Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01262

 

Ш.Н-, А.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1286 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ш.Н-, А.Э- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Б-өд холбогдох,

“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирал А.Б-ийн эрх дуусгавар болж шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, А.Б-өөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Барбарих, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунаа, хариуцагч А.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Н- нь “Найн Т” ХХК-ийн 35 хувийн, А.Э- нь 30 хувийн, А.Б- нь 35 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр санаа нэгдэн “Найн Т” ХХК-ийг үүсгэн байгуулж, А.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдэг авсан. Гүйцэтгэх захирал А.Б- нь “Найн Т” ХХК-ийг төлөөлөн өөрийн дур зоргоор, бусад хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “Найн Т” ХХК-ийн дийлэнх олонхи буюу 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Н-, А.Э- нарын эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж хөрөнгө оруулалтыг саатуулж улмаар үнэ цэнийг унагаах бодит байдлыг бий болгосон нь нэхэмжлэгч бидний олох ашиг орлогод хохирол учруулж байна.

А.Б-ийг уг нэхэмжлэлээ татаж авах, бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлтэйгээр хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байх, бусад хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, мэдээллээр хангахыг удаа дараа шаардсан боловч компанийн болон гэрийн хаягтаа байхгүй, утсаа авахгүй зугтаах болсон.

Иймд 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Н- 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг үндэслэн компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг гаргаж, гүйцэтгэх захирал А.Б-өд компанийн дүрэмд дурдсан компанийн болон гэрийн, и-мэйл хаяг, мессэжээр мэдэгдэж хүргүүлсэн боловч Компанийн тухай хуульд заасан 10 хоногийн хугацаанд ямар нэг шийдвэр гаргаагүй.

Иймд Ш.Н- хувьцаа эзэмшигчийнхээ бүрэн эрхийн дагуу Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.7 дахь заалтуудыг үндэслэн “Найн Т” ХХК-ийн ээлжит бус хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулах шийдвэр гаргаж, гаргасан шийдвэр зэргийг дээр дурдсан хаягууд, и-мэйл, мессэжээр илгээн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.

Энэ зарын дагуу 35 хувийн хувьцаа эзэмшигч А.Б- хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ирж, 100 хувийн ирцтэйгээр хурал эхэлсний дараа хуралд оролцохгүйгээ мэдэгдэн хурлыг орхиж явсан. 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Н-, 30 хувийн хувьцаа эзэмшигч А.Э- нар буюу 65 хувийн хувьцаа эзэмшигчид үргэлжлүүлэн хуралдаж, А.Б-ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, У.Барбарихыг гүйцэтгэх захирлаар томилж, “Найн Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгож, “Плагиоклаз” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэг болзолгүйгээр буцаан шилжүүлж, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг “Гоби Минералс Групп” ХХК-д шилжүүлж, компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэж тогтоолыг баталсан.

Хариуцагч А.Б- нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч гадаадын хөрөнгө оруулалт босгох үүрэгтэй ажиллах “Гоби Минералс Групп” ХХК-д зөвхөн өөрөө 20 хувийг эзэмших шаардлага тавиад, санаархлаа хэрэгжүүлэхийн тулд “Плагиоклаз” ХХК, “Гоби Минералс Групп” ХХК-ын хооронд байгуулсан “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-д заасан гүйцэтгэх захирал компанийн эрх ашигтай нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах гэсэн заалтыг, Компанийн дүрэмд заасан компанийн болон гэрийн хаягтаа байхгүй, утасны дуудлага, мессэжэд хариу өгөхгүйгээр, компанийн дүрэм, гэрчилгээ, тамга тэмдгийг авч санаатай зугтааж байгаа нь 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Н-, А.Э- нарын эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байна.

Түүнчлэн А.Б- нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тул түүний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон байдаг.

Иймд “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоон, гүйцэтгэх захирал А.Б-ийн эрх дуусгавар болж, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоон, А.Б-өөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулан, түүний хууль зөрчсөн үйлдлийг нь таслан зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Н-, А.Э- нар нь удаа дараа компанийн хурлыг хууль зөрчин хуралдуулж, хууль бус шийдвэрүүд гаргаж, хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал А.Б-ийг хохироож байгаа.

Тухайлбал, “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсан бөгөөд тэгэхдээ “гүйцэтгэх захирал А.Б- нь тодорхойгүй шалтгаанаар хуралд оролцоогүй болно” гэж тэмдэглэжээ.

Уг хурлаар Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Улаан цохио нэртэй газрын ХҮ-019899 тоот ашигт малтмалын хайгуулын анхдагч материал, тайлан, мэдээ, мэдээллийн хамт “Гоби Минералс Групп” ХХК-д шилжүүлэх тухай, хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүх эрхийг “Плагиоклаз” ХХК-ийн захирал М.Машбатад итгэмжлэн олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулсан. Энэхүү зарлан хуралдуулсан гэж байгаа хурлын шийдвэрүүд нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хувьцаа эзэмшигч А.Б-өд хурлын зарыг зохих журмын дагуу мэдэгдэлгүй, эрх ашгийг илтэд хохироосон болно. Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн зэрэг хуульд нийцээгүй олон зөрчлийг гаргасан болно.

Түүнчлэн, хурлын хэлэлцэх асуудал, хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт зэрэг хуралд бэлтгэж баримт бичгүүдийг бэлэн болгохгүйгээр богино хугацаанд хурлыг хийх гэж оролдсон. Үүгээрээ Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.1, 60.2.2, 60.2.4, 60.2.5 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн болно. Мөн хуулийн 60.3-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэсэн заалтыг баримтлаагүй байна. Ийнхүү богино хугацаанд компанийн гүйцэтгэх захирлыг 2 ч удаа өөрчилсөн шийдвэр гаргасан нь хурлын шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.

Иймд “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэр нь Компанийн тухай хууль, компанийн дүрмийн олон заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан хариуцагч А.Б-ийг “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаар, 16/09 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, “Найн Т” ХХК-ийн аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг албадан гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1286 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал А.Б- нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Өдрийн сонины 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №80 дугаарт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар зарласан, мөн Өдрийн сонины 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №126 дугаарт 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 цагаас хойшлосон хуралдааны хуралдуулахаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж зарлуулсан. Хувьцаа эзэмшигчид хурлын товыг мэдсэн атлаа хуралдаа ирж оролцоогүй болно. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т зааснаар хурлын ирцийн хувь хүрээгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг гүйцэтгэх удирдлага товлосон болно. Энэ талаар буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл зэрэг нь хэргийн материалд авагдсан бөгөөд хуулийн дагуу дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан боловч нэхэмжлэгч нар санаатайгаар ирээгүй. Нэхэмжлэгч нарын хуралд ирээгүй нь гүйцэтгэх удирдлага хуулинд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хэргийн материалд байгаа нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх Компанийн тухай дээрх хуулийн заалтыг буруу тайлбарласан гэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж зааддах шатны шүүхийн магадлалыг хянаж анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан хариуцагч А.Б-ийн “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Харин хоёр шатны шүүхийн эрх зүйн маргааны зарим үйл баримтын талаарх дүгнэлтийг залруулах шаардлагатай ба ийнхүү хяналтын шатны шүүхийн хийж буй дүгнэлт шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Ш.Н-, А.Э- нар нь А.Б-өд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16\09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг, гүйцэтгэх захирал А.Б-ийн эрх дуусгавар болж, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсон болохыг тус тус тогтоолгох, “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулах шаардлагуудыг тусгажээ. Хариуцагч А.Б- нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, хэлэлцэх асуудлыг урьдчилж мэдэгдээгүй учир хурлын шийдвэрийг хууль болон компанийн дүрмийг зөрчсөн гэж маргасан боловч хурлын шийдвэрийн талаар сөрөг шаардлага гаргаагүй байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.3.-т зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн  хурал байх ба хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. Мөн зүйлийн 59.4.-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн  шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой ба тухайн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн  хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болохоор энэ зүйлийн 59.5.-д заажээ.

Хоёр шатны шүүх Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зохигчдын хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч А.Б-ийг “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй болсон буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаар, 16/09 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр болохыг, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нарыг ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан эсэх нь баримтаар нотлогдоогүй учир ээлжит бус хурал болон хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч А.Б-ийн 99113903 дугаартай утас руу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийн удаа дараа залгасан, мессеж бичсэн С.Чинзоригийн тэмдэглэл, утсаар ярьсан ярианы тухай тэмдэглэл, [email protected] цахим шуудангийн хаягт бичсэн мэйл захидал, PDF хэлбэрээр бичигдсэн уг захидлын агуулга, өдөр тутмын сонинд хэвлэгдсэн зар зэрэг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нотлох баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүйгээс гадна 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хуралд хүрэлцэн ирсэн байна.

Энэ тохиолдолд шүүх Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4., 61 дүгээр зүйлийн 61.7.-д заасан шаардлага зөрчигдсөн, улмаар энэ өдрийн хурал болон хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг компанийн гүйцэтгэх захирал биелүүлэхгүй байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчид хурлаа зарлан, зарыг мэдэгдэж хуралдсан явдлыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4., 61.7.-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой бөгөөд энэ хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болох байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тэдгээрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага шүүхэд гараагүй тохиолдолд уг хурал болон хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр байх тул хүчин төгөлдөр хурал болон шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг  шүүхээр тогтоолгох шаардлагагүй болно.

Энэ утгаар “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаар, 16/09 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг дээрх тогтоолууд хүчин төгөлдөр бус учраас биш харин угаас хүчин төгөлдөр тогтоолуудыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагагүй учир хэвээр үлдээх боломжтой гэж үзэв.

Харин дээрх хурлаас гүйцэтгэх захирлаар томилогдсон У.Барбарих нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Найн Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлж, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсны дараа хариуцагч А.Б-өөс компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1286 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                Ц.АМАРСАЙХАН