Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2023/0971 |
Дугаар | 001/ХТ2024/0068 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2024/0068
Ю.Л-ийн нэхэмжлэлтэй,
нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0121 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2024/0233 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/0190 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/615 дугаар захирамжийн Ю.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
2.Хэргийн нөхцөл байдал: Ю.Л нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй цахим дуудлага худалдаанд оролцон ялагчаар тодорч, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/879 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1802720703 дугаар бүхий 10,200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр иргэний газар эзэмших эрхийн 000091276 дугаартай гэрчилгээ олгожээ.
2.1. Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/615 дугаар захирамжаар “газар эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Ю.Л-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газар зохион байгуулалтын албанаас кадастрын зургийн дагуу газрын цэгийг зааж тэмдэгжүүлж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тавьж өгөөгүй, тэмдэглэгээг хийж өгөхийг хүлээсэн, энэ тухай удаа дараа хэлж шаардаж байсан ...” гэж тодорхойлон “... эргэлтийн цэгээ сайн мэдэхгүй учраас ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүй, газар эзэмшүүлэх гэрээнд төлбөр 0 гэсэн тул төлөөгүй, хариуцагчаас төлбөр төлөх талаар мэдэгдэл, нэхэмжлэл нэг ч удаа ирүүлээгүй, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэгж талбарын хил заагийг тогтоон газарт бэхэлсэн эргэлтийн цэг тэмдэгт хүлээлгэн өгсөн актад Ю.Л-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан ... ” гэж маргасан.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул нийслэлийн Засаг даргын 2023 оны А/615 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, өдрийн сонинд нийтлүүлсэн, ... эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай актыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан, хөдөө аж ахуйн зориулалт бүхий 1.02 га газрын төлбөр 0 байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй ...” гэх тайлбарыг гаргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул гэрээнд төлбөр төлөх талаар заагаагүй, төлбөр төлөх нэхэмжлэл ирээгүй гэх шалтгаанаар тухайн газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, ... нэхэмжлэгч нь тухайн газрын байршлыг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд Газрын албаны мэргэжилтэн нь газрын байршлын цэг тэмдгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, бичгээр хүсэлтээ гаргах зэргээр энэ асуудлаа шийдүүлээгүй, ингэж хүсэл зоригоо илэрхийлж байсан талаар баримт гарган маргаагүй бөгөөд захиргааны байгууллага газрын байршлыг зааж өгөөгүй үндэслэлээр газраа ашиглахгүй байх нь хүндэтгэх үзэх шалтгаан болохгүй, ... хариуцагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн нь буруу боловч сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй зөрчлийг үгүйсгэхгүй тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр хүлээн авсан этгээд нь газрын төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдана, ... анх маргаан бүхий газрын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон төлөвлөж, байршлыг зааж нийтэд нээлттэй дуудлага худалдаа явуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь газрын байршлыг мэдээгүй гэж үзэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/0190 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.1.“... “Анхан болоод давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэх учиртай байтал анхаарч үзэлгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
6.2.Нэг. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” нь хоёр өөр байдлаар авагдсан байх ба хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт үгүйсгэх үндэслэлээ заагаагүй, мөн эдгээр баримтууд ямар шалтгааны улмаас хоёр өөр байдлаар хийгдсэн нөхцөл байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд тодруулаагүй тухайд: Захиргааны актын эрх зүйн үндэслэлд хамаарч буй газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигчид гэрээний үндсэн дээр бий болгосон байхаас улбаатай байдаг. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар маргахгүй хэдий боловч хэмжээг нь газар эзэмшүүлэх гэрээнд тусгаж баталгаажуулдаг. Газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээг заагаагүй нөхцөлд газар эзэмшигч төлбөрийн хэмжээг өөрөө тодорхойлох боломжгүй.
6.3.Нэхэмжлэгч талд авагдсан газар эзэмшүүлэх гэрээний 2.1-д газрын төлбөр /жилээр/ гэх хэсэгт 0 төгрөг гэж заасан байдаг бол, хариуцагч талаас ирүүлсэн гэрээний холбогдох заалтад газрын төлбөр /жилээр/ 25,500 төгрөг гэж заасан байна. Эдгээр гэрээний газрын төлбөрийг тодорхойлсон заалт хэсгүүд нь харилцан адилгүй өөр байна.
6.4.Мөн хавтаст хэрэгт авагдсан эдгээр гэрээнүүд нь мөн дараах шинжүүдээр зөрүүтэй буюу ондоо байна. 1/Эхний нүүрний баруун дээд буланд гэрээний толгойд зурагдсан гарын үсэг харилцан адилгүй, тэс ондоо 2 өөр хүний гарын үсэг байна. 2/Газар эзэмшигч Ю.Л-ийн гарын үсэг болон гарын үсгээ зурсан балын өнгө харилцан адилгүй өөр байна. Хүн нэг баримт бичигт гарын үсэг зурахдаа 2 өөр үзэг, балаар, 2 өөр хэвээр зурна гэдэг боломжгүй. Эдгээр гэрээнүүд нь дээр дурдсан хэд хэдэн шинжээр харилцан адилгүй өөр байх ба ялангуяа маргааны үйл баримтад хамаарах газрын төлбөрийн хэмжээг тодорхойлсон заалт, хэсэг нь тэс ондоо, зөрүүтэй байна. Энэ нөхцөлд ямар учраас гэрээнүүд харилцан адилгүй өөр байгаа болох, аль нэг нь нөхөж хийсэн хуурамч эсэхийг нягтлаагүй, үүнтэй холбоотой нэмэлтээр баримт цуглуулах, гэрч асуух зэргээр мухарлах ажлыг хийгээгүй хэрнээ хариуцагчаас ирүүлсэн баримтыг үнэлж шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй. Учир нь эдгээр баримтыг 2 өөр байдлаар үнэлэх нь утгагүй бөгөөд харин эдгээр баримтууд нь ижил түвшинд үнэлэгдэх баримтууд болно. Харин аль нэг нь өөр бусад баримтаар үгүйсгэгдэх боломжтой хэдий ч энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
6.5.Нэхэмжлэгч талын ирүүлсэн гэрээнд газрын төлбөрийг 0 гэж тусгасан байгаа нь нэхэмжлэгч талын буруу биш бөгөөд энэ нь гэрээний талуудын харилцан тохиролцсон нөхцөлд хамаарна. Энэ нөхцөлийн дагуу газар эзэмшигч 0 төгрөг хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. 0 төгрөг хэмжээгээр газрын төлбөрийг төлөх боломжгүй тул газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгаж болохгүй. Харин энэхүү гэрээ нь ямар учраас 0 төгрөг хэмжээтэй болж байгуулагдсан асуудлыг захиргааны байгууллага дотооддоо тодруулж шалгаж мухарлах хэрэгтэй ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх боломжтой ч өнөөдрийг хүртэл энэхүү нөхцөл хүчинтэй хэвээр байсаар байна. Харин хариуцагчаас гаргаж ирүүлсэн гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх ба тухайн гэрээ нь дээр дурдсан хэд хэдэн шинжээр хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн гэрээний нөхцөлийг санаатайгаар 2 өөр байдлаар тогтоож, газар эзэмшигчийг төөрөгдүүлсэн байж болзошгүй байдлыг тодруулах шаардлагатай байсан. Түүнчлэн энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон гэж хардах нөхцөл байдал үүсээд байна, маргааныг өөрийн талд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгын үүднээс шүүхэд хуурамч баримт бүрдүүлэн гарган өгсөн, түүнийг шүүх үнэлж шийдвэрлэсэн байж болзошгүй байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах болно.
6.6.Дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодруулаагүй хэрнээ хариуцагчийн гэрээг үнэн зөв гэж үнэлсэн нь ойлгомжгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар төлбөр төлөх үүргийг бий болгодог хэдий боловч хэмжээг гагцхүү гэрээгээр тодорхойлж төлүүлдгийг анхан шатны шүүхээс анхаараагүй байна. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Ю.Л-ийн хувьд хариуцагч талаас гарган өгсөн хуурамч гэрээг байгуулах байтугай өмнө нь огт харж байгаагүй, гагцхүү өөрийн шүүхэд гарган өгсөн гэрээг байгуулсан байдаг. Хуурамч гэрээ үйлдэж шүүхэд гарган өгсөн хариуцагчийг ямар учраас зөвтгөж байгааг ойлгохгүй байна.
6.7.Хоёр. Нэгж талбарын хил заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай актыг хуурамчаар үйлдсэн тухайд: “Нэгж талбарын хил заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн гэх баримтыг хариуцагч талаас шүүхэд баримтаар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал нь тухайн акт нь хуурамч, гарын үсэг зурж хүлээн аваагүй гэж маргасан. Мөн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгөөгүй тул газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, үүнд нэхэмжлэгч буруугүй гэж маргасан.
6.8.2020 оноос буюу газар эзэмшүүлэх захирамж гарсан үеэс хойш 2 жилийн хугацаанд нэгж талбарын хил заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгөөгүй гэдэг дээр хариуцагчийн зүгээс маргаагүй. Учир нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө энэ талаарх акт үйлдэгдсэн гэж хариуцагч тайлбарлаж маргаагүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй.
6.9.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эргэлтийн цэг” гэж “нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг” гэж тодорхойлсон байна. Энэ нь газар өмчлөгч, эзэмшигчийн газрын хил хязгаар, түүний хотгор болон гүдгэр хэсгүүд, мөн нугарлын байдлыг тодорхойлоход ач холбогдол бүхий зүйл болно. Ер нь газар өөрөө тэгш хэмтэй байх боломжгүй, хотгор, гүдгэр, налуу, уруу байдаг. Мөн газрын хилийн зураас нь мөн дан шулуун байх боломжгүй. Зарим нөхцөлд хилийн зураас мурийсан, тойрог хэлбэрээр дугуйрсан байдаг. Энэ болгоныг мэдэх боломжгүй тул энэ эргэлтийн цэгийг тодорхойлох нь ихээхэн ач холбогдолтой байдаг.
6.10.2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн актад зурагдсан гарын үсэг нь эргэлзээтэй байгааг анхан шатны шүүхээс шийдвэртээ дүгнэсэн хэрнээ нотлох баримтаар үнэлээгүй гэж дурдсан байна. Нэхэмжлэгчийн хувьд дуудлага худалдаанд оролцож, газар эзэмшихээр болсон хэдий боловч түүнд дуудлага худалдаагаар худалдсан газрын нэгж талбарын хил хязгаарын эргэлтийн цэгүүдийг тодорхойлж тэмдэгжүүлэн хүлээлгэн өгөөгүй байсан.
6.11.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу газрыг дуудлага худалдааны ялагч буюу эзэмшигчид хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй. Мөн тухайн үед буюу хүчин төгөлдөр үйлчилж байсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9.3, 9.4, 9.5-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна. Газрын нэгж талбарын хил заагийг энгийн хүн тодорхойлох боломжгүй, мөн зөвхөн солбицлоор газрын хил заагийн нугаралт, нугалаа болон хотгор, гүдгэр хэсгийг тодорхойлох боломжгүй. Ийм учир гэрчилгээ олгох тухай шийдвэр гаргахаас өмнө холбогдох журмын дагуу газрын нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газар дээр нь бэхэлж газар эзэмшигчид актаар хүлээлгэн өгдөг. Хэрэв ингээгүй нөхцөлд газар эзэмшигч өөрийн эзэмшиж буй газрын хил хязгаар, түүний мурийлт, нумралт, хотгор болон гүдгэр хэсгүүдийг тодорхойлж чадахгүй байдалд хүрнэ.
6.12.Захиргааны байгууллага холбогдох хууль журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас газар эзэмшигч хохирох учиргүй бөгөөд анхнаасаа холбогдох журмын дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй байсан. Тодруулбал уг газар нь эзэнгүй хээр тал газар байгаа. Хэдийгээр нэхэмжлэгч тал газрын ерөнхий байршил орчныг тойм баримжаагаар мэдэж байгаа ч газрынхаа тодорхой нарийвчилсан байршлыг харуулах нарийвчилсан 4 цэгээ мэдэх боломжгүй байсан. Газрын хил заагийн хязгаарыг мэдээгүй нөхцөлд тухайн газарт хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэйд тооцогдоно. Бусдын газрын хилийн заагийг зөрчиж, бусдад хохирол учруулах хүртэл эрсдэлийг бүрдүүлэх боломжтой. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт болох газрыг зориулалтын дагуу ашиглахад газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг тодорхойлох нь ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар хийсэн “анхан” болоод “давж заалдах шат”-ны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
6.13.Хариуцагч нь холбогдох журмын хавсралт 2-т заасны дагуу акт үйлдсэн байх тул журмын 9.3-т “нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу байгалийн тодорхой биет хашаа зэрэг байхгүй тохиолдолд энэ журмын 2 дугаар хавсралт болох нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг үйлдэж иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө гэсний дагуу хожим буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нөхөж акт үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч энэ журмын дагуу акт үйлдэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэх
үндэслэлтэй. Төрийн байгууллагаас зарласан нээлттэй дуудлага худалдааны ялагч болж, төлбөр төлж авсан газраа төрийн байгууллагын үүргээ биелүүлээгүйн улмаас газар эзэмших эрхээ цуцлуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байгаа тул гомдолтой байна” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-гаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүх нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9.Хяналтын шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг өмнө нь шийдвэрлэж байсан хэрэг маргаанд өөрөөр хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү гарсан эсэхийг хянахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авсан боловч хэргийг хянах явцад дээрх хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн байдал тогтоогдсонгүй, ижил төстэй маргаанд нэгдмэл байдлаар тайлбарлан хэрэглэсэн байна.
10.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/615 дугаар захирамжаар “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Ю.Л-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасантай нийцжээ.
11.Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, хэрэгт авагдсан баримтаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдсон байна.
12.Нэг.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд:
13.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.
14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг 0 гэж бичсэн учраас газрын төлбөр төлөөгүй, төлбөр төлөх талаар нэхэмжлэл ирж байгаагүй, газрын төлбөрийн хэмжээг заагаагүй нөхцөлд газар эзэмшигч төлбөрийн хэмжээг өөрөө тодорхойлох боломжгүй, гэрээнд газрын төлбөрийг 0 гэж тусгасан байгаа нь нэхэмжлэгч талын буруу биш” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
15.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/879 дүгээр захирамжаар Ю.Л-д хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх үүссэнээр газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газрын төлбөр төлөгч байх бөгөөд тухайн газарт төлбөр ногдуулах, газрын эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу мэдээллийн санд дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцох учир газрын төлбөр төлөх талаар газар эзэмшүүлэх гэрээнд заагаагүй (0 гэж) нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй, түүнчлэн захиргааны байгууллагаас урьдчилан төлбөр төлөх талаарх мэдэгдлийг авснаар төлбөр төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
16.Хоёр.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:
17.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
18.Хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд “... Газар зохион байгуулалтын албанаас эргэлтийн цэгийг зааж тэмдэгжүүлж өгөхөөр тохиролцсон боловч зааж өгөөгүй, үүнээс шалтгаалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, тэмдэглэгээг хийж өгөхийг нь хүлээсэн, удаа дараа энэ талаар хэлж шаардаж байсан, газрын ерөнхий байршил орчныг тойм баримжаагаар мэдэж байгаа ч газрынхаа тодорхой нарийвчилсан байршлыг харуулах нарийвчилсан 4 цэгээ мэдэх боломжгүй, тухайн нөхцөлд газартаа хөрөнгө оруулалт хийх боломжгүй, эрсдэлтэй” гэх нэхэмжлэгч талын тайлбар нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй болно.
19.Учир нь, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн захиргааны байгууллагаас нийтэд нээлттэй, цахим дуудлага худалдааг явуулахдаа тухайн газрын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон төлөвлөж, байршлыг заасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин нэгж талбарын хил заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэглэгээг хийж өгөхийг удаа дараа шаардсан гэх боловч өргөдөл гомдол гаргах журмын дагуу холбогдох этгээдэд хандаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн газрын байршлыг нэхэмжлэгч мэдэхгүй байх боломжгүй тул энэ талаарх хяналтын гомдол үгүйсгэгдэнэ.
20.Энэ хэргийн тухайд, сонсох ажиллагаа хийсэн ч газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
21.Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0121 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2024/0233 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
М.БАТСУУРЬ