Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0099

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр       Дугаар 128/ШШ2021/0099            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Х.и” ХХК

Хариуцагч: ТЕГ ТУБ Н.Б, Ц.Э

Гомдлын шаардлага: “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, О.Б, П.Г, хариуцагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “Х.и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “ТЕГ ТУБ Н.Б, Ц.Э нар манай компанийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчил гэх 4,794,613,795.14 төгрөгт нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөрийг эрх бүхий албан тушаалтны 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардан авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Шийтгэлийн хуудасны салшгүй бүрдэл хэсэг болох Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд: "...1. 2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардлыг, 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох ...274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг ...орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зорчил..."-тэй гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль бусаар шийдвэрлэсэн байна.

Манай компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.1-д “Түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал...”, 12.1.6-д “урсгал засварын зардал...” 12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс...”, 12.1.21-д “тээврийн зардал..." гэж заасны дагуу бизнесийн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа тухайн тайлант үед татвар ногдох орлогоос хасагдах зардлууд болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасаж илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох...”, 20.3-д “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь. бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно...” гэж заасны дагуу 2014 оны алдагдал -371,903,106.89 төгрөг, 2015 оны алдагдал -412,285,515.96 төгрөгийн алдагдлыг, ашиг буюу татвар ногдуулах орлого 2016 оны 489,766,412.20 төгрөг, 2017 оны 748,093,672.90 төгрөгийн 50 хувь буюу 618,930,042.55 ((489,766,412.20+748,093,672.90)*50%) төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулж өгөх залруулгыг шалгалт хийсэн байцаагч нар хийгээгүйгээс 61,893,004.25 төгрөгийн татварыг улсын төсөвт илүү ногдуулан төлсөн байна.

2. Тэмдэглэлд: “... 3. 2016 онд 27,854,545.45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл Албан татварт хасалт хийх, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6,4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.

Манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8. 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно”, 14.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...”гэж заасны дагуу хасалт хийсэн болно. Өөрөөр хэлбэл тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй холбогдон гарсан худалдан авалт буюу харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар тул хууль зөрчөөгүй болно.

3. Тэмдэглэлд: “... 4. 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Албан татварт хасалт хийх”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасныг...” зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.

Манай компани дээрх яригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан бөгөөд зөвхөн цаашид уг үл хөдлөх эд хөрөнгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилгоор тухайн тайлант хугацааны зардалд орох дулаан, цахилгааны зардал, мөн худалдан борлуулах зорилготой тус үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрыг тохижуулах, гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга, эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-д  “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно.

Энэхүү хууль бусаар ногдуулж буй 417,534,071.70 /4,175,340,716.96*10%/ төгрөгийг манай компанийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дахь илүү төлөлтийг бууруулан шийдвэрлэсэн атлаа дахин эрх бүхий албан тушаалтны 0******* дугаартай шийтгэлийн хуудсанд “...нийт 464,255,688.90 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгасугай...”, мөн Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлд “...1 ...нэмэгдсэн өртгийн албан татвар 420,319,526.30 төгрөгийг УТОХГ-ын 100 900 000 303 тоот дансанд...” бэлнээр төлөхийг даалгасан нь хууль бус байна.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд ногдуулсан 247,580.00 төгрөгийн төлбөрийг хуулийн үйлчлэлд хамруулж хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлт оруулсан.

4. Тэмдэглэлд "...5. 2013, 2014, 2015, 2016, 2017 онд 24,758,000.00 төгрөгийн үнэ бүхий ... 2 давхар конторын барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, татвар төлөөгүй зөрчил нь ... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль...” зөрчсөн гэжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...” 10 дугаар зүйлийн 10.1-д ...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөлөөгүй байна.

Мөн өршөөлд хамрагдахгүй цаг хугацааны татварын асуудлыг 2016, 2017 онд илүү төлсөн татвараас суутган тооцоогүй шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ” 17.1.4-д “Илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ” 58.1.1-д “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 58.1.2-т “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 58.1.3-д “буцаан олгох”, 58.2-т “Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.

Тэмдэглэлд "...6... 2017 онд ...аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зорчил”-тэй гэжээ.

Манай компани 2014 оны алдагдал -371,903,106.89, 2015 оны алдагдал -412,285,515.96 төгрөгийн алдагдлыг, ашиг буюу татвар ногдуулах орлого 2016 оны 489,766,412.20, 2017 оны 748,093,672.90 төгрөгийн 50 хувь буюу 618,930,042.55 ((489,766,412.20+748,093,672.90)*50%) төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулж өгөх залруулгыг шалгалт хийсэн байцаагч нар хийгээгүйгээс 61,893,004.25 төгрөгийн татварыг улсын төсөвт илүү ногдуулан төлсөн. Энэхүү илүү төлсөн татвараас татвараа хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангиас суутган тооцоогүй, шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ” 17.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” 58 дугаар зүйлийн  58.1-д “Энэ хуулийн 17.1.4-д заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ”, 58.1.1-д тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 58.1,2 “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох; 58.1.3-т буцаан олгох, 58.2.Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчилд ногдуулсан 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг бууруулж өөрчлөлт оруулсан.

Иймд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж оногдуулсан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Э, Н.Бнар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.и” ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2******* тоот томилолтын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. “Х.и” ХХК-ийн 2013-2017 оныг хамруулан хийсэн татварын хяналт шалгалтаар нийт 4,794,613,795.14 төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”; 18.1.З дахь хэсэгт “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...” гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох журналын бичилт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон юм.

Х.и” ХХК-ийн  гаргасан зөрчил нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор”, ..1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ...бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд ... үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг тус тус үндэслэн нийт 4,794,613,795.14 төгрөгийн зөрчлөөс 2014 оны тайлангаарх  алдагдлыг 29,745,049.63 төгрөгөөр, 2015 оны тайлангаарх алдагдлыг 141,688,530.71 төгрөгөөр бууруулж, үлдэх 4,623,180,214.80 төгрөгийн зөрчилд 448,802,314.70 төгрөгийн нөхөн татвар, 9,331,836.50 төгрөгийн торгууль, 6,121,537.70 төгрөгийн алданги ногдуулах үндэслэлтэй байсан тул нийт 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой. Зөрчлийн тухай хуулийн 3.1      дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 0******* тоот шийтгэлийн хуудас бичигдсэн болно.

Х.и” ХХК нь гомдлын үндэслэлдээ “1. ...2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн ажиллагааны бус харуул хамгаалалтын зардал, 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох ...274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилтэй..." гэж шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон.

Манай компани, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал...” 12.1,21-д “тээврийн зардал...” гэж заасны дагуу бизнесийн үйл ажиллагаатай зайлшгүй холбогдон гарч байгаа тухайн тайланг үед татвар ногдох орлогоос хасагдах зардлууд болно” гэжээ.

2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны бус харуул хамгаалалтын зардал, мөн 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох хөрөнгө оруулалтын 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардал нь “Х.и”  ХХК-ийн 2015, 2017 оны аж ахуйн нэгжийн албан татвар ногдох бараа буюу автомашины дугуй, аккумлятор, шатахууны борлуулалт, тэдгээрийг худалдан борлуулах үндсэн үйл ажиллагаатай огт хамааралгүй тухайн компанийн Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгө /Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан зочид буудал, рестораны барилга/-ийн өртөгт тооцогдох зардал болох нь хяналт шалгалтын явцад нотлогдсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасныг зөрчсөн байсан.

Тухайн аж ахуйн нэгж нь аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаарх /2014, 2015 оны/ алдагдал баталгаажуулах хүсэлтээ татварын албанд гаргаагүй бөгөөд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2******* тоот томилолтын дагуу 2013-2017 онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтад хамрагдсан “Х.и” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д ”татвар ногдох зүйл, татвараа үнэн зов тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...” үүргийг мөрдөөгүй. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 2014, 2015 онуудын алдагдал баталгаажуулах хүсэлтийг Татварын ерөнхий хуулийн 18.1.2 дэх хэсэг “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж заасны дагуу хуулийн хугацаанд харьяа татварын албанд ирүүлээгүй болно.

Х.и” ХХК нь гомдлын үндэслэлдээ “... 2016 онд 27,854,545.45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь...гэж заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн. 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно. Өөрөөр хэлбэл тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй холбогдон гарсан худалдан авалт буюу харуул хамгаалалтын үйл ажиллагааны зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар тул хууль зөрчөөгүй болно” гэжээ.

2016 онд 27,854,545.45 төгрөгийн харуул хамгаалалтын компанид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь “Х.и” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа буюу автомашины дугуй, аккумлятор. Шатахууны борлуулалт, тэдгээрийг худалдан борлуулахтай ямар ч .хамааралгүй тухайн компанийн Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгө /Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан зочид буудал, рестораны барилга/ бий болохтой холбоотой гарсан зардал болох нь хяналт шалгалтын явцад нотлогдсон бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь Монгол .Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Албан татварт хасалт хийх”, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан заалтыг зөрчсөн.

Х.и” ХХК нь гомдлын үндэслэлдээ “...2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хассан зөрчил нь...заасныг зөрчсөн гэж буруу шийдвэрлэжээ.

Манай компани дээрх яригдаж буй үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан бөгөөд зөвхөн цаашид уг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилгоор тухайн тайлант хугацааны зардалд орох дулаан, цахилгааны зардал, мөн худалдан борлуулах зорилготой тус үл хөдлөх хөрөнгийн 1 дүгээр давхрыг тохижуулах, гал тогооны тоног төхөөрөмж, рестораны тавилга эд хогшил зэрэгтэй холбогдон гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн...” гэж заасны дагуу хасалт хийсэн болно” гэжээ.

Гомдолд манай компани 2013 онд үл хөдлөх хөрөнгийг /Зочид буудлын барилгыг/ 2013 онд бүрэн барьж дуусгасан гэжээ. “Х.и” ХХК-ийн Сангийн яамны Төрийн сангийн газрын баталгаажуулсан Санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгө мөрөнд 2013 онд 885,781.4 төгрөгийн, 2014 онд 23,146,174.7 төгрөгийн, 2015 онд 25,214,926 мянган төгрөгийн, 2016 онд 27,042,765.5 төгрөгийн, 2017 онд 32,062,091. төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан. Мөн тухайн компанийн үл хөдлөх хөрөнгө /Зочид буудал, рестораны барилга/-д оруулсан хөрөнгө оруулалтыг он, оноор нь тооцон гаргавал 2013 оноос өмнө болон тухайн онд оруулсан хөрөнгө оруулалтын дүн 15,225,927,491.89 төгрөг, 2014 онд 7,401,471,868.7 төгрөг, 2015 онд 2,085,172, 866.52 төгрөг, 2016 онд 1,903,320,382.41 төгрөг, 2017 онд 5,94,350,958.06 төгрөг, нийт өртөг 31,710,243,567.54 төгрөг болж байна. Тус компанийн 2013-2017 онд үл хөдлөх хөрөнгө /үндсэн хөрөнгө бий болох/-д оруулсан өртгийн задаргааг, мөн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотойгоор 2017 онд дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2,401,395,276.85 төгрөгийн, импортын бараанд төлсөн 1,773,945,440.11 төгрөгийн, нийт 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалтыг анхан шатны баримтаар нотлон “Х.и” ХХК-ийн нягтлан бодогч О.Будгэрэлээр гарын үсэг зуруулж, санхүүгийн тэмдэг даруулан баталгаажуулж, баримтад хавсаргасан болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан гэж үзэх үндэслэл татварын хяналт шалгалтын явцад тогтоогдоогүй, харин 2017 оны 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалт нь үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой болох нь нотлогдсон. Тус компани 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлд “Албан татварт хасалт хийх”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасныг зөрчсөн байсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд олон улсын сүлжээ N******* зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилга хэдийд ашиглалтад орсон талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас лавлагаа авахад тус барилга нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулах дүгнэлт гарсан байна.

Х.и” ХХК нь гомдлын үндэслэлдээ “...2013, 2014, 2015, 2016, 2017 онд 24,758,000.00 төгрөгийн үнэ бүхий ...2 давхар конторын барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, татвар төлөөгүй зөрчил нь... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль..зөрчсөн гэжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...” 10 дугаар зүйлийн 10.1-д “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөгүй байна. Мөн өршөөлд хамрагдахгүй цаг хугацааны татварын асуудлыг 2016, 2017 онд илүү төлсөн татвараас суутган тооцоогүй шалгалт хийсэн татварын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:” 17.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ”, 581.1-д “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 58.1.2-т “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 58.1.3-д “буцаан олгох, 58.2-т “Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д ”Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, 10.З-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү,татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй...” 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна”, 5.3.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар” гэж заасныг хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын задгайд байрлах 2 давхар 24,758,000.0 төгрөгийн баланс дээрх үнэлгээ бүхий конторын барилгыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг татварын албанд бүртгүүлээгүй, тайлан гаргаагүй нь баримтаар нотлогдсон учир хуульд заасан хариуцлага оногдуулсан болно.

Х.и” ХХК нь гомдлын үндэслэлдээ “...2017 онд...аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчилтэй гэжээ.

Манай компани 2014 оны алдагдал ...залруулгыг шалгалт хийсэн татварын байцаагч нар хийгээгүйгээс...төгрөгийн татварыг улсын төсөвт илүү ногдуулан төлсөн. Энэхүү илүү төлсөн татвараас татвараа хугацаанд нь төлөөгүй торгууль, алдангиас суутган тооцоогүй. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:..” 17.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” 58 дугаар зүйлийн 58.1-д “Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын албан татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ” 58.1.1-д “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох” 58.1.2-т “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 58.1.3-т “буцаан олгох” 58.2-т “илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэжээ.

2017 онд 21,270,278.43 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил нь Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах хугацаа адил байна”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө, ...21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-д зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны өдрийн дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайлан дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайлант дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасныг зөрчсөнд хуулийн дагуу татвараа хуулийн хугацаанд төлөөгүйд шийтгэл ногдуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Х.иХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Б*******, Ц.Э******* нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Б*******, Ц.Э******* нар Х.иХХК-ийн 2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд 448,802,314.70 төгрөгийн нөхөн татвар, 9,331,836.50 төгрөгийн торгууль, 6,121,537.70 төгрөгийн алданги, нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор гомдол гаргагч Х.и-ийн гомдлын дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс нийт 24,580.00 төгрөгийг чөлөөлж, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, нийт 462,796,128.34 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг өөрчилжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 -д “Дараах зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж татвар төлөгчийн үүргийг тус тус заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 11-ийн Тодорхойлолт 5-д “Энэ стандартын зорилгоор барилгын гэрээнд дараах зүйлийг хамруулж үзнэ. (а) тухайн хөрөнгийг шууд хамаарах үйлчилгээ үзүүлэх гэрээ, “Гэрээний зардал” хэсгийн 21-д “гэрээг баталгаажуулах өдрөөс түүнийг бүрэн дуусгавар болгох хүртэлх үед хувилагдах зардлыг гэрээний зардалд хамруулна” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч компани нь  2013-2017 онуудад мотоцикл болон автомашины дугуй, аккумляторын худалдаа, үйлчилгээ түүнчлэн шатахуун борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт олон улсын сүлжээ “Н*******” зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилгын захиалагчаар Х.иХХК, барилгын гүйцэтгэгчээр “БҮТИ” ХХК ажиллаж улмаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уг зочид буудлын барилгыг  улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Х.иХХК нь 2015 онд 133,630,000.00 төгрөгийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй харуул хамгаалалтын зардал болон 2017 онд дуусаагүй барилгын өртөгт тооцох хөрөнгө оруулалтын 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцон, татвар ногдох орлогоо бууруулсан нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй, харин тус компаниас “Н*******” зочид буудлыг барих үедээ авсан харуул хамгаалалтын үйлчилгээний зардал буюу барилгын өртөгт тооцогдох, хөрөнгө оруулалтын зардлыг хасаж тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 он) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24-т заасантай нийцээгүй байна.

Учир нь гомдол гаргагч компани нь татвар төлөгчийн хувьд Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3 дахь хэсэгт зааснаар санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа олон улсын стандартын дагуу гаргах үүрэгтэй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 11.5-ийн а-21-д “Гэрээг баталгаажуулах өдрөө түүнийг дуусгавар болгох хүртэлх үед хуваарилагдах зардлыг гэрээний зардалд хамруулна” гэж, барилгыг барьж байгуулахтай холбоотойгоор гарсан зардлууд нь барилгын үндсэн өртөгт орж тооцогдох юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасаж илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох бөгөөд ... дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна”, 20.3-д “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь ..., бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно” гэж тус тус заажээ.

Хариуцагч нар нь татварын иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийсэн бөгөөд тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 оны 371,903,106.89 төгрөгийн алдагдлыг 29,745,049.60 төгрөгөөр бууруулж, 342,158,057.29 төгрөгийн алдагдалтай, 2015 оны 412,285,515.96 төгрөгийн алдагдлыг 141,688,530.70 төгрөгөөр бууруулж, 270,596,985.26 төгрөгийн алдагдалтайгаар тус тус баталгаажуулсан боловч нэхэмжлэгч компани Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж заасны дагуу хуулийн хугацаанд харьяа татварын албанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр алдагдлыг хасаж тооцоогүйг буруутгах үндэслэлгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно”, мөн хуулийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;” 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж, мөн 14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Х.иХХК-иас харуул хамгаалалтын компанид 2016 онд төлсөн 27,854,545.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа буюу тус компанийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хамаарахгүй, харин тухайн компанийн үндсэн хөрөнгө болох Н******* зочид буудал, үйлчилгээний 16 давхар барилгыг бий болгохтой холбогдон гарсан байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6-д заасан хасагдах зардал биш байна.

Иймд Х.иХХК-иас харуул хамгаалалтын “Х*******” ХХК-д төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчилд шийтгэлийн хуудсаар 2,785,454.55 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нар Х.иХХК-ийн 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 417,534,071.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчилд 417,534,071.70 төгрөгийн нөхөн татвар ногдуулан, тус компанийн 2017 оны төсвөөс буцаан авах 964,622,482.50 төгрөгийг 417,534,071.70 төгрөгөөр бууруулан, тайлант онд төсвөөс буцаан авах татварыг 547,088,410.80 төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Н******* зочид буудлын барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын акт 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарснаас үзвэл уг үл хөдлөх хөрөнгийг 2013 онд бүрэн барьж дууссан гэж үзэх үндэслэлгүй, 2017 онд хамаарах 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалт нь үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэж үзэхгүй юм.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд оногдуулсан төлбөрөөс гомдол гаргагчийн төсвөөс буцаан авах татварын илүү төлөлтийг хасаагүй гэж гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагч улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 17 дугаар зүйлд: “17.1 Татвар төлөгч дараах эрх эдэлнэ...17.1.4 илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах:” 58 дугаар зүйлд: “58.1 Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ: 58.1.1 тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 58.1.2 татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох 58.1.3 буцаан олгох, 58.2-т илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу төсөвт илүү төлсөн гэдгийг татварын улсын байцаагчдаас хяналт шалгалтын явцад тооцоолсон төсвөөс авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрт суутган тооцуулах, нэхэмжлэн авах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “Татвар төлөгч ...хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад ...нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, мөн зүйлийн 1.2-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн...бол татварыг нөхөн төлүүлж...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтыг үндэслэн гомдол гаргагч компанид нөхөн татвар, торгууль, алданги оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтад хамааруулахгүй болсон боловч уг хуулийн зохицуулалтыг  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн 82 дугаар зүйлд “82.1.Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар, 82.2.Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно.” гэсэн агуулгаар  оруулжээ.

Мөн Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай (2019.03.22) хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заажээ.

Эдгээр хуулийн шинэ зохицуулалтын агуулгаас дүгнэхэд, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг зөрчилд тооцохгүй болсон нөхцөл байдал байхгүй, харин уг зөрчлийн агуулгыг Татварын ерөнхий хуульд шинээр тусгасан, түүнчлэн шинэ хуулийн зохицуулалт нь өмнөх Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байх тул маргааны тохиолдолд шинэ хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх нь гомдол гаргагч компанийн эрх зүйн байдалд сөрөг нөлөөтэй тул шүүх шинэ хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймээс өмнө үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан зохицуулалтыг уг маргааны тохиолдолд хэрэглэх зүйтэй байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 тогтоолоор “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн … 24,758,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 14,548.00 төгрөгийн торгууль, 99,032.0 төгрөгийн алданги, нийт 247,580.00 төгрөгийн төлбөрийг дээрх хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлтэй байна. … Татвар төлөгчийн 2014, 2015 оны алдагдлыг 2016, 2017 онд шилжүүлэн тооцоход 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн дутуу төлөлт 21,270,278.40 төгрөг нь 3,218,042.18 төгрөгийн илүү төлөлт болж байна. … хугацаа хожимдуулан төлсөн зөрчилд ногдуулсан 787,000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг бууруулах үндэслэлтэй …” гэж дүгнэн шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг дээрх дүнгээр бууруулж шийдвэрлэжээ. 

Татварын ерөнхий (2019 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.”, 47.18-д “Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө.” гэж заажээ. 

Х.иХХК ”Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах” тухай шаардлага гаргасан бөгөөд хүчин төгөлдөр Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нэгэнт бууруулсан төлбөрийг дахин багасган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Х.иХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, Татварын ерөнхий (2019 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.18, 82 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24, 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, Зөрчлийн тухай хуулийн (2017 оны) хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг тус тус баримтлан Х.иХХК-иас ТЕГ ТУБ Н.Б, Ц.Э нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах” тухай гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                              

                                                                                                                                                                                                                                                                                                                                             

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДАМДИНСҮРЭН

                              ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

                             ШҮҮГЧ                                           Ц.МӨНХЗУЛ