нь Б.Оюунбилэгийн орон сууцыг "Орон сууц хөлслөх гэрээ" байгуулан надад хөлслөхдөө уг гэрээг зөрчсний улмаас төлсөн төлбөрийн зөрүү, барьцааны мөнгө нийт 820 000 төгрөгийн хохирол учруулсан. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би Г.Золжаргалтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 37 тоотын 1 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай, нэг сарын 600 000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслөхөөр гэрээ байгуулсан. Уг байр нь түүний ээж Б.Оюунбилэгийн нэр дээр байдаг бөгөөд тэрээр ээж гадаадад байгаа түүний миний нэр дээр хийж өгсөн итгэмжлэл байгаа гэж байсан. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэг сарын төлбөр 600 000 төгрөг, барьцааны мөнгө 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг хөлслүүлэгч Г.Золжаргалд хүлээлгэн өгсөн. Би тэр байранд 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нүүж орсон, Г.Золжаргал анх ороход та жижиг сажиг эвдрэл илэрвэл хэлээрэй гэж байсан. Ороод 10 хонож байхад гал зуухны тавилгын хиймэл чулуун тавцан дээр зураас гарсан байсныг илрүүлж түүнд хэлсэн. Гэтэл тэр эгчийгээ дагуулж ирээд орж ирэнгүүтээ юм эвдлээ найдваргүй юм байна одоо гар гээд шууд хөөсөн. Тэр зураас нь харваас хуучин зураас байсан, тэрүүгээр шалтаглаж хөөж байна гэж ойлгосон. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэрээг цуцлахаар бол 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж хөөсөн. Би мөнгөө авч байгаад гарнаа гээд гараагүй, Г.Золжаргал байрныхаа цахилгаан, усыг хаалгасан, би цахилгаан, усгүй амьдарсан. Би тэр байранд 19 хоноод байхад Г.Золжаргал надад байрнаас гарахаар мөнгийг чинь өгнө гэсэн тул гарсан. Би байрны орон сууцны төлбөрийг нэг сараар 19 917 төгрөг төлсөн. Ингээд 3 жилийн турш өгчих юм байх гээд хараад өдий хүрээд аргагүй эрхэнд нэхэмжилж байна. Г.Золжаргалын надад учруулсан хохирлыг энэ байрны өмчлөгч Б.Оюунбилэг хамтран хариуцана гэж үзэж байна. Иймд 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 19 хоног амьдарсан төлбөр 380 000 төгрөг болж байна. Төлсөн 1 200 000 төгрөгнөөс барьцааны 600 000 төгрөг, суугаагүй хугацааны 220 000 төгрөг нийт 820 000 төгрөгийг хариуцагч Г.Золжаргалаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц хөлслөх гэрээний дагуу нэг сарын төлбөр 600 000 төгрөг, барьцааны 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг байрны эд хогшилын хамт хүлээн авах үедээ 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн. Энэ үед хүлээлгэн өгсөн эд зүйлийг фото зургаар бэхжүүлж баталгаажуулсан. Ц.Цэцэгээ нь 20-иод хоносоны дараа гал зуухны чулуун тавцан цуурсан цонхны бариул эвдэрсэн гэдгээ хэлсэн тул очиж үзэхэд плетканы зүүн талд хэсэг газарт цуурч хагарсан цонх хаагдахгүй нугасандаа эвдэрсэн байсныг фото зургаар авч баталгаажуулсан. Анх хүлээлгэн өгөхөд цуурсан зүйл байгаагүйг хэлж шинээр хийлгэж өг гэхэд чадахгүй гэж маргасан. Ц.Цэцэгээ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд төлөх төлбөрийг төлөхгүй байсан учраас Чингэлтэй дүүргийн шүүхэд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байрнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Байр хөлсөлсөн хугацааны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй эвдэлсэн эд зүйлсээ засахгүй байсан тул байр суллаж өгөхийг удаа дараа шаардсаны эцэст 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цахилгааныг нь тасалж, усыг нь хаалган 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байрнаас гаргасан. Ц.Цэцэгээ нь байранд суусан хугацааны хөлсийг төлөөгүй тул төлбөрт 520 000 төгрөг, хагалж цуурсан тавцанг шинээр хийлгэхэл суурилуулахад 230 000 төгрөг, цонх засуулахад 15 000 төгрөг, хаалганы түгжээ солиулахад 20 000 төгрөг, skymedia 13 770 төгрөг, байрны мөнгө цахилгаан, ус, утас 67 500 төгрөг, нийт 866 270 төгрөг болсон. Дээрх дурдсан төлбөр засварт 866 270 төгрөг гарсан нь барьцааны 600 000 төгрөгнөөс илүү гарч бид 266 270 төгрөгөөр хохирсон ч нэхэмжлэхгүй орхисон. Тэгтэл Ц.Цэцэгээ нь бүтэн 3 жилийн хугацаа өнгөрсний дараа 820 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилжээ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Оюунбилэгээс 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэцэгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 220 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Золжаргалд холбогдуулан гаргасан Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ц.Цэцэгээгийн 23 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 18 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгээд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт хариуцагч нь 7 төрлийн шинэ тавилга хүлээлгэн өгсөн. Гал зуухны плетканы чулуун тавцанг цуулж хагалан, эд хогшлыг эвдэж хохирол учруулсан. 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байрнаас гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж түрээсийн байр хүлээлгэн өгсөн тухай баримт, хүлээлгэн өгсөн тавилгын фото зураг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2649 дүгээр захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн ч түрээсийн байр хүлээлгэн өгсөн тухай баримтын он cap тодорхойгүй, хэзээ ямар тавилга хүлээлгэн өгсөн эсэх нь ойлгомжгүй, тавилгын фото зураг дээрээс плетканы чулуун тавцан бүтэн эсэх нь харагдах боломжгүй учир дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж дүгнэн Ц.Цэцэгээгийн эвдэлсэн зүйлийг шинээр авч тавих болон байрнаас гарахгүй 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл суусан түрээсийн талаар ашигласан хугацааны скаймедиа, байрны цахилгаан, ус, утасны төлбөрт зарцуулсан нийт 866 270 төгрөгнөөс 600 000 төгрөгийг нь барьцааны мөнгөнөөс нь суутган авч 266 270 төгрөгөөр хохирч үлдснийг нотлох баримтаар гарган өгсөөр байхад нотлогдохгүй хэмээн үзэж 600 000 төгрөг төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна. Шүүх түрээсийн байр хүлээлгэн өгсөн он, caр, өдөр тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түрээсийн гэрээ 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийгдэн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нотариатаар батлагдсан нь нотлогддог. Ямар тавилгыг хэзээ хүлээлгэн өгсөн ойлгомжгүй, чулуун тавцан хагарсан нь фото зургаас харагдахгүй гэсэн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа нь Түрээсийн байр хүлээлгэн өгсөн баримтад 2013 оны 4 дүгээр cap гэсэн он, cap тавигдсанаас түрээсийн мөнгө, барьцааны мөнгө өгсөн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн нь тогтоогддог. Уг баримтад гал зуухны ком тавилга /шинэ/ гэж дурдсанаас гадна барьцаа болох 600 000 төгрөгийг эд хогшилд учруулсан гэмтэл тус бүрийг зохих хэмжээгээр тооцож авах болно. Учруулсан хохирол барьцаа мөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд тухайн үеийн ханшаар түрээслэгч төлөх буюу хохиролгүй /бүрэн/ болгож өгнө гэж зааж талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг тул барьцааны мөнгөнөөс суутгаж авсан нь хууль зөрчөөгүй. Мөн анх хүлээлгэн өгөх үеийн тавилганы фото зурагт гал зуухны ком тавилга эвдрэлгүй байгаа нь тодорхой байдаг. Хагалсан үеийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зурагт цууралт, шинэ гал зуухны тавилгыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн тухайн үед ямар нэг эвдрэл гэмтэлгүй шинэ байсан нь нотлогдсон гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Цэцгээ нь манай байрны түлхүүрийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр авсан тул энэ үеэс түрээсийн төлбөр тооцогдохоор тогтсон, төлсөн мөнгө нь 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд суусан хугацааны мөнгө төлөх үүрэгтэй. Гэтэл 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байранд суусан 25 хоногийн мөнгийг төлөөгүй тул өдрийн 20 000 төгрөгийн түрээсээр тооцоход 500 000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Хариуцагч эд хогшлоо эвдлүүлж, дээр нь түрээсийн байрандаа үнэ хөлсгүй суулгах ёстой гэж үзэж буйг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 4 дүгээр сард 19 хоног суугаад байрнаасаа гарсан бол хариуцагчийн зүгээс 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байрнаас албадан гаргуулах шаардлагыг тавихгүй байсныг анхаарч үзнэ үү. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хангаж шийдсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээ нь хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 820 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч байрны эд хогшилыг эвдэж хохирол учруулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул буцааж өгөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Цэцэгээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд CD-ний бичлэгийг өгчээ.

 

Шүүх дээрх CD-ний бичлэгийг хуульд заасан журмын дагуу үзлэг хийж, бичгийн хэлбэрээр бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Хэргийн 60-67 дугаар талд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 242 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаан дээр CD-г шинжлэн судласан талаар тусгасан боловч уг бичлэгт үзлэг хийж бэхжүүлэн баримт үйлдэхгүй шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.                                                                /хх-60-67 дугаар тал/

 

Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн аливаа дүрс, дуу бичлэгт шүүх хуульд заасан журмын дагуу үзлэг хийсний үндсэн дээр үйлдсэн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой бөгөөд хэрэв нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг зохих журмын дагуу хасах, энэ тохиолдолд хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг болон дахин нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2016/00242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ