Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00020

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Иргэдийн төлөөлөгч З.Наранбат

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа

Шүүгдэгч Ж.Отгонбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Жанчивын Отгонбаярт холбогдох 201614000537 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Монгол овгийн Жанчивын Отгонбаяр, Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг, Ивэнгийн 3 дугаар гудамж 24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, РД:МЛ91052111.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ж.Отгонбаяр нь 2016 оны 11 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутагт баригдаж байгаа Эрүүл мэндийн цогцолборын барилгын хашаан дотор Г.Ганхөлөгтэй маргалдаж алх шидэж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

Үүнд: 1. Хохирогч Г.Ганхөлөгийн “Бид нар ажиллаж байгаа барилга дотроо байрлаж байсан. Гэтэл 2016 оны 11 сарын 22-ны өдөр бүгд ажилдаа гараад ажиллаж байтал Отгонбаяр тамхи татаад зогсоод байсан. Би түүнд хандаж ажлаа хий, хурдан ажлаа дуусгая гэж хэлтэл “Отгонбаяр бие засчихаад, тамхи татаж байна, ажлаа хийж л байна” гэж уурласан. Тэр өдөр ажил бараг дуусах гэж байсан болохоор бүгд зэрэг хийгээд дуусгая гэж бодсон. Тэгээд Отгонбаяр миний өөдөөс уурлаад үг авахгүй байхаар нь хажуудаа байсан шар өнгийн алхыг Отгонбаяр руу шидчихсэн. Уг алх Отгонбаярыг оносон эсэхийг сайн мэдээгүй. Доошоо тонгойгоод ажлаа хйиж байгаад яг найтаах гэж байтал толгой таг хийгээд л би газар уначихсан. Үүнээс хойш юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Отгонбаяр миний шидсэн алхыг буцаагаад над руу шидсэн болохыг би сүүлд хагалгаанд орсны дараа мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/

 

 2. Гэрч Н.Гантөгсийн “Сэлэнгэсайхан над руу ирээд инженерээ эмнэлэг заагаад өг, эмнэлэг явъя гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад Сэлэнгэсайхан хэлэхдээ Ганхөлөг, Отгонбаяр хоёр муудалцаад Отгонбаяр Ганхөлөг рүү алх шидээд толгойг нь хагалчихлаа эмнэлэг явъя гэж хэлсэн. Би Отгонбаяр Ганхөлөг нарын ажиллаж байсан хэсэг рүү очтол Ганхөлөг газар суугаад, түүний толгойноос цус гарч байсан. Би Ганхөлөгийг барилга руу оруулаад анхны тусламжийн хайрцагнаас бинт гаргаж толгойг нь боогоод, халуун цай уулгаад эмнэлэг авч явсан. Тэгээд Отгонбаяраас болсон асуудлыг тодруултал Ганхөлөг ах намайг бие засчихаад иртэл ажлаа хийсэнгүй гэж уурлаад над руу алх шидсэн. Би зөрүүлээд алх шидтэл толгойнд нь оночихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

 

3. Гэрч Л.Сэлэнгэсайханы “Отгонбаяр тамхи татаад бид хоёр Ганхөлөгийн хажууд зогсож байтал Ганхөлөг уурлаад Отгонбаярыг ажлаа хий гэж хэлсэн. Хариуд нь Отгонбаяр ажлаа хийж л байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд над руу бас уурлах байх гэж бодоод эргэж хараад алхаж байтал Ганхөлөг газар унаад Отгонбаяр түүн рүү очоод бариад авахаар нь салгатал Ганхөлөгөөс толгойноос нь цус гарч байсан. Энэ үед шар өнгийн алх Ганхөлөгийн хажууд байсан. Тэгээд би Гантөгсөд энэ талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд Гантөгс Ганхөлөгийг эмнэлэг рүү авч явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 830 дугаартай шинжээчийн “Г.Ганхөлөгийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хуйханд баруун чамархайд язарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас гавлын баруун чамархай ясанд цоорхой гаргах, ясны хэлтэрхийг авах хагалгаа хийжээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Шинэ гэмтэл байна”  гэсэн дүгнэлт. /хх-36-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Отгонбаяр мэдүүлэхдээ “Ганхөлөг ах надруу алх шидэхээр нь буцаагаад алх шидсэн нь үнэн. Толгойд нь ононо гэж бодоогүй. Гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа мэтгэлцэхдээ “Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Ганхөлөг нь шүүгдэгч рүү алх шидэж халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан байна. Ж.Отгонбаяр нь аргагүй хамгаалалт хийх нөхцөл бүрдсэн. Ганхөлөгийн халдлага довтолгоо зогссон гэж Отгонбаяр мэдэх боломжгүй. Отгонбаяр нь халдлагаас өөрийгөө хамгаалах явцад Ганхөлөгийн биед гэмэл учруулсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг ялын шүүмжлэлдээ “Отгонбаярын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2016 оны 11 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутагт баригдаж байгаа 1,4,5 дугаар хорооллын Эрүүл мэндийн цогцолбор төвийн барилга дээр ажиллаж байсан Г.Ганхөлөг нь хамт ажиллаж байсан Ж.Отгонбаяртай ажлаа хийсэнгүй гэсэн үндэслэлээр маргалдаж алх шидэж Отгонбаярын хөлд оносон байна. Ж.Отгонбаяр нь уг алхыг авч Г.Ганхөлөг рүү шидэж түүний толгойн тус газарт онож хүнд гэмтэл учруулжээ.

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгч дээрхи үйл баримт болон хохирогчид учирсан гэмтлийн талаар маргалдаагүй бөгөөд Ж.Отгонбаяр нь Ганхөлөгийн үйлдэл төгссөн гэдгийг мэдэх боломжгүй учир алхыг буцааж шидсэн нь аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа талаар шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж байна.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Отгонбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Аргагүй хамгаалалтын үндсэн нөхцөл нь халдлага бодитой эхэлсэн дуусаагүй байх явдал бөгөөд халдлага нэгэнт эхэлж, хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн тохиолдолд аргагүй хамгаалалт хийх эрх буюу үндэслэл нь үүснэ. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд Ж.Отгонбаяр нь алхыг авч буцааж шидэх үед Г.Ганхөлөг нь халдлага довтолгоогоо үргэлжлүүлж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Довтолгоон дууссан нь тодорхой, амь нас, эрүүл мэндэд аюултай үйлдэл төгссөн байхад эсрэг үйлдэл хийж бусдын бие махбодид гэмтэл учруулсныг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаярт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Ж.Отгонбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Отгонбаяр нь нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шар өнгийн алх, шар өнгийн метр зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ганхөлөг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                 ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Монгол овгийн Жанчивын Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаярын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн алх, метр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ганхөлөг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                      Ж.БАЙГАЛМАА

                                                    Ц.АЛТАНГАДАС