Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй,  

Нарийн бичгийн дарга Ц.А,

Улсын яллагч Э.Т,

Иргэдийн төлөөлөгч Г.Г,

Хохирогч Л.Б,

Хохирогчийн өмгөөлөгч О.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,  

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1820000000146 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн дугаар ангид ажилтай байсан, ам бүл 4, ээж, эхнэр, 6 сартай хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 460,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт С.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт иргэн Л.Б-г биеэ хамгаалах чадваргүй байдлын далимдуулан буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулан хоолойг нь боон улмаар нүүрэн тус газар нь дэрээр дарж хүзүүн тус газар нь хутгалж алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр хамт ажилладаг найзындаа очсон чинь цоожтой байсан. Гадаах том хаалга дуугарахаар нь хүн байж магадгүй гэж бодоод гараад явсан юм. Тэгээд найзыгаа унтаж байгаад сэрсэн байж магадгүй гэж бодоод буцаж орсон юм. Тэгсэн дээр нэг хүн миний дүү туслаарай гээд орилохоор гараад очтол хохирогч Б байсан, гэр лүү нь ороод очтол гэр нь харанхуй коридорын гэрэл нь асаалттай байсан. Над руу чи мөн биз дээ гээд дайраад байсан. Тэр үед чи мөн байна, чи мөн биз дээ гээд дайраад байхаар нь айсан, айсандаа болоод юу яриад байгаа юм бэ? хүн хүлээгээд байж байна, хүн амьтан сонсчихно чимээгүй бай  гэсэн чинь орилоод байсан болохоор нь чимээгүй болгох гээд хажуу талын сандал билүү ширээн дээр байсан хутга юм уу? сэрээ байсан байх аваад хүзүү рүү нь дөнгөж ойртуулж байсан чинь миний гар луу цохиод барьж байсан зүйл маань хүзүү рүү нь орсон. Тухайн үед би сандарсан байсан болохоор барьж байсан зүйлээ хүзүү рүү нь нэмээд дарчихсан. Хутгаа сугалж аваад дээрээс нь даавуугаар дарсан. Анхны тусламж үзүүлсэн. Тэгээд намайг мэдээгүй байх гэж бодоод гарч хутгаа хаясан. Гадаа гараад гэнэт сэргээд буцаж орсон чинь  коридортоо гараад ирчихсэн байсан. Надад энэ хүнийг алах санаа, сэдэл байгаагүй. Анх намайг дор байхад хүн туслаарай гээд орилоод байхаар туслах гэж дээшээ гарсан. Л.Б-нд тухайн үед 2 удаа орсон. Үдээсээр бол боогоогүй харин дэрээр бол нүүрийг нь дарсан...” гэв.

- Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “С.Э-тэй урд нь манай хажуу өрөөний залуу Б гэдэг залуугийнд байнга орж ирж Ж-тэй хамт ирээд ууж идээд орилж согтууран танхайрч байдаг байсан. Хэрэг болохын 5 хоногийн өмнө манай хажууд байдаг Б-г дуудаж С.Э, Ж хоёрыг гэртээ оруулж архидаад байвал би ангийн штабын даргад мэдэгдэнэ шүү миний амьдардаг гадаа хаалганы цоожийг эвдэлснээрээ янзал гэж Б-д хэлж байсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Б” бааранд таараад миний сууж байсан ширээний хажууд С.Э мөн Ж, Э нар сууж байхаар нь Э-г би ширээндээ дуудсан боловч миний өөдөөс салавч гаргаж байхаар нь би тоогоогүй хэсэг зуур өнгөрсний дараа С.Э-г дахиад харсан чинь 2 гараараа миний өөдөөс салаавч гаргаж нүүр амаа янз янз болгоод байхаар нь ширээн дээр байсан жижиг архины хундага аваад С.Э рүү шидсэн боловч С.Э-г оноогүй тэгээд 20-30 минутын дараа ширээнийхээ тооцоог хийгээд гарах гэтэл миний өөдөөс Э-н найз Х гараад ирсэн тэгээд тэр үед Х-н найз охин Ө-тэй маргалдсан чинь Х миний хоолойг боож авсан тэгээд бид нар салаад баарнаас гараад миний найз У намайг гэрт хүргэж өгсөн. Би Э-тэй бэлгийн харьцаанд огт орж байгаагүй би нэг ангид харьяаллагддаг болохоос тус тусдаа ажилладаг урд нь намайг зодож хүч хэрэглэж байгаагүй. Би 2018 оны 12 дугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэл Дорноговь аймаг, Улаанбаатар хотын төрийн тусгай албан хаагч нарын Нэгдсэн эмнэлэгт хэвтэж оношилгоо хийлгэж байна. Энэ хэргээс болоод миний биед гэмтэл учирсан уг гэмтэл нь миний биеийн хүзүү болон хоолойд хагалгаа хийлгэсэн мөн уушиг устаж, их хэмжээний цус алдаснаас миний биеийн уушиг устаж одоо уушигандаа шингэнтэй хий дүүрсэн эрүү болон 2 талын чихний хэсгээр мэдээгүй мэдээ ороогүй байна. Миний биений зүүн гар юм өргөж дийлэхгүй байгаа. Одоо толгой хүзүү өөрийн мэдэлгүй унждаг болсон байна. Цаашид урт хугацааны эмчилгээ шаардлагатай байна ... би нойр хүрээд хэсэг зуур унтсан байсан нэг сэрэхэд манай гэрийн хөрөгчний гэрэл ассан байхаар нь хэн бэ гэтэл миний амыг нэг хүн даавуун бээлийтэй гараар миний араас ам тагалсан тухайн үед би айсандаа худлаа ухаан алдаад унахад мөн биеэ сул тавихад миний толгойн дээрээс дарж үзээд байсан тэгтэл тэр хүн хөнжлөөр миний толгойг битүү боох хооронд тэр хүний гутлыг харсан бор арьсан гутал харагдаж байсан. Би гэрээс гарахыг хүлээгээд амьсгаагаа түгжээд дотороо тоолоод хүлээсэн, гарахаар нь би босоод хажуу айл руу орох гээд гэрлийн унтраалгаа дарах гэтэл унтраалга байхгүй болсон байсан. Мөн манай гэрийн хөргөгч байрнаасаа хөдлөөд нилээн наашаа болсон байсан. Тэгээд би коридорт гартал миний хоолойноос цус гарч байгааг мэдсэн. Тэр үед би хажуу айлынхаа хаалгыг нүдэж байтал С.Э миний ард зогсож байсан тэгээд би эргээд харахад Э цагаан эрээн өнгийн пүүзтэй зогсож байсан. Тэр хүн алиаскан куртик өмссөн байсан намайг боож байхад нь би куртикнийх нь үснээс зулгаасан байсан юм. Тэгээд С.Э-г харахад алиаска өмсчихсөн байсан. Би тухайн үед С.Э-г юм байна гэж бодоод айгаад хурдан Б-х рүү орсон... Миний биеийн байдал гэвэл уушиг унжаад наалданги үүссэн байгаа. Энийг эмчлэхгүй бол сүрьеэ болно гэсэн. Эмчилгээ сувилал, эм тариа 10,308,371 төгрөг, галт тэрэгний билет шатахуун 472,759 төгрөг, бусад хоол хүнс, такси, ном уншуулсан, зээлээр гар утас аваад удаагүй байсан утсыг маань аваад эвдчихсэн байсан 7,784,680 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 4,750,000 төгрөг нийт 23,315,810 төгрөгийг нэхэмжилнэ. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-41, 42-43/,

- Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд: “Би тухайн нэр бүхий хүмүүсийг танина, Л.Б нь манай нөхөр Б.Б-тэй хамт Хилийн цэрэгт ажилладаг мөн манай хажуу талын хөрш айлын хүн гэдгээр нь танина, С.Э-н хувьд мөн адил манай нөхрийн ажлын хүн гэдгээр нь танина садан төрлийн холбоо байхгүй. Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 05 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байсан чинь манай хаалгыг хэн нэгэн хүн балбаад байхаар нь хаалгаа нээсэн чинь манай хажуу айлын хүн болох Л.Б нь цус нөжиндөө холилдчихсон, дээгүүрээ подволктой, доогуураа турсиктэйгээ үүдний шалан дээр хэвтэж байхаар нь “Та яачихсан юм бэ?” гээд асуугаад зогсож байсан чинь Э доор 1 дүгээр давхараас шатаар дээшээ гараад ирсэн, тэгээд Б нь С.Э-г харчихаад аймар айдастай “Чи чи мөн байна” гээд манай гэр лүү гүйгээд орчихсон, энэ үед С.Э нь надтай ямар нэгэн зүйлийн талаар яриагүй эргээд доошоо буугаад явчихсан, тэгээд би Л.Б-г гэртээ оруулсан чинь тэрээр “эмч дууд, цагдаа дууд, ангийн шуурхай дууд” гээд бахираад байсан, тэгээд манай дүүг дууд гээд байхаар нь эхлээд Замын-Үүд сумын түргэн тусламж дуудсан тэгээд манай гэрт байх үед нь эмнэлэгийн эмч ирээд “хүзүүндээ шархтай байна чи цус алдаад байна” гэсэн чинь Л.Б нь явахгүй гээд байсан эмч цагдаагийн утас руу залгаад дахин дуудлага өгсөн байх, ингээд цагдаагийн ажилтнууд ирээд эмч эмнэлэгийн ажилтнууд түүнийг аваад манай гэрээс гарсан. Л.Б нь анх манайд орж ирэхдээ подволкных нь энгэр цус болчихсон, хүзүүнээс нь цус гарчихсан орж ирсэн тэрээр манайд орж ирээд шууд орон дээр тэр чигтээ хэвтсэн, тэгээд “тусламж дуудаарай” гээд байсан түүнээс өөр зүйлийн талаар бол яриагүй. Л.Б нь манайхаар орж гараад байдаггүй, зүгээр мэнд устай явдаг хүмүүс, тухайн шөнө манай орцонд Л.Б-н гэрийн орчимд ямар нэгэн чимээ анир сонсогдоогүй, Л.Э нь тухайн үед ямар нэгэн зүйлийн талаар мэдэгдээгүй. Л.Б нь манай гэрт байх хугацаанд би түргэн дуудчихаад хүлээх зуур Л.Б нь “хурдлаарай” гээд бахираад байхаар нь би түргэн ирж байна уу гээд амдаж авах санаатай гэрээсээ гараад шатаар доошоо буугаад 1 дүгээр давхарт очиход Э орцонд ганцаараа зогсож байсан, тэгээд намайг харчихаад “түргэнээ дуудсан юм уу?” гэхлээр нь “дуудсан ирж байгаа байх” гэсэн чинь “дахиад залгалдаа” гээд нилээд сандарсан байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

- Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 12 дугаар сарын 21-ний орой би 22:20-ын үед С.Э, Т, Э.Х бид 4 хамтдаа Э бааранд орох гэсэн чинь хаалттай байсан. Тэгээд тэндээсээ Б плаза баарны караокед ороод 0.75 литрийн С архи, 4 лааз пиво аваад сууцгаасан, тэндээ бид архи, пиво уугаад дуулж сууцгааж байгаад 00:20 цагийн үед караокены өрөөнөөс гараад текин дээр очоод тооцоо хийгээд зогсож байсан чинь С.Э нь баар луу ороод орсон юм уу мэдэхгүй салаад явчихсан, тэгээд би ариун цэврийн өрәө рүү орчихоод гараад ирсэн чинь караокены үүдэнд Л.Б-тай тааралдаад бид 2 мэндэлсэн Л.Б нь “би бааранд сууж байгаа хамт сууя ганц нэг юм ууя” гэхлээр нь би зөвшөөрөөгүй, “би чамтай архи дарс уудаг хүн биш, чи зиндаа яриад байдаг юм байна лээ” гэх мэт зүйл ярьсан тэгтэл Х дэргэд хүрээд ирсэн чинь Л.Б нь “Чи энэ бацаантай явахаа болиоч” гээд “энд зөндөө мөнгөтэй залуус байна, надтай хамт баар луу оръя” гэхлээр нь “би чамтай архи дарс уухгүй” гэсэн тэгсэн чинь Х нь “намайг явъя явъя наадахтайгаа юу ярьдаг юм бэ?” гээд хэлсэн чинь Б нь уурлаад “зайл муу бацаан минь гээд салаавч өгөөд бандиа, чамайг хошногодуулнаа” гэх мэт зүйл яриад байсан тэгээд Х намайг “явъя явъя” гээд намайг дагуулаад гарах үед Б нь шал согтуу Ө гээд араас хашгираад байсан тухайн үед Б нь согтолт ихтэй байсан. Тэгээд Х бид 2 баарнаас гарч ирээд Б баарны үүднээс зам дагаад вокзал чиглэж алхаж явж байгаад такси бариад гэртээ харьсан, Х нь ... онд төрсөн надаас хэд дүү учраас Б нь Х-г бацаан гээд доромжлоод байсан, бид 2 одоохондоо гэр бүл болоогүй үерхэж найзлаад 1 жил орчим болж байгаа, Х нь урьд нь ... дугаар ангид надтай хамт ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сард ажлаасаа гараад одоо хувиараа хот хооронд таксинд явж байгаа. Миний хувьд Б-тай маргалдсан асуудал байхгүй зүгээр таарамжгүй харилцаа үүсгэсэн “чамтай хамт архи дарс уухгүй” гэх мэт зүйлийн талаар ярьсан, Х-н хувьд Б-г зодож цохисон асуудал байхгүй “чамтай юу ярьдаг юм бэ?” гээд мангасдаж байгаа юм шиг нүүр хэсэг рүү нь түлхсэн байх, хэрэв Б-г /эрэгтэй хүн эмэгтэй хүнийг боож зодож цохисон бол/ боож зодож цохисон бол цагдаа дуудаад асуудал болох байсан зүгээр түлхчихээд гараад явчихсан. Х бид 2 гэртээ байж байсан чинь Х луу Э залгаад “харуулаас буучихлаа уулзах юм уу” гээд утасдаж байсан тэгээд уулзахаар болоод би Т-г дуудаж хамт гарахаар болж Х бид 2 гэрээс гарч таксигаар С.Э-г гэрийнх нь гаднаас аваад Т-г 133 дугаар байрнаас аваад тэгээд "Э” орсон чинь хаалттай байхаар нь тэндээсээ алхаад Б бааранд орсон юм. С.Э-тэй бааранд салсанаас хойш уулзаагүй, маргааш өглөө нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ангийн холбооноос залгаад анги дээр яаралтай ир штабын дарга дуудаж байна гэхлээр нь очсон чинь Штабын дарга, дэд хурандаа А өчигдөр хэн хэн архи дарс уусан хаагуур явсан талаар асуусан бөгөөд би болсон асуудлын талаар түүнд ярьсан. С.Э нь Л.Б-г хутгалсан байна одоо нэг чинь шоронд явах гэж байна гээд загнаж зэмлэсэн, дахин архи дарсны асуудал гаргахгүй шүү гэж хэлсэн. Түүнээс өөр зүйлийн талаар бол мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/,

- Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 12 дугаар сарын 21-ний орой би эхнэр Э.Ө-н хамт манай хадам ээжийн гэрт байж байсан чинь 22 цагийн үед С.Э нь над руу залгаад “Харуулаас буучихлаа уулзах уу?” гэхлээр “тэгэе тэгэе” гээд Э.Ө бид 2 гэрээсээ гараад С.Э-г машинтайгаа очиж аваад тэндээс Э.Ө-н найз Т-г З зоогийн урд талын байрнаас аваад тэгээд тэндээсээ тээвэрчин буудлын цайны газрын гадаа хадам ээжийн ажлын гадаа машинаа орхичихоод бид 4 такси бариад “Э” баарлуу очсон чинь хаалттай байхаар нь “Б” баарлуу ороод тэнд бид караокед ороод 0.75 литрийн С архи, 4 лааз пиво захиалаад 2 цаг аваад суусан, ингээд 00 цаг өнгөрөөгөөд цагаа дуусгаад гараад ирэхэд Э.Ө нь ариун цэврийн өрөөрүү орчихоод гараад ирсэн чинь Б нь баарнаас гарч ирээд Э.Ө-тэй уулзаад юм яриад зогсоод байсан тэгээд тухайн үед яг юун тухай ярьж байсан эсэхийг мэдээгүй сонсоогүй тэдэн рүү ойртоод дөхөөд очсон чинь Б нь “намайг яриад байгаа бололтой нэг хачин бандитай явлаа” гэх мэт зүйлийн талаар яриад байхаар нь би Э.Ө-г “явъя явъя” гэсэн чинь Б нь бид 2-ыг явуулахгүй миний куртикны араас зуурчихаад “бандиа, чамайг бөгсдүүлнээ” гээд миний нүүр лүү алгадчихсан тэгэхлээр нь би түүний цээжнийх нь дээд хэнхдэг хэсэг орчмоор нь түлхсэн чинь жижиг биетэй эмэгтэй хүн учраас бага зэрэг холдсон унаж ойчоогүй, тэгээд Э.Ө бид баарнаас гарах үед Л.Б нь араас Ө бандиа гэх мэтээр араас бахираад үлдсэн. Ингээд бид баарнаас гарч ирээд зам дагаад вокзал чиглэлтэй алхаж байтал гараа өргөсөн чинь таски зогсохоор нь бид 2 тухайн машинд суугаад хадмын гэртээ очсон, гэрт очиход манай 2 хүүхэд хадам ээж гэртээ ирчихсэн унтацгааж байсан, Э.Ө бид 2 гэртээ ороод унтах гээд хэвтэж байх зуур Б нь Ө-н утас руу байн байн залгаад “муу хогийн бөөснүүд” гэх мэт мессеж бичиж байсан тухайн үед Ө нь утсаа аваагүй яриагүй, байн байн залгаад байхаар нь утсаа салгаад унтсан. Тухайн үед Л.Б нь нилээд их согтуу байдалтай явж байсан. С.Э, Т бид 4 караокены өрөөнөөс гарч ирээд Ө бид 2 тэднээс салсан, С.Э нь баарлуу орсон Т-г яасан эсэхийг би мэдэхгүй байна ерөнхийдөө бол караокены өрөөнөөс гарч ирээд бид салсан. Би Л.Б-тай урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, Э.Ө бид 2 гэртээ ороод тэгээд шууд амарсан эргэж гарч яваагүй тухайн үед манай хадам ээж Ц гэрт амарч байсан. С.Э-г баарнаас гараад хаашаа явсан эсэх асуудлыг би мэдэхгүй байна. Би түүнийг зодож цохисон асуудал байхгүй, куртикнээс зулгаагаад хэл амаар доромжлоод тавихгүй болохоор нь би зүгээр бай гэсэн чинь үгэнд орохгүй миний нүүр лүү алгадхаар нь түүний хэнхэдэг цээжний дээд хэсэг рүү нь түлхсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/,

- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 22:00 цагийн Ө над руу утсаар залгаад “гараад ир жаахан сууя” гэж дуудхаар нь “хэн хэн байгаа” талаар асуухад “Х, Э бид 3 байна гээд байхаар нь би гэрээсээ гарч 22:20 цагийн үед Б баарны караокед ороод О.75 литрийн С архи, 4 лааз пиво аваад сууцгаасан, бид 2 цаг суугаад 00:20 цагийн үед гарч ирээд текин дээр ирээд бид тооцоо хийх зуур би барментай юм яриад зогсож байсан. Тэгээд Ө, Х 2 үүдэнд зогсоод Б нь өөдөөс нь харчихсан юм ярилцаад л байх шиг байсан тухайн үед бол караокены зааланд байгаа учраас дуу чимээ ихтэй байсан тул тэдний яриаг сонсоогүй ямар нэгэн зүйлийн талаар ярилцаад байгаа бололтой байсан тэгээд эргээд нэг харсан чинь Б нь буйдан дээр уйлаад сууж байсан тэгээд би хажууд нь очоод “яасан хөгшөөн юу болсон бэ?” гэсэн чинь “Х, Ө 2-той муудсан, тэр 2-ыг алнаа” гээд уйлчихсан сууж байсан тэгээд би “тайвшир тайвшир” гэж хэлээд хамт сууж байгаа найзууд руу нь баарны заал руу оруулж өгчихөөд би явсан, эргэж бол тэдэнтэй уулзаагүй. Би тэднийг муудаж маргалдаж байхыг нь хараагүй миний нүдэнд лав муудаж маргалдаж байгаа зүйл харагдаагүй, тухайн үед Б-н биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй нилээд согтуу их уусан шинжтэй харагдаж байсан. Караокеноос гарч ирээд л Э алга болсон хаашаа явсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/,

- Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд: “Өчигдөр 18 цаг өнгөрч байхад Б өөрийнхөө ... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу залгаад “У 3-уулаа ойрд уулзаагүй юм чинь өнөөдөр жаахан сууя. Би төмөр зам дээр ажиллаж байна. Гэхдээ ажил арай дуусаагүй байна” гэж хэлсэн. Дараа нь У-тай ярьж уулзахаар тохирсон байсан. Тэгээд Б-г хүлээгээд ирэхгүй болохоор нь би У-н утас руу залгаад “Би чамайг гэрт чинь очоод авах уу?” гэтэл У “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би тэднийд очиж бие засчихаад түүний хамт гэрээс нь гарсан. Бид хоёр суух газар хайж явсаар Н ресторанд орж суусан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Бид хоёр Б-г хүлээх зуураа нэг нэг ширхэг пиво авч уусан. Ойролцоогоор 20-30 минутын дараа Б ирсэн. Бид гурав юм ярьж сууж байгаад пиво уусан. Тэр хоёр гурав гурван пиво, харин би 2 пиво уусан. Тэгээд сууж байтал У-н найз Б, Ч нар У руу залгаж “Бааранд оръё” гэж дуудсан. Бид гурав Н ресторанаас гараад Б плаза баар руу алхсан. Тэнд очиход Б, Ч нар баарны гадаа бид гурвыг хүлээж байсан. Бид тав баар руу ороод чигээрээ яваад тайзны зүүн гар талын ширээнд суусан. Тэнд 0,75 литрийн С, ундаа, ус зэрэг зүйлүүдийг захиалж уусан. Бид тав түүнийгээ хувааж ууж дуусгаад дахин 1 шил архи захиалж уусан. 2 дахь архийг уугаад талдаа орж байхад нь би гэр рүүгээ явсан. Намайг явахаас өмнө тэр хэд бүжиглээд байсан. Харин би огт бүжиглээгүй. Намайг ширээн дээр сууж байхад Б-н найз гэх 2 залуу ирсэн. Тэр хоёрын нэг нь хар цамцтай байсан шиг санагдаж байна. Нэг нь өндөр туранхай, нөгөө нь махлаг залуу байсан. Өндөр залуу нь намайг таниад байсан. Тэр хэлэхдээ “та багш байсан тэ?” гэж надаас асууж байсан. Гэхдээ би тэр залууг огт танихгүй. Мөн манай хойд талын ширээн дээр хэдэн залуучууд сууж байсан. Тэдний нэгийг Б таньж байсан. Б нь 00-оос гарч ирчихээд хойд талын ширээн дээр очиж нэг бүдүүн залууг нь тэвэрч авч үнсээд байсан. Б бид нар дээр ирчихээд таньдаг залуу байна гэж хэлж байсан. Би тухайн үед охиноо ганцааранг нь үлдээчихсэн байсан болохоор түрүүлээд гэр рүүгээ явсан. Би халамцуу байсан ч болсон явдлаа санаж байна. Харин надаас бусад нь маш их согтсон байсан. Б нь байранд амьдардаг. Гэхдээ би гэрт нь очиж үзээгүй. 3 өрөө байрны нэг өрөөнд нь охины хамт амьдардаг гэж байсан. Б нь 2010 оны үед нөхрөөсөө салсан. Нэг охинтой, охины хамт амьдардаг. Өчигдөр хэлэхдээ охиноо айлд үлдээчихсэн гэж хэлж байсан. Б нь сүүлийн үед архи уухаараа хүнтэй муудалцах гээд байдаг, агсам зантай болчихсон байсан. Өчигдөр бид нарыг сууж байхад охин нь залгахад охиноо “битгий намайг цагдаад бай” гэсэн утгатай юм яриад загнаад байсан. Намайг бааранд байх хугацаанд хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Харин намайг явснаас хойш хүн амьтантай маргалдсан эсэхийг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Б нь манай гэрт байхдаа У руу залгатал У “найзуудтайгаа явж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар Б плаза бааранд орохоор тохиролцсон. Бид хоёрыг 22 цаг болж байхад баарны гадаа ирэхэд У ирээгүй байхаар нь гадаа хүлээсэн. Ойролцоогоор 5 минутын дараа У, О нар нэг үл таних охины хамт ирсэн. Ингээд бид тав Б бааранд орж сууцгаасан. Тэнд ороод 0,75 литрийн С нэртэй архи 1 шилийг, ундаа, усны хамт захиалж уусан. Түүнийгээ уунгаа бүжиглэсэн. Архиа ууж дуусгаад дахиад 1 шил архи авч уусан. Бид нарыг сууж байхад Б-н таньдаг хүн гэх нэг залуу ирчихсэн хоорондоо юм ярьж байсан. Тэр залуу саравчтай малгайтай, дундаж нуруутай залуу байсан. Би царайг нь одоо санахгүй байна. Дараа нь бас нэг залуу ирчихсэн юм яриад сууж байсан. Тэр хүний царай зүсийг мэдэхгүй байна. Баарны гэрэл анивчаад байсан тул царайг нь хараагүй. Б тэр залуутай хамт бас бүжиглээд байх шиг байсан. Тэр залуучуудтай бид нар нэг ч үг солиогүй, Б л юм яриад байсан. Тэгээд байж байтал эхлээд О явсан. Тухайн үед хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээчихсэн гэж хэлж байсан. Бид дөрөв бүжиглэж байтал 01 цаг өнгөрч байхад баар хаах болоод гэрлээ асаасан. Тэгээд Б бид хоёр явъя гэтэл У, Б хоёр жаахан сууж байгаад явъя гэж хэлээд үлдсэн. Бид хоёрыг явахад бааранд нилээд их, бараг бүх ширээ хүнтэй байсан. Б дээр ирсэн залуучууд ч байсан байх. Б бид хоёр манай гэрт очиж хоносон. Би унтахаасаа өмнө У-н утас руу залгаж түүнд гэртээ ирсэн гэдгээ хэлэх гэтэл утсаа авахгүй байсан. Өглөө сэрээд утсаа хартал шөнө 02 цаг 33 минутанд У миний утас руу залгасан байсан. Миний хувьд халамцуу байсан ч болсон явдлыг сайн санаж байна. Б бид нартай инээгээд юм ярьж байсан. Ухаанаа алдтал согтсон шинж харагдаагүй. Би бүжиглэж байсан болохоор түүнийг хүнтэй маргалдаж муудалцсаныг нь мэдэхгүй байна, хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

- Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Өчигдөр 17 цагийн орчимд би ажлаасаа гарсан. 18 цагт галт тэргэнд хүн суулгаж өгсөн. Тэгээд манай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б-тэй ярихад З зоогт байна гэсэн тул тэнд очсон. Тэнд Б-с гадна манай ажлын 3 хүн байсан. Ингээд 5-уулаа хоол идээд 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тухайн үед би нэг их согтоогүй. Б бид хоёр манай ажлын хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгөөд Б-н гэрт ирсэн. Тэнд байхдаа би өөрийн найз У руу залгаад түүнийг хаана байгаа талаар нь асуухад “Би вокзал дээр найзуудтайгаа хоол идэж байна” гэж хэлсэн. Тэгээд Б бааранд оръё гэж яриад 30-40 минутын дараа баарны үүдэнд уулзахаар тохиролцсон. Б бид хоёрыг очоод байж байтал ойролцоогоор 5 минутын дараа У, орчуулагч О, мөн зүс таних Б нар ирсэн. Бид 5 бааранд орж тайзны зүүн талын ширээнд суугаад 0,75 литрийн С нэртэй архи 1 шилийг, ус, ундаа зэргийг авсан. Түүнийгээ уунгаа 4-үүлээ талбай дээр гарч бүжиглэсэн. Харин О нэг их бүжиглээгүй. Бид нарыг байхад хойд талын ширээн дээр хэсэг залуучууд ирж суусан. Түүний нэгийг нь хараад Б “манай ажлын миний доод талын албан тушаалтан ороод ирчихсэн байна” гэж хэлж байсан. Гэхдээ тэр хүнээ бид нарт зааж өгөөгүй. Бид нар тухайн үед талбай дээр гарч бүжиглэх, суух, 00 орох гэх мэтээр байж байтал ширээн дээр махлаг бор залуу ирсэн. Тэр залуу Б-г таньдаг юм шиг байсан. Тэр залуу манай ширээн дээр 2-3 удаа ирж очсон байх. Түүнийг аль талын ширээн дээр сууж байсныг нь би анзаараагүй. Мөн талбай дээр бүжиглэж байхад Б-г таньдаг ганц хоёр залуу түүнийг шүргэж байгаа харагдсан. Гэхдээ тэр залуучуудын царай зүсийг нь санахгүй байна. Тухайн үед баараны гэрэлд байсан болохоор царайг нь анзаараагүй. Нэг бүжиглэж байгаад ширээн дээрээ ирж суухад Б хажууд талын ширээнд сууж байсан жижиг биетэй залууг “хөөе” гээд дуудаад байх шиг байсан. Тэр залуу нь юм ярихгүй суугаад байсан. Би бодохдоо “энэ залуу Б-н дургүйг хүргэсэн юм байх” гэж бодсон. Тэгээд дахиад бүжиглэж байгаад намайг ширээн дээрээ иртэл Б хойд талын ширээ рүү очоод нөгөө дуудаад байсан жижиг биетэй залууг түлхэх шиг болсон. Би очоод салгах гэтэл хамгаалагч ирээд Б-г холдуулсан. Мөн бид бүжиглэж байгаад ширээ хоорондоо юм ярьж байтал нэг түс гэх чимээ гарсан. Юу вэ гээд хартал Б их ууртай сууж байсан. Түүнийг хундага аваад эсрэг талын ширээ рүү шидчихлээ гэж би ойлгосон. Ингээд удаагүй баарны гэрэл асаж, хааж байгаагаа мэдэгдсэн. Б бид хоёр явъя гэтэл У, Б хоёр жаахан сууж байгаад гаръя гээд байсан тул бид хоёр түрүүлж гараад Б-н гэрт нь очиж хоносон. Б нь Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух хаягтай. Мөн 2 өрөө байртай. Одоогоор энэ байрандаа амьдарч байгаа.  Намайг харахад жижиг биетэй залууд л дургүйцлээ илэрхийлээд байсан. Тэр залууд юунаас болж дургүйцэх болсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг харахад тэр залууг түлхэж байсан. Бас тэр ширээ рүү хундага шидэж байгаа харагдсан. Тэр залуу нь бид нарын хойд талын ширээн дээр 4 билүү 5-уулаа сууж байсан байх” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/,

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би харуулаас буугаад гэртээ ирэхэд манай эхнэр Г.У нь надад хэлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөө манай хаалгыг Б нь цохиод намайг асууж авраарай гээд тусламж дуудаад гэрт орж ирсэн тэгээд манай эхнэр эмнэлэг, цагдаа дуудсан талаар ярьж байсан. Манайх тухайн үед 2 сартай нярай хүүхэд байсан бөгөөд гэрийн хөнжил гудас, дэвсгэр зэрэг эд зүйл цус болгочихсон, хүүхэд маань айж цочоод эмнэлэг, лам зэргээр явж одоо л нэг гайгүй болж байгаа. С.Э бид нар нэг үеийн гэрээт алба хаагчид бөгөөд найз нөхдийн холбоотой байдаг манайхаар орж гараад явдаг байсан бид хааяа ганц нэг шил архи уух асуудал бол байдаг байсан түүнээс ямар нэгэн асуудал гаргаж бусад хүмүүстэй маргалдаж муудалцаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,

- Гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт орших “Б” баард найз Э-г авах гээд оройны 00 цагийн үед баарлуу орсон “Б” баарны караокены өрөөнөөс Х, Э, Ө, хохирогч Б нар гарч ирсэн тухайн үед хохирогч Б, Х хоёр хоорондоо хэрэлдэн муудалцаад гарч ирж байсан. Тэгээд би Э-г аваад одоо эндээс гаръя гэж Э-т хэлсэн чинь Э байж бай хоёулаа бааранд орж жаахан бүжиглэж байгаад яръя гээд бааранд орж суусан тэгтэл Э бүжгийн талбайд бүжиглэж байгаад иргээд ширээн дээрээ ирж сууж байтал хохирогч Б Э-г гараараа даллаж хөөе хүрээд ир гэж дуудахаар нь Э яахаараа би чамд дээр очих ёстой юм гээд Э Б-н өөдөөс салаавч өгсөн чинь Б пивоний бакал авч шидсэн боловч бид хоёрын ширээн дээр унаж ширээн дээр байсан аяга хагарсан тэгтэл баарны хамгаалагч ирж та нар одоо боль юу болоод байна гэж хэлээд салгасан. Тэгээд би Э-г баарнаас аваад гарсан. Тухайн үед би Э-г гэрт нь хүргэж өгөх санаатай такси бариад явах гэтэл такси зогсохгүй байсан болохоор найз Э-г зa зa гайгүй байгаа юм чинь чи ингээд гэрлүүгээ яв гэж хэлээд би шууд гэрлүүгээ явсан тэгээд гэртээ иртэл миний хойноос манай ангид хамт ажилладаг А орж ирээд Э ирсэн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би гэрлүүгээ явсан байхаа гэж хэлсэн тэгээд А бид хоёр манай хөргөгчинд байсан 2л 500 граммын том пивыг хувааж уугаад шөнийн 03 цаг хүртэл юм ярьж суусан тэгээд бид хоёр амарсан. А манай гэрийн буйдан дээр амарсан тэгээд өглөө болоод А ажил руугаа явсан. Тэгээд өглөөний 09 цаг өнгөрч байхад А манайд орж ирээд Ж манай 2 давхарт хэрэг гарсан юм шиг байна Э-тэй хамаатай гэнээ гэхээр нь би дээшээ хоёр давхар луу гартал цагдаа нар ирчихсэн бас Э хамт зогсож байсан. Би Э-тэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн өдөр би уугаагүй Э бид хоёр бааранд ороход текэн дээр ямар ч пиво байгаагүй бүгд дууссан байсан тэгээд бид хоёр нэг нэг Х-н цэвэр ус авч уугаад сууж байсан. Би хэрэг болдог шөнө “Б” бааранд л хамт байсан Э-г хэрэг хийхэд би хажууд нь байгаагүй манай эхнэр бас А гэрчлэнэ. Манай гэрийн цэвэр ус дууссан байсан болохоор М-с усны мөнгө зээлэхээр ортол М найздаа 1500 төгрөг зээлээч гэсэн чинь надаа байхгүй байна гэхээр нь за за гэчээд гарах гэтэл М-н хажууд Б-н гэрийн хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь би Б 1500 төгрөг байна уу гэтэл байхгүй байхгүй гэхээр нь би гараад явсан би тухайн үед Б-н гэрт ороогүй хаалгаар нь шагайж асуучихаад гарсан бусдаар би Б-с өөр мөнгө төгрөг асууж ороогүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 149 дугаар дүгнэлтэнд: “1. Л.Б-н биед хоолойд шархтай, улаан хоолой зүсэгдсэн, цагаан мөгөөрсөн хоолойн ар хана 1 см орчим цоорсон, цээжний хөндийд цус хурсан, зүүн уушиг авчийсан, хурсан цусыг гуурсаар соруулж авсан, шархыг цэгцлэх хагалгааны дараахь байдал, хүзүүнд цус хурсан оромтой зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Л.Б-н биед тогтоогдсон улаан хоолой болон цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хүзүүний цус хурсан ором нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсэх боломжтой.

3. Улаан хоолой болон цагаан мөгөөрсөн хоолойн зүсэгдэж цоорсон, цээжний хөндийд цус хурж, уушиг авчсан зэрэг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.

5. Л.Б нь насанд хүрсэн төрөлт явагдсан тул охин хальс бүтэн байх боломжгүй.

6. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэсэн хариу хавсрагдсан байна.

8. Тухайн үед авсан шинжилгээгээр үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй гэсэн байна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 76-78/,

- Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 02 сарын 13-ны өдрийн №5 дүнэлтэнд: 1. С.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно.

2. С.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. С.Э нь хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 91-92/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 700 дугаар дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн LV гэсэн үсэгтэй цагаан өнгийн орны даавуу, нил ягаан цэцэгтэй ягаан өнгийн хөнжлийн даавуу, цагаан саарал өнгийн бүтээлэг, саарал хар цагаан хөх улаан хөндлөн судалтай ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад зүйлс дээр цус илрээгүй.

 2. Дээрх хувцас, эд зүйлст шүлс, үс, эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

 3. Нус илрүүлэх техникийн боломжгүй.

 4. LV гэсэн үсэгтэй цагаан өнгийн орны даавуу, нил ягаан цэцэгтэй ягаан өнгийн хөнжлийн даавуу, цагаан саарал өнгийн бүтээлэг, саарал хар цагаан хөх улаан хөндлөн судалтай ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Дээрх илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б гэж хаягласан цустай тохирч байна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 97-99/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 7-11/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-16/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-23/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 24-31/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 184/, хохирлын баримтууд, хохирогчийн гэмт хэрэг гарсны дараа авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Э-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гэртээ ирээд унтаж байхад нь шүүгдэгч С.Э нь түүний хоолойг үдээсээр боож, дэрээр нүүрийг нь дарж хүзүүнд нь хутгалж алахыг завдсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч С.Э-н дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Э нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судалсан хохирогч Л.Б-н “...би нойр хүрээд хэсэг зуур унтсан байсан нэг сэрэхэд манай гэрийн хөргөгчний гэрэл ассан байхаар нь хэн бэ гэтэл миний амыг нэг хүн дарсан. Даавуун бээлийтэй байсан. Тухайн үед би айсандаа худлаа ухаан алдаад биеэ сул тавихад миний толгойн дээрээс дарж үзээд хөнжлөөр миний толгойг битүү боох хооронд тэр хүний гутлыг харсан бор арьсан гутал харагдаж байсан. Тэгээд амьсгаагаа түгжээд дотороо тоолоод гэрээс гарахыг хүлээсэн, гарахаар нь би босоод хажуу айл руу орох гээд гэрлийн унтраалгаа дарах гэтэл унтраалга байхгүй болсон байсан. Тэгээд би коридорт гартал миний хоолойноос цус гарч байгааг мэдсэн. Тэр үед би хажуу айлынхаа хаалгыг нүдэж байтал С.Э миний ард зогсож байсан тэгээд би эргээд харахад Э цагаан эрээн өнгийн пүүзтэй зогсож байсан. Тэр хүн алиаскан куртик өмссөн байсан намайг боож байхад нь би куртикнийх нь үснээс зулгаасан байсан юм. Тэгээд С.Э-г харахад алиаска өмсчихсөн байсан. Би тухайн үед С.Э-г юм байна гэж бодоод айгаад хурдан Б-х рүү орсон...” гэсэн, гэрч Г.У “... 2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 05 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байсан чинь манай хаалгыг хэн нэгэн хүн балбаад байхаар нь хаалгаа нээсэн чинь манай хажуу айлын хүн болох Л.Б нь цус нөжиндөө холилдчихсон, дээгүүрээ подволктой, доогуураа турсиктэйгээ үүдний шалан дээр хэвтэж байхаар нь “Та яачихсан юм бэ?” гээд асуугаад зогсож байсан чинь Э доор 1 дүгээр давхараас шатаар дээшээ гараад ирсэн, тэгээд Б нь С.Э-г харчихаад аймар айдастай “Чи чи мөн байна” гээд манай гэр лүү гүйгээд орчихсон... Л.Б нь манай гэрт байх хугацаанд би түргэн дуудчихаад хүлээх зуур Л.Б нь “хурдлаарай” гээд бахираад байхаар нь би түргэн ирж байна уу гээд амдаж авах санаатай гэрээсээ гараад шатаар доошоо буугаад 1 дүгээр давхарт очиход Э орцонд ганцаараа зогсож байсан, тэгээд намайг харчихаад “түргэнээ дуудсан юм уу?” гэхлээр нь “дуудсан ирж байгаа байх” гэсэн чинь “дахиад залгалдаа” гээд нилээд сандарсан байдалтай зогсож байсан...” гэсэн, гэрч  Э.Ө “...Х намайг “явъя явъя” гээд намайг дагуулаад гарах үед Б нь шал согтуу “Ө” гээд араас хашгираад байсан тухайн үед Б нь согтолт ихтэй байсан...” гэсэн, гэрч Э.Х “... Тухайн үед Л.Б нь нилээд их согтуу байдалтай явж байсан…” гэсэн гэрч Б.Т “...тухайн үед Б-н биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй нилээд согтуу их уусан шинжтэй харагдаж байсан...” гэсэн, гэрч Х.О “...Бид хоёр Б-г хүлээх зуураа нэг нэг ширхэг пиво авч уусан. Ойролцоогоор 20-30 минутын дараа Б ирсэн. Бид гурав юм ярьж сууж байгаад пиво уусан. Тэр хоёр гурав гурван пиво, харин би 2 пиво уусан. Тэгээд сууж байтал У-н найз Б, Ч нар У руу залгаж “Бааранд оръё” гэж дуудсан. Бид гурав Н ресторанаас гараад Б плаза баар руу алхсан. Тэнд очиход Б, Ч нар баарны гадаа бид гурвыг хүлээж байсан. Бид тав баар руу ороод чигээрээ яваад тайзны зүүн гар талын ширээнд суусан. Тэнд 0,75 литрийн С, ундаа, ус зэрэг зүйлүүдийг захиалж уусан. Бид тав түүнийгээ хувааж ууж дуусгаад дахин 1 шил архи захиалж уусан. 2 дахь архийг уугаад талдаа орж байхад нь би гэр рүүгээ явсан...” гэсэн, гэрч Э.Б “...Б бид хоёрыг очоод байж байтал ойролцоогоор 5 минутын дараа У, орчуулагч О, мөн зүс таних Б нар ирсэн. Бид 5 бааранд орж тайзны зүүн талын ширээнд суугаад 0,75 литрийн С нэртэй архи 1 шилийг, ус, ундаа зэргийг авсан...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 149 дугаар дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  шүүх хуралдаанд хохирогчоос нотлох баримтаар өгсөн хохирогчийн биед үүссэн гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч С.Э нь хохирогч Л.Б-н хоолойг боосон, дэрээр нүүрийг нь дарсан, хүзүүнд нь хутгалсан идэвхитэй үйлдлийг хийж хохирогчийн биед хүнд хохирол учруулсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу хохирогч ухаан алдсан болж амьсгалаа түгжсэн, гараад явахад нь босож хажуу айлын хаалгыг нүдэхэд хүн гарч ирсэн шалтгаанаар гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй тул түүнийг хүн алахыг завдсан гэж шүүх дүгнэв.

Иймд прокуророос шүүгдэгч С.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...С.Э нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Л.Б-г алъя гэсэн санаа зорилго агуулаагүй... хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангаагүй, алах санаа зорилго сэдэлт тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн уг гэмт хэргийн шинжийг агуулж байна ...” гэж мэтгэлзэж байх боловч хүний алах гэмт хэрэг нь санаатай байхыг шаардахгүйгээс гадна шүүгдэгч С.Э нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хүний амь нас хохирохоор аюултай арга, хэлбэрээр үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Э нь Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтээр “... сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан, ... хэрэг хариуцах чадвартай...“ гэх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учируулсан, хохирлоо төлж барагдуулаагүй, хор уршиг арилаагүй болон түүний хүний хувийн байдал болох урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жилийн хорих ялын гуравны хоёр болох 13 жил 4 сарын хорих ялаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах, тухайн гэмт хэргийн төгссөн үйлдэлд оногдуулж болох ялаас завдсан үйлдэлд оногдуулсан ял доогуур байх зарчмыг баримтлав.

Шүүгдэгч С.Э-н цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, 145 см урттай бор шаргал өнгийн гутлын үдээс 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, нил ягаан өнгийн цэцэгтэй ор хөнжлийн даавуу, Ү үсэг мэт дүрстэй дугуй хээтэй ор хөнжлийн даавуу, буйдангийн бүтээлэг, эрэгтэй хүний хөх өнгийн женсэн өмд 1 ширхэг, хөндлөн судалтай саарал, цагаан, хар хөх өнгө алагласан ноосон цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Л.Б болон түүний өмгөөлөгч “...Эмчилгээ сувилал, эм тариа 10,308,371 төгрөг, галт тэрэгний билет шатахуун 472,759 төгрөг, бусад хоол хүнс, такси, ном уншуулсан, зээлээр гар утас аваад удаагүй байсан утсыг маань аваад эвдчихсэн байсан 7,784,680 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 4,750,000 төгрөг нийт 23,315,810 төгрөгийг” нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас мэс засал хийсэн төлбөр, замын зардал, шатахуун, сэргээн заслын төлбөр, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр,  эм тариа, гар утасны зээлийн төлбөр болох 1 хх-ийн 112, 209, 210-211, 213-218, 224, 226, 2хх-ийн 27-308 33 хуудсанд байгаа /50,796 +30,000 +11,300+15,300+ 12,300+ 19,100+600,000+48,000+ 47,000+ 7,500+39,600+18,390+16,000+850+600+4,800+10,600+300,000+28,900+13,900+300,000+28,900+51,800+107,559+20,000+40,000+12,500+17,700+21,900+20,100+15,300+14,700+12,700+23,800+24,600+20,000+2,980,000+400,000+839,000/ нийт 6,225,495 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс, хоол хүнс, буудал, ном уншуулсан төлбөр, Тяньшиний бүтээгдэхүүний төлбөр гэх мэт 15,842,815 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15,842,815 төгрөгний өмгөөлөгчийн хөлс, хоол хүнс, буудал, ном уншуулсан төлбөр, Тяньшиний бүтээгдэхүүний төлбөрийг хэрэгсэхгүй болгохдоо хүн хоол хүнсийг өдөр тутам хэрэглэдэг, өөрийнхөө эрхийг хангаж өмгөөлөгч авсан, эмчийн заавараар нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээгүй тул бодит хохирол гэж үзээгүй болно. Мөн хохирогч тухайн үедээ гаднаас авсан 1,247,500 төгрөгний /2хх-ийн 30-32 хуудсан дахь/ эм тарианы баримтаа тухайн үедээ авч чадаагүй нөхөж бичүүлж авсан, уг эм тариаг эмчийн жорын дагуу авч хэрэглэж байсан, баримтаа орхисон байна, цаашид дахин эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн тул эм тарианы 1,247,500 төгрөгний төлбөр болон уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х боржигон овогт С.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч С.Э-г 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-н цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Э-н эд хөрөнгө битүүмжлээгүй,  түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, 145 см урттай бор шаргал өнгийн гутлын үдээс 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, нил ягаан өнгийн цэцэгтэй ор хөнжлийн даавуу, Ү үсэг мэт дүрстэй дугуй хээтэй ор хөнжлийн даавуу, буйдангийн бүтээлэг, эрэгтэй хүний хөх өнгийн женсэн өмд 1 ширхэг, хөндлөн судалтай саарал, цагаан, хар хөх өнгө алагласан ноосон цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Э-с 6,225,495 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт оршин суух, Ш овогт Л.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,842,815 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Б нь эм тариа авсан гэх 1,247,500 төгрөгний зардал болон уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь  тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.Ц

ШҮҮГЧИД                                              Э.Б  

                                                             Б.Н