Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ж, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаар магадлалтай, Б.Ж, Б.Д нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Ж.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч Б.Ж, Б.Д нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Д-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Б.Д нарт оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг тус бүрт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож” шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-ы өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ж-ы өмгөөлөгч Г.Даваахүү гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ыг дараах гэмт үйлдэлд, гэм буруутайд тооцсон юм.

Үүнд: шүүгдэгч нийтийн албан тушаалтан буюу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Д-тай бүлэглэн, түүний хүсэлтээр харьяаллын “бус” буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай С.Л-д ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн: 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж тус тус заасныг мөн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 1 дэх хэсэгт "Дүүргийн нутаг дэвсгэрт нийгмийн даатгалын тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж заасныг, 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг даатгуулагчдад олгох, тэтгэвэр, тэтгэмжийн олголтод хяналт тавих” гэж заасныг тус тус зөрчин, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 21 дүгээр байрны 95 тоотод оршин суух бүртгэлтэй иргэн С.Л-д ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн 9 сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан байран дотор, тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Б.М-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгүүлж, холбогдох цахим санд шивүүлэн, улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас болон тэтгэмжийн мөнгө шилжүүлэх баримт зэрэг дээр гарын үсэг зурж, баталгаажуулан иргэн С.Л-гийн Хаан банкин дахь 5225256699 тоот дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн 3,710,352 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон” гэж үзсэн. Гэвч огт гэм буруугүй хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж ялласан, ингэж тулгаж таслахдаа хууль зүйн үндэслэлгүй яллагаа явуулсан, нотлох баримтад түшиглэсэн зүйл байхгүй, шүүхээс хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, гэмт хэрэг, зөрчлийг шинжийг ялгаж хэргийг зөв танин мэдэж зүйлчлээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн албан ёсны Тайлбараас зөрүүтэй гэж үзэхүйц байдал гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдлуудыг олон гаргасан юм.

Юуны өмнө энэ гэмт хэргийг шүүн таслахад нийгмийн даатгалын харилцаанд хамаарах хууль тогтоомжийн хүрээ, үйлчлэл, тэдгээрийн эрх зүйн зохицуулалт, үр дагавар, эх сурвалжийг иж бүрэн судалж, зөрчигдсөн зүйл, заалт, хэм хэмжээг нэг бүрчлэн бодитойгоор, бүрэн тогтоох замаар хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх 5уюу тайлбарлах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ үндсэн дээр гэмт хэргийн шинжтэй эсэхийг зүйлчлэн тогтоож, гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх, дээрх хууль зүйн эх сурвалжийн жагсаалтыг гаргаж тодорхой болгуулахаар хэргийг прокурорт буцаасан боловч энэ тал дээр дорвитой алхмыг хийгээгүйгээс гэм буруугийн асуудал маргаантай байсаар өдийг хүрсэн юм.

Гэмт хэргийн шинжийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу түүний диспозиц хэм хэмжээтэй харьцуулан судлан үзэхэд хэлбэрийн төдий байдлаар адил боловч агуулга, мөн чанарын хувьд тус гэмт хэргийн шинжийг огт агуулаагүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.Ж нь уг ажилгүйдлийн тэтгэмжийг авч байгаа хүн болох С.Л-г огт таньж мэдэхгүй, түүний материалыг нягтлан бодогч Б.Д нь хуурамчаар үйлдсэн гэдгээ хэлээгүй, түүнийг тийм зүйл хийчихнэ гэж санаагүй, түүнд хууль бус ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй, бүрдүүлсэн эх баримт бичгийг зохих шатны мэргэжилтнүүд хянаж шалгасан байдаг учир хууль ёсны л гэж ойлгож, гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал нь албажуулсан төдий үйл баримт учир гэмт хэргийн шинжийг агуулаагүй юм. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгдэгч Б.Ж-аас энэ талаар “... сая мэдээллийн технологийн төвийн даргын тодорхойлолт байгаа.

Өөрөөр хэлбэл ажилгүйдлийн даатгалын сангаас 24 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь үүснэ гэж хуулийн заалт байгаа. Энэ тодорхойлолт мэдээллийн бааз буюу тухайн даатгуулагчийн нэгдсэн системээс харахад л энэ хүн 24 сар шимтгэлээ төлчихсөн, хэрэгт авагдсан хувийн хэрэгт мөн адил нийгмийн даатгалын дэвтэр дээр нь баталгаажуулчихсан, нарийн хуудас нь байгаа гээд материалын бүрдлийг хангачихсан юм над дээр орж ирсэн. Энэ хувийн хэрэг чинь бөөн бөөнөөрөө орж ирдэг. Үүн дээр гарын үсэг зурдаг” гэж тэрээр мэдүүлжээ.12 Дээрхээс үзэхэд Б.Ж гэх хүн даргын албан тушаалын эрх нөлөөг ашиглаж буюу хууль бус ямар нэг баримт бүрдүүлж, хувийн сонирхлоор асуудалд хандаж, хэн нэгэнд давуу байдал олгож үйлчилсэн, баримт бичгийн иж бүрдэлгүй буюу илт хууль бус дутуу материалыг хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх “... тус гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн шүүгдэгч нар гэмт санаа, үйлдлээ санаатайгаар нэгтгэсэн буюу бүлэглэсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн. Гэхдээ бүлэглэсэн /элбэр нь ямар байх, хүндрүүлэх нөхцөл болох талаар дурдаагүй байна.15 Дээрх Яллах дүгнэлтээс харахад “яллагдагч нар бие биедээ хүсэлт тавьсан” гэж ойлгогдохоор бичигдсэн байна. Гэтэл Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг судлан үзэхэд “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, яллагдагч Б.Д- нь Б.Ж гэгчдээ хүсэлт тавьсан” гэх утгатай байх юм. Яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заажээ. Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэдэгт” гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой гэмт хэрэг хамтран үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгоно” гэсэн байна.16 Шүүгдэгч нарыг “улсын яллагч”-ийн зүгээс “урьдчилан үгсэж тохиролцсон” гэж үзэж ялласан байхад шүүх “... тэд холбогдох тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд гэмт санаа, үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн болох нь тогтоогдсон” хэмээн Шийтгэх тогтоолдоо бичсэн нь “шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй буюу зөвхөн үйлдлээрээ л нэгдсэн байна”, “шүүгдэгч Б.Ж нь Б.Д-тай үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдээгүй байна” гэж тус тус ойлгогдохоор болжээ.

Б.Ж-д албаны эрх мэдлээ урвуулан ашиглах санаа бодол хэзээ төрсөн, тэд тэр санаа бодлоо хэрхэн уялдуулсан, нэгдмэл нэг санаа зорилготой байсан гэдгийг нотлох баримт хангалттай биш байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон явдал нь “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн Эрүүгийн процессын эрх зүйн суурь зарчим, болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай шууд харшилсан байна. Гэрч Б.М өөрт нь акт тавигдсанд гомдож шаралхсандаа буюу хувийн сонирхолтой мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь түүнийг ажлаас нэг бус удаа “хэл ам, хэрүүл тэмцэл, хов жив тарьдаг, хамт олны уур амьсгал эвддэг, ажил мэргэжилдээ хайнга ханддаг, алдаа дутагдал их гаргадаг” зэрэг шалтгаанаар халах асуудал хамт олны дунд олон яригдаж байсан нь үнэн болно. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгдэгч Б.Ж-аас энэ талаар “Б.М өргөдөлдөө Б.Ж дарга ном журмынх нь дагуу шийд гэсэн нь байгаа ... Б.М-ын яриад байгаа асуудал нь тэр хүн өөрөө л үнэн чанартаа тэрийг оруулаад тогтоочихсоныхоо дараа хяналт шалгалтаар гараад ирэхээр “буруу байсан байна. Б.Ж, Б.Д ингэсэн” гэдэг асуудал яриад байгаа юм ... Б.М-ын мэдүүлэг худал” гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд Б.Ж гэх хүн даргын албан тушаалын эрх нөлөөг ашиглан түүнд хууль бусаар нөлөөлсөн буюу үүрэг даалгавар өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд түүний гэм буруугийн асуудал дээр үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон юм. Иймд өмгөөлөгч миний “шүүгдэгч Б.Ж-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” саналыг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд оруулж байгаа тул уг гомдлыг минь хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийгмийн даатгалын байгууллага нь их онцлог юм. Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа 5 сангийн бүх гүйлгээг тухайн төсвийн шууд захирагч буюу миний бие дүүргийн хэлтсийн дарга нарт зөвшөөрч гарын үсэг дардаг. Энэ нь бүх процесст хянагдаад явж байдаг. Өөрөөр хэлбэл тэтгэмж, тэтгэмж, хяналтын байцаагч, тасгийн дарга гээд явдаг. Зөвхөн ажилгүйдлийн даатгалын сан дээр манайх сардаа 200.000.000-300.000.000 төгрөгийг олгодог. 42.000 тэтгэвэр авагчтай, сар бүр тэтгэврийг нь олгож өгдөг. Намайг хянаагүй, шалгаагүй гэж үзэж байгаа бол тэтгэмжийн байцаагч, хяналтын байцаагч гэж байх хэрэггүй байхгүй юу. 1994 оны батлагдсан 5 сангийн хууль өнөөгийн нөхцөл байдалд үнэхээр учир дутагдалтай байгаа. Манайх байцаагч, тасгийн дарга нийлсэн 62 албан хаагчтай бөгөөд тус тусдаа чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд материал бүрэн хангасан эсэх, үндэслэлтэй байна уу гэдгийг байцаагч тогтооно. Тэгээд шат дараалаад хяналтын байцаагч, тасгийн дарга хянана. Иргэн болгон дээр үүсдэг хувийн хэрэг дээр хянасан гурван албан тушаалтан, зөвшөөрсөн хэлтсийн дарга, нягтлан бодогч гэж байгаа. Манайх тэтгэмжийн, тэтгэврийн, орлогын, эрүүл мэндийн даатгалын, ажил олгогчийн гээд тус тусдаа хариуцсан нягтлан бодогчтой гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ж-ы өмгөөлөгч О.Сайнгэрэл хэлсэн саналдаа “...Г.Даваахүү өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Энэ хэргийг шүүн таслахдаа нийгмийн даатгалын харилцаанд хамаарах хууль тогтоомжийн хүрээ, үйлчлэл, тэдгээрийн эрх зүйн зохицуулалт, үр дагавар, эх сурвалжийг нь бүрэн судлаагүй. Зөрчигдсөн зүйл, заалт, хэм хэмжээг нэг бүрчлэн бодитой бүрэн тогтоох замаар хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэглэлгүй, гэмт хэргийн шинжгүй байхад зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3264 дүгээр актаар эрүүгийн хариуцлага хүлээлгээд байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх зүйн зөрчил гэж үзээд захиргааны акт тогтоосон байсан.

Уг захиргааны акт хүчингүй болоогүй байхад гэмт хэргийн шинжтэй гэж дүгнээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хууль 1994 оны 07 дугаар сард батлагдсан ба энэ хуулийн 4 заалтаар, хүчин төгөлдөр бус ажлын байрны 2 заалтаар Б.Ж-ыг буруутгаад гэмт хэргийн шинжтэй гэж ял оногдуулжээ. 1994 онд батлагдсан уг хууль нь учир дутагдалтай буюу зөрчил бол ямар шийтгэл оногдуулах уу, гэмт хэргийн шинжтэй бол ямар хариуцлага хүлээх үү гэдэг хариуцлагын талаар огт дурдаагүй. Шүүхээс гэмт хэргийн шинжтэй юу, зөрчлийн шинжтэй юу гэдэг дээр ямар ч дүгнэлт хийлгүй шууд гэмт хэргийн шинжтэй гэсэн.

Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нийгмийн даатгалын сангаас халамж авах тухай хуулийн зөрчлийн талаар тусгагдаагүй байдаг. 5 дугаар хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт хүчин төгөлдөр бус юм. Энийг Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус акт гэж үзсэн. Уг актын дагуу зөрчил үйлдсэн ч түүнд хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалт байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэж заасан.

Тэгэхээр захиргааны акт хэм хэмжээг ашиглаагүй, ашигласан хэм хэмжээнүүд нь хүчин төгөлдөр бус байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 4 заалтыг Б.Ж- хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тасаг, нэгж, хяналт, тэтгэмжийн байцаагчтай, ерөнхий нягтлан бодогчтой. Энэ хүмүүсийн ажил үүргийн хуваарьт байгаа хянагдаж, шалгагдаад хамгийн сүүлд зөвшөөрсөн гэдэг дээр гарын үсэг зурдаг субьектийг албан тушаалын субьект байна гэдгээр буруутгаад хариуцлага хүлээлгэсэн. Бусад хүмүүсийн хянах, ажиллах чиг үүргүүдийг Б.Ж-д хамаатуулж ялласан. Шүүх гэмт хэргийн шинжтэй гэж үзэхдээ субьектив санаа зорилгод буруу дүгнэлт өгсөн. Бусад нэгж тасгуудад хянагдаад зөвхөн зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан бичиг баримт тус бүрийг шалгах, мөн Лхагвасүрэнд давуу байдал олгох санаа зорилго нь юу юм бэ гэдэгт дүгнэлт өгч чадаагүй. Албан тушаалтан мөн гэдэг үүднээс л хэргийг шийдвэрлэсэн.

Энхжаргал болон Долгормаа нар мэдүүлэгтээ “...бид хянаад шат дараалсан процессын хамгийн сүүлийн зөвшөөрсөн дээр гарын үсэг зурдаг субьект нь Б.Ж бөгөөд энэ хүнд буруу байхгүй” гэдэг. Мөн бүлэглэж үйлдсэн байхын тулд тухайн нэгж, хэлтэс, хяналтын бүх хүмүүстэй санаа зорилгоо нэгтгээд урьдчилж үгсэн тохиролцож энэ үйлдлийг хийх ёстой. Гэтэл бусад хүмүүс нь энэ үйлдлийн талаар мэдээгүй, зөвхөн Долгормаа гэдэг хүн бүгдийг зохион байгуулж хийсэн гэдэг нь хэргээс харагддаг. С.Л, Б.Д нар нь Баянхонгор аймгийн хүн, Б.Д нь Лхагвасүрэнгийн төрсөн эгч н.Х-тай Баянхонгор аймгийн даатгалын хэлтэст ажиллаж байсан учир бүх процессыг мэдэж С.Л-ийн өмнөөс өргөдөл бичиж, түүний өмнөх эрх үүсэх процесст оролцсон, хаягжилт, бусад прокурорын зүгээс буруутгаж байгаа 4 заалтын үйлдлийг Б.Д хийсэн гэдэг нь тодорхой байдаг. Яллагдагчаар татах тогтоолд 12 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ажлын байрны хүчингүй болсон тогтоолыг дурдаад 2 заалтаар нь яллаад өөрчлөлт оруулсан байдаг.

Уг тогтоолд Б.Ж гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...яллагдагчид танилцуулж хэргийн талаар тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулна” гэснийг зөрчсөн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан гэж шийтгэх тогтоолд дурдсан байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг зөрчсөн. Мөн Улсын дээд шүүхийн зөвлөмжид заасан заалтуудыг зөрчсөн, бүлэглэж үйлдсэнийг буруу тайлбарласан. Б.Д-тай бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр олгосон гэх үйл баримтыг хөтөлбөргүй тогтоогдсон гэж эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Албан тушаалын гэмт хэрэг эрх хэмжээгээ урвуулан ашигласан гэж үзвэл санаатай үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл Б.Ж-ыг санаатай үйлдэл хийсэн гэдгийг нотлоогүй. Маш олон процесс явагддаг, тус тусдаа хянагдаад орж ирсэн баримтыг баталгаажуулахдаа хайнга, санамсар болгоомжгүйгээр хандсан үйлдэл харагддаг. Иймд Б.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар, шүүгдэгч Б.Д-гийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийг зөрчиж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Лхагвасүрэнд ажилгүйдлийн тэтгэмж болох 3.710.352 төгрөгийг олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн шаардлагыг Лхагвасүрэн хангадаггүй. Хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь өөрөө албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байгаа. Б.Ж-ы албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтод иргэд даатгуулагчдад тэтгэвэр тэтгэмжийг сар бүр шуурхай олгуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх, хянах, шалгахаар тодорхойлсон байдаг. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг нь тухайн улсын байцаагч нарын бүрдүүлж оруулж ирсэн материалыг хянах, шалгах, гүйцэтгэх үүргийг оруулж ирсэн байна. Энэ үндэслэлээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байгаа юм. Б.Д-тай бүлэглэн үйлдсэн субьектив санаа зорилгын хувьд гэрч Б.М-ын мэдүүлэгт “...С.Л гэдэг хүний асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Б.Д-ийн гуйлтаар идэвхтэй үйлдэл хийснийг” ярьдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ж, Б.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Шүүгдэгч Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, хэсгийг зөрчиж, хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Б.М-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгүүлж, холбогдох цахим санд шивүүлэн улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолын хуудас болон тэтгэмжийн мөнгө шилжүүлэх баримт зэрэг дээр гарын үсэг зурж, баталгаажуулан иргэн С.Л-гийн дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн 3,710,352 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Уг хэргийн шүүгдэгч Б.Д-д холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, түүний гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

 

Мөн шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг шүүх үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

                                      

Харин прокуророос Б.Ж-ыг шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байхад хоёр шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой.        

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ж-ы үйлдлийг тогтоохдоо С.Л-д ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас, тэтгэмжийн мөнгийг шилжүүлэх баримтад гарын үсэг зурсан үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэс болжээ.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын  19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу тал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.

 

Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

 

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

 

Нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр Б.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан С.Л-д давуу байдал буюу тэтгэмж олгуулахаар Б.М-д хэрхэн нөлөөлж, ямар заавар чиглэл өгсөн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

 

Харин Б.Ж- нь шүүгдэгч Б.Д-тай санаа нэгдэж бүлэглэсэн бус С.Л-гийн хувийн хэрэг, Сонгинохайрхан дүүрэгт шилжиж ирсэн тодорхойлолт, холбогдох материал болон хариуцсан байцаагчийн бичсэн ажилгүйдлийн тэтгэмж тогтоолтын хуудсыг тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянаж, гарын үсэг зурсныг шалган баталгаажуулахдаа хайнга хандаж шалган нягтлалгүйгээр гарын үсэг зурсан болох нь хангалттай тогтоогджээ.

 

Хууль, захиргааны хэм хэмжээний акт буюу Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан доод албан тушаалтнуудын бүрдүүлсэн материалыг хянах, шалгах үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул Б.Ж-ы албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзнэ.

 

Иймд Б.Ж болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч хоёр шатны шүүхийн шийдвэрийн Б.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, прокуророос Б.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Б.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 512 дугаар магадлалын Б.Ж-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Б.Ж болон түүний өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан гомдлуудыг хангасугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Б.ЦОГТ