Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0084

 

 “Х и” ХХК-ийн гомдолтой

     захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, П.Г, хариуцагч улсын байцаагч Ц.Э, Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Х и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 909 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 25 дугаар зүйлийн 251.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х и” ХХК-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Э, Н.Б нар давж заалдах гомдолдоо: “...Татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг “Х и” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, татварын албаны бүртгэл мэдээллийн сангийн хөндлөнгийн мэдээлэл болон бусад баримтад тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд шалгалтын явцад шаардагдах нотлох баримтыг татвар төлөгчөөс авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт материалын хүсэлтийн дагуу гаргаж өгсөн баримтын жагсаалтаас харагдана. Энэхүү байдал нь татвар төлөгчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нөгөө талаас шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчилд холбогдох татвар төлөгдсөн талаарх нотлох баримт байхгүйг баталж байна.

...Шүүхээс зөрчил хэрэг нээх байсан гэж дүгнэсэн атлаа шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэж байна. Зөрчлийн хэрэг нээх гол үндэслэл нь нотлох баримт цуглуулах, түүнийг үнэлэх ажиллагаа байдаг. Тухайн компанийн тухайд зөрчлийг үгүйсгэх нотлох баримт байхгүй, цаашид ч гарч ирэхгүй, нөгөө талаас нягтлан бодох бүртгэл болон анхан шатны баримт тайлан тэнцлээр уг зөрчил нь хангалттай нотлогдсон болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэх үүргээ хэрэгжүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс “...зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул зөрчлийн хэргийн тэмдэглэл болон нэхэмжлэлд дурдсан хууль хэрэглээн дээр дүгнэлт хийх шаардлагагүй” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах,…” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.2-т ““зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно гэж зохицуулснаас үзэхэд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтны ажиллагааг маргаан бүхий энэ тохиолдолд зөвхөн зөрчлийн хэрэг нээсний үндсэн дээр уг хуульд заасан ажиллагааг явуулна гэсэн ойлголтоор хязгаарлах боломжгүй, хариуцагчаас зөрчлийг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг явуулсан бол зөрчлийн хэрэг нээгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь учир дутагдалтай байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж тус тус заасныг үндэслэн Татварын ерөнхий хуульд заасны дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын томилолтоор татварын улсын байцаагч Ц.Э, Н.Б нар нь “Х и” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны санхүүгийн баримтад иж бүрэн шалгалт хийх явцад зөрчил илэрсэн гэж үзээд шийтгэл ногдуулсан. Ийнхүү шалгалтын ажиллагааг явуулахдаа холбогдогчоос мэдүүлэг авч, оролцоог нь хангаж, зөрчилд холбогдох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийж, гомдол гаргагчаас анхан шатны баримтуудаа өгөхийг шаардаж, хэрэв зөрчил гаргаагүй гэж үзвэл холбогдох үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа гаргах бололцоог олгожээ.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д заасан татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүргээ гомдол гаргагч биелүүлээгүй, зөрчлийг үгүйсгэх баримтыг зөрчил шалган шийдвэрлэх болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн дурдсанчлан зөрчлийг хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулснаар татварын улсын байцаагчаас нэмж цуглуулах баримт байхгүй, үүнтэй холбогдуулан нөхцөл байдал өөрчлөгдөхгүй учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж хариуцагчийг буруутгах, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин эхнээс нь явуулах нь ач холбогдолгүй гэж үзэхээр байна.

Ийнхүү анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсний улмаас шийтгэлийн хуудсанд  хууль зүйн дүгнэлт өгөөгүй, гомдол гаргагч хуулийн этгээд Татварын хууль тогтоомж, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг огт дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй” байх тул давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий акт, нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгч хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН