Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 358

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багт оршин суух, БЖ58112901 регистрийн дугаартай, Жантекей-хангельд овогт Сылаубайн Рапрапын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр, тус сумын Октябрь-39 нэгдэлд 1982 оноос 1986 оны дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Рапрап шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сылаубайн Рапрап Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр 1982-1986 онуудад тус сумын Октябрь-39 нэгдэл малчнаар тус тус тасралтгүй ажилласан юм. Би 2014 оны 02 дугаар сарын 01-нд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон билээ. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирсэн шалгалтынхан улсад ажилласан жил нь тогтоогдохгүй байна гэж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс миний авч байсан 195000 төгрөгийн тэтгэврийг хасчхаад өгөхгүй байна. Би 2014 оны 11 дүгээр сараас тэтгэврийг урьдчилан зээлээр авсан тул тэтгэвэр ирээгүй сараас эхлэн хувиараа талж байгаа тул амьдрал маш хүнд болчхоод байна. Би Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр ажиллахад хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй юм шиг байна лээ. Лав надад өгч байгаагүй юм. Харин 1982-1986 онуудад тус сумын Октябрь-39 нэгдэлд малчнаар ажилласан талаар миний хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн боловч архивд материал ороогүй юм байна лээ. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн миний Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр 1 жил, 1982-1986 онуудад тус сумын Октябрь-39 нэгдэлд малчнаар 5 жил тус тус тасралтгүй ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Дэлүүн сумын 3 дугаар багийн иргэн Сылаубайн Рапрап нь шүүхэд 1982 оноос 1986 онуудад Дэлүүн сумын Октъябр-39 нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Учир нь аймгийн архивын газраас хүсэлт гаргагчийн ажилласан 5 жилийн лавлагаа гараагүй. Хүсэлт гаргагч 1982 оноос 1986 онуудад ажиллаж байсан нь дараах нотлох баримтаар батлагдана. Үүнд: 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хулбек гэдэг хүн гарын үсэг зурж хүсэлт гаргагчид нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэр байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргагчийг Октъябр-39 нэгдэлд малчнаар авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тушаал гэх бичилт байгаа. С.Рапрап нь 1982 оноос 1986 онуудад нэгдэлд ажиллаж байсан хоног, авсан хөлсний талаар нэгдлийн тоо бүртгэгч сар бүр баталгаажуулж бичсэн бичилт түүний хөдөлмөрийн дэвтэрт байгаа. Мөн хүсэлт гаргагчийн улсад ажилласан 5 жил нь Октъябр-39 нэгдэлд ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан Х.Айып, Дэлүүн сумын 3 дугаар багийн хүний эмч ажилтай байсан Б.Баянхан, К.Маххабат гэдэг хүмүүсийн бичиж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргээр батлагдана. Хууль сануулж гэрчээр асуусан Х.Ынтыхбай, К.Маххабат, С.Сандалхан нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, аймгийн архиваас Дэлүүн сумын цалин хөлсний 70 дугаар данснаас 1980 оны баримтыг хуулбарлаж өгсөн ба Түсеп, Абдил, Хасиен, Тохан, Сетер, Тохай, Шарипа, Рапрап зэрэг хүмүүстэй нэгдэлд хамт ажиллаж байсан нь шүүхээс архивд хийсэн үзлэг, хүсэлт гаргагчийн 1980 онд ажиллаж байсныг батлах баримтын хуулбарыг гаргаж өгсөн архивын лавлагаа зэрэг баримтуудаар батлагдана. С.Рапрап нь 1978 онд Женилхантай гэр бүл болсон. Хүсэлт гаргагч нь Дэлүүн сумын 3 дугаар багт ажиллаж амьдардаг. Шүүхээс архивд хийсэн үзлэгээр хүсэлт гаргагчийн нөхөр Женилханы 1982 оноос 1986 онуудад Октъябр-39 нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсныг нотлох баримтууд байгаа. Нөхрийнхөн туслах үйлдвэрт ажиллаж байсан байдлын талаар баримт архиваас гараад малчнаар ажиллаж байсан баримт архиваас гараагүй. Тухайн үед би туслах үйлдвэрт ажиллаж, эхнэр маань мал малладаг байсан гэж хүсэлт гаргагчийн нөхөр нь Женилхан надад хэлсэн. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж С.Рапрапын 1980 он, 1982 оноос 1986 онуудад нэгдэлд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Рапрап нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр, тус сумын Октябрь-39 нэгдэлд 1982 оноос 1986 оны дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч С.Рапрап нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийтийн халуун усад 1980 онд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч хүсэлт гаргагч С.Рапрапын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай нь шүүх хуралдаанд: ...С.Рапрап нь 1980 онд тус сумын нийтийн халуун усанд үйлчлэгчээр биш Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн ажилчнаар ажилласан байх ба түүнийг шүүхийн журмаар тогтооход татгалзахгүй гэж мэдүүлж байх тул хүсэлт гаргагч С.Рапрапын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж, тус сумын Октябрь-39 нэгдэлд 1982 оноос 1986 оны дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Хүсэлт гаргагч С.Рапрапын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийншаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 323 дугаар архивын лавлагаанд: Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн 1980 оны баримтыг шүүн үзэхэд иргэн С.Рапрапад холбогдох баримт гаргаагүй болно гэх боловч хүсэлт гаргагч С.Рапрап нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэр бригад ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан нь :

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 323 дугаар архивын лавлагаагаар Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэрийн цалин хөлсний баримтаар иргэн С.Рапрапын 1980 оны баримтыг хуулбарлаж олгосон байдал, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхээс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж буй Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь ,

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаанд: Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэрийн цалин хөлсний 70 дугаар дансны 1982-1986 оны баримтыг шүүн үзэхэд С.Рапрапад холбогдох баримт гаргаагүй байна гэх,

-2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхээс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж буй Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Хүсэлт гаргагчийн 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 7-11 дүгээр хуудас хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилт нь Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1982-1986 оны дуустал шүүж үзэхэд хүсэлт гаргагч С.Рапрапын малчнаар ажилласан талаарх баримт гараагүй гэх тэмдэглэл,

Хүсэлт гаргагч БЖ85112901 регистрийн дугаартай С.Рапрап, БЖ54072311 регистрийн дугаартай Т.Женилхан нар хууль ёсны эхнэр нөхөр болох нь 1978 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон №28 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Рапрап болон түүний нөхөр Т.Женилхан нар нь 1982-1986 онуудад Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд малчнаар хамт ажилласан эсэх талаар 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхээс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж буй Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансанд үзлэг хийхэднөхөр нь Т.Женилхантай хамт ажилласан эсэх талаарх материал гараагүй ба харин тус нэгдлийн туслах үйлдвэр бригадын малчнаар биш ажилчин албан хаагчаар Т.Женилхан нь 1982-1986 онуудад ажилласан нь үзлэгийн тэмдэглэл болон аймгийн архивын газраас хуулбарлаж олгосон баримтаар С.Рапрап нь тус нэгдэлд малчнаар ажилласан биш түүний нөхөр Т.Женилхан нь ажилласан байна.

-хүсэлт гаргагч С.Рапрапын 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 01-11 дүгээр хуудас хүртэлх бичилтийг нэг өнгийн бэхээр нэг хүн хөтөлсөн нь эргэлзээтэй байх ба уг дэвтрийн 7-11 дүгээр хуудас буюу 1982-1986 он хүртэлх ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилтийг тус шүүхээс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж буй Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансанд үзлэг хийхэд тус нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1982-1986 оны дуусталх баримтаас гараагүй тул хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

- 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гэрчээр асуугдсан Х.Ынтыхбайн гэрчийн мэдүүлэг болон Х.Айп, Т.Баянхан нарын тодорхойлолт нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хүсэлт гаргагч С.Рапрапын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэлд 1982 оноос 1986 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хүсэлт гаргагч С.Рапрапын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэр бригад ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БЖ58112901 регистрийн дугаартай, Жантекей-хангельд овогт Сылаубайн Рапрап нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Рапрапын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ