Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 5265

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 29-2  тоотод  оршин суух, Улаанбаатар овогт Нармандахын Нямсайхан /РД:ХЛ84061012/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, Хасбаатар гудамж 5/А-93 тоотод оршин суух, Шарнууд овогтой Цэдэндамбын Ариунзаяа /РД:ИЭ70052001/-д холбогдох,

            Түрээсийн төлбөрт 6,753,860 төгрөг гаргуулах, кафены тоног төхөөрөмжүүдийг буцааж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Нямсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар, гэрч Э.Нарантуяа, Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Нямсайхан би 2016 оны 1 дүгээр сард өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу 29 дүгээр байрны 2 тоотын кафе болон кофе шопоор засаж тохижуулсан ажлын байрыг бусдад түрээслүүлэхээр зар өгсөн. Ц.Ариунзаяа нь манай ажлын байрыг үзье гээд 2016 оны 1 дүгээр сарын эхээр дүү нар, нөхөртэйгээ ирж үзээд таалагдаж байна, түрээслэе, зараа зогсоочих гэхээр нь би зараа зогсоосон.

Ц.Ариунзаяа нь олон сар түрээслэх тул төлбөрөө 2.000.000 төгрөгөөс бууруулна биз дээ гэсний дагуу жилээр 1,500,000 төгрөг, 6 сараар 1,600,000 төгрөг байхаар тохирсон ба тэрээр урт хугацаагаар түрээслэх тул сэтгэлдээ нийцсэн засвар хийнэ гэсэн.

Засвар хийх хугацаандаа 1,000,000 төгрөг өгье гэсэн. Түрээсийн гэрээ байгуулахаар тохирч би гэрээний төслөө өгсөн. Дараагаар нь Ц.Ариунзаяа засах зүйлгүй юм байна, зөвхөн тааз, ханын цаасыг янзална. 6,000,000 төгрөгөөр засна гэж байна та энд ирээч гэсэн.

Засварын бригадын ахлах нь янзлах зүйлгүй юм байна. Харин таазан дээрээс уналт гаргана гэсэн ба намайг үнэтэй байна гэхэд Ц.Ариунзаяа тийм гэсэн. Би өөрийн танил Моовонхүүтэй ярихад ажлын хөлс 1,700,000 төгрөгөөр хийнэ, материалаа аваад өгчих гэсэн ба Ц.Ариунзаяад хэлэхэд болно гэсэн.

Ц.Ариунзаяа миний данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн байхаар нь гайхаад асуутал 1,700,000 төгрөг нь засварын ажлын хөлс, бусдаар нь материалаа ав, баримтаа авч байгаарай гэсэн. Би энэ талаар н.Моовонхүүд хэлж 3,000,000 төгрөгийг өгсөн.

н.Моовонхүү Ц.Ариунзаяатай яриад ажлаа эхэлсэн ба Ц.Ариунзаяа байрнаас манай бүх тоног төхөөрөмжүүдийг аваад явсан байсан ба 2016 оны 3 дугаар сарын дундуур би түрээслэхээ болилоо гэсэн.

Би тэр үед нь бие биеэ хохироож болохгүй, 1-3 дугаар саруудад хугацаа алдан алдагдалд ороод байна. Би түүнд дүү Ц.Дашжаргалаараа тоног төхөөрөмжүүдийг маань явуулчих гэхэд дүү завгүй, өөрөө ирээд ав гэхээр нь авах гээд ярихад эрэгтэй дүү Эрээн явсан. Ирэхээр нь болно гэх хариуг өгсөн. Ц.Ариунзаяа би эрэгтэй дүүтэйгээ ярьсан, уурлаж байна гэсэн ойлгомжгүй зүйл  хэлээд утсаа тасалсан ба тэрээр миний итгэлийг алдан ойлгомжгүй байдал үүсгэснээс би багагүй хохироод байна.

Наад зах нь кафед засвар хийлгэх нэрийдлээр авч явсан кафены тоног төхөөрөмжүүдийг буцааж өгөөгүйгээс би бодит хохирол амсаад байна. Багшийн хувьд хохироохгүй байх гэж найдсаар өдий хүрсэн ч Ц.Ариунзаяа надтай эв зүйгээ олж намайг хохироохгүйг хичээхгүй байна.

 Иймд Ц.Ариунзаяагаас 2016 оны 02 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал учирсан хохирлыг түүнд гэрээний төсөлд заасны дагуу тооцон 6,400,000 төгрөг, дээрх хугацааны орон сууцны үйлчилгээний төлбөрт харъяалагдах байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн 323,860 төгрөг, мөн хугацааны газар ашиглалтын төлбөр 30,000 төгрөг, нийт 6,753,860 төгрөгийг гаргуулж, түүний авч явсан кафены тоног төхөөрөмжүүдийг буцааж өгөхийг даалгаж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Ц.Ариунзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2016 оны 1 дүгээр сард Ц.Ариунзаяа  нь хичээлд сууж байхдаа Н.Нямсайхантай танай кафег сонирхож байна. Түрээслэх боломж байвал засвар хийгээд 2016 оны 2 дугаар сарын дундуур түрээслэх боломжтой юм байна. Ямар байдлаар засварын ажил хийх вэ гэдэг асуудлыг ярьсан.

 2016 оны 1 дүгээр сарын дундуур Хятад ресторан дээр очиж үзээд засварыг иймэрхүү байдлаар хийе гээд Ц.Ариунзаяа нь Н.Нямсайханд тохирсон 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Засварын ажил удаашралтай явж байсан болохоор Ц.Ариунзаяа 2-3 удаа очиж үзэхэд н.Моовонхүү засвар хийж байгаа нэртэй цөхөрсөн байдалтай байсан. Ажлаа хийхгүй байгаа талаар тодруулахад мөнгө орж ирээгүй гэсэн.

Ц.Ариунзаяа нь н.Моовонхүүд засварын ажилтай нь холбогдуулан 100,000 төгрөгийг 1 удаа өгсөн. Мөнгө шилжүүлсэн атал засвар удаад байгаа талаарх яриа Ц.Ариунзаяа, Н.Нямсайхан нарын хооронд яригдсан.

Н.Нямсайхан нь Ц.Ариунзаяа руу уурлаж багш чинь байхад яагаад олон юм яриад уурлаад байдаг юм бэ гэсэн ба дуртай юм бол түрээслэ, үгүй бол түрээслээд байх шаардлагагүй гэсэн асуудал яригдсан.  Ц.Ариунзаяа нь түрээслээгүй байхад ийм асуудал үүсч байгаа юм чинь дараа нь бөөн асуудал үүсэх юм байна гэж хэлсэн ба түрээслэхээ болих асуудлыг ярьсан.

Н.Нямсайхан урьдчилгаанд өгсөн 3,000,000 төгрөгөөс чинь 2,000,000 төгрөгийг нь өгье гэсэн. Ц.Ариунзаяа нь миний данс руу мөнгөө хийгээд тоног төхөөрөмжөө аваарай гэсэн ба өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийг өгвөл  мөнгө өгөх асуудал яригдсан.

н.Моовонхүү нь нэхэмжлэгчийн танилцуулсан засварчин. Тоног төхөөрөмжийг хүлээлцэх акт дээр Ц.Ариунзаяа бус Ц.Дашжаргал гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа тейк байхгүй. Нэг сарын түрээсийг хэдэн төгрөгөөр тохирсон нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэгч хурал дээр нөхөртэй нь  ярихдаа 1,600,000 төгрөг, 1,700,000 төгрөгийг дахиад бөөнд нь авна гэсэн асуудал ярьсан. Түрээсийн төлбөрийг засвар хийсний дараа ярилцан гэж тохирсон атлаа түрээсийн гэрээний загварыг хавсаргаад өгсөн нь ойлгомжгүй байна. Өөрийнх нь ярьж байгаа болон бодит байдал зөрж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Нямсайханы  өмчлөлийн кафег Ц.Ариунзаяа түрээслэхээр болон үйл ажиллагаа явуулахаасаа өмнө өөрийн зардлаар засвар хийхээр болж зардалд 3,000,000 төгрөгийг Н.Нямсайханд шилжүүлсэн. Ц.Ариунзаяа энэ хугацаанд БНХАУ-руу явж 700,000 төгрөгөөр ханын цаас, таазны гэрлүүд авч хийсэн. Ханын цаас, гэрлүүд зэргийн зардал 700,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин Н.Нямсайханд засварын зардалд шилжүүлсэн 3,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ц.Ариунзаяа нь миний өмчлөлийн кафег түрээслэхээр болсон ба засвар хийхээр болсон. Миний данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн байхаар нь гайхаад асуутал 1,700,000 төгрөг нь засварын ажлын хөлс, бусдаар нь материалаа ав гэсэн.

 Би энэ талаар засвар хийх н.Моовонхүүд хэлж 3,000,000 төгрөгийг өгсөн. н.Моовонхүү Ц.Ариунзаяатай ярьж тохироод ажлаа эхэлсэн. Ц.Ариунзаяа ажлын байрнаас манай бүх тоног төхөөрөмжүүдийг аваад явсан байсан.

2016 оны 3 дугаар сарын дундуур Ц.Ариунзаяа над руу залгаад би түрээслэхээ болилоо, н.Моовонхүү хугацаа хоцроогоод байна гэсэн. Энэ талаар н.Моовонхүүгээс асуухад н.Моовонхүү нь Ц.Ариунзаяа Эрээнээс ханын цаасаа авчирсан байж, намайг хугацаа хожимдуулсан гэж загнаад байна гэсэн.

Би Ц.Ариунзаяад энэ талаар хэлэхэд тэрээр та хоёрын асуудалд би ямар хамаатай юм бэ гэсэн. Ц.Ариунзаяа нь түрээслэхээ болилоо гэхээр нь таньдаг улсууд байна, нэг нэгээ хохироож болохгүй, 1,2,3 дугаар сарын хугацаа алдаж байна, тоног төхөөрөмжөө авъя гэхэд надад 2,000,000 төгрөг өгөөд ав гэсэн.

Би 1,2,3 сарын хугацаа алдсан болохоор 1,500,000 төгрөгөөр тохиръё гээд тохирсон. Машин олоод тоног төхөөрөмжөө авах гэтэл Ц.Ариунзаяа дүү уурлаад байна, дүүг Эрээнээс ирэхээр болно гээд өгөөгүй.

Тоног төхөөрөмжөө танай дүүгээс авна, мөнгийг чинь Ц.Дашжаргалд өгье гэхэд Ц.Дашжаргал завгүй, чи өөрөө ирээд ав гэсэн. Надад ажил гараад 12 дугаар сард гадаад руу явсан байсан ба энэ үед Ц.Ариунзаяа нь над руу уучлаарай, уурандаа баахан юм ярьчихлаа, тоног төхөөрөмжөө ав гэсэн.

Би гадаадад байсан учраас ээж рүүгээ утасдаад Ц.Ариунзаяагаас тоног төхөөрөмж авчих гэсэн ба ээж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ц.Ариунзаяатай уулзаж тоног төхөөрөмжийг авах гэтэл өгөөгүй байсан.

Би 5 сарын эхээр Монголд ирээд Ц.Ариунзаяа руу залгатал утас нь холбогдохгүй байсан. 2016 оны 7 дугаар сарын 4-нд Ц.Ариунзаяа нь та тоног төхөөрөмж ав гэсэн мөртлөө өгөөгүй. Миний тоног төхөөрөмжийг Ц.Ариунзаяа авснаас болж би бусдад түрээслүүлж чадаагүй, надад хохирол учирсан.

Ц.Ариунзаяагийн дүү Ц.Дашжаргал чи миний эгчийн мөнгийг өгчихөөд аваарай гэсэн. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ариунзаяа манай складаас тоног төхөөрөмжөө  ав гэж мессеж бичсэн ба бас өгөөгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Нямсайхан нь хариуцагч Ц.Ариунзаяад холбогдуулан 6,753,860 төгрөг гаргуулах, кафены тоног төхөөрөмжүүдийг буцаан өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ц.Ариунзаяа нь 3,000,000 тухай гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр кафены тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан тул  кафены тоног төхөөрөмжүүдийг буцаан өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Нямсайхан нь”...Ц.Ариунзаяа нь кафены үйл ажилллагаа явуулахаар тохижуулсан үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохирч сонины зарыг зогсоолгосон ч 2016 оны 03 дугаар сард түрээслэхээ больсон. Энэ хугацаанд байранд засвар хийхээр тоног төхөөрөмжүүдийг авч явснаас байрыг бусдад түрээслүүлж чадаагүй тул  түрээсийн гэрээний төсөлд заасан 1 сарын 1,600,000 төгрөгөөр тооцон 2016 оны 02-05 сарын хоорондох 4 сарын хугацааны олох ёстой байсан орлого 6,400,000 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 323,860 төгрөг, газар ашиглалтын төлбөрт 30,000 төгрөг, нийт 6,753,860 төгрөгийг нэхэмжилнэ” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлалаа.

Хариуцагч нь “түрээсийн гэрээ байгуулагдаагүй, уг байранд засвар хийсний дараа түрээслүүлэхээр ярьсан. Засварын зардалд 3,000,000 төгрөг шилжүүлсэн ч удаашралтай байгааг Н.Нямсайханд хэлэхэд түрээслэхээ болилоо гэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Нямсайхан нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 29 дүгээр байрны 2 тоотын кафены зориулалтаар тохижуулсан ажлын байрыг бусдад түрээслүүлэхээр “Шуурхай зар” сонинд зар өгсөний дагуу хариуцагч Ц.Ариунзаяа нь 2016 оны 01 дүгээр  сард уг байрыг түрээслэхээр, түрээслэхээс өмнө өөрийн зардлаар буюу 3,000,000 төгрөгөөр засвар хийхээр тохирсон нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох учиртай.

Зохигчдын тайлбараас үзэхэд Ц.Ариунзаяа нь Н.Нямсайханы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслэн үйл ажиллагаа явуулахаар ярилцсан байх ба түүний нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, Ц.Ариунзаяад хүргүүлсэн гэх гэрээний төсөл гэгч баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасанчлан хэлцэл байгуулагдсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд энэ нь хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй, эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно.

Н.Нямсайхан нь Ц.Ариунзаяагаас засварын зардалд 3,000,000 төгрөгийг авч өөрийн танилаараа засварын ажлыг гүйцэтгүүлэхээр болон засварын ажлыг эхлүүлсэн ч Ц.Ариунзаяагийн засварыг түргэвчлүүлэх шаардлагыг үл зөвшөөрч өөрийн байрыг түрээслэх тохиролцооноосоо татгалзсан болох нь гэрч Э.Нарантуяагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Ц.Ариунзаяаг Н.Нямсайханы хөрөнгийг тодорхой хэмжээнд өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлган ашигласан, бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах боломжийг алдагдуулснаар уг хөрөнгийн ашиглалтаас олох орлогыг хаасан гэж үзэх боломжгүйгээс гадна талууд засвар хэдий хугацаагаар үргэлжлэх, энэ хугацааны төлбөр тооцоог хэрхэх гэх зэргээр тодорхой тохиролцсон талаарх баримтгүй байна.

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул  нэхэмжлэгч Н.Нямсайханы түрээсийн гэрээний үүрэгт 6,753,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Нямсайханыг өөрийн хөрөнгийг бусдад түрээслэх нэрийдлээр хариуцагч Ц.Ариунзаяагаас засварын зардал хэмээн 3.000.000 төгрөгийг авч бусдын хөрөнгөөр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул уг 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Нямсайханаас гаргуулан хариуцагч Ц.Ариунзаяад олгох үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Ариунзаяа нь нэхэмжлэгч Н.Нямсайханы өмчлөлийн, өөрийн түрээслэхээр бэлдэж байсан байранд гэрэл, ханын цаас зэргийг 700.000 төгрөгөөр худалдан авч тохижуулсан ба тэрээр уг зардлаа нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ариунзаяагаас  түрээсийн төлбөрт 6,753,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нямсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Нямсайханаас 3,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.Ариунзаяад олгосугай.

2. Нэхэмжлэгч Н.Нямсайхан нь  кафены тоног төхөөрөмжүүдийг буцаан өгөхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,012 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Нямсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.Ариунзаяад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА