Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 034

 

С.Рапрапын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багт оршин суух Жантекей-хангельд овогт Сылаубайн Рапрапын хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Нийтийн халуун усны газарт 1980 онд үйлчлэгчээр, тус сумын Октябрь-39 нэгдэлд 1982-1986 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч С.Рапрап шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийтийн халуун усанд 1980 онд үйлчлэгчээр, 1982-1986 онуудад тус сумын Октябрь нэгдэлд малчнаар тус тус ажилласан. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон боловч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирсэн шалгалтаар 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс миний тэтгэврийг өгөхгүй зогсоосон. Би 2014 оны 11 дүгээр сараас тэтгэврийг урьдчилан зээлээр авсан бөгөөд тэтгэвэр хассан сараас эхлэн хувиараа төлж байгаа тул амьдрал хүнд байна. Намайг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийтийн халуун усны газарт ажиллаж байхад хөдөлмөрийн дэвтэр нээсэн эсэх талаар мэдэхгүй байна. Тус сумын Октябрь нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй боловч архиваас энэ талаар лавлагаа гарч ирэхгүй байгаа учраас шүүхэд хандаад байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийтийн халуун усны газарт 1980-1981 онд үйлчлэгчээр, 1982-1986 онуудад тус сумын Октябрь нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлуудыг тус тус тогтоож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БЖ58112901 регистрийн дугаартай, Жантекей-хангельд овогт Сылаубайн Рапрапыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч С.Рапрапын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хүсэлт гаргагч С.Рапрапын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд 1982-1986 оныг дуустал ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, ажилд томилсон тушаал, нотариатаар баталгаажуулсан гэрчүүдийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Гэтэл С.Рапрапын хөдөлмөрийн дэвтрийн бичилтэд шинжилгээ хийж үзээгүй байж, нэг өнгийн балаар нэг хүн бичсэн нь эргэлзээтэй гэж таамаг дэвшүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгтС.Рапрап бус түүний нөхөр 1982-1986 оныг дуустал Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд ажиллаж байсан талаар дурджээ. С.Рапрапын нөхөр малчин байхад түүний гэр бүлийн хүн зүгээр суухгүй болох нь манай улсын ХАА-н нэгдэлд ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралаар батлагдана. С.Рапрапын ажиллаж байсан талаарх баримтыг тухайн үеийн нэгдлийн хариуцлагагүйгээс болж архивт шилжүүлээгүй, нөгөө талаар бичилт хийгээгүй хохироосон байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх С.Рапрапын хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хүсэлт гаргагч анхан шатны шүүхэд Х.Айд, Т.Баянхан нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч шүүх эдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан агуулгад нийцээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнээгүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт байрлах тус аймгийн Дэлүүн сумын нэгдлийн 1980-1986 онуудын 70 дугаар данс бүртгэлд хийсэн үзлэгээр 1980 оны 70 дугаар данс бүртгэлээс бусад (1981-1986 оны) бүртгэлд С.Рапрапын талаарх мэдээлэл бүртгэгдээгүй, харин түүний нөхөр Т.Женилхантай холбоотой мэдээлэл бүртгэгдсэн талаар тогтоогджээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон уг үйл баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхгүйгээр хэрэгт хамааралгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүх архивын хадгаламж, нэгжид үзлэг хийж, улмаар баримт бүрдүүлэхдээ зарим нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулж аваагүй буюу хуулбарыг хэрэгт хавсаргасан (хэргийн 33-35, 39-45, 47-49 дугаар тал) нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4.-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг зөрчсөн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутайн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хуульд зааснаар С.Рапрапын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, С.Рапрапын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар С.Рапрапын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар С.Рапрап болон түүний төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК