| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 106/2015/1359/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2017-05-04 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 091.2.10, 091.2.15, 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 305
Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Соёлмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтох,
Ялтан Д.Александр, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,
Ялтан Г.Оюунболдын өмгөөлөгч Л.Амартогос,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Александрын гаргасан давж заалдах гомдлоор Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт холбогдох эрүүгийн 201526030102 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овогт Доржийн Александр, 1964 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, вагон найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 17-598 тоотод оршин суух бүртгэлтэй,
Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 125 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168б, 171 дүгээр зүйлд зааснаар нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 186 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 67 тоот захирамжаар өвчний учир хугацааны өмнө хорих ялаас чөлөөлөгдөж байсан, /РД: ЧЗ64081432/,
Буурлынхан овогт Ганболдын Оюунболд, 1979 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжны 670 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ШЕ79031010/,
Хярын тайжууд овогт Чойжилсүрэнгийн Баттүшиг, 1979 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр багийн Шандын 67-12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, нийтийн байранд түр оршин суух,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 197 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ШЕ79051813/,
Жаран овогт Намхайн Бүрэн, 1968 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8-122 тоотод оршин суух бүртгэлтэй,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 272 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 209 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЧО68112212/.
Д.Александр нь урьд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлж, өвчний учир ялаас чөлөөлөгдсөн, ялгүйд тооцох хугацаа арилаагүй байхдаа буюу давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд согтуугаар иргэн Н.Энхтөрийг “эхнэртэйгээ хардсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, өөрийн суга таягаар түүний тархи, толгой руу цохиж зодон, баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан,
Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн “тахир дутуу хүнийг дээрэлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Н.Энхтөрийн толгой, цээж рүү өшиглөж биед нь нүүрний зулгаралтууд, цус хуралтууд бүхий хөнгөн, 5-6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Д.Александрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Александрыг танхайн сэдэлтээр, давтан үйлдлээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэм буруутайд, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Александрыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Д.Александрыг 18 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Д.Александрт оногдуулсан 18 жил хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт тус бүр оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Монгол Улсын Их хурлаас 2015 онд батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийг хасаж, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Александрын цагдан хоригдсон 711 хоногийг, Г.Оюунболдын цагдан хоригдсон 205 хоногийг, Ч.Баттүшигийн цагдан хоригдсон 169 хоногийг, Н.Бүрэнгийн цагдан хоригдсон 85 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх саарал өнгөтэй, зүүн энгэр дээрээ “Sox” гэсэн бор шаргал өнгийн бичигтэй, үслэг ногоон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн ярлик дээрээ 37 размер гэсэн бичигтэй ногоон өнгийн хилэн өмд 1 ширхэг, хар өнгийн суран тэлээ 1 ширхэг, цагаан шаргал өнгийн нимгэн дотуур ноосон өмд 1 ширхэг, 38 размерын “Босс” брэндийн хагас түрийтэй үстэй дотортой гутал 1 хос, шаргал өнгийн хөндлөн бор судалтай оймс 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч П.Буянтогтоход олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Александраас 3.518.300 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтоход олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар буюу 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Д.Александрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Ялтан Д.Александр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Александр миний бие Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15 гэх зүйл ангиар 18 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Үүнд, миний эрх зүйн байдлын дордуулж болсон хэргийн талаар бодит байдлыг хуулийн дагуу авч үзэлгүй хэт нэг талыг барьж, гэмт хэрэг үйлдсэн 3 хүнийг өөрсдийгөө өмгөөлөн урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн үндэслэлээр намайг буруутгаж, хэргийн байдалд маш хөнгөн хийсвэр дүгнэлт гаргаж байгаад туйлын гомдолтой байна. Хэрэг гарах үед болсон байдлыг хөндлөнгийн гэрч нар хуулийн дагуу үнэн зөвөөр мэдүүлэг өгч гэрчилсээр байтал гэрчийн мэдүүлгийг огт авч хэлэлцэхгүй байна. Насанд хүрээгүй гэрч Цэцэгдарийн “…тэр хүмүүс гэдэс бөөрлүү нь өшиглөж байсан, таягтай хүний хажууд байсан 2 хүний нэг нь таягаар цохисон, хэн нь цохисныг би мэдэхгүй байна. Таягтай хүн зогсож байхад нөгөө 2 хүн зодож байсан…” гэх мэдүүлэг /хх-126-127/ өгсөн байдаг. Мөн тэрээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “…таягтай ах ямар ч байсан хөлөөрөө өшиглөөд авсан, таягаараа ямар ч байсан нэгээс хоёр удаа цохиод авсан…” гэж мэдүүлдэг ба тэр мөчид би хашаа түшээд өндийж боссон. Бүрэн надад суга таяг авчирч өгсөн, Баттүшиг нь суга таягийг хойноос булаан авсан. Цэцэгдарь нь энэ байдлыг харж цохисныг нь тодорхой хэлж өгөөд байна.
Гэрч Дарамбазарын мэдүүлэгт /хх-1-2-3хх/ “…суга таягтай хүний хажууд байсан хүн тэр хүнийг таягаар цохиж байна гэж харсан, цээжин бие рүү нь цохиод байна уу гэж харсан гэрч Батчулуун нь “цэнхэр өмдтэй хүн хөлөөрөө толгой руу нь 2-3 удаа хүчтэй цохисон, “чад, чад” гэсэн дуу сонсогдсон, нэлээд хүчтэй цохисон…” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “…талийгаач Н.Энхтөрийн биед учирсан баруун тархины баруун зулайн хатуу хальс доорх болон аалзан бүрхүүл доорх цус харвалтын улмаас тархи хавагнаж нас барсан гэмтэл нь таягаар цохих, гараар цохих, хөлөөр өшиглөх бүгд тархийг доргиосон байгаа учир аль аль нь нөлөөлсөн…” гэж хэлсэн. Эдгээр байдлыг тал талаас нь авч үзэлгүй зөвхөн намайг талигаачийн үхэлд буруутгаж олон жилийн ял халдаж байгаад гомдолтой байна.
Н.Бүрэн мэдүүлэхдээ /хх-26-29-4хх/ “…Г.Оюунболд талийгаачийн толгой талд нь зогсож байгаад толгой цээж орчим руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн…”, Г.Оюунболд мэдүүлэхдээ /хх-32-34-4хх/ “…талийгаач Д.Александр 2 давхралдаад уначихсан байхад Ч.Баттүшиг нь талийгаач Н.Энхтөрийн толгой цээж орчим руу 4-5 удаа өшиглөсөн…” гэж тус тус мэдүүлдэг.
Шүүгдэгч Ч.Баттүшиг, Г.Оюунболд, Н.Бүрэн нар нь хэрэг шалгах явцад батлан даалтанд гарч үгсэн тохиролцож, урьд өгсөн мэдүүлгээсээ буцаж байна. 2 дугаар хавтасны 96 дугаар хуудсанд “…2015 оны 7 дугаар сарын 6-нд Ч.Баттүшигийг зодсоныг хараагүй, мэдэхгүй, би худлаа мэдүүлэг өгсөн гээд хэлчих гээд урьд өгсөн мэдүүлгийг өөрчлөхийг гуйж байна. Н.Бүрэн нь 2015 оны 4 дүгээр сарын 10-нд “Д.Александр чи өөрийгөө зодуулсаныг мэдэж байна уу, би гарцаагүй байдалд ороод чиний эмзэг газарлуу чинь нэг удаа дэвссэн, эмзэг газар чинь зүгээр үү” гэж Цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалтын 7 дугаар өрөөний үүдэнд тэгэж хэлсэн. Н.Бүрэн намайг уг нь зодуулсныг гэрчилж хэлдэг юм. Ч.Баттүшиг, Н.Бүрэн, Г.Оюунболд нар нь үгээ нийлүүлж миний эсрэг мэдүүлэг өгч таягаараа олон удаа цохисон гэж худал мэдүүлэг өгч байна. Тухайн үед Д.Александр би суга таяг тулаагүй байсан, Н.Бүрэн, Г.Оюунболд нар намайг явахад архиа задалж уугаад үлдсэн байдаг ба намайг хойноос дуудаад байхаар нь буцаж очсон. Тэдний намайг дуудсан зорилго нь намайг мөнгөтэй явж байна гэж бодоод түрийвчийг минь булаан авах зорилготой дуудаж тэр үйлдлээ Энхтөрөөр хийлгэсэн. Намайг очиход үгийн зөрүүгүй шууд л боож бид 2 давхралдаад унасан. Энхтөр нь босоод миний нүүрлүү өшиглөж байсан. Таяг тэр газар нь унасан. Ч.Баттүшиг куртикний захны хойд талаас чирэхэд хоолой нь төвөнх цаашаа чихэгдэж орсон. Миний хоёр гарыг хойд талд нэг хүн нь барьж байгаад энгэрийн халааснаас Ч.Баттүшиг нь түрийвчийг авсан, тэд нар түрийвчийг авч үзээд мөнгө байхгүй болохоор Н.Энхтөрийг авчихлаа гэж бодоод түүнийг зодсон ба энэ үйлдэл намайг эхнэртэйгээ хардаж эхлүүлсэн гэж мэдүүлж байна. Тахир дутуу хүнийг дээрэлхлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан тахир дутуу хүнээ өөрсдөө зодсоныг Н.Бүрэн хэлээд байна. Хохирогч Н.Буянтогтох, гэрч А.Алтансувд, Н.Батболд нарын мэдүүлгийг үндэслэн эхнэрээ хардсан гэх үндэслэлийг прокурор Б.Соёлмаа хэрэгсэхгүй болгосон. Согтуугаар Н.Батболд нь 2015 оны 12 дугаар сарын 14-нд шүүхэд гэрчээр орохдоо Д.Александр тэдгээр архи ууж байсан хүмүүсээс хол зогсож байсан гэж мэдүүлдэг. 2015 оны 4 дүгээр сарын 2-нд Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэхийн эмч нь архи уусан үгүйг шалгаж, тестээр 3 удаа үлээлгэж үзээд “эрүүл хүн авахгүй” гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр Д.Александрын цуснаас спиртийн зүйл илрээгүй “эрүүл” гэсэн хариу гарсан. Энэ мэт эргэлзээтэй шалгавал зохих асуудал байсаар байтал хэт нэг талыг барьж, олон жилийн хорих ял халдааж байгаад гомдолтой байна. Би урьд ял шийтгүүлэн хоригдсон боловч уг хэргийн эзэн нь намайг суллагдаад гарч ирэхэд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нүүрс түлээ зардаг “Саямаа” гэдэг газар таарч “тэр хүнийг чинь би хутгалсан, чи миний өмнөөс ял эдлээд ирэв үү” гэж тавлаж байсан. Энэ бүгдийг зохих шатны прокурор, мөрдөн байцаагчид хэлж шалгуулах гэхээр “чи ял аваад шүүхээр орсон” гээд авч хэлэлцээгүй. Энэ мэтчилэн дахиад л хүнд хэргийн золиос болоод байна. Энэ бүхнийг тунгаан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэв.
Ялтан Д.Александрын өмгөөлөгч Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Ялтны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд энэ чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас Д.Александр хохирогчийг зодсон гэхээс илүүтэй таягтай хүний хажууд зогсож байсан хүн таягаар нь цохисон гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар талд насанд хүрээгүй гэрч Цэцэгдариас “таягтай хүн хэвтэж байсан хүнийг зодсон уу” гэж асуухад “зодож байхыг хараагүй. Энэ хүн хоёр таягтай зогсож байсан” гэж хариулсан. “хэвтэж байсан хүнийг таягтай хүнээс өөр бусад хүмүүс зодсон уу” гэж асуухад “зодсон. Таягтай хүний хажууд байсан хоёр хүн зодсон” гэж хариулсан. “Яаж зодсон бэ” гэж асуухад “хөлөөрөө өшиглөж байсан. Нэг хүн таягаар цохисныг харсан” гэж хариулсан. “Таягаар хэн цохисон бэ” гэж асуухад “тэр таягтай хүний хажууд зогсож байсан хүн цохисон” гэж хариулсан байдаг нь авагдсан байна. 3 дугаар хавтас хэргийн 3-4 дүгээр талд гэрч Дарамбазарын “газар нэг хүн хэвтэж байсан. Суга таягтай хүний хажууд байсан хүн тэр хүнийг таягаар цохиж байна уу гэж харсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг авагдсан. Гэтэл анхан шатны шүүх болон улсын яллагч хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээд Д.Александр таягаар цохисон үйлдлээс болж амь хохирогчид үхэлд хүргэсэн гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Хэрэв ингэж дүгнэж байгаа бол мөрдөн байцаалтын шатанд дээрх гэрчүүдийн мэдүүлж байгаа таягтай хүний хажууд зогсож байсан хүн хэн бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй. Үнэхээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл ганцхан таягаар цохисноос болж учирсан гэж үзэж байгаа бол дээрх асуудлыг шалгах ёстой байсан. Энэ асуудлыг шалгаагүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна. Жинсэн өмдтэй хүний тухай асуудал яригддаг. Энэ хэрэг жил гаран хугацааны өмнө давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Цэнхэр жинсэн өмдтэй залуу өшиглөж, нэлээд хүчтэй цохиж байсан гэх асуудлыг гэрч Батболд гэрчилсэн байдаг нь хавтаст хэргийн 113-120 дугаар талд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болсон өдрийн маргааш нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэрч харсан үзсэн зүйлээ мэдүүлсэн байдаг. Тэгвэл цэнхэр жинсэн өмдтэй хүн хэн болох, энэ хүнд амь хохирогчийг зодож цохисон ямар үйлдэл байна вэ гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Магадгүй гэрч Батболдын мэдүүлснээр цэнхэр жинсэн өмдтэй этгээдийн хохирогчийг цээж рүү нь дэвссэн, толгойг нь гараараа хүчтэй цохисон үйлдлээс амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл учраагүй гэж үзэх боломжгүй юм. Үүнийг шалгаж тогтоосон асуудал байдаггүй. 4 дүгээр хавтаст хэргийн 181-187 дугаар талд өмнөх давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Өмнөх шүүх хуралдаанд прокурор тайлбар, дүгнэлт хийхдээ “Талийгаачийг өшиглөсөн цэнхэр жинсэн өмдтэй хүн нь ялтан Баттүшиг байсан нь тогтоогдсон” гэсэн байдаг. Гэрчийн мэдүүлж буй цэнхэр жинсэн өмдтэй хүний цохилтоос болж амь хохирогчид үхэлд хүргэх гэмтэл учраагүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй. 5 дугаар хавтаст хэргийн 213-220 дугаар талд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан прокурорын тайлбарт “Гэрчийн мэдүүлэгт цэнхэр өнгийн өмдтэй хүн талийгаачийн амь насыг хохироосон гэж хэлээгүй. Иймд заавал цэнхэр өмдтэй хүнийг тогтоох шаардлагагүй. Цэнхэр өмдтэй хүн нь Оюунболд байсан гэж улсын яллагчийн зүгээс үзсэн” гэсэн байна. Хоёр шатны шүүх хуралдаанд хоёр өөр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед энэ асуудал зайлшгүй шалгагдаж, тогтоогдох шаардлагатай байсан. Ялтан Н.Бүрэн хэргийн үйл баримтын талаар анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Н.Бүрэнгийн мэдүүлэг гэрч Цэцэгдарь, Батболд нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл ялтан Н.Бүрэн “Г.Оюунболд, Ч.Баттүшиг нар хохирогчийн тархи толгой руу дэвссэн” гэсэн мэдүүлгийг үнэлж, дүгнээгүй атлаа Н.Бүрэнгийн “Д.Александрыг цохисны дараа амь хохирогч хөдөлгөөнгүй болсон” гэх мэдүүлгийг үнэлж байгаа нь шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдэж байна гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Ялтан Г.Оюунболдын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Оюунболд болон өмгөөлөгч миний зүгээс тухайн хэрэгт Г.Оюунболд холбогдолгүй тул хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон. Шүүх хуралдааны дараа Г.Оюунболд “давж заалдах гомдол гаргахгүй. Ингээд хэргийг дуусгах саналтай байна” гэж байсан. Би үүнийг нь дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар хэлж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би амь хохирогчийн эх нь юм. Анхан шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч нарыг бүгдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байсан. Гэтэл яагаад энэ зүйл анги нь өөрчлөгдсөн бэ гэдгийг ойлгохгүй байна. Хөл дээрээ зогсож чадахгүй хүн ганцаараа хохирогчийг яаж алж чадсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Би шүүгдэгч нар бүгд нийлээд хохирогчийг зодоод алчихсан юм болов уу гэж боддог.” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анх шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэж бусдын амь насыг хохироосон гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан. Шүүхээс талийгаачийн амь нас хохирох болсон шалтгаан хэний үйлдлийн улмаас болсон бэ, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийн ялгаж, зааглах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Гэрч, хохирогчийн өгч буй мэдүүлгийг яллагдагч нарын өгч буй мэдүүлгүүдтэй харьцуулж дүгнэлт хийхэд талийгаачийн амь насыг Д.Александр нь ялтай байдал нь арилаагүй байх үедээ буюу давтан үйлдлээр үл ялих зүйлээр шалтаглаж, танхайн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байдалтай байхад нь өөрийн суга таягаар цохиж амь насыг нь хохироосон нь хангалттай тогтоогдсон. Бусад шүүгдэгч нар хохирогчид дээрх асуудал болох “тахир дутуу хүнийг цохилоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр амь нас нь хохирохоос бусад буюу 5, 6 дугаар хавирганы хугарал, бусад хөхрөл, няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зүйл ангиар зүйлчлэгдсэн. Иймд анхан шатны шүүхээс дээрх хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж Д.Александрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Д.Александр нь урьд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлж, өвчний учир ялаас чөлөөлөгдсөн, ялгүйд тооцох хугацаа болоогүй байхдаа буюу давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд согтуугаар иргэн Н.Энхтөрийг “эхнэртэйгээ хардсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, өөрийн суга таягаар түүний тархи, толгой руу цохиж зодон, баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан,
Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн “тахир дутуу хүнийг дээрэлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Н.Энхтөрийн толгой, цээж рүү өшиглөж биед нь нүүрний зулгаралтууд, цус хуралтууд бүхий хөнгөн, 5-6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтохын “...Талийгаачийг оршуулахад гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. Бүгд 3.518.300 төгрөгийн зардал, хохирлыг нэхэмжилж байна…” /хх-44-I/,
“…Талийгаач нь Александр гэх хүний гэр бүлийн хүнтэй ямар ч холбоо байхгүй. Худлаа эхнэртэйгээ хардсан үг хэлж зодох шалтаг гаргасан байж магадгүй гэж би бодож байна. Түүнээс миний хүү эмэгтэй хүн тэр тусмаа айлын авгайг эргүүлж явдаг хүн бол биш…” /хх-236-III/,
Гэрч Б.Батчулууны “2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-254 тоотод байрлах гэрээс охин Цэцэгдарь, хүү Даянжалбаа нарын хамт хадам ээжийн гэрт очихоор явж байсан. Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд 40 орчим насны туранхай бараан өнгийн хувцастай залуу газар хэвтсэн хажууд нь 3 хүн нийлж зодож байсан. Тэр 3 хүн газарт хэвтэж байсан хүний толгой тархи, гэдэс рүү өшиглөж дэвсээд зодоод байхаар нь тэд нар руу хандаж “та нар болиоч ээ, нэгнийгээ аллаа шүү дээ” гэхэд тэдний нэг нь “чамд хамаагүй, энийг алсан ч яах вэ” гээд бүр зодоод байсан. Тэд хэвтэж байсан хүнийг алах шинжтэй толгой тархи руу нь дэвсээд үйлдлээ зогсоох шинжгүй байхаар нь гудамжны үзүүрт очоод 95256400 гэсэн өөрийн дугаараас 19 цаг 12 минутанд 102 руу залгаж дуудлага өгсөн. ...Газар хэвтэж байсан хүний нүүр цээж хэсэг нь дээшээ харсан ба хоёр хөл нь хагас баруун хажуугаар хэвтсэн байсан. Нүүр ам нь цус болсон байсан. Хашааны хажууд төмөр хос суга таягтай, шаргалдуу богино куртик өмссөн, 1 метр 65 сантиметр орчим нуруутай, таргандуу, улаан шаргал царайтай, дөч орчим насны хүн байсан. Хэвтэж байсан хүнээс нарийн гудамж талд толгойн хажууд цэнхэр жинсэн өмдтэй, богино бараандуу куртиктай, туранхайдуу дунд зэргийн нуруутай дөч орчим насны хүн байсан. Суга таягтай хүний хажууд бараан өнгөтэй костюмын өмд шиг өмдтэй, дунд зэргийн биетэй, 1.65-1.70 сантиметр орчим нуруутай, дөч орчим насны эрэгтэй хүн байсан. Бид нарыг гудамжаар гарахад энэ зодоон болж байсан. Манай охин Цэцэгдарь надад “хөл муутай юм байж таягаараа цохилоо” гэж хэлэхээр нь би малгайтай нөхөр тэр хэвтэж байсан хүнийг таягаараа цохисон байна гэж бодсон. Цэнхэр жинсэн өмдтэй хүн хөлөөрөө дэвсэж зодчихоод дараа нь гараараа хэвтэж байсан хүний толгой руу цохисон. Дараа нь таягтай хүний хажууд зогсож байсан хүн хөлөөрөө гэдэс, хэвлий орчим руу өшиглөсөн. Тэр газар хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй, ямар нэг хариу үйлдэл хийгээгүй…” /хх-123-126-I/,
“...нэг бараан хувцастай залуу толгой нь хашаа руу харсан байдалтай турбаг дэрлэсэн, хөл нь урагшаа харсан 2 хөл нь бага зэрэг нугаларсан хэвтэж байсан. Хэвтэж байгаа хүний толгойн баруун талд 2 суга таягтай богино шар куртиктай улаан шар царайтай хүн хашаа налаад зогсож байсан. Хэвтэж байгаа хүний зүүн буюу дээд талд нь жинсэн өмдтэй байсан шиг санагдаж байна. Цайвар цэнхэр өнгөтэй л өмд өмссөн хүн зогсож байсан. Хөл талд нь бас нэг залуу зогсож байсан тэр нь туранхайдуу, бараандуу хувцастай хүн байсан. Хүрэн бор өнгийн өмд цамцтай байлуу сайн санахгүй байна, бараандуу л хувцастай хүн байсан. Намайг харахад зүүн талд зогсож байсан жинсэн өмдтэй залуу хэвтэж байсан хүний толгой тус газар нь гараараа 2 удаа их хүчтэй цохисон, тэгэхэд “чад, чад” гэж цохисон дуу сонсогдсон. Тэгэхээр нилээд хүчтэй цохисон байх, яг толгойных нь аль хавьд цохисныг мэдэхгүй ямар ч байсан толгойных нь хавьд цохисон. Хөл орчимд нь зогсож байсан залуу тэр хэвтэж байгаа хүний хэвлий тус газар нь 2 удаа өшиглөсөн, ...тэгтэл манай охин эргэж харснаа “хөөе аав тэр таягтай хүн таягаараа цохиод байна шүү дээ” гэж хэлсэн. Намайг анх харахад зодуулж байсан хүн газар хэвтсэн ямар ч эсэргүүцэл үзүүлэх нь битгий хэл ямар ч хөдөлгөөнгүй ухаан алдсан бололтой нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байсан...” /хх-208-210-II/,
“...Шар куртиктай хүн гэдэг нь блокон хашаа банзан хашаа хоёрын завсар хашаа налаад суга таягтай зогсож байсан. Зүүн урд буюу зүүн гар талд нь бас нэг хүн зогсож байсан, түүний өмссөн хувцсыг ажиглаагүй... Нарийн гудамжны аман дээр бараан хувцастай согтуу залуу зөрсөн. Тэгээд доошоо харахад хэсэг залуучууд зогсож байсан. Би тэр хүнийг доор байгаа хүмүүстэй цуг байсан хүн байна даа гэж бодоод өнгөрсөн. Ингээд доош гудамж уруудаад явж байтал тэдгээр хүмүүсээс газар хэвтэж байсан хүний толгой талд нь зогсож байсан хүн толгой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл газар хэвтэж байгаа хүний хөл орчимд зогсож байсан хүн гэдэс, хэвлий орчимд нь 1-2 удаа өшиглөөд авсан. Намайг өнгөртөл өөр ямар нэгэн юм болоогүй. Гэтэл манай 8 настай охин миний араар харснаа “таягтай ах нь таягаараа цохьчихлоо шүү дээ” гэж хэлэхээр нь “битгий муухай юм хараад бай, чи урагшаа хараад яв” гэж хэлээд доошоо гудамж руу уруудсан…” /хх-210-211-IV/,
“Өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна. Надад тодруулж хэлье гэхээр үнэхээр хэлэх юм алга. Урьдын өгсөн мэдүүлэг дээр юу гэж ярьснаа ч санахгүй байна. Би бодохдоо зодоон эхэлж байхад нарийн гудамжаар гарч ирсэн юм болов уу гэж бодож байсан. Зодоон болж байсан газрын хажуугаар явж өнгөрсөн ямар нэгэн хүн байгаагүй. Би хоёр хүүхэдтэйгээ явж өнгөрөөд өөр гудамжинд хүн харагдахгүй болохоор гудамжны доод үзүүрт очоод 102 руу залгаж цагдаа дуудсан...” /хх-117-118-V/,
Насанд хүрээгүй гэрч Б.Цэцэгдарийн “...Аав, дүү бид гурав явж байхад цэнхэр хашааны гадаа хоёр таягтай хүн баахан согтуу хүмүүстэй хамт нэг хүнийг зодож байсан. Ойролцоогоор дөрвөн хүн байсан. Аав “болиоч” гэсэн чинь тэд “үгүй, энийг алах гэж байгаа юм” гэж хэлсэн. Зодуулж байсан хүн хэвтэж байсан. Тэр хүмүүс нь гэдэс, бөөр рүү өшиглөж байсан. Таягтай хүнээс өөр хоёр хүн бас хэвтэж байсан хүнийг зодсон. Тэр үед таягтай хүн хажууд нь зогсож байсан. Хөлөөрөө өшиглөж байсан, таягаар нэг хүн цохисныг харсан...” /хх-127-128-I/,
“...4 хүн нэг хүнийг зодож байсан. Нэг нь юүдэнтэй малгайтай ноосон цамц өмссөн ах тэр газар хэвтэж байсан хүнийг цээж рүү нь, толгой руу нь нилээн олон удаа өшиглөчихөөд дээшээ нарийн гудамж руу яваад өгсөн. Тэгэхэд аав, дүү, бид гурав зодуулж байсан хүний дэргэдүүр яваад өнгөрсөн. Тэгэхэд зодуулаад газар хэвтэж байсан хүний хажууд 3 хүн үлдсэн байсан. Таягтай ах ямар ч байсан хөлөөрөө өшиглөөд авсан. Таягаараа ямар ч байсан 1-2 удаа цохиод авсан, тэгсэн аав намайг загнаад “явъя, битгий муухай юм хараад бай” гэсэн. Ямар ч байсан нэг ах нь 1-2 удаа өшиглөж байхыг харсан...” /хх-240-III/,
Гэрч Ц.Золбоотын “...2015 оны 4 дүгээр сарын 2-ны орой 19 цагийн орчимд дуудлагаар очиход Баттүшиг, Бүрнээ, Александр гэх 3 хүн хойшоо харсан хаалганы ойролцоо зогсож байсан. Баттүшиг, Бүрнээ хоёр нь Александрыг хориглосон байдалтай байсан. Александр, Бүрнээ, Баттүшиг гурав нь хойд талд урагшаа харсан хаалганы баруун үзүүрт нь нэг хүн зүүн хойшоо харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэр хаалганы дугаарыг нь хараагүй. Бид хоёр машины цонх хагалсан гэх нэг хүүхдийг авч явсан ба би тэр Александр, Баттүшиг, Бүрнээ нарыг аваад “Эрхэс-43” руу хүргэж өгсөн юм. Цагдаагийн ахмад нөгөө хэвтэж байсан хүний хажууд үлдсэн. Би буцаад ирэхэд түргэн дуудсан гэж байсан ба тэр хүн нь хурхираад байсан. Александр гэгч цагаан төмөр 2 ширхэг суга таягтай байсан нэг таягных нь төмөрний хугархай нь тэр газар хэвтэж байсан хүний хажууд байсан...” /хх-129-I/,
Гэрч Н.Батболдын “...2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр би таван настай хүүхдээ түр орхиод дэлгүүрээс тамхи авах гээд 16, 17 цагийн үед гэрээс гадагш гарсан. 10 дугаар гудамжинд суга таягтай Алагаа, Алагаагийн эхнэр, Бүрнээ, нас барсан залуу, Түшигээ бас нэг зүс таних залуу байсан. Нийт зургаан хүн том шилтэй архитай гудамжинд манай хашааны ар талын хашааны үүдэнд зогсож байсан. Талийгаач “Сайн уу, Болдоо ах амсаарай” гэж дуудсан. Би очиж нэг хундага татаад гурав, дөрөв минут бололгүй доошоо алхаад дэлгүүр орж тамхи аваад буцаад 10 дугаар гудамжаар өгсөөд явж байхад Алагаагийн эхнэр доошоо уруудаад явж байсан. Би нөгөө хэдийн зогсож байгаа газарт ирэхэд Алагаа буюу Александр нь нас бардаг залуугийн цээжин тус газарт хувцаснаас нь барьж заамдсан хашаа руу түлхэж, толгойгоор нь хашааны банз мөргүүлж, гараараа наашаа цаашаа татаж чангааж байсан. Алагаа хоёр таягаа хаясан босоо зогсож байсан, талийгаач залуу хашаанд шахагдан зогсож байсан. Хажууд нь Бүрэн, Түшигээ, зүс танидаг залуу гурав байх шиг байсан. Би “хөөе наадахаа салгаач ээ” гээд гэр рүү ороод удалгүй бие засах гээд гарсан. Хэдэн минутын дараа буцаж гарснаа санахгүй байна. Би хашаанаас гадагш гарахад нөгөө Алагаагийн заамдаж байсан залуу хашааны дэргэд дээшээ харсан хэвтэж байсан ба Түшиг, Бүрнээ хоёр Алагааг салгасан чирээд зогсож байсан. Би Алагаад “хүн яахаараа зоддог юм” гэсэн. ...Талийгаачийн нэрийг Намсрайжавын Энхтөр гэдэг, 10 гаруй жил шоронгоор явсан гэсэн, хүмүүс “Колон Төрөө” гэж дууддаг гэж сонссон, гэр нь Нисэхийн гэр хороололд байдаг...” /хх-133-134-I/,
“...Александр нь талийгаач Энхтөрийг заамдаад хашаа руу түлхэж байсан. Энхтөр гарыг нь тавиулах гээд түлхэж байсан. Тэр үед би яараад “хөөе наадах хоёроо салгаач” гэж Бүрэнд хандаж орилж хэлчихээд хашаа руугаа орсон. Гэртээ ороод 10-аад минутын дараа гарч ирээд хашааны хаалгаар шагайгаад хартал талийгаач Энхтөр нь 2 гараа алдлаад дээш хараад газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Баттүшигт хандаж “та нар нийлээд зодчихоо юу” гэхэд Баттүшиг “үгүй ээ, Алагааг шоронд байхад нь Энхтөр эхнэрийг нь эргүүлдэг байсан гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэр нь та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Александр цаанаас суга таягтайгаа “чи юу юм бэ” гээд над руу хүрээд ирсэн. Намайг таягаараа цохиж магадгүй юм шиг болохоор нь цааш түлхээд ухарсан. Тэгтэл цагдаагийн машин хүрээд ирсэн...” /хх-204-205-II/,
Гэрч Н.Дарамбазарын “…Тэр хүмүүс дотор суга таягтай хүн, нэг хүн газар уначихсан байсан, газар унасан хүнээ зодоод байсан. Цаана нарийн гудамжны орчимд миний таньдаг Оюунболд гэх залуу хараад зогсож байсан...” /хх-3-4-III/,
Гэрч Б.Энх-Амгалангийн “...10 дугаар гудамжинд 2-3 залуу зогсож, дунд нь 1 залуу газар хэвтэж байсан...” /хх-5-6-III/,
Гэрч Д.Батсумын “...нэгж авахаар 15 цагийн үед явж байхад таягтай Алагаа ах буюу Александр, Бүрэн, Оюунболд, Баттүшиг, нас барсан ах нар бүгд зогсож байсан. Александрын эхнэр нь бас байсан. Тэд бүгдээрээ согтуу Нисэхийн автобусны эцсийн зогсоол дээр зогсож байсан...” /хх-130-131-I/,
Д.Александрын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би дахиад мөнгө өгөөд анхны авсан 0.75 литрийн архинаас нэг ширхэгийг авсан. Архины нэрийг мэдэхгүй байна. Архийг Баттүшиг архи авчирсан. Архи уугаад би жаахан манарсан. Энэ архийг ууж дуусаад зодоон болсон. Би яг юу болсныг мэдэхгүй. Нэг харахад талийгаач газар унасан байсан. Би таяган дээрээ зогсоод “боль, боль” гэж байснаа санаж байна. Цагдаагийн машин ирээд суулгаад аваад явсан. Баттүшиг, Бүрэн бид нар байсан. Би зургуулаа байсан байх гэж бодож байна. Сүүлд ухаан орох үед талийгаач газар хэвтэж байсан, Баттүшиг, Бүрэн бид гурав талийгаачийг тойроод хараад зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Би ухаан ороод нэг сэрэхэд хамар, амнаас нь цус гарч байсныг хараад “болиоч ээ” гэж хэлсэн. Би 2 дахь шил архийг уугаад тасарсан байсан. Иймээс би мэдээгүй. Би хар өнгийн савхин куртик, доороо саарал өнгийн өмдтэй, хар өнгийн кепка малгайтай явж байсан. Баттүшиг ямар хувцастай байсныг сайн мэдэхгүй байна. Бүрэн нь бор бил үү, хүрэн өнгийн богино куртик өмссөн. Ногоон бил үү тийм өмдтэй байсан. Би санахгүй байна, согтуу байсан учраас юу хийснээ санахгүй байна...” /хх-196-199-I/,
“...Би талийгаачийн хажуугаар гарах гэтэл талийгаач ямар ч үг дуугүй намайг савхин куртикний энгэрээс барьж аваад боосон би тавиулах гэсэн чинь миний 2 суга таяг газар унасан би толгой эргээд хачин болоод газар ойчсон, тэгсэн талийгаач миний нүүр лүү өшиглөсөн тэгэхээр нь би гараараа хаасан 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн хажуунаас нэг хүн миний бөөр лүү өшиглөсөн, тэгээд нэг харсан Баттүшиг зогсож байхаар нь Баттүшиг намайг өшиглөсөн юм байна гэж би бодсон гэтэл миний таягаар Баттүшиг нь миний толгойд нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд миний куртикний захаас бариад намайг чирсэн, ингээд унасан газраас нэлээн холдсон тэгсэн цаана нэг эмэгтэй “наадах хөл гаргүй хүнийг аллаа шүү дээ болиоч” гэж дуугарч байсан. Миний араас нэг нь хөдөлгөхгүй гар барьчихсан байсан. Тэгсэн Баттүшиг миний энгэрийн халааснаас түрийвчийг авсан. Би дуугарах гэсэн чинь хоолойноос дуу гарахгүй байсан. Баттүшиг талийгаачийн өөдөөс хараад зогсож байхаар нь араас нь түрүүвчээ авах гэж гараа сарвайсан миний дуу гарахгүй байсан. Тэгсэн Баттүшиг эргээд намайг мөр лүү өшиглөсөн. Тэгснээ миний гэдэс рүү дахиад 2 удаа өшиглөсөн тэгэхэд би амьсгаа авч эхэлсэн тэгээд эргээд хажуу тийшээ болох гээд дахиад Баттүшиг миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн Бүрнээ ирж намайг босгосон намайг хашаа налуулж суулгасан. Би Бүрнээг таяг аваад өг гэж хэлэх гээд дуу гарахгүй байсан гараараа заасан чинь таяг авч өгсөн. Тэгсэн талийгаач Энхтөр миний хажууд хашаа руу толгойгоороо налсан хагас суугаа байдалтай байж байсан тэгтэл цагдаагийн машин ирсэн...” /хх-28-30-III/,
Г.Оюунболд мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Талийгаач нь Алагаад чамайг шоронд байхад авгайг чинь би нухдаг байсан гэж хэлсэн. Тэгээд Алагаа ах эхэлж талийгаачийг таягаараа цохиж эхэлсэн. Алагаа ах талийгаачтай барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Алагаа ах хөлгүй, хиймэл хөлтэй болохоор газар унасан. Энэ үед Баттүшиг дундуур нь орж талийгаачийг цохисон. Талийгаач газарт унахад Алагаа ах таягаараа цохиж, Баттүшиг 2-3 удаа өшиглөсөн, харин би өшиглөөгүй. Би Бүрэн ахтай хамт “болиоч ээ” гэхэд Алагаа ах “чамд хамаагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд “за за, би явлаа” гээд явсан. Баттүшиг өшиглөж байхад Батболд ах хашаанаасаа гарч ирээд бид нарын хажууд ирж “болиоч ээ” гэж байсан. Алагаа ах таягаараа талийгаачийн цээж, толгой руу нь цохиж байсан. Баттүшиг нь талийгаачийн цээж тус газарт өшиглөж зодсон. Баттүшиг нь талийгаачийг “энэ яасан хогийн пизда вэ, нэг нь байхгүй байхад авгайг нь нухаад, яасан хогийн пизда вэ” гэж хэлээд талийгаачийг зодож эхэлсэн. Би хар өнгийн дунд зэргийн урттай хавар, намрын куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Бүрнээ ах юу билээ цэнхэрдүү өнгөтэй өмдтэй, саарал өнгийн куртиктай байсан. Баттүшиг нь ямар хувцастай билээ, цэнхэрдүү хувцастай явж байсан шиг санагдаад байна. Бүрнээ, Александр, Баттүшиг гурав үлдсэн. Талийгаач хашаа налаад хэвтэж байсан...” /хх-206-208-I/,
“...намайг очиход талийгаач “би чамайг шоронд байхад чиний эхнэртэй чинь явж байлаа” гэж ярьсан. Тэгэхэд Алагаа ах уурлаад талийгаачийг цохиод талийгаач Алагаа ахыг газар унагаасан. Баттүшиг “энэ яасан овоо амьсгаа вэ” гээд талийгаачийг өшиглөж зодсон. Унасан байхад нь цээж бие рүү нь өшиглөсөн. Би “болиоч ээ, наадахаа боль” гэж хэлсэн. “Бид нарын асуудал чамд хамаагүй шүү, чи зүгээр зайл” гэж Алагаа, Баттүшиг хоёр хэлсэн. Би тэгээд нэг удалгүй тэндээс яваад өгсөн. Баттүшиг намайг явахад талийгаачийг зодож л байсан...” /хх-211-212-I/,
“...Энхтөр нь Александр ахыг цохиод авсан. Александр нь хойшоо хашаа налаад унаж байсан. Тэгэнгүүт Баттүшиг талийгаач Энхтөрийг хажуунаас нь гараараа цохиж байгаа харагдсан. Талийгаач Энхтөр газар унангуут Баттүшиг очоод 2-3 удаа цээж хэвлий орчимд өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод “юу болсон юм бэ, больцгоо” гэж хэлсэн. Тэгсэн Александр ах “бидний асуудал чамд хамаагүй, зайл” гэж хэлсэн. Баттүшиг ч чамд хамаагүй гэж хэлсэн. Бүрнээ бол хажууд нь хараад зогсож байсан талийгаач нь “намайг яаж байгаа юм бэ” гэхэд нь би “та нар өөрсдөө учраа ол, больцгоо” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Александр ах миний харснаар бол газар унасны дараа 2-3 удаа таягаараа талийгаачийг цохиж байсан. Яг хаана нь цохисныг сайн хараагүй. Баттүшиг тэр залууг шанаанд нь цохиод газар унагааж байсан газар унасан хойно цээжин тус газар нь 2-3 удаа өшиглөсөн. Ер нь 2-3-аар тогтохгүй. Нилээн хэд өшиглөсөн цээжнээс дээгүүр л өшиглөөд байсан. Бүрнээ энэ зодоонд оролцоогүй. Харин “хохино, муу хулгайчийг алаад өг” гэж хэлээд зогсож байсан...” /хх-22-24-III/,
Ч.Баттүшигийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Александр ах Энхтөр рүү “чи намайг шоронд байх хооронд эхнэртэй минь явалддаг байсан гэл үү” гээд агсам тавьж эхэлсэн. Энхтөр нэг их юм ярихгүй зогсоод байсан юм. Бид нар гудамжинд тойрч зогсож байгаад ууж байсан юм. Гэнэт Александр ах талийгаач дээр нь гараад гараараа цохиод байсан ба Бүрнээ ах бид хоёр Александр ахыг салгаж авах хооронд таягаараа саваад цохиод бас хөлөөрөө дэвсээд байсан. Бүрнээ ах бид хоёр Александр ахыг аваад холдуулаад дээр очоод зогсож байхад Александр ах дахиж очоод зодолдох гээд байхаар нь Бүрнээ ах бид хоёр хориод зогсож байтал алаг машинтай 2 цагдаа ирээд тэр юун хүн хэвтэж байгаа юм, юу болсон юм гэхээр нь Бүрнээ ах энэ хоёр зодолдоод бид хоёр салгаад зогсож байна гэж хэлсэн юм. Александр ахыг Энхтөрөөс салгаж аваад дээшээ явахад Александр ахын салсан гэх эхнэр нь “чи миний хайрыг битгий дээрэлхээд бай” гээд Энхтөрийг тэврээд үнсээд үлдсэн ба цагдаа ирэх үед алга болсон байсан. Тэгээд нэг цагдаа нь Бүрнээ ах, Александр ах, бид гурвыг цагдаа руу аваад явсан. Нөгөө цагдаа нь Энхтөрийн хажууд үлдсэн...” /хх-224-225-I/,
“...Александр талийгаачийн нүүр рүү 2-3 удаа цохиж аваад зууралдаж аваад газар унасан. Энэ хоёр дээр доороо ороод хоёулаа харилцан зодолдож эхэлсэн. Бүрэн бид хоёр Александрыг салгаад авахад таягаараа талийгаачийг балбаад цохиод байсан, хөлөөрөө бас тийрээд байсан. Бид Александрыг салгаад авахад Энхтөрийг Александрын эхнэр тэвэрч үлдсэн...” /хх-229-230-I/,
“...Александр Энхтөр хоёр маргалдаж эхэлсэн. “Чи намайг шоронд байх хооронд манай эхнэртэй явалддаг байсан шүү” гэж Александр хэлээд Энхтөртэй хэрүүл хийж эхэлсэн. Хэрэлдээд ирэхээр нь “амьтан хүний анхаарлыг татах хэрэггүй, наадах хэрүүл уруулаа боль” гэж би ч хэлсэн. Бүрнээ ч хэлсэн. Александрын эхнэр гэх эмэгтэйн цүнхэнд шилэн аяга байсан ба энэ аягаар архи хундагалж байсан. Би нэг гартаа архи бариад нөгөө гартаа архи бариад ууж дуусаагүй байхад Энхтөр, Александр хоёр зодолдож эхэлсэн. Тэр хооронд би ууж байсан архийг хундагандаа хийж ууж дуусгаад шилийг айлын хашаа руу шидчихээд очиж зодооныг салгасан. Зодооныг салгах үед Бүрнээ надтай хамт салгасан. Александрыг татаж босгож ирсэн. Тэр хооронд Александр таягаараа хөлөөрөө хохирогч Энхтөрийг цохиж зодож байсан. Бүрнээ бид хоёр Александрыг салгаж авах хооронд Александрын авгай “чи миний хайрыг битгий дээрэлхээд байгаач” гээд хохирогч Энхтөрийг тэвэрч аваад хашаа налаад үлдсэн. Тэр үед салгахад Александр “энэ мууг алаад хаячих уу” гэж буцаж очих гэж дайраад байсан. Бүрнээ бид хоёр “яах гээд байгаа юм бэ, хэрэггүй” гэж Александрыг хориглоод зодоон болсон газраас холдуулаад байсан. Тэгээд зодооныг салгаад Александрыг хоригдоод зогсож байхад цагдаа нар ирж Бүрнээ, Александр бид гурвыг бариад авч явсан. Бид гурвыг цагдаагийн кабон руу авч явах үед жижүүрийн нэг цагдаад хохирогч Энхтөртэй хамт үлдсэн. Би бол Оюунболдыг зодоон цохион хийж байсныг хараагүй. Александр болон талийгаач Энхтөр хоёр зодолдсон. Александр Энхтөр хоёр дээр доороо ороод газарт хэвтсэн зодолдож байхад Александрыг дээрээс нь татаж босгож авсан. Александр нь Энхтөрийн дээр байсан...” /хх-233-235-I/,
Н.Бүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би тамхи аваад эргэж иртэл Энхтөр, Александрыг түлхээд унагаасан байсан. Александр уначихаад нөгөө Энхтөрийнхөө хөлнөөс зуураад унагаагаад таягаараа нүүрэнд нь 2-3 удаа цохиод байсан юм. Таягных нь үзүүрийн бондгор шиг юм нь салаад унасан байсан. Тэгтэл цагдаагийн алаг тэрэг ирээд баригдаж ирсэн юм. Александр эхнэрээ Энхтөртэй хардсан юм шиг байна лээ, Александр Энхтөрийг “манай эхнэртэй явалдах гээд байсан” гэж хэлээд муудалцаж байсан...” /хх-213-214-I/,
“...Оюунболд Баттүшигтэй нийлж талийгаачийн толгой руу нь өшиглөж дэвссэн. Талийгаач Александрыг цохиод газарт унагаасан. Александр унасан хойно талийгаачийн хөлнөөс татаж газарт унагаасан байсан. Александр хажууд нь хэвтэж байхдаа талийгаачийн нүүр рүү 2-3 удаа цохиж авсан. Би гүйж очоод Александрыг татаад босгосон чинь Баттүшиг хүрч ирээд талийгаач Энхтөрийг “хөлгүй тахир дутуу хүнийг дээрэлхлээ” гээд толгой руу нь өшиглөсөн. Талийгаач согтуу газарт хэвтэж байсан. Энэ үед Оюунболд бас хүрч ирээд талийгаачийн толгой руу нь өшиглөсөн. Би Баттүшигийг салгах гэсэн чинь Оюунболд талийгаачийн толгой руу нь өшиглөөд би Оюунболдыг барьж авахад Баттүшиг өшиглөөд байсан. Энэ хоёр талийгаачийн хоёр талд нь гараад толгой руу нь ээлжилж өшиглөсөн. Александр босчихоод хажуу талд нь хашаа налаад зогсож байсан. Александрыг босгохоос өмнө газарт хэвтэж байхад Энхтөрийн хөлнөөс татаж унагаагаад тэгээд хажууд нь хэвтэж байхдаа таягаараа Энхтөрийн нүүр нь 2-3 удаа цохисон...” /хх-217-218-I/,
“...Александр хохирогч хоёр маргалдахаар нь эргээд харсан чинь Александр хохирогч хоёр бие биенээ энгэрээсээ барьсан, заамдаж авсан байсан. Александрыг хохирогч буюу талийгаач цохиод унагаасан. Александр унаад талийгаачийн хөлнөөс зуураад өмднөөс нь татаад хажуудаа унагаасан. Александр таягаараа талийгаачийг 2-3 удаа цохисон. Талийгаач Александрын таягны үзүүрийн бондгороос нь барьсан. Александр таягаа татаж байхад таягийн үзүүр хэсэг нь салсан. Би Александрыг өргөж босгосон. Өргөөд байж байхад Баттүшиг, Оюунболд хоёр хүрч ирээд “хөлгүй хүнийг дээрэлхлээ” гээд талийгаачийг өшиглөсөн. Баттүшиг нь түрүүлж ирсэн. Баттүшиг, Оюунболд хоёр хоёулаа талийгаачийн толгой руу нь өшиглөж байсан. Би эхэлж Баттүшигийг салгах гээд ханцуйнаас нь татсан чинь Баттүшиг гараа урагшаа татаж сугалж авсан. Би тэнцвэр алдаад арагшаа 2-3 алхам ухарсан. Би харсан чинь Оюунболд талийгаачийн толгой руу нь өшиглөж, дэвсэж байсан. Би нөгөө талаар нь тойрч Оюунболдыг татаад “чи хүн аллаа шүү дээ, болиоч ээ” гэхэд Оюунболд больсон. Оюунболд, Баттүшиг хоёр талийгаачийг өшиглөж байхад Александр хашаа налаад зогссон, өмсөж байсан хар өнгийн куртикийн баруун цээж тус газар нь урагдсан байсан. Би Оюунболдыг босгох гээд тонгойсон чинь талийгаач хурхирч байх шиг дуугарч байсан. Би доошоо сууж чадахгүй учраас талийгаачийг татаж чадаагүй. Тэгэж байхад алаг машин ирсэн. Би нэг саарал өнгийн өвлийн куртик, саарал өнгийн өмд өмссөн байсан. Баттүшиг богино бараан өнгийн куртиктэй. Ямар өмд, гутал өмссөн байсныг нь санахгүй байна, Оюунболд өшиглөсөн. Би Александрыг өргөж босгоход “энэ намайг цохидог байна шүү. Энэ манай эхнэрийг оролддог гэнэ” гэж байсан...” /хх-221-223-I/,
“...Энхтөр, Александр хоёр миний араас алхсан. Тэгтэл миний ард чанга чанга дуугараад хоорондоо маргалдахаар нь эргээд хартал Энхтөр, Александрын нүүр рүү нь гараараа шанаа орчимд нь цохиод авсан. Тэгсэн Александр хоёр суга таягтайгаа зуурсан чигээрээ газар унахдаа Энхтөрийн хувцаснаас нь зуураад хамтдаа унасан. Тэгсэн Александр нь баруун гар талынхаа суга таягийг баруун гараараа барьж байгаад Энхтөрийн нүүр рүү нь нэг цохиод нүүрэнд нь оносон, дахиад нэг цохиход талийгаач Энхтөр гараараа хаагаад таягийг нь бариад авсан таягийг 2 талаас таталцсан чинь таягны урд талын сунадаг хэсэг мултраад унасан. Тэгэхээр нь би очоод Александрыг өргөөд татаад босгосон. Гэтэл цаана Баттүшиг, Оюунболд хоёр үлдсэн архийг уугаад үлдсэн байсан. Баттүшиг түрүүлж ирээд Александрын нөгөө талаас нь надтай цуг дэмжээд босгосон. Тэгэнгүүт ар талд нь Энхтөр газар унаад босох гэж байхад нь хөлгүй хүнийг яасан их дээрэлхдэг юм гээд өшиглөсөн. Яг хаана нь өшиглөснийг би сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл би Александрын нөгөө талаас нь бариад түүнийг барьж байсан болохоор хараагүй. Тэгэхээр нь би Баттүшигийг “болиоч” гээд гарнаас нь татсан чинь гараа татаад сугалаад авсан. Би тэнцвэр алдаад арагшаа хэд хэдэн удаа хий гишгээд тэнцвэр алдаж байхад цаанаас Оюунболд хүрч ирээд талийгаач Энхтөрийн толгой хавьд нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Оюунболдыг “чи хүн аллаа” гээд араас нь барьж аваад татсан. Оюунболд нь над руу цочсон юм шиг эргэж харсан. Энэ үед “шөрмөс Болдоо” нилээн зайнаас над руу хандаж “Бүрнээ наадахаа болиулаач ээ” гэж хашгирсан. Оюунболдыг би араас нь татаад салгахад талийгаач Энхтөр нь газар дээшээ хараад хэвтсэн байсан. Тэгэхэд талийгаачийн өмд нь доошоо болоод бэлэг эрхтэн нь гарчихсан байсан. Тэгсэн Оюунболд нь “энэ яачихсан юм бэ” гээд бэлэг эрхтнийг нь хэлэхээр би Энхтөрийг бэлэг эрхтэндээ вазилин шахуулсныг урьд нь мэддэг болохоор “наадах чинь вазилин шахуулчихсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд би өмдийг нь дээш болгоод өөрийг нь өргөж босгох гэсэн чинь хурхирч байгаа юм шиг дуугараад байсан. Александр талийгаач хоёр газар унасны дараа Александрыг очиж өргөж босгоход “Намайг шоронд байхад энэ манай эхнэртэй явалддаг байсан гэнэ” гэж Александр надад хандаж хэлсэн. Тэгэхээр нь би ийм юмнаас болж маргасан юм байна гэж бодсон. Александрын хувьд анх цуг газар унасны дараа нүүр рүү нь хэдэн удаа таягаар цохисон нүүрэнд нь нилээн хүчтэй цохисон талийгаач гараараа хаагаад таягийг нь бариад авсан юм. Баттүшиг Александрыг өргөж босголцоод эргээд шууд талийгаачийг өшиглөсөн, хаана нь өшиглөснийг тухайн үед анзаараагүй дунд нь хаагдаад харагдаагүй нэг өшиглөсөн болов уу, Оюунболд нь намайг салгах хооронд талийгаачийн толгой руу нь 3-4 удаа өшиглөсөн, яг аль хавьд өшиглөснийг мэдэхгүй, ямар ч байсан толгой хавьд нь өшиглөсөн...” /хх-37-39-III/,
Шинжээч эмч Ц.Ганболдын “...Баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал нь цээжний баруун хэсэгт хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсч болно. Талийгаач Н.Энхтөрийн толгойн баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдож, доргилтын үед үүснэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Хүний гараар цохих, хөлөөр өшиглөх үед мөн үүсч болно. Хиймэл хөлний тухайд нугарах уу, нугалбал ямар үйлдэл хийж болох эсэхийг нарийн үзэж судалж байж хиймэл хөлөөр дээрх гэмтлийг үүсгэх боломжтойг тогтооно. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бага байсан байна. Амь насыг нь аврах боломж бага. Талийгаачийн цусанд 5.0 хувийн спиртийн агууламж илэрсэн хүнд зэргийн согтолттой гэж дүгнэсэн…” /хх-120-122-I/,
Шинжээч эмч М.Энхболдын “...Эрүүл мэнд, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан 313/316 тоот тушаал 2015 оны 234/415 тоот тушаал одоо хүчингүй болсон. Одоо мөрдөгдөж байгаа журмаар 2 гар оролцсон, 3 мөч эсвэл 4 мөчийг өвдөг тохойн үенээс дээгүүр тайрагдсан тохиолдолд ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамрагдсан байгаа юм. ...Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэ мөрдөгдөж байгаа журмыг баталсан. Александрын хувьд 2 хөл нь нэг нь дунд чөмөгний дээд хэсгээр нөгөө хөл нь шилбэний дунд хэсгээр тайрагдсан учраас шинээр батлагдсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарахгүй...” /хх-250-III/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 658 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…Талийгаач баруун зулайн хатуу хальс доорхи цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт, баруун 5-6 дугаар хавирганы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу цохих, доргих үед үүсгэгдэнэ. Толгойн гэмтэл хатуу хальс доорх болон аалзан бүрхүүл доорх цус харвалтын улмаас тархи хавагнаж нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3 дугаар бүлэг байна. 2015 оны 4 дүгээр сарын 2-ны оройн 22.50 минутанд нас баржээ...” гэх дүгнэлт /хх-71-73-I/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хавтаст хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…Талийгаач Н.Энхтөрд учирсан гэмтэл нь нүүрэнд цохих, толгой доргих үед хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун 5-6 дугаар хавирганы хугарал нь үхэлд нөлөөлөөгүй, цээжний баруун хэсэгт цохих өшиглөх үед үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүрний зулгаралтууд үрэгдэх шүргэгдэх, цус хуралтуудыг цохих өшиглөх үед үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед өөр гэмтэл үгүй байна. Эдгээр гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна…” гэх дүгнэлт /хх-17-18-III/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3356 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…Шинжилгээнд ирүүлсэн Энхтөрийн гэх цусанд 5.0 промилли спиртийн алкоголь илэрч байна. Талийгаач нь хүнд зэргийн согтолтой байсан…” гэх дүгнэлт /хх-75-I/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3710 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…Хохирогч Н.Энхтөрийн гэх юүдэнтэй цамц, маск дээрх толбуудад цус илэрсэн. Энэ нь В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Сэжигтэн Ч.Баттүшигийн гэх гутал, жинсэн өмдөн дээрх толбуудад цус илэрсэн. Бүлгийг тогтоох боломжгүй. Сэжигтэн Н.Бүрэнгийн хувцсан дээр цус илрээгүй…” /хх-78-I/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 720 дугаар шинжээчийн дүгнэлтийн “…Д.Александрын зүүн хөл шилбэний дээд хэсгээр, баруун хөл гуяны дээд хэсгээр тайрагдсан мухар байна. Зүүн хөлөнд шилбэний дээд мухар хэсэгт, баруун гуяны дээд мухар хэсэгт углаж бэхэлдэг хиймэл хөлтэй болно. Д.Александр нь суга таягны тусламжтайгаар 2 хөлний түнхний үеэр савах хөдөлгөөн, зүүн хөл өвдөг, түнхний үеэр дэвсэх хөдөлгөөн хийх боломжтой. Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл эрхтэнтэй байх үед өөрөө суух, босох, гишгэх, явах, мөн хөлөөрөө урагш хойшоо өшиглөх, зүүн хөлөөрөө дэвсэх зэрэг хөдөлгөөн хийх боломжтой. Д.Александрын хоёр түнхний үе, зүүн өвдөгний үений хөдөлгөөн чөлөөтэй байна. Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл хөлөөрөө өөрөө үйлдэл хийж хүний бие махбодь, эрүүл мэндэд гэмтэл учруулах боломжтой. Д.Александр нь суга таягны тусламжтайгаар хиймэл хөлөөрөө талийгаач Н.Энхтөрийн биед учирсан баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, толгойн баруун зулайн хатуу хальсан доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрний олон тооны зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэх боломжтой. Д.Александрын хоёр гарын мөр, тохой, сарвууны үений хөдөлгөөн бүх чиглэлд чөлөөтэй байна…” /хх-107-108-I/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хавтаст хэргийн материалаар хийсэн 365 дугаар шинжээчийн дүгнэлтийн “…Д.Александр нь баруун хөлийн дунд чөмөг 1/3-ээр тайрагдсан, зүүн шилбэ дунд 1/3-ээр тайрагдсан хуучин мухар байна. Д.Александрын баруун хөлийн дунд чөмөг, зүүн шилбэ нь хэзээ тайрагдсан нь эмнэлгийн бичиг баримт байхгүй байгаа тул тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.103, 4.7.108-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Д.Александрын баруун хөлийн дунд чөмөг 1/3-ээр тайрагдсан, зүүн шилбэ дунд 1/3-ээр тайрагдсан гэмтэл нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалын хавсралтад заагдсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын 2.1.11-д хоёр гар оролцсон гурван мөч, эсхүл дөрвөн мөчийг өвдөг тохой, тохойн үеэс дээгүүр тайрагдсан гэх тул хамаарахгүй байна...” /хх-9-11-IV/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 553, 556, 531, 589 тоот дүгнэлтүүд /хх-110-111, 113, 115-116, 118-I/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8-I/, цогцос болон амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-16-I/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүнд дүгнэлт өгөх боломж бүрдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль зөрчигдөөгүй байх бөгөөд шүүх шүүгдэгч нарт тохирох хэргийн зүйлчлэлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг дээр дурдагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул ялтан Д.Александрын “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаалгах…” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт “урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд” гэж заасныг буруу ойлгон хэрэглэж, Д.Александрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулаагүй байхдаа онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь буруу болжээ. Иймд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн “тахир дутуу хүнийг дээрэлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Н.Энхтөрийн толгой, цээж рүү өшиглөж биед нь нүүрний зулгаралтууд, цус хуралтууд бүхий хөнгөн, 5-6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлан өршөөн хасч, үлдэх 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзсан нь хуульд нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Боржигин овогт Доржийн Александрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.” гэсэн заалтын дугаарыг “3” болгон өөрчилж, “3” дахь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.15-т зааснаар Доржийн Александрыг 18 жил /арван найм/ хорих ялаар, Ганболдын Оюунболд, Чойжилсүрэнгийн Баттүшиг, Намхайн Бүрэн нарыг тус бүр 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэсэн заалтын дугаарыг “2” болгон өөрчилж, тогтоолын бусад хэсэг, заалтыг тус тус хэвээр үлдээж, ялтан Д.Александрын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.МЯГМАРЖАВ