Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

                      М.Б-д холбогдох эрүүгийн

                     хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 444 дүгээр магадлалтай, М.Б-д холбогдох хэргийг прокурор Э.Баасанбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 26а байрны 30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй М.Б /РД:**/.

 

М.Б- нь хохирогч П.А-ийн “Самсунг А-51” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б-ас 100,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Баттогтоход олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Баасанбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас бүрэн чөлөөлөлгүй, ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч өршөөлд хамрагдах эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр, шүүгдэгчид торгох ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “хохирогч Д.А-ийн “Самсунг-А51” гар утсыг иргэн Ц.Гантулгаас хураан авч, хохирогч П.А-д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч М.Б нь хохирогчид төлөх төлбөргүй байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч М.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүхээс “...хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй болох нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангахгүй” гэж дүгнэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бүрэн тодорхойлж, шийдвэр нь хууль ёсны болж чадаагүйгээс Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэх үндэслэл болсон байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлтийг оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

прокурор Б.Ууганбаатар хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан байна. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 444 дүгээр магадлалд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

 

                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор Э.Баасанбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.Б- нь хохирогч П.А-ийн “Самсунг А-51” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргээ биелүүлж М.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд М.Баттулгын гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харин М.Б-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх цаг хугацаанд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан шаардлага хангагдаагүй тул шүүгдэгчийг уг хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

 

Хохирогч П.А нь гар утсаа цагдаагийн байгууллагаас хүлээн авч, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан нь хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар М.Б-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч М.Б-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 444 дүгээр магадлалд:

2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч М.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.  

 

 

         ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

         ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН