Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2019/ДШМ/61

 

 

 

 

      

 

 

 

 

   2019           08           05                                           2019/ДШМ/61

С.Э-д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Т.Цэнд-Аюуш,

            Шүүгдэгч: С.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

           Хохирогчийн өмгөөлөгч: О.Цэвэлмаа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Э-д холбогдох, эрүүгийн 1820000000146 дугаартай, 2 хавтас, 361 хуудас бүхий хэргийг шүүгдэгч С.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................ аймгийн ................. суманд 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, .......... боловсролтой, мэргэжилгүй, .......................... ажилтай байсан, ам бүл ...., ......................... хамт .......... аймгийн ......... тоотод оршин суух, урьд .............. шүүхийн 20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ........... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ......... овогт ........... Э /РД:/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө ....... аймгийн ......... сумын 2 дугаар баг, ......... тоотод иргэн Л.Б-ийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боон улмаар нүүрэн тус газар нь дэрээр дарж хүзүүн тус газар нь хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ....... овогт С.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч С.Э-г 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-н цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шүүгдэгч С.Э-н эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй  болохыг дурьдаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, 145 см урттай бор шаргал өнгийн гутлын үдээс 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, нил ягаан өнгийн цэцэгтэй ор хөнжлийн даавуу, Ү үсэг мэт дугуй хээтэй өр хөнжлийн даавуу, буйдангийн бүтээлэг, эрэгтэй хүний хөх өнгийн жинсэн өмд, хөндлөн судалтай саарал, цагаан, хар хөх өнгө алагласан ноосон цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Э-с 6 225 495 төгрөгийг гаргуулан хохирогч ....... аймгийн ........ сумын ................ тоотод оршин суух, ... овогт Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 842 815 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Б нь эм тариа авсан гэх 1 247 500 төгрөгийн зардал болон уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

 

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тус шийтгэх тогтоолд С.Э-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар С.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг түүний үйлдэл хангахгүй буюу тухайн гэмт хэргийн сэдэлт зорилго нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Л.Б-т амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон. Энэ гэмтлийг учруулах үедээ С.Э нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан алах санаа зорилго агуулсан байсан уу, үгүй юу гэдгийг тогтоогоогүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Э ийм санаа зорилго агуулаагүй гэдгээ хангалттай мэдүүлдэг. Харин үндэслэлгүйгээр хүчингийн гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчилж яллагдагчаар татаж байсан тогтоолдоо прокурорын зүгээс өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох гэрч Л.У, Э.Ө, Э.Х, Б.Т, Х.О, Б.Б, Э.Б, Б.Б, Ц.Ж нарын мэдүүлэг нь С.Э хохирогч Л.Б-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан үйл баримтыг буюу алах санаа сэдэлт зорилгыг нотолж тогтоодоггүй. Мөн хохирогчийн хоолойг үдээсээр боосон гэж дүгнэсэн. Хоолойг боосон үдээсийг мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр С.Э зааж байгаагаар харуулсан. Гэтэл мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа нь нэг цаг хугацаанд явагдсан байдлаар харагддаг. Энэ ажиллагаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй учир шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй.  С.Э нь хохирогчтой хэрэг болохоос өмнө хэвийн харилцаатай, хамт ажилладаг, ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй буюу өөрөөр хэлбэл хохирогчийн амь насыг хохироох сэдэлт зорилго байхгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрт оноогдсон зүйл анги, хорих ялыг эсэргүүцэж, хохирогч Л.Б-н мэдүүлсэн: манай гэрийн хөргөгчний гэрэл ассан байхаар нь харсан чинь хүрэн гуталтай, масктай хүн байсан, хэн бэ гэтэл миний амыг нэг хүн даавуун бээлийтэй гараар араас минь ам тагласан, гэрийн хөргөгч байрнаасаа хөдлөөд нэлээн наашаа болсон байсан, ардуур нь хоёр, гурван хүн багтах зайтай байсан, тэр хүн алиаскан куртка өмссөн байсан, намайг боож байхад нь би куртканы үснээс нь зулгааж байсан, хэрэг болохоос 5 хоногийн өмнө манай хажууд байдаг Б, Ж хоёрыг гэртээ оруулж архидаад байвал ангид хэлнэ, С.Э нь урд нь манай хажуу өрөөний залуу Б гэдэг залуугийнд байнга орж ирж, ууж идээд орилж танхайрч байдаг байсан гэх мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Миний бие 2014-2015 онд Хилийн цэргийн 0252 дугаар тусгай ангид цэргийн жинхэнэ албыг хааж, улмаар үргэлжлүүлэн өөрийн хүсэл зоригоор гэрээт хилийн албанд шилжин Хилийн цэргийн 0168 дугаар ангид 2015-2017 онд гэрээт хилчний албыг хаасан. 2017 онд Хилийн цэргийн 0108 дугаар ангид харуулын даргын албанд шилжин ажиллаж 2018 онд эхнэр Б.Н жирэмсэн болж түрээсийн байранд амьдрах болсон. Амьдрах орчноо тав тухтай болгохын тулд Замын-Үүд сумын Төрийн банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан. 2018 оны 12 сар хүртэл сар бүр төлөлтөө тогтмол хийж байгаад энэ хэргээр цагдан хоригдож байна. Сүүлийн 6 сар ямар ч төлөлт хийгээгүй, эхнэр, ээж хоёр маань төлж чадахгүйд хүрээд байна. Миний бие залуу хүн, дөнгөж амьдралаа эхлүүлж хүүхэдтэй болоод удаагүй, ийм болчимгүй хэрэг хийсэндээ гүн гэмшиж байна. Миний хийсэн хэргийн талаар дахин хэлэлцэж эхнэр, хүүхэд, ээжтэй минь байх хугацааг ойртуулж, оноосон ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь эрүүгийн хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Тухайлбал хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Л.Бийн мөрдөн байцаалтын явцад удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.У-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 149 дүгээр дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогджээ гэж үзэж байна. Хохирогч Б-н хувьд хүзүүн тус газар хутгалуулж хүнд гэмтэл авсны улмаас Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж, эмчилгээ оношлогоо хийлгэсэн. Үүнээс хойш төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэг, сувилалд эмчилгээ оношлогоо хийлгэж, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтанд байнгын эмчилгээ хийлгэж байгаа боловч эрүүл мэндийн байдал сайжрахгүй уушгин дахь шингэн багасахгүй, эрүүний 2 талаар мэдээгүй байдалтай байгаа бөгөөд мөн уушгин дахь шингэн сайн шимэгдэхгүй байгаагаас наалданги үүссэн тул Улаанбаатар хотод эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Шүүгдэгч С.Э нь хохирогч Бийн хоолойг боосон, дэрээр нүүрийг нь дарсан, хүзүүнд нь хутгалсан идэвхитэй үйлдлийг хийж хохирогчийн биед хүнд хохирол учруулсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу хохирогч ухаан алдсан болж амьсгалаа түгжсэн, гараад явахад нь босож хажуу айлын хаалгыг нүдэхэд хүн гарч ирсэн шалтгаанаар гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй тул түүнийг хүн алахыг завдсан гэж шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогч биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Э-с 6 225 495 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон. Гэтэл С.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулаад өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрийг төлөхгүй, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа байдал харагдахгүй байна. Хохирогчийн хувьд маш их гомдолтой байгаа. Хутганы шарх арилсан боловч сэтгэлийн шарх, хор уршиг арилаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч С.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Цэнд-Аюуш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Э-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан байгаа. Шүүх хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дүгнэж үзээд хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж түүний гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. С.Э нь хохирогчийн хоолойг боосон, түүний нүүрэн тус газарт нь дэрээр дарсан, хүзүү хоолойг нь хутгалсан үйлдэл нь хохирогчийн амь насыг хохироох боломжтой үйлдэл. Хохирогч тухайн үед ухаан алдсан болж амьсгалаа түгжин хөдөлгөөн хийхгүй байсан нь С.Э хохирогчийг нас барсан гэж бодоход хүргэсэн болох нь хавтаст хэргээс харагддаг. Өмгөөлөгчийн хэлснээр хохирогчийн биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан байна гэж дүгнэснээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж зүйлчлэх боломжгүй. Прокурор зөв үндэслэлтэй зүйлчилж, шүүх үндэслэлтэй ял шийтгэл оногдуулжээ гэж үзэж байна. С.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нэг цаг хугацаанд болсон тул нотлох баримтаас хасуулах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаан дээр оролцсон хяналтын прокурор хоёр ажиллагаа үргэлжлэн явагдсан талаар тайлбарласан, энэ ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нотлох баримтаас хасах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/62 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч С.Э нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдгээрийн гомдолд бичсэн асуудлуудад хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хүн алахыг завдсан гэмт хэргийн гэм буруугийн хэр хэмжээнд нь тохироогүй байна.

 

2018 оны 12-р сарын 21-ний шөнө 04-05 цагийн орчимд ............ аймгийн .............. сумын .............. тоотод амьдардаг Л.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтууран биеэ хамгаалах чадваргүй болсон байх үед шүүгдэгч С.Э түүний гэрт нь түүний хоолойг боож, хоолой руу нь хутгалж алахыг завдсан үйл баримт болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Хэргийн бүх үйл ажиллагааг хянан хэлэлцвэл хэрэг болдог өдрийн орой хохирогч Л.Б, шүүгдэгч С.Э нар нь тус тусдаа найзуудын хамт ресторан болон бааранд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байсан болох нь хохирогчтой хамт байсан Х.О, Б.Б, Э.Б нарын, шүүгдэгчтэй хамт байсан Э.Ө, Э.Х, Б.Т, Ц.Ж нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог ба энэ үедээ бааранд тэд тааралдаж Л.Б нь С.Э-ийг гараараа даллаж дуудахад С.Э хариуд нь өөдөөс нь салаавч өгсөнд Л.Б эсэргүүцлээ илэрхийлж түүн рүү ширээн дээр байсан эд зүйлийг шидсэн үйлдэл болж хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн цаг хугацаанд хоорондын таарамжгүй харьцаа бий болсон болох нь гэрч Э.Б, Ц.Ж нарын мэдүүлгүүдээр тогтоогддог болно.

 

Шүүгдэгч С.Э нь хохирогч Л.Б-д мэдэгдэхгүйгээр тэр шөнө гэрт нь ирсэн, Л.Б гэртээ унтаж байхдаа сэрж гэрт нь гадны хүн байгааг мэдсэн учир “хэн бэ” гэж асуутал шүүгдэгч С.Э түүний хоолойг гутлын үдээсээр боож, улмаар нүүрийг нь юмаар бүтээж байгаад хоолой руу нь хутгалсан болох нь хохирогч Л.Б-ийн “…нэг сэрэхэд манай гэрийн хөргөгчний гэрэл ассан байхаар нь “хэн бэ” гэтэл гэнэт миний амыг хүн даавуун бээлийтэй гараар миний араас ам тагласан, тухайн үед би айсандаа худлаа ухаан алдаж унаад биеэ сул тавихад миний толгой дээрээс дарж үзээд байсан. …тэр хүнийг манай гэрээс гарахыг хүлээтэл би амьсгаагаа түгжээд хүлээсэн, тэгээд тэр хүн гэрээс гарахаар нь би босоод … коридорт гартал миний биений хоолойноос цус гарч байгааг мэдсэн, тэр үед хажуу айлынхаа хаалгыг нүдэж байтал С.Э миний ард зогсож байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-41/,

 

Шүүгдэгч С.Э-ийн гэрчээр өгсөн “...Бийн гэр лүү очоод хаалгыг нь татсан чинь онгорхой байсан, тэгэхээр нь ороод орон дээр нь хэвтээд байж байсан чинь гаднаас Б утсаар яриад ороод ирсэн, тэр үед би орон дээрээс нь буугаад орны цаагуур нь ороод нуугдсан, тэгсэн Б намайг мэдээгүй бөгөөд утсаар хэн нэгэнтэй муудалцаад байх шиг байсан, ...Б утсаар ярьж дуусаад орон дээрээ амарсан, Б нилээд архи уусан байсан болохоор 5 минут гаруй болсны дараа унтчих шиг болсон. Тэгэхээр нь би орных нь хажууд шалан дээр байсан оймс хийдэг цагаан гялгар уутан дотроос шар өнгийн гутлын үдээс аваад үдээсээ гартаа ороогоод босоод ирэхэд Б миний нуугдаж байсан зүгт толгойгоо харуулаад хажуугаараа хэвтэж байхаар нь би хоолойгоор нь боосон, Б тэмцэлдэж байгаад гар нь сулраад ямар нэгэн үйлдэл хийлгүй хэвтээд байсан,  ...би босоод гарах гээд үүд рүү явсан чинь Б араас орилсон / аааа ааа / гээд хоолой нь өвдчихсөн сөөсөн юм шиг хоолойгоор орилоод байхаар нь би тухайн үедээ намайг мэдчихсэн юм шиг байна гэж бодоод буцаж очоод хажууд байсан дэрийг аваад нүүр хэсгийг нь дараад 30-40 секунд болсон, тэгсэн Б ... надаас мултрах гээд байсан, тэгэхээр нь би орны хажууд байсан шүүгээн дээр байсан хутгыг аваад хоолой руу нь тулгасан чинь Б өөрөө өндийж боссон тэр үед хутга ... зоогдсон, тэгээд би сандраад 1 см орчим түлхээд оруулчихсан, тэгсэн Б ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй хойшоо орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтсэн, тэр үед нь би гараад гүйсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-25/,

 

Гэрч Г.У өгсөн “…манай хаалгыг хэн нэгэн хүн балбаад байхаар нь хаалгаа нээсэн чинь манай хажуу айлын хүн болох Б нь цус нөжиндөө холилдчихсон, дээгүүрээ подволктой, доогуураа турсинктэйгээ үүдний шалан дээр хэвтэж байхаар нь “та яачихсан юм бэ” гээд асуугаад зогсож байсан чинь Э 1-р давхраас шатаар дээшээ гараад ирсэн,  Б Эийг харчихаад аймаар айдастай “чи, чи мөн байна” гээд манай гэр рүү гүйгээд ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

 

Хохирогчийн биед улаан хоолой зүсэгдсэн, цагаан мөгөөрсөн хоолойн ар хана 1 см орчим цоорсон, цээжний хөндийд цус хурсан, зүүн уушиг авчийсан, хурсан цусыг гуурсаар соруулж авсан, шархыг цэгцлэх хагалгааны дараах байдал, хүзүүнд цус хурсан оромтой зэрэг гэмтлүүд учирсан ба улаан хоолой болон цагаан мөгөөрсөн хоолойг зүсэгдэж цоорсон, цээжний хөндийд цус хурж, уушиг авчийсан зэрэг гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 149 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76-78/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 7-8/, хэргийн газраас хураасан эд мөрийн баримтууд /1-р хх-ийн 27/ зэргээр шүүгдэгч С.Э нь хохирогч Л.Бийг биеэ хамгаалах чадваргүйгээр согтсон үед гэрт нь орж түүний хоолойг гутлын үдээсээр боож,  хоолой руу нь хутгалж түүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Прокурор 2018 оны 12-р сарын 24-нд шүүгдэгч С.Э-д хохирогч Л.Б-ийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, хохирогчийг мөн хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг хүчиндсэн гэх үйлдэл нь хохирогчийн биед хийсэн шинжилгээ, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдэд хийсэн шинжилгээ, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй тул прокурор 2019 оны 04-р сарын 23-ны 5/02 тоот  яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хасаж тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2.5, 32.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд тус тус нийцээгүй буюу прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Учир нь: Мөрдөн байцаалт явуулж дууссаны дараа прокурор яллагдагчийг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох байсан боловч энэ шийдвэрийг гаргаагүй нь буруу болохыг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

 

Гэвч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул шүүгдэгч С.Э-д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм.

 

Хавтаст хэргийг шүүгдэгч болон хохирогчид танилцуулсан, хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг С.Э ганцаараа үйлдсэн гэхэд эргэлзээтэй тул хуулийн зүйлчлэл дээр санал нийлэхгүй байгаа, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал дээр туршилт явуулах хүсэлтийг хангаагүй гэсэн саналыг бичсэн бол шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй байна.

 

Хохирогч Л.Б болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нар гэмт хэрэгт өөр бусад хүмүүс оролцсон байж болзошгүй тул шалгаж тогтоолгох, шүүгдэгч С.Э мөрдөгч намайг хуурч гэрчийн мэдүүлэг авсан гэж гэрчээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэж, хохирогчийг гутлын үдээсээр боосон үйлдлийг хийгээгүй гэж тус тус маргаж байх боловч шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж тогтооход түүний мэдүүлэг нь нотлогдсон нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-25/-ээр, шүүгдэгчийн мэдүүлснээр “...Б утсаар яриад ороод ирсэн, тэр үед би орон дээрээс нь буугаад орны цаагуур нь ороод нуугдсан, тэгсэн Б намайг мэдээгүй бөгөөд утсаар хэн нэгэнтэй муудалцаад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46/ нь хохирогч Л.Бийн “...өөрийн гэртээ ортол миний араас миний гар утас руу Хишигбаяр, Өнөрцэцэг нар залгаад хэрүүл хийж, заналхийлсэн, тухайн үед утсаар ярьж байгаад салгасан” гэж мэдүүлсэн нь шүүгдэгчийн “...хохирогч утсаар яриад хэн нэгэнтэй муудалцаад байсан...” гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг нотолж байх тул шүүгдэгч С.Э нь хэргийг ганцаараа үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, энэ мэдүүлэг нь үнэн зөв, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болсон байсныг далимдуулж хохирогчийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон  шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

 

Тодруулбал: Шүүгдэгч, хохирогч нарын хооронд бааранд байх хугацаанд таарамжгүй харилцаа үүссэн байсан, шүүгдэгч С.Э нь хохирогчийн гэрт зориуд очиж түүнийг хүлээж байгаад гэртээ ирж унтсаны дараа эхлээд хоолойг нь гутлын үдээсээр боосон, хохирогч гэрт нь гадны хүн байгааг мэдээд хашгирахад нь түүнийг өөрийгөө мэдчихлээ гэсэн санаа зорилгоор түүний нүүрийг дэрээр дарж байгаад хутга авч хоолой руу нь хутгалсан үйлдэл хийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчид учирсан улаан хоолой болон цагаан мөгөөрсөн хоолой зүсэгдэж цоорсон, цээжний хөндийд цус хурж, уушиг авчийсан зэрэг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл учирсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн байна.

 

Гэвч гэмт хэрэг хохирогч шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоохын тулд зориуд ухаан алдсан дүр эсгэж, өөрийн амьсгаагаа түгжиж биеэ сул тавьснаар шүүгдэгч түүн рүү хүч хэрэглэсэн үйлдлээ зогсоож гэрээс гарч явснаар хохирогчийн амь нас хохироогүй байх тул шүүгдэгчийг хүн алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүн алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т нийцсэн ба шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй болсон.   

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болсон байсныг далимдуулж хохирогчийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн байж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т зааснаар мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан арван хоёр жилээс хорин жилийн хорих ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 13 жилийн хорих ялын дотор ял оногдуулах байтал дээд хэмжээгээр нь буюу 13 жил хорих ял оногдуулсан нь мөн хуулийн зүйл, хэсэгт заасан төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс дээгүүр ял оногдуулсан эрүүгийн хариуцлага нь завдсан гэмт хэргийн хэр хэмжээнд тохироогүй ял оногдуулсан гэж үзэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 13 жилийн хорих ялыг багасгаж 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирно гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан эмчилгээний зардалд 6.225.495 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор, цаашид гарах эмчилгээний зардлаа жичдээ иргэний журмаар шийдвэрлүүлж болох эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Л.Б-с нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохирлыг шийдвэрлэхдээ тооцоог зардал тус бүрээр нэгтгэн тооцсон байдлаар биш тоо тус бүрийг нэг бүрчлэн жагсаан тоочин бичих байдлаар бичсэн нь шийтгэх тогтоол бусдад уншигдах байдлын хувьд зохимжтой бус байгааг анхаараагүй байна. Цаашид энэ байдлаа засахыг магадлалаар анхааруулж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээ болно.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас гаргасан шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж ял оногдуулахыг хүссэн гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгчээс гаргасан ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын  “ ...13 ...” гэснийг “8” гэж,

 

3 дугаар заалтын “...13...” гэснийг “8” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч С.Э-н давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Э нь 46 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС