Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0088

 

Ц.И, Д.Б, Б.И,

Ж.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.И, Д.Б, Б.И, Ж.Г нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э “...Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.2-т заасны дагуу албан тушаалын цалинг зургаан сар хүртэл 20 хувиар бууруулах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 7 дугаар сарын  09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Ерөнхий сайдын Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Засаг даргад “Захиргааны ерөнхий хуулийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахыг даалгах” гэснийг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан арга хэмжээ авахыг буюу тохирох шийтгэл ногдуулахыг хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдад даалгаж”

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И нар болон нэхэмжлэгч Ж.Гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 нийт 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.И нарт 70200, нэхэмжлэгч Ж.Г-т 70200 төгрөг тус тус олгуулж, нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И тус бүрээс 46800 төгрөг, нийт 140400 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 133 дугаар захирамж нь Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д чиглэсэн захиргааны акт бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх уг байдлыг харгалзан үзэж, дүгнээгүй Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нь эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан боловч нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн томилсон, нөхөн олговрыг олгосон байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч нарын гомдлын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамжаар арга хэмжээ авч, нэхэмжлэгч нарын гомдлыг шийдвэрлэсэн байдаг. Ерөнхий сайд нэхэмжлэгч Ж.Г-ийн хуульд заасан эрхээ хамгаалуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ХЭГ/2677 тоот хариу албан бичгээр “Ж.Г-ийн гомдлыг барагдуулахыг чиглэл болгож байна" гэх хариу буюу ажилд нь эгүүлэн томилохыг эрх бүхий этгээдэд чиглэл болгож шийдвэрлэсэн байдлыг харгалзан үзэлгүйгээр Ж.Г-ийн гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан Ерөнхий сайдын эс үйлдэхүй хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 42.1-д зааснаар эрх зүйн зөрчилтэй албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг даргад ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь хариуцагч Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал байна гэдгийг шүүх дурдсан. Гэтэл Ерөнхий сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд Засаг дарга Г.Б-д сонгох боломжит хариуцлагын төрлүүдээс 2018 оны 133 дугаар захирамжаар “хаалттай сануулах” арга хэмжээг авсан байхад шүүх дахин шийтгэл ногдуулахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48.5 дах хэсэгт “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж гаргасан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна. Төрийн албан хаагчид “шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа” болон “нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулахгүй байх” хариуцлага ногдуулахдаа зайлшгүй харгалзан үзэх хууль зүйн зарчим үйлчилнэ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нэхэмжлэгч нарын төрийн албан хаагч нарыг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоож, дахин нотлох шаардлагагүй болсон. Гэтэл 2017 онд эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасныг нэгэнт тогтоосон байхад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105.4-т заасан шийтгэл ногдуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдад даалгаж шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48.4-т заасныг зөрчиж байна. Иимд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0717 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...шүүхээс чухам ямар үндэслэлээр Монгол улсын Ерөнхий сайд нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр 133 дугаартай шийтгэл ногдуулах захирамж гаргахдаа хуульд заасан нөхцөлийг харгалзан үзэлгүй, тохироогүй шийтгэл ногдуулсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй, түүнчлэн Баянхонгор аймгийн засаг дарга Г.Б-д нэхэмжлэгч Ж.Г-ийг ажлаас чөлөөлсөн үйлдэлд нь нэгэнт ‘'шийтгэл” ногдуулсан байхад эс үйлдэл гэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Шүүхээс захиргааны байгууллагын ногдуулсан хариуцлагын арга хэмжээг тохирсон эсэхийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуульд 106 дугаар зүйлд заасан нөхцөлүүд тус бүрт дүгнэлт хийх ёстой байсан боловч эдгээрийг бүрэн, бодитойгоор харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

... Ж.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин Монгол Улсын Ерөнхий сайдад өмнө нь гаргаж байсантай ижил агуулга бүхий гомдлыг гаргасан бөгөөд тухайд үед гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Засаг даргад нэгэнт “хаалттай сануулах” шийтгэл ногдуулсан, гомдлыг шийдвэрлэсэн байсан тул энэ талаарх хариуг мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл, нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И, Ж.Г нарт холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдож, эрх зүйн зөрчилтэйд тооцогдсон, уг үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар албан тушаалтны гаргасан акт эрх зүйн зөрчилтэйд тооцогдож үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулах ёстой байхад Монгол Улсын Ерөнхий сайдаас гуравдагч этгээдийн үйлдсэн дээрх зөрчилд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасан “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” шийтгэл оногдуулсан нь тохироогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.   

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нь нэхэмжлэгч нарыг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлэлгүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлсэн, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдсан, хууль бус шийдвэрүүдийн улмаас төсөвт нэхэмжлэгч нарт олгосон цалин олговрын 55 246 887 төгрөгийн хохирол учирсан зэрэг үр дагавар бий болсон, Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.1-106.1.4-д заасан урьдач нөхцөлүүд бүрэн хангагдсан байх тул гуравдагч этгээдийн үйлдсэн зөрчлийн үр дагавартай харьцуулан үзэхэд “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” шийтгэл хөнгөдсөн, цаашид түүнийг дахин хууль зөрчихгүй байхад нөлөөлж чадахааргүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжаар “эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон” гэж тайлбарласнаас өөрөөр ямар үндэслэлээр “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” шийтгэлийг зөрчилд тохирсон гэж үзсэн болох нь ойлгомжгүй болжээ.

Тодруулбал, хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар тухайн гэм буруутай албан тушаалтанд ямар шийтгэл ногдуулах нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал боловч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагаврыг хэрхэн тооцсон, гуравдагч этгээд үйлдэлдээ санаатай хандсан, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрхэн биелүүлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас үндэслэлээ холбогдох баримтын хамт тодорхой тайлбарлаж чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймээс гуравдагч этгээдийн үйлдсэн зөрчлийн үр дагавар, хууль хэрэгжүүлж ажиллаж буй байдалд нь дахин дүгнэлт хийж, зөрчилд тохирсон хариуцлага тооцохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байх төдийгүй нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн томилсноос хойш албан тушаалд нь түр томилох, ажлаас нь дахин чөлөөлөх, сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулж буй нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай.

Захиргааны сонгох боломжийн хүрээнд гарсан шийдвэр хууль ёсны эсэх, мөн сонгох боломжийн хүрээнд гаргах захиргааны шийдвэрийг шүүхээс шууд даалгах эсэхийг шийдвэрлэх шүүхийн хяналтын хүрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан.

Энэ хэргийн тухайд, дээр дурдсанчлан хариуцагч нь эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан этгээдийн үйлдсэн зөрчлийн үр дагаврыг үндэслэлтэй дүгнээгүй, тохирох шийтгэлийг оногдуулаагүй буюу хуулиар олгосон сонгох боломжийг буруу хэрэглэсэн алдаатай шийдвэр гаргасан байх тул хариуцагчийн “....зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулсан, ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь Ерөнхий сайдын эрх хэмжээний  асуудал” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй, захиргааны эрх хэмжээнд халдсан гэж үзэхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх зохицуулалтад заасан хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын харилцаа нь тухайн шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нь гомдол гаргаснаар эхлэх бөгөөд мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-т “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж зааснаар энэ төрлийн нэхэмжлэлд “нэхэмжлэл хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой байх” шаардлага тавих боломжгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын “...Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Бд арга хэмжээ авхуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий сайдад гаргасан гомдолд гарын үсэг зурсан хүмүүсийн нэрсийн дунд “Ж.Г”  гэж бичигдсэн байх хэдий ч нэхэмжлэгч өөрөө үүнийг үгүйсгэн тайлбарласан, тэрчлэн дээрх гомдолд гарын үсэг зурсан Ж.Г нь энэ хэргийн нэхэмжлэгч мөн эсэх нь тодорхойгүй төдийгүй Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн, уг захирамжийг хууль бус болохыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эцэслэн тогтоосноос хойш нэхэмжлэгч Ж.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Засаг дарга Г.Б-д арга хэмжээ авхуулахаар хандсан байх тул “...шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргасан” гэж үзэхгүй, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ХЭГ/2677 тоот хариу албан бичгээр “Ж.Гийн гомдлыг барагдуулахыг чиглэл болгож байна" гэх хариу нь түүний дээрх гомдлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нараас 46800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, зүй нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгох ёстой юм. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт утга найруулгын алдаатай байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 07 дугаар сарын  09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй Монгол Улсын Ерөнхий сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан тохирох шийтгэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д оногдуулахыг хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх “Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарт 70 200 төгрөг, нэхэмжлэгч Ж.Г-т 70 200 төгрөгийг олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

                ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН