Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 000051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                            142/2017/0022/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

               Шүүх хуралдаанд: 

 

                           Прокурор                                          Т.Ганзориг

                           Шүүгдэгч                                           Ж.Отгонбаяр

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг

                           Хохирогч                                           Г.Ганхөлөг

                           Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, Жанчивийн Отгонбаярт холбогдох, 201614000537 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991-05-21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Ивэнгийн 3 дугаар гудамж 24 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, МЛ-91052111 регистрийн дугаартай, Монгол овогт Жанчивын Отгонбаяр.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт баригдаж байгаа Эрүүл мэндийн цогцолборын барилгын хашаан дотор Г.Ганхөлөгтэй маргалдаж, алх шидэж биед  нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор:

 

 

Монгол овогтой Жанчивын Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1., 88.1.3.д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн алх, метр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ганхөлөг цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэм буруутайд тооцож “ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн довтолгоон дууссан нь тодорхой” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлын талаарх харилцааг зохицуулсан эрүүгийн хуулийн зүйл, заалтыг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хууль ёсны шаардлагыг хангаагүй.

 

Аргагүй хамгаалалтын үндсэн шинж бол өөрийгөө болон бусдыг аюултай халдлагаас хамгаалах зайлшгүй нөхцөл тохиолдол учирсан байхыг шаарддаг бөгөөд аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай довтолгоо бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг хамгаалалт хийх нөхцөл байдал бодитой үүссэн тохиолдолд халдлагын шинж чанар учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь хамгаалалтыг үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

Мөн түүнчлэн аргагүй хамгаалалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тодорхойлоход дээрх тохиолдлуудаас гадна уг аюултай довтолгоо дууссаныг мэдэх боломж хамгаалагчид байгаагүй нөхцөлийг мөн адил хамааруулж ойлгодог.

 

Г.Ганхөлөг, Ж.Отгонбаяр руу алх шидсэнээр аюултай халдлага довтолгоон дууссан гэж үзэж нөхцөл байдал хэрэгт авагдаагүй идэвхтэй хариу үйлдлээр хамгаалалт хийсний дараагаар тэрээр үргэлжлүүлэн эсэргүүцэж хоёулаа үзчих үү гэсэн байдаг.

 

Г.Ганхөлөгийн зүгээс гаргаж байгаа хууль бус аюултай үйлдлийг таслан зогсоохыг хүсэж хийсэн Ж.Отгонбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй бусдад гэм хор учруулж байгаа санаатай идэвхтэй үйлдэл хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай аргагүй хамгаалалтын үйлдэл юм.

 

Иймд Ж.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.1.д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Отгонбаяр, хохирогч Г.Ганхөлөг, гэрч Л.Сэлэнгэсайхан, О.Ганжаргал, Б.Мөнхчулуун нар нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт баригдаж байгаа Эрүүл мэндийн цогцолборын барилгын хашаан дотор барилгын ажил хийж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Г.Ганхөлөг Ж.Отгонбаярт хандаж ...ажлаа хурдан хийе... гэхэд нь Ж.Отгонбаяр ...тамхи татаж байна.. гэж хэлсэн..., энэ үед эхлээд Г.Ганхөлөг Ж.Отгонбаяр луу алх шидсэн.., дараа нь Ж.Отгонбаяр газарт унасан алхыг аваад буцаагаад Г.Ганхөлөг шидэхэд нь түүний толгойн тус газар нь онож Г.Ганхөлөгийн биед хүнд гэмтэл учирсан байна.

Энэ нь хохирогч Г.Ганхөлөгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

... Бид нар ажиллаж байгаа барилга дотроо байрлаж байсан ба 2016 оны 11 сарын 22-ны өдөр ажлаа хийж байтал Отгонбаяр тамхи татаад зогсоод байхаар нь би  ...ажлаа хий, хурдан ажлаа дуусгая... гэж хэлтэл Отгонбаяр тамхи татаж байна, ажлаа хийж л байна” гэж хэлсэн..., Тэгээд би хажуудаа байсан шар өнгийн алхыг Отгонбаяр руу шидчихсэн..., алх Отгонбаярыг оносон эсэхийг сайн мэдээгүй..., доошоо тонгойгоод ажлаа хийж байгаад яг найтаах гэж байтал толгой таг хийгээд л би газар уначихсан.., нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан..., Отгонбаяр миний шидсэн алхыг буцаагаад над руу шидсэн болохыг би сүүлд хагалгаанд орсны дараа мэдсэн..., бие зүгээр байгаа, гомдол саналгүй..., гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-22-р хуудас/

Шүүгдэгч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн :

...Тухайн өдөр буюу 2016 оны 11 сарын 22-ны өдөр би ажлаа хийж байгаад бие засаж ирчихээд тамхи таттал Ганхөлөг ах “ ...ажлаа хийгээч , хурдан ажлаа дуусгая...” гэж хэлсэн би   “...тамхи татаж байна, ажлаа хийж л байна...”гэж хэлтэл над руу алх шидсэн..., тэгээд би тэр алхыг нь аваад санамсаргүй буцаагаад  шидсэн чинь Ганхөлөг ахын толгойг оносон байсан..., би санаатай шидээгүй, толгойг нь ононо ч гэж бодоогүй..., маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг ...,

Гэрч Н.Гантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн   :

...Тэр өдөр Сэлэнгэсайхан над руу ирээд инженерээ эмнэлэг заагаад өг, эмнэлэг явъя гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад ... Отгонбаяр Ганхөлөг рүү алх шидээд толгойг нь хагалчихлаа эмнэлэг явъя ...гэж хэлсэн. Би Отгонбаяр Ганхөлөг нарын ажиллаж байсан хэсэг рүү очтол Ганхөлөг газар суугаад, түүний толгойноос цус гарч байсан..., Би Ганхөлөгийг барилга руу оруулаад анхны тусламжийн хайрцагнаас бинт гаргаж толгойг нь боогоод, халуун цай уулгаад эмнэлэг авч явсан...., Тэгээд Отгонбаяраас болсон асуудлыг тодруултал Ганхөлөг ах намайг бие засчихаад иртэл ажлаа хийсэнгүй гэж уурлаад над руу алх шидсэн..., Би зөрүүлээд алх шидтэл толгойнд нь оночихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

 

Гэрч Л.Сэлэнгэсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Отгонбаяр тамхи татаад бид хоёр Ганхөлөгийн хажууд зогсож байтал Ганхөлөг уурлаад Отгонбаярыг ажлаа хий гэж хэлсэн..., Отгонбаяр ажлаа хийж л байна шүү дээ гэж хэлсэн...., Тэгээд над руу бас уурлах байх гэж бодоод эргэж хараад алхаж байтал Ганхөлөг газар унаад Отгонбаяр түүн рүү очоод бариад авсан..., энэ үед Ганхөлөгийн толгойноос нь цус гарч байсан..., хажууд нь шар өнгийн алх байсан..., тэгээд Гантөгс Ганхөлөгийг эмнэлэг рүү авч явсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 830 дугаартай :

 

 ...Г.Ганхөлөгийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хуйханд баруун чамархайд язарсан шарх зэрэг гэмтэл үүссэн...,  Гэмтлийн улмаас гавлын баруун чамархай ясанд цоорхой гаргах, ясны хэлтэрхийг авах хагалгаа хийжээ.

 Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

 

Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3.д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно..., шинэ гэмтэл байна... гэсэн дүгнэлт, /хх.ийн -36-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон, Ж.Отгонбаярын үйлдлийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.

 

Дээрх нотлох баримтаас үзвэл Ж.Отгонбаярын үйлдэлд ... тухайн үед халдлага аюултай, бодитой байсан, тэрээр түүний эсрэг ямар нэг хамгаалалт хийхээс өөр аргагүй байдалд орсон байна... гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ ... Ж.Отгонбаярын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулж байх тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Отгонбаярын өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР

 

                 ШҮҮГЧИД                                                                                    С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                                        Ц.ТУЯА