| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2021/01927/И |
| Дугаар | 210/МА2025/00103 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00103
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/04512 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 181,385,708 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны төлбөрт урьдчилан төлсөн 37,000,000 төгрөг, засварын зардал 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 396,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч 37,000,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй.
1.2. Хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тус байранд амьдарч байгаа.
1.3. ******* 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус компанид хандан Байрны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, хэрэв уг хугацаанд төлж чадаагүй тохиолдолд төлсөн төлбөрөөс гэрээ байгуулсан, анх байранд орсон хугацаанаас хойших хугацааг түрээсээр амьдарснаар тооцож, тооцоог суутган байрыг чөлөөлж өгөх болно гэх хүсэлт гаргасан ч ямар ч төлбөр төлөөгүй 6 жил амьдарч байна.
1.4. Иймд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, 2018 оны 8 дугаар сараас хойш 2024 оны 6 дугаар сарыг дуустал нийт 71 сарын хугацаанд ногдох түрээсийн хамгийн доод жишиг үнээр тооцоход 250,680,332 төгрөгөөс *******ийн орон сууцны төлбөрт төлсөн 37,000,000 төгрөг, засварын зардалд төлсөн гэх 32,294,624 төгрөг, нийт 69,294,694 төгрөгийг хасаж, үлдэх 181,385,708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба гэрээ байгуулах үедээ 37,000,000 төгрөгийг төлж, түлхүүрийг нь хүлээн авсан.
2.2. Тухайн гэрээнд зааснаар орон сууцанд амьдран сууснаас хойших хугацаанд түрээсийн төлбөр төлөх, орон сууц худалдах худалдан авах гэрээний үнээс түрээсийн төлбөр суутгах талаар тусгаагүй тул ******* ХХК нь түрээсийн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй.
2.3. Орон сууцыг хүлээн авах үед шал болон дотоод засал хийгдээгүй, хүн амьдран суух боломжгүй байсан тул чанартай материал худалдан авч, нийт 49,491,000 төгрөгийн засвар хийсэн. Засвар хийсний дараа орон сууцны үнэ үлэмж нэмэгдсэн, үүнийг орон сууцны үнээс хасаж тооцуулах хүсэлтэй байна.
2.4. Түүнчлэн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ковид-19 цар тахал нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 181,385,708 төгрөг болгож нэмэгдүүлж, тодруулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй.
Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул тухайн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо /одоо 17 дугаар хороо/, ******* хотхон, 99б дүгээр байрны *******од байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлж, нэхэмжлэгч ******* ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 37,000,000 төгрөг, засварын зардал 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч *******өөс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 181,385,708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,292,829 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 1,222,629 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансаас буцаан гаргаж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,355 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 70,200 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас 590,405 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хохирол буюу олох байсан орлого 181,385,708 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ.
"*******" ХХК нь өнгөрсөн хугацаанд орон сууцны төлбөрийг хариуцагчаас шаардаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоож байсан ба ******* нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай компанид гаргасан хүсэлтдээ ...үлдэгдэл төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах баталгаа гаргаж байна. Хэрэв дээрх хугацаанд төлж чадахгүй бол байрны төлбөрт төлсөн төлбөрөөс анх орсон, гэрээ байгуулсан хугацаанаас хойшхи хугацааг түрээсээр тооцон суутгуулж байрыг суллаж өгөх болно..." гэсэн боловч уг хугацаанд төлбөрийг төлөөгүй. Ингэснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.
*******ийн гаргасан дээрх хүсэлтээр хүсэл зоригоо илэрхийлсэн. ******* нь нэмэлтээр тогтоосон хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны дотор орон сууцны үнийг төлж чадаагүй тул орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг төлөх, улмаар орон сууцыг чөлөөлөх үр дагавар үүссэн. ******* ХХК нь 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Харин 2021 оны 4 дүгээр сараас хойшхи хугацааны хохирлын хувьд нэгэнт талуудын байгуулсан гэрээ цуцлагдаж, ******* нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр, үнэ төлбөргүй ашиглах эрхгүй тул "*******" ХХК нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.
4.2. *******" ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр болон хохиролд нийт 84,900,000 төгрөг, үүнээс хариуцагч *******ийн төлсөн 37,000,000 төгрөгийг хасаж 47,900,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг нийт 3 удаа нэмэгдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн 2021 оны 11 дүгээр сард, 2021 оны 7, 8, 9, 10, 11 сарын түрээсийн төлбөр, нийт 14,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийг нэмэгдүүлж, 61,900,000 төгрөг /хх-39/, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2021 оны 12, 2022 оны 01, 02 сарын түрээсийн төлбөр нийт 9,663,813 төгрөгөөр нэхэмжлэлийг нэмэгдүүлж, 71,563,813 төгрөг /хх-134/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Халиунаа 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2018 оны 8 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар дуустал хугацааны буюу нийт 71 сарын төлбөр 250,680,332 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 37,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон засварын зардал 32,294,624 төгрөг, нийт 69,294,624 төгрөгийг хасаж, 181,385,708 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. /2хх-57-61/
4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй, энэхүү шаардлагыг тусдаа гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэн, хохиролд 181,385,708 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэмнэлттэй байх зарчимд нийцээгүй. Шүүх өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй гэж үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэнгийн гаргасан 71,563,813 төгрөгийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан.
4.4. Нэхэмжлэгчийн дээрх шаардлага Тэнхлэг зууч" ХХК, "Актив зууч" ХХК-ийн "үнийн мэдээлэл" гэх баримтаар тус тус нотлогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, үнийн мэдээлэлд тусгагдсанаар хамгийн бага үнээр хохирлоо тодорхойлсон ба хариуцагч тал эдгээр баримтыг үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй.
*******" ХХК нь хохирлыг дараах байдлаар тооцсон. Үүнд: 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх нийт 5 сарын төлбөрт 10,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын хугацааны төлбөр нийт 27,600,000 төгрөг, 2020 оны 12 сарын хугацаа төлбөр нийт 30,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын хугацааны төлбөр нийт 33,600,000 төгрөг, 2022 оны 1 болон 2 дугаар сарын төлбөр 6,863,813 төгрөг нийт 108,063,813 төгрөг дээр паркетан шал хуулсны 500,000 төгрөг нэмэгдэж, 108,563,813 төгрөг болж байх бөгөөд хариуцагч *******ийн төлсөн 37,000,000 төгрөгийг хасаж 71,563,813 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн нь өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 71,563,813 төгрөгөөр хохирлыг тодорхойлсон. Иймд хохирол буюу олох байсан орлогод нийт 71,563,813 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж, "*******" ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.
4.5. Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ******* ХХК нь *******ийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 37,000,000 төгрөгийг хохирол буюу олох байсан орлогоос хасаж тооцох байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, орон сууцны урьдчилгаа 37,000,000 төгрөгийг *******" ХХК-аас гаргуулж, *******т олгож, нэхэмжлэгч талд хэт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хариуцагч засварын зардалд 49,491,000 төгрөг гаргуулах шаардлагаа нотлохоор барилгад засварын ажил хийх гэрээ, орлого, зарлагын баримтууд, "Хаан банк" ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нотлох баримтаар гаргасан. Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлээ нотлохоор гаргасан дээрх баримтууд нь маргаан бүхий орон сууцанд засвар хийхэд зарцуулагдсан гэдгийг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй.
Тодруулбал, "Барилгад засварын ажил хийх гэрээ" бодитоор хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, мөн орлого, зарлагын баримтад тусгагдсан бараа, материалыг 0******* орон сууцыг засварлахад зарцуулсан нь эргэлзээтэй, Хаан банк ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь *******ийнх биш ******* гэх иргэнийх байхаас гадна тус дансны хуулга дахь зарлагын гүйлгээ 0******* орон сууцны засварт шууд хамааралтай гэж үзэхээргүй байна. Гэтэл анхан шатны шүүх эргэлзээ бүхий баримтуудыг үндэслэл болгон ******* ХХК-аас засварын зардал 49,491,000 төгрөг гаргуулж, *******т олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Мөн анхан шатын шүүх засварын зардал 49,491,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэл болгосон талаараа шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй алдаа гаргасан.
Хэрэв шүүхээс ******* нь маргаан бүхий орон сууцанд өөрийн хөрөнгөөр засвар хийж, "*******" ХХК нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй гэж үзсэн бол ******* нь "*******" ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг 6 жил гаруй хугацаанд үнэ төлбөргүй, үндэслэлгүйгээр ашиглаж буй нөхцөл байдалд мөн л дүгнэлт хийх ёстой. Учир нь дээрх нөхцөл байдлууд нь хоорондоо шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан засварын зардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа хохирол буюу олох байсан орлого шаардсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ" гэсэнд нийцээгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 71,563,813 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж "*******" ХХК-д олгож, хариуцагчаас орон сууцны урьдчилгаа 37,000,000 төгрөг, засварын зардал 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй субъектийн талаар зөв дүгнэлт хийсэн. С.Халиунаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд хэрэг нэгтгэх, тусгаарлахтай холбоотой асуудлуудыг ойлгоно. Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхино гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт дүгнэхдээ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо /одоо 17 дугаар хороо/ ******* хотхон, 99б байрны *******од байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлж гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй.
Учир нь нэхэмжлэгч *******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон. Мөн өмгөөлөгчид нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгоогүй байсан тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг анх итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн.
Харин хариуцагчийн өмгөөлөгч өнөөдөр давж заалдах гомдол гарах эрхтэй эсэхэд анхаарч үзнэ үү. Учир нь хэргийн 42 дугаар талд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгаа боловч гэрээний хугацаа дууссан байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ******* хотхон, 99Б байрны *******од байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 181,385,708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны төлбөрт урьдчилан төлсөн 37,000,000 төгрөг, засварын зардал 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигчид энэ талаар маргаагүй. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны 99б дүгээр байрны *******од байрлах, 132 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдахаар, ******* нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
3.2. Гэрээний 6.4-т зааснаар ******* орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр ******* ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг *******т шилжүүлэхээр тохиролцсон.
3.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д 37,000,000 төгрөг төлсөн.
3.4. Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны 99б дүгээр орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК бүртгэжээ.
4. Анхан шатны шүүх ******* ХХК, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулна.
5.1. ******* нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан баталгаа гэх баримтад ...орон сууцны төлбөрт нийт 37,000,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах баталгаа гаргаж байна. ... гэж илэрхийлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******т гэрээний үүрэг болох орон сууцны үлдэх үнийг төлөх нэмэлт хугацаа тогтоожээ.
6. Нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаасаа шилжүүлж авсан зүйлийг харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******т орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул уг өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй, харин орон сууцны үнэд урьдчилан төлсөн 37,000,000 төгрөгийг хариуцагч *******т буцаан шилжүүлэх үүрэгтэй.
6.1. Нэхэмжлэгч ******* ХХК орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул уг орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшил хууль бус болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь уг орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй юм
6.2. Түүнчлэн гэрээний 1.5-д Худалдан авч байгаа орон сууцны дотоод засалгүйгээр хүлээн авна гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал худалдан авагч ******* уг орон сууцыг дотоод засалгүйгээр хүлээн авсан байх тул уг орон сууцанд хийсэн засварын зардлыг зайлшгүй гэж дүгнэнэ. Иймд тэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар зайлшгүй засварын зардлыг нэхэмжлэгч ******* ХХК-аас шаардах эрхтэй.
Хариуцагч ******* уг засварт 49,491,000 төгрөгийг зарцуулсан гэж гаргасан нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК барилгыг захиалагч болохын хувьд мэргэжлийн байгууллага болох бөгөөд гэрээний 1.5-д зааснаар дотоод засалгүй орон сууцыг хэрэглэгч болох хариуцагч *******т хүлээлгэж өгсөн байна. Иймд хэрэглэгч ******* уг орон сууцанд хийсэн зайлшгүй зардлыг бодитой биш гэж үзэж буй бол нэхэмжлэгч ******* ХХК мэргэжлийн байгууллагын хувьд няцаах үүргээ хэрэгжүүлээгүй.
7. Харин анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунааг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх эрхгүй этгээд гэж үзэж түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь зөв боловч энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэнгээс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч *******д холбогдуулан гаргасан 71,563,813 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байгааг анхаараагүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
7.1. Хариуцагч ******* 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-д гаргасан баталгаа гэх баримтад ...орон сууцны төлбөрт нийт 37,000,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах баталгаа гаргаж байна. Хэрвээ дээрхи хугацаанд төлж чадахгүй бол байрны төлбөрт төлсөн төлбөрөөс анх орсон гэрээ байгуулсан хугацаанаас хойш хугацааг түрээсээр амьдарсанд тооцож суутгуулж байрыг суллаж өгөх болно. ... гэжээ. Хариуцагч ******* болон нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэгдэж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг орон сууц хөлслөх гэрээний үүргээр сольсон гэж дүгнэхээргүй байна. Учир нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээний үнийн талаар тохиролцоогүй байна.
7.2. Харин хариуцагч ******* нь уг орон сууцын 2018 оны 06 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд эзэмшиж байгаа нь уг орон сууцанд засвар хийсэн баримт, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. Уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч ******* ХХК татгалзсанаар орон сууцыг эзэмшиж байсан хугацаанд хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр уг орон сууцыг ашигласан гэж дүгнэнэ.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******өөс орон сууц ашигласан байдлыг буцаан шаардах боломжгүй тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар олох ёстой байсан орлогыг мөнгөн хөрөнгөөр шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* ХХК өөрийн өмчлөлийн орон сууцны хөлслөх 1 сарын хөлсний дундаж хэмжээг нотлохоор Актив зууч ХХК болон Тэнхлэг зууч ХХК-ийн үнэлгээгээр нотлох баримтаар гаргажээ.
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Актив зууч ХХК-ийн үнэлгээгээр уг орон сууцны 1 сарын хөлсний дундаж хэмжээг 2018 онд 2,950,000 төгрөг, 2019 онд 3,000,000 төгрөг, 2020 онд 3,100,000 төгрөг, 2021 онд 3,200,000 төгрөг гэж,
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Тэнхлэг зууч ХХК-ийн үнэлгээгээр хөлсний дундаж хэмжээг 2018 оны 2,956,000 төгрөг, 2019 онд 3,097,991 төгрөг, 2020 онд 3,110,500 төгрөг, 2021 онд 3,221,271 төгрөг, 2022 онд 3,790,726 төгрөг, 2023 онд 4,380,090 төгрөг гэж тус тус тодорхойлжээ.
7.3. ******* ХХК нь 2018, 2019, 2020, 2021, 2022 онд тус тус 1 сард ногдох орон сууц хөлслөх гэрээний хөлсний хэмжээг тодорхойлсон үнүүд нь Актив зууч ХХК болон Тэнхлэг зууч ХХК үнэлгээнээс тус тус байх тул
2018 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 10,000,000 /5сар*2,000,000/ төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 27,600,000 /12 сар*2,300,000/ төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 30,000,000 /12 сар*2,500,000/ төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл 15,000,000 /6*2,500,000/ төгрөг, 2021 оны 07 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 14,000,000 /5*2,800,000/ төгрөг, 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл 9,663,813 /3,221,271*3/ төгрөг, нийт 105,663,813 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулах нь зүйтэй.
7.4. *******өөс орон сууцны урьдчилгаа үнэд төлсөн 37,000,000 төгрөгийг түүний төлөх 105,663,813 төгрөгөөс хасаж, үлдэх 68,663,813 төгрөгийн хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.
8. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид 575,969 /515,769+70,200/ төгрөг төлөхөөс 1,292,829 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн зөрүү 716,860 төгрөгийг буцаан олгоно.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/04512 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо /одоо 17 дугаар хороо/, ******* хотхон, 99б дүгээр байрны *******од байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,
хариуцагч *******өөс 68,663,813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
нэхэмжлэгч ******* ХХК-иас 49,491,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгосугай. гэж,
2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 гэснийг 2 гэж өөрчлөн дугаарлаж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,292,829 төгрөгийг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 716,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******өөс 501,269 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-иас 405,405 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,106,174 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА