Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01286

 

Н.Н-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00856 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1259 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Н-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.А-, Д.Д-нарт холбогдох,

Олох ёстой байсан орлого 11 200 000 төгрөг, эд хөрөнгийн үнэ 1 500 000 төгрөг, нийт 12 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-гийн засварын зардалд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н-, нарийн бичгийн даргаар С.Баяртуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2016 оны 01 дүгээр сард өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 14 м.кв талбайтай ажлын байрыг бусдад түрээслүүлэх зар өгсөн. Ц.А- нь танай ажлын байрыг сонирхож байна очиж үзэж болох уу гээд, өөрийн дүү нартай ирж үзээд таалагдаж байна, та зараа зогсоочих гэж зарыг зогсоолгосон. Олон сараар түрээслэх учир төлбөрийг жилээр хийвэл 1 500 000 төгрөг, 6 сараар хийвэл 1 600 000 төгрөг болгож өгөөч гэсний дагуу бид тохиролцож, Ц.А- болон түүний дүү Д.Д-нарт өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Ц.А- нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн засвар хийе гээд тоног төхөөрөмжийг аваад явсан. Надтай уулзаад засварын баригадтай ярьсан, зөвхөн обой таазыг солиход 6 000 000 төгрөг болох гэнэ, их үнэтэй юм, танд хүн байна уу гэхээр нь өөрийн танил Д.Моовуухүүг уулзуулсан. Ингээд засварын ажил эхэлсэн. Гэтэл удалгүй тэрээр түрээслэхээ болилоо гэсэн. Би учрыг асуухад засварчин хямдхан үнээр хийж байгаа болохоор ажил удаад байна гэсэн. Засварчингаас юу болсон талаар асуухад Ц.А- урагшаа яваад ханын цаасаа удаасан учир засварын ажил удчихлаа гэсэн. Үүнийг би Ц.А-д хэлэхэд, ерөөсөө түрээслэхээ болилоо гэсэн.

Таньдаг хүмүүс нэгнийгээ хохироож болохгүй гээд би өгсөн авснаа буцаая гэхэд тэр намайг 2 000 000 төгрөг өгчих, би тоног төхөөрөмжийг буцааж өгье гээд бид 1 500 000 төгрөг буцаан өгөхөөр тохирсон боловч Ц.А- буцааж эд юмыг өгөөгүй, дүү урагшаа явчихсан, ирэхээр нь болъё гэсэн. Би 1 500 000 төгрөгийг нь өгөх гээд унаа тэрэг аваад мессеж бичээд хаана очих вэ гэж асууж шалгаасан, ерөөсөө буцааж өгөхгүй байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зарим хэсгийг эвдэрсэн байдалтай хүлээж авсан. Хариуцагч эвдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Зарим хэсгийг засаад өгсөн, бас засаагүй зүйл ч байгаа. Үүнээс болоод би бүтэн 7 сарын хугацаанд өөрийн объектыг бусдад түрээслэж чадалгүй хохирсон. Иймээс Ц.А-гаас 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл олох ёстой орлого буюу нөхөртэй нь ярьж тохирсноор, 1 сарын 1 600 000 төгрөгөөр бодож 11 200 000 төгрөг нэхэмжилж байгаа. Би уг байрыг сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Ц.А-гийн эвдсэн текний асуудал байгаа. Бас хөргөгчийг зурсан байсан бөгөөд заримд нь нэхэмжлэл гаргаагүй. Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүх хурал дээр текийг засаж янзалж өгнө, үүнийг би албан ёсоор хэлж байна гэсэн ч өнөөдрийг хүртэл би хохирсоор л байгаа.

Иймд текний зардалд 1 500 000 төгрөгийг хариуцагч талаас нэхнэ. Нийт 12 700 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.А-, Н.Н- нар 2016 оны 01 дүгээр сарын дундуур түрээстэй холбоотой зүйлийг ярилцсан. Түрээсийн гэрээний загвар гэх хуурамч баримт гаргаж хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж бодож байна. Ийм зүйл ерөөсөө тохироогүй. Түрээсийн үнийг тохироогүй ч гэсэн засвар хийх талаар, түрээсийн талаар ерөнхийд нь ярьсан.

Засварын урьдчилгаа 3 000 000 төгрөгийг Н.Н-д шилжүүлсэн, хүлээж авсан байдаг. Н.Н- өөрөө Д.Моовуухүүгээр засвар хийлгэсэн.

Хавтаст хэрэгт байгаа цахим мессеж болон гэрчийн мэдүүлэгт Н.Н- өөрөө уурлаад гэрээнээс татгалзсан байдаг. Хэргийн 52, 59 дүгээр хуудаст байгаа мессеж дээр Ц.А- чи мөнгөө олсон уу, урьдчилгааны 2 000 000 төгрөгөө хэзээ өгөх вэ гэсэн байгаа. Бүх асуудал дуусаад дараагийн асуудал үүсэхэд 2 000 000 төгрөгийг өгье гэдэг байдлаар Н.Н- өөрөө зөвшөөрсөн.

Мөнгөө өгчихөөд тоног төхөөрөмжөө аваарай гэдэг агуулга яригдсан. Тийм учраас Хаан банкны дансыг Н.Н-д явуулсан ч мөнгийг өгөхгүй байх элдэв янзын арга зохиож мөнгөө шилжүүлээгүй. Ингээд мөнгө шилжүүлэхгүй байсаар 03 дугаар сарын 12-ны өдөр Н.Н- гадаад явж алга болсон. Гадаад паспортоос нь харахад 05 сард орж ирсэн юм шиг байгаа. 07 дугаар сард Ц.А- тоног төхөөрөмжөө ав гэж маш олон мессеж бичсэн байдаг. Гэрээний саналыг бол Н.Н- өөрөө түрээслэх асуудлаасаа татгалзсан. Хамгийн сүүлийн тохироо нь 2 000 000 төгрөгт тохирсон байдаг. Одоо яриад байгаа болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт 1 500 000 төгрөгийг Ц.А-д өгөхөөр тохирсон гэж ярьж байна. Нэгэнт өөрөө гадагшаа явсан, үлдэгдэл мөнгийг Н.Н- өөрөө өгөхөөр тохирсон байж, түрээсээр олох ёстой байсан орлого гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаан дээр тоног төхөөрөмжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэдэг бичгийг албан ёсоор хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа.

Харин текний хувьд угааж засаад өгч болно гэж ярьж байсан. Текийг хүлээж авахдаа Д.Д-гарын үсэг зурж хүлээж авсан боловч кафед нь үлдээсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д-шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 02 дугаар сарын 19-нд Н.Н-аас тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг хүлээж авсны дараа засварын ажил гээд өөр газарт авч явсан. Тек нь машинд багтахгүй байсан учир орхиод явсан. Засвараа эхлэх болоод түлхүүр авахад үлдсэн эд зүйлс байрандаа байсан. Засвар хийсэн хүмүүс тек дээр гарч засварыг хийсэн байсан. Засвар дууссаны дараа түлхүүрийг би хүлээж аваагүй. 2016 оны 08 дугаар сарын 16-нд авсан эд зүйлээ хүлээлгэж өгсөн бөгөөд 3 ширээний тавцан зурагдсан байсныг сольж, хөшиг эвдэрсэн байсныг засаж өгсөн. Эдгээрийг хүлээлгэн өгөхөд текний талаар яриагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н.Н- кафегаа түрээслэнэ гэхээр нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр кафег очиж үзээд нилээн засвар хийхээр байсан учраас засвар хийх талаар ярилцаж, өөрийн загвараа үзүүлэн 6 000 000 төгрөг орчим болох байх гэтэл үнэтэй байна таньдаг хүнээрээ засвар хийлгэвэл 3 000 000 төгрөг болох юм байна гэсэн. Ингээд н.Моовонхүү гэдэг хүнээр засуулахаар болж би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Моовонхүү нь засвар хийхэд кафед байгаа зарим зүйлс саад болоод байна гэхээр нь эд зүйлс хүлээлцсэн акт үйлдэж зарим зүйлсийг зөөсөн. Миний бие Хятад улсаас 700 000 төгрөгийн обой болон гэрлүүд авч тохижилтонд оруулсан.

Засварын ажил удаад байхаар нь Н.Н-тай утсаар ярьтал маргалдан, түрээслэхээ болилоо гэж надад хэлсэн. Ингээд миний мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгч, би зарим нэг эд зүйлсийг нь буцааж өгөхөөр болсон. 3 сарын сүүлээр Н.Н- руу залгахад роуминг үйлчилгээнд холбогдож гадаад улс руу явсан байсан. Эд зүйлсийг нь өгөх шаардлагатай байсан тул 7 хоног бүр түүн рүү залгаж байсан. 2016 оны 07 дугаар сарын 04-нд түүний утас нь холбогдож эд зүйлсээ авах хэрэгтэй байгаа талаар мессеж бичиж авахаар тохиролцсон боловч аваагүй.

Иймд засварын ажилд өгсөн 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Ц.А-гаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00856 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 187.3, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-, Д.Дашжаргалд нараас олох байсан орлого 11 200 000 төгрөг, текний үнэ 1 500 000 төгрөг, нийт 12 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Н-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Н-аас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгохоор сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 012 төгрөг, 110 086 төгрөг, Ц.А-гийн төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, Ц.А-гийн илүү төлсөн 7 250 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг тус тус гаргуулж Ц.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1259 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/008556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 186 дугаар зүйлийн 186.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-гаас 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Н.Н-аас 3 000 000 төгрөг гаргуулан Ц.А-д олгож сөрөг нэхэмжлэлийг хангасугай” гэж, 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, Ц.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг гаргуулж Н.Н-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Түрээсийн гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд нэхэмжлэгч Н.Н- нь түрээсийн гэрээ байгуулах хэлцэл хийх саналаасаа татгалзах саналыг өөрөө гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй болно. Энэ нь гэрч болох Э.Нарантуяагийн өгсөн мэдүүлгээр нотлогддог. Мөн хавтаст хэргийн материалд байгаа мессежнүүдээс харахад гэрээнээс нэгэнт татгалзсан асуудал дээр маргадаггүй бөгөөд Нямсайхан нь 2 сая төгрөгийг Аринзаяад өгөхөөр эцсийн байдлаар тохирсоноо хүлээн зөвшөөрдөг. Ийнхүү тохирохдоо мөнгөө өгчихөөд тоног төхөөрөмжөө аваарай гэсэн зүйл ярилцсан. Тийм ч учраас Ариунзаяа нь хаан банкны дансаа өгсөн хэдий ч хариуцагч нь мөнгөө төлөхөөс зугтаж элдэв янзын арга саам хэрэглэж мөнгөө шилжүүлэлгүй гадаад улс руу явсан.

Мөн Нямсайхан нь дансны дугаар авсан хэдий ч мөнгөө өгөхгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гадаад улс руу явсан. Гадаад паспортоос нь харахад 2016 оны 05 дугаар сард орж ирсэн мэт харагдагч, утас нь холбогдохгүй байсаар 2016 оны 07 дугаар сарын 04-нд Ариунзаяагын мессежийг хүлээн авсан болно. Дээрх Нямсайханы үйлдэл нь төлбөрийн асуудлаа шийдвэрлэхгүйгээр гадаад улс руу явчихаад ирсэн хугацааг буюу Монголд байхгүй хугацаанд нь түрээсийн төлбөрт олох байсан орлогыг тооцож шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд мөн шүүх хурал бүрт 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл болон шийдвэрт мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл болон шийдвэрт тус тус тусгагдсанаас үзэхэд Нямсайханыг түрээсийн гэрээний загвар гэх хуурамч баримт хэрэгт хавсаргах шаардлагагүйг хэлж байсан бөгөөд, түрээсийн үнийн талаар огг тохиролцоогүйг хэлсэн атал эсрэгээр нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй гэж хариуцагчийн нэрийн өмнөөс огт худлаа зүйлийг зохион бичиж магадлалд тусгасан мөн түрээсийн гэрээний загвар гэх урьд нь огт үзэж харж байгаагүй гэрээний загварыг хэрэгт хавсаргасныг нотлох баримтаар үнэлж илт хуулийг буруу хэрэглэсэн болно.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрлэхдээ нотлох баримтанд тулгуурлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ” гэж заасныг орхигдуулан хуулийг буруу хэрэглэж,  нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй нотлох баримтанд тулгуурлаагүй буруу дүгнэлт гаргасан болно. Мөн энэ нь ирээдүйд олох байсан орлого нь нотлогдоогүй байхад гэрээний загварт үндэслэж олох байсан орлогыг нотлосон мэтээр магадлалд тусгасан нь илт хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1259 тоот магадлалыг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн  магадлалд хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.           

 

Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Ц.А-, Д.Д-нарт холбогдуулан олох байсан орлого, эд хөрөнгөд учирсан хохирол зэрэгт 12 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.А- эс зөвшөөрснөөс гадна засварын зардалд шилжүүлсэн 3 000 000 төгрөг буцаан авахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч Н.Н-ы өмчлөлийн 14 мкв талбай бүхий, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 29 дүгээр байрны 2 тоотод байрлалтай ажлын байрыг түрээслэх талаар харилцан тохиролцсон боловч бичгээр гэрээ байгуулаагүй байна. Хариуцагч тал дээрх байрыг эд зүйлсийн хамт хүлээн авч, байрны засварт зориулан 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлжээ. Талууд дээрх байранд засвар хийлгэж эхэлсэн боловч түрээсийн гэрээ байгуулагдаагүй, хэн алин нь гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзсан байна.

 

Талууд түрээсийн төлбөр, хугацааны талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар өөр өөр тайлбар шүүхэд гаргасан байна. Түүнчлэн, гэрээ байгуулахаас татгалзсан санаачилгыг хариуцагч гаргасан гэж нэхэмжлэгч, нэхэмжлэгч гаргасан гэж хариуцагч тус тус маргасан боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

 

Давж заалдах шатны шүүх зохигчдыг түрээсийн гэрээ байгуулах үед маргасан гэж үзэж, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1., 187.2.-т заасан зохицуулалтыг шаардах эрхийн үндэслэлд тусгасан нь үндэслэлтэй болжээ. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй болно.

 

Талууд түрээсийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй, гэрээний харилцаа үргэлжлээгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг бус харин ийнхүү гэрээний харилцаа үүсээгүйгээс учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргасан байх ба гэрээ байгуулахаас татгалзсан явдалд нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алин нь хамааралтай гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т заасан зохицуулалтын агуулгаар нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлох боломжтой юм. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол хохирол шаардах эрхгүй байна.

Энэ утгаар нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогын 7 500 000 төгрөгийн тал хувийг буюу 3 750 000 төгрөгийг хариуцагч Ц.А- нэхэмжлэгч Н.Н-д төлж, үлдэх тал хувийн эрсдлийг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэж үзэхээр байна. Олох ёстой байсан орлогын хэмжээг сарын 1 500 000 төгрөг гэж, хугацааг 5 сар гэж тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

 

Харин эвдэрсэн текний үнэд 1 500 000 төгрөг нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүх баримтаар нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон байна.

 

Нэгэнт талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй учир хариуцагч Ц.А-гийн нэхэмжлэгчид засварын зардалд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг Н.Н-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан шаардлагад нийцжээ. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй бол уг зүйлийг  буцаан шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн уг зүйл, заалтыг анхан шатны шүүх шийдвэртээ баримталсан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа орхигдуулжээ. 

 

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ төлбөрийг хариуцагч Ц.А-, Д.Д-нараас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа төлбөрийг зөвхөн Ц.А-д хариуцуулсан байна.  Нэхэмжлэгч Н.Н- нь анх нэхэмжлэлээ Ц.А-д холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байран дахь эд хөрөнгийг хүлээн авч, буцаан өгсөн Д.Дашжаргалыг хамтран хариуцагчаар оролцуулахыг хүссэний дагуу шүүх Д.Дашжаргалыг хамтран хариуцагчаар оролцуулжээ. Эрх зүйн маргаан Н.Н-, Ц.А- нарын хооронд үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, төлбөрийг зөвхөн Ц.А-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхийн дээрх зөрчлийг Д.Дашжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хэлбэрээр залруулах боломжтой гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх байдлаар өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1259 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1. дэх хэсэгт” гэснийг “...227 дугаар зүйлийн 227.1., 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт” гэж, “7 500 000 төгрөгийг” гэснийг “3 750 000 төгрөгийг” гэж, “5 200 000 төгрөгт” гэснийг “8 950 000 төгрөгт” гэж өөрчлөн, “холбогдох хэсгийг” гэсний дараа “ болон хариуцагч Д.Дашжаргалд холбогдох нэхэмжлэлийг тус тус ” гэж нэмэн, “Ц.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангасугай” гэснийг “хариуцагч Ц.А-д олгосугай” гэж, “134 950 төгрөгийг” гэснийг “74 950 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 135 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН