Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 306

 

                                                                    

 

 

 

 

 

         Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Агар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ,    

Цагаатгагдсан Б.Алтанбагана, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Д.Батбаяр, 

Цагаатгагдсан Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5/16 дугаартай  улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн 201625012681 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбагана, 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37-739 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УХ96052719/,

Дугар тайж овогт Батсайханы Өлзийбаяр, 1996 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 76 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: КЮ96040614/,

Б.Алтанбагана нь Б.Өлзийбаяр, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршалын гүүр”-ний доор иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг,

Б.Өлзийбаяр нь Б.Алтанбагана, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг,

Б.Өлзийбаяр нь Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Алтанбаганад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар, Б.Өлзийбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллахаас татгалзсан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Алтанбаганад, Б.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг тус тус цагаатгаж, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

а) 96 хуудастай улаан эрээн дэвтэр, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр, камерын бичлэг 25 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж, мөрдөн байцаалтад туршилт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанаас хийсэн бичлэг, гэрэл зураг, бэхжүүлж авсан 3 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах,

б) унадаг дугуй 2 ширхэгийг улсын орлогод оруулж,

в) хуванцар иштэй заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг, бор өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, чулуу 6 ширхэг, цэнхэр өнгийн товч 1 ширхэг, Юнителийн сим картны үүр 2 ширхэг, толгойны хамгаалалтын малгай 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, ягаан хөх өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн хутганы гэр 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, шаргал өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн шорт 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, бургасны мөчир, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, “Нокиа-Ч-6” загварын гар утас 1 ширхэг, саарал өнгийн “Нокиа” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нар нь тус бүр 654 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн 201625012681 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг тус тус цагаатгаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршалын гүүр”-ний доор А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хангалттай нотолж тогтоогоогүй байна...” гэж дүгнэсэн атлаа мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв…” гэжээ.

Дээрх заалтаас үзэхэд анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хангалттай нотолж тогтоогоогүй байна” гэж дүгнэж бичсэн байтлаа мөн “мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт хамааралтай, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэж дүгнэн бичсэнийг тогтоолд шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй гэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь заалтыг зөрчжээ.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгахдаа ямар нотлох баримтуудыг үндэслэл болгосон, прокуророос яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн талаарх үндэслэлийг тогтоолд заагаагүй байна. Иймд цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэх шаардлагуудыг хангаагүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэх зэргээр бүрэн, бодитой дүгнэлт хийлгүй тэдгээрийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт заасанчлан цагаатгах тогтоолд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргасан, шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлөх эсэхийг заагаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Д.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай цагаатгах тогтоолын 2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх тогтоолын 2 дахь хэсгээр, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгг холбогдуулан Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгав.

Анхан шатны шүүх ийнхүү цагаатгаж шийдвэрлэсэн дүгнэлт үндэслэлээ “Шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Маршалын гүүр”-ний доор А.Цэрэн-Өлзийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хангалттай нотолж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Батням нь Алтанбагана бид хоёроос хамт яваад өгөөч гэж гуйсан, тэгээд л зөвшөөрч ханиндаа очсон, тэгээд тэр хүүхэд нь ирсэн бол Батнямтай хамт ажил хийж байгаа цалингаа буухаар мөнгөө нийлүүлээд дугуйны мөнгийг өгнө гэж хэлэх гэсэн санаа зорилготой очсон өөр бусдаар ямар нэг санаа зорилго байгаагүй. Батням хохирогчийг ирэхээр нь миний унаж яваа дугуйг аваад зугтаачих, тэгвэл мөнгө нь нэхэгдээд буй дугуйг бусдад булаалгасан болж харагдая гэж хэлж байсан, бид хоёр Батнямын тэр хэлж буй үгийг тоож авч хэлэлцээгүй, тоглоом шоглоом болгоод өнгөрсөн” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг бусдыг шунахай сэдэлтээр санаатай алахыг завдсан талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотолж тогтоогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй” гэжээ.

Цагаатгах тогтоолын эдгээр дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Хэрэгт 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар өөр хоорондоо дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хохирогчтой ярилцъя гэж тохиролцсон ярилцсан зүйл байхгүй, ийм яриа болоогүй, мөн үүнийг нотлох ямар нэгэн үйл баримт байхгүй. Харин мөрдөн байцаалтад Б.Өлзийбаяр “Дугуйны мөнгө өгөх хугацаагаа 7 хоног хойшлуулаач гэж гуйх байсан, манай ажлын цалин 7 хоногийн дараа буух байсан юм аа, тэрийг хэлье гэж бодсон”, мөн Б.Алтанбагана “Өлзийбаяр бид хоёрын санаа бол дугуйны мөнгө өгөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйна гэж бодож байсан” гэжээ. Тэдний энэхүү бодлыг нь шүүх “Маршалын гүүрний дор очиж хохирогчтой уулзах гэсэн зорилго” гэж дүгнээд үүнийгээ хохирогчийн болон Б.Батнямын гар утасны мессежүүдээр тогтоогдсон гэж үзэж алдаатай дүгнэлт хийв. Хэрэгт тухайн өдөр Б.Батнямд дугуйн үнийг төлөх мөнгө байгаагүй, Б.Өлзийбаярын гар утсыг 40.000 төгрөгөөр барьцаанд тавьж, үүнээсээ идэх юм, ундаа авсан талаар мэдүүлдэг бөгөөд Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар мөн өдрийн 20 цагийн орчимд Маршалын гүүрний дор голын эрэгт очиж, улмаар Б.Батням нь хохирогч А.Цэрэн-Өлзийгийн гар утсанд 20 цаг 16 минутаас эхлэн 12 цаг 02 /шөнийн 00:02/ минутын хооронд “юу байна, оройн мэнд. Манай ах чамд миний дугуйны бүх мөнгийг яг одоо өгье гэж байна. Чи гялс одоо ирээд авчих тэгэх үү, манай ах Маршалын гүүрний голын эрэг дээр амарч байна буцаад явахдаа би чамайг хүргээд өгье, намайг их мөнгөтэй яваад хэрэггүй гэнэ, ахаас гуйсан чинь үгүй гээд байна шүү дээ, тэгээд хоёулаа ахиж мөнгөний асуудалгүй болно тэгэх үү, ахдаа ч би итгэл төрүүлмээр байна” гэсэн мессежүүдийг илгээсэн бөгөөд харин хохирогч А.Цэрэн-Өлзий хариуд нь “Ийм орой явахгүй ээ, харин чи наад ахаа зүгээр ийшээ хүрээд ир гэж хэлээч, аймаар ойрхон байж байгаан байж” гэхэд Б.Батням “Ахад би тэгэж хэлбэл бүр уурлаад мөнгө өгөхгүй, мөнгөтэй байгаа дээр нь авчих л даа, ах удахгүй явах гээд байнаа тэгэх үү, би ахыг гуйж байгаа болохоор хэцүү байна, за чи тэгвэл ирэхгүй гэсэн үг үү, мөнгө чинь байгаа юм чинь маргааш өдөр гэрэлтэйд уулзах уу, маргааш би хамаатны нэг ахаасаа мөнгө авчихаар болчихлоо, хоёулаа цуг ганц өдөр дугуй унах уу” гээд хамгийн сүүлд 12 цаг 02 минутад “за за, сая ах ийм орой явуулахгүй гээд байсан юм, намайг уучлаарай” гэсэн мессежүүдийг Б.Батнямын 88130816 дугаарын гар утаснаас тасралтгүй илгээсэн байгаа нь хохирогч А.Цэрэн-Өлзийгийн 99012892 дугаарын гар утсанд хадгалагдаж үлдсэнийг үзлэг хийн гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Б.Батнямын хохирогчид илгээсэн мессежүүдийг бүрнээр нь дээр нэг бүрчлэн бичсэн бөгөөд түүний агуулгаас үзвэл мөнгөө ирж ав гэж /үнэн хэрэгтээ түүнд мөнгө байгаагүй/ дахин дахин шавдуулж, шөнийн цагаар найз нөхдөө дагуулан Маршалын гүүрэн дор дуудаж хуурч мэхлэн ирүүлэх гэсэн бусармаг санаа агуулж байгааг шүүх яагаад “Дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах зорилгоор талийгаач Цэрэн-Өлзийтэй уулзахаар Маршалын гүүрний дор очсон” гэж илтэд үндэслэлгүй дүгнэв, олон мессеж илгээсний алинд ч ийм санаа агуулагдаагүй. Иймд тогтоолын дээрх дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь яг энэ нөхцөл байдалтай холбоотой, энэ байдлын эсрэг, эрс үгүйсгэсэн Б.Батнямын мэдүүлэг хэрэгт бий.

Б.Батням 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлэгтээ “2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Цэрэн-Өлзий миний гар утас руу залгаж надтай ярьсан. Мөн дээрээс нь над руу мессеж бичсэн. Мессеж бичихдээ дугуй болон мөнгө надад авчирч өг гэж бичсэн байсан. Тэгэхээр нь орой ажлаа тараад Алтанбагана, Өлзийбаяр нартай уулзан дугуйны өрнийхөө талаар яриад яаж мөнгө олох вэ гэж ярилцсан. Тэгээд ажлаасаа 19 цаг өнгөрөөгөөд Алтанбагана, Өлзийбаяр нарын хамт дугуйтай гараад Маршалын гүүрний орчимд 20 цагийн үед очсон юм. Алтанбагана, Өлзийбаяр хоёртой би ярилцаж нэг зүйл тохирсон. Намайг Цэрэн-Өлзийтэй уулзаад байж байхад Алтанбагана, Өлзийбаяр хоёр хүрч ирээд намайг зодож дугуйг дээрэмдэн явахаар тохирсон. Цэрэн-Өлзийг зугтаагаад явчих байх гэж бодсон. Тэгээд Цэрэн-Өлзий рүү мессеж бичсэн чинь орой уулзахгүй гэсэн” гэжээ. Анхан шатны шүүх ийм баримтууд байсаар атал энэ гол баримт болон түүний эргэн тойронд болж буй үйл явдалтай холбогдох баримт фактад эрх зүйн үүднээс дүгнэлт өгөөгүй. Зөвхөн Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарын мэдүүлснийг үндэслэн Маршалын гүүрэн дор очсон зорилго гэдгийг тогтоогоод хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Эдгээр мэдүүлгүүд нь А.Цэрэн-Өлзийг Маршалын гүүрэн дор ирүүлэх, ирэхээр нь Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар Б.Батнямыг зодож дугуйг нь авч зугтаах гэсэн гэмт хэргийн халдлага зохион байгуулах талаарх яриа тохиролцоо бодитойгоор бий болсныг нотлох төдийгүй Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар Б.Батнямын тавьсан дээрх саналаас татгалзаагүй, эсэргүүцээгүй, харин дэмжиж улмаар хамтдаа явж Маршалын гүүрэн дор очиж А.Цэрэн-Өлзийг дуудаж түүнийг ирэхгүй болохоор буцсан баримтуудаар нотлогдож байна. А.Цэрэн-Өлзий тэдний дуудсанаар ирээгүй учир тэдний гэмт санаа биелэгдэж хэрэгжээгүй. Харин А.Цэрэн-Өлзий ирсэн бол тэдний зохион байгуулж буй гэмт халдлагад өртөж амь насаа алдах бодит нөхцөл бүрдсэн, тэд бүрдүүлсэн гэж үзэж байна. А.Цэрэн-Өлзийг мөнгө чинь бэлэн ирж ав гэж хуурч мэхлэн шөнийн цагаар, хүний хөлөөс зайдуу эзгүй газрыг сонгон дуудан ирүүлж зориуд гэмт хэргийн халдлага зохион байгуулж алах гэж байсныг 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр тэдний гарт А.Цэрэн-Өлзий амь насаа алдсан явдал гэрчилнэ.

Хэргийн дээрх байдлууд нь бусдыг санаатай алахаар завдсан гэмт хэргийн тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна.

Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар А.Цэрэн-Өлзийг санаатай алахаар завдсан талаар мэдүүлэг өгөх албагүй боловч тэдний үйлдэл нь санаа сэтгэлээрээ, үйлдлээрээ нэгдсэн болохыг дээрх баримтууд харуулж байна. Үүнээс тэдний Цэрэн-Өлзийг алахыг завдсан гэмт хэргийн субъектив санаа зорилго, сэдэлт харагдана. Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарын “Батнямыг дугуйг аваад зугтаачих гэж хэлснийг тоглоом гэж ойлгосон” гэх мэдүүлэг нь болсон нөхцөл байдлын үүднээс авч үзвэл тэднийг гэмт хэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүх шийдвэр гаргахад чухал ач холбогдол бүхий 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн, хохирогчийг дуудан ирүүлж зориуд гэмт халдлага зохион байгуулж амь насанд нь халдах гэсэн энэ бодит байдлыг орхигдуулж, харин Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарын “Цэрэн-Өлзийг ирэхээр Батнямын авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хэлнэ гэж бодож байсан” гэдэг мэдүүлгийг илүү ач холбогдолтойд тооцон үнэлж хэргийг шийдвэрлэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бол”, мөн зүйлийн 319.1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” тул хуулийн энэ шаардлагыг хангаагүй дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ийнхүү зөрчсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийн “хууль ёсны ба үндэслэл бүхий” тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, гэмт этгээдүүдэд ял завшуулсан явдал гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолд заавал шийдвэрлэвэл зохих хохирлын тухай асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Б.Гэршихбөртэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Цагаатгагдсан Б.Алтанбаганын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой, нотлох баримтыг зөв үнэлэн дүгнэж цагаатгах тогтоол гаргасан. Улсын яллагч эсэргүүцэлдээ “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй” гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Цагаатгах тогтоолын агуулгаас дурдахад “хэргийн бүх байдлыг тал бүрээс нь шалгах ёстой бүх зүйлийг шалгасан боловч Алтанбаганыг Батням, Өлзийбаяр нартай бүлэглэн хохирогчийг санаатай алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэсэн” гэх дүгнэлт нь улсын яллагчийн ярьж буй шиг хууль хэрэглээний хувьд зөрчил гарах боломжгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой дараах тайлбарыг хийе. Алтанбаганыг бусадтай бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ үйлдлийг нотлох ямар ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Хохирогчийн өмгөөлөгч Батнямын мэдүүлэг, Өлзийбаярын мэдүүлэг, Алтанбаганын мэдүүлэгт буй “намайг очихоор миний унаж явсан дугуйг булаагаад зугтаарай” гэж Батням хэлж байсан талаар асуудлыг ярьдаг. Алтанбагана, Өлзийбаяр нар үүнийг “Батням ингэж хэлэхээр нь бид хоёр тоглоом гэж бодоод тоогоогүй” гэж хэлдэг бөгөөд үүний хариуд ямар ч хэлцэл, яриа хийгээгүй байдаг. Ингэж хоорондоо ярилцсан байдлыг хохирогчийн өмгөөлөгч “энэ гурав бусдыг санаатай алахаар хүсэл зорилго, санаа сэтгэлээ нэгтгэж очсон” гэж ярьдаг. Хэрэв энэ гурав хүнийг санаатай алахаар санаа зорилгоо нэгтгэсэн бол хохирогч руу шууд чиглэсэн ямар нэг үйлдэл хийх хүсэл зоригоо нэгтгэнэ үү гэхээс биш Батням руу чиглэсэн үйлдэл хийхээр ярилцсныг хохирогчийг алахаар завдсан байна гэж үзэх боломж байхгүй. Завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг шууд хийсэн боловч ямар нэгэн байдлаар энэ нь төгсөөгүй байхыг ойлгодог. Гэтэл Алтанбагана, Өлзийбаяр нар Батнямыг хохирогч руу мессеж бичсэнийг мэдээгүй байсан. Энэ нь хангалттай нотлогдсон учир эдгээр хоёр шүүгдэгчийг Батнямтай бүлэглэж хохирогчийг алахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа хээрээс олдсон заазуурын асуудлыг шалгуулах үндэслэл заасан. Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу бүх мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн боловч эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар зэвсэг хэрэгсэл бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогддоггүй. Иймд давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан Б.Алтанбаганын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан Б.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж улсын яллагч болон хохирогч талын өмгөөлөгч нар үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед 27 хүний мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, дагуу цугларсан нотлох баримт учир хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн гэсэн байна. Иймд үүнийг дэлгэрүүлэн тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар “хэрвээ тэр үед амь хохирогч гарч ирсэн бол энэ хэрэг үйлдэгдэх байсан” гэсэн таамаглалын байр суурьтайгаар тухайн гүүрний орчмоос олдсон хутга зэрэг зүйлүүдтэй холбон тайлбарладаг. Улсын Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа заасан гурван ажиллагааны нэг нь мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа юм. Энэ ажиллагааг хоёр талын өмгөөлөгч, прокурор оролцон хийсэн. Хэрэгт “гүүрэн доор” гэж дурдагдаж буй газар нь арай өөр газар байсан. Олдсон гэх хутга, заазуур зэрэг нь очсон гэх газраас өөр газраас олдсон. Энэ үйл баримтаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд заасан гэмт хэргийн  шууд чиглэсэн үйлдэл тогтоогддоггүй. Мөн тухайн үед хэрэв амь хохирогч гарч ирсэн бол энэ хэрэг үйлдэгдэх байсан гэх хууль зүйн дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тоогтоол хуульд нийцсэн, үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан Б.Алтанбагана тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршалын гүүр”-ний доор иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байна.   

Гэвч шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. 

Өөрөөр хэлбэл, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нар нь Б.Батнямын хамт 2013 оны 8 дугаар сарын 6-ны орой А.Цэрэн-Өлзийтэй уулзахаар Маршалын гүүрний доор очсон болох нь хохирогчийн болон Б.Батнямын гар утасны мессежүүд, Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа боловч ийнхүү очихдоо хохирогчийн амь насыг бүрэлгэхээр үгсэн тохиролцож, үүрэг оролцоогоо хуваарилж, хутга, заазуур бэлтгэсэн гэх нөхцөл байдал буюу тэдний гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго, сэдэлт тогтоогдохгүй байна.

Мөн “Маршал таун” хотхоноос 20 метрийн орчим байх овоолсон шорооноос олдсон 3 ширхэг заазуур нь 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс хойш 8 хоногийн дараа олдсон, тэдгээр заазуурууд дээрээс гар, хурууны хээ болон цус, биологийн ул мөр илрээгүй байх тул шүүгдэгч нарыг энэхүү эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг ашиглан гэмт хэргийг үйлдэхээр завдсан, бэлтгэсэн гэж үзэх шалтгаант холбоо, хамаарал тогтоогдохгүй байна.

Маршалын гүүрний орчмоос олдсон гэх заазуурыг тэднийг бусдыг алахаар завдсан, бэлтгэсэн гэмт хэргийн эд мөрийн баримт гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байх бөгөөд түүнийг эрүүгийн хэргийн эд мөрийн баримт болгон бэхжүүлж авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж, мөрдөн байцаагч тогтоолоо нөхөж үйлджээ. Тухайн эд мөрийн баримтаас ямар ч ул мөр илрээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарыг 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр талийгаач А.Цэрэн-Өлзийг алахаар бэлтгэлтэй очсон, улмаар алахыг завдсан гэж үзэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байна. Тэд амь хохирогч А.Цэрэн-Өлзийтэй уулзахаар очсон нь үнэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан бэлтгэлийг хамтарч хангасан, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн зэрэг гэм буруутай үйлдлийг урьдчилан хийсэн гэж үзэх ямар ч нотлох баримт байхгүй ба  Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарыг дээрх үйл баримттай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан боловч тогтоогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тохиолдолд “...хэрэв эрүүгийн хэрэг үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 24.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрвэл шүүх шүүн таслах ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.” гэж тус тус заажээ.

Иймд Прокуророос Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарыг цагаатгах нь зүйтэй.

Мөн Прокуророос Б.Өлзийбаярыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг прокурор Д.Агар “шүүгдэгчийг гэм буруугүй” гэсэн үндэслэлээр яллахаас татгалзсан ба шүүхээс Б.Өлзийбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байна.  

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж удаа дараа мэдүүлдэг мөн нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд шүүгдэгч нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.2 дахь хэсэгт зааснаар төлбөрийн тухай хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийг дүгнэлт хийлгүй орхигдуулсан талаар бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нарын гомдлын энэ хэсэг үндэслэлтэй байна.

Мөн Прокуророос Б.Өлзийбаярыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Б.Батнямтай бүлэглэн” гэснийг бичилгүй орхигдуулсан алдаа гаргажээ.  

Иймд цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Д.Агарын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Дугартайж овогт Батсайханы Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллахаас татгалзсан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Дугар тайж овогт Батсайханы Өлзийбаярыг, Гаваадугар овогт Батболдын Батнямтай бүлэглэн бусдыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч яллахаас татгалзсан тул Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбаганад, Дугартайж овогт Батсайханы Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбагана, Дугар тайж овогт Батсайханы Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бүлэглэн, бусдыг шунахайн сэдэлтээр алахыг завдсан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж,

Цагаатгах тогтоолд “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан тул төлбөрийн тухай авч хэлэлцэхгүй орхисугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5/16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                      

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ  

                          ШҮҮГЧИД                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ