Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 296

 

       Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ууганцэцэг,

ялтан Ш.Хишигдэлгэр,

ялтан Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ш.Хишигдэлгэр болон ялтан Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарт холбогдох эрүүгийн 201626012547 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хиргис овогт Үржинсайханы Бямбадорж, 1980 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-ын 7-ын 44 тоотод оршин суух,

- 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэн суллагдсан /РД:ИО80071214/,

2. Халх овогт Шагдаржавын Хишигдэлгэр, 1962 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварын механикч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэгт сантехникч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сангийн 2-ын 5 тоотод оршин суух,

- 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан /РД:ЦБ62111878/,

А/ Ү.Бямбадорж нь ялтай байхдаа давтан үйлдлээр Ш.Хишигдэлгэртэй бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн багаж болох хутгаар 2 тооны үхрийг нядалж, “Тоёота Приус-10” загварын, 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан худалдан борлуулж, бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б/ Ш.Хишигдэлгэр нь Ү.Бямбадоржтой бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн багаж болох хутгаар 2 тооны үхрийг нядалж, “Тоёота Приус-10” загварын, 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан худалдан борлуулж, бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ү.Бямбадоржийг ялтай байхдаа, давтан үйлдлээр, мөн Ш.Хишигдэлгэр нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ү.Бямбадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, Ш.Хишигдэлгэрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ү.Бямбадоржид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Хишигдэлгэрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Ү.Бямбадоржийн цагдан хоригдсон 138 хоног, Ш.Хишигдэлгэрийн цагдан хоригдсон 14 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 46-86 УНО улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Тоёото Приус-10” загварын автомашины үнэ болох 2.800.000 төгрөгийг Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулан, Ш.Хишигдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, түүнийг цагдан хорьж, Ү.Бямбадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Хишигдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гэм бурууг ойлгон ухамсарлаж, маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийн тухайд маргахгүй. Миний бие одоо 55 настай, эхнэр болон 3-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг. Цагдан хоригдож байх хугацаандаа өвчний улмаас хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Иймд миний ар гэр болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Хишигдэлгэр нь хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан, мөн шийтгэх тогтоолд заасан битүүмжлэгдсэн автомашины үнийн өөрт оногдох хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаа илэрхийлсэн болно. Иймээс дээрх нөхцөл байдлыг болон түүний ахуй амьдралыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

Прокуорор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтаар ялтан Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ү.Бямбадорж нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал нь дуусаагүй байхдаа, давтан үйлдлээр Ш.Хишигдэлгэртэй бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт авчирч 2 тооны үхрийг нядалж, “Тоёота Приус-10” загварын, 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн, худалдан борлуулж, бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            Ш.Хишигдэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ү.Бямбадоржийн бэлчээрээс хулгайлж авчирсан 5 тооны үхрээс 2 тооны үхрийг нядалж, “Тоёота Приус-10” загварын, 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн, худалдан борлуулж, бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь;

          - хохирогч С.Буянхишигийн “...2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бэлчээрт гаргасан 8 тооны үхрээс 5 үхэр нь буцаж ирээгүй ... хайгаад олоогүй байхад цагдаагаас үхэр алдсан уу гэж асуусан... эдгээр 5 тооны үхрээс 3 үхэр нь үлдсэн байсныг хэрэг гарснаас хойш 3-4 хоногийн дараа Р.Бадамзул гэдэг хүнээс очиж авсан. Харин 2 тооны гунжин үхэр нь нядлагдсан байсан. Нядлагдсан 2 тооны үхрийн үнэ төлбөр болох 3.000.000 төгрөгийг гэм буруутай 2 этгээдээс гаргуулан авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-19-21, 175/,

          - иргэний нэхэмжлэгч “Бат-Ази капитал” ХХК-ийн төлөөлөгч Ж.Өлзийбаярын “...гэмт хэрэгт ашиглагдсан тээврийн хэрэгсэл нь манайд барьцаалагдсан. Зээлдэгч үлдэгдэл  зээл 600.000 төгрөгийг төлчихвөл барьцааны зүйлийг чөлөөлж гомдол саналгүй болно...” /хх-23-24/,

          - гэрч П.Ганболдын “...өөрийн эзэмшлийн 8 тооны үхрийг 11 цагийн үед саачихаад гэрээсээ урагш нь ногооны талбай руу бэлчээрт гаргасан... манай үхрүүд орой тэжээл иддэг болохоор хүрээд ирдэг юм. Орой нь 3 тооны үхэр л ирсэн. Алдагдсан 5 тооны үхэр нь “АЛА-ТАУ” үүлдийн сүүний чиглэлийн үхрүүд байсан... манай нядлуулсан 2 тооны гунжин үхэр хээлтэй байсан... их гомдолтой байна...” /хх-29-30/,

          - гэрч Д.Лхагвасайханы “...2016 оны 11 дүгээр сарын 3-ны өглөө ажилдаа явах гэж байхад манай нөхөр Ү.Бямбадорж нь надад 400.000 төгрөг өгсөн ... тухайн үедээ гайхаж байсан ба айлын үхэр хулгайлж олсон мөнгө гэдгийг огт бодоогүй...” /хх-31-32/,

          - гэрч Р.Бадамзулын “...2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 08 цагийн үед би өөрийн үхрээ бэлчээрт гаргаад явж байхад “Canon” төвөөс хойд зүг рүү уулын энгэрт жалганд үхрийн дотор гэдэснүүд, 2 тооны үхрийн толгой, арьс шир, таахайг нь хаяад махыг нь аваад явсан байсан. Уг газрыг Д.Чулуунбаатар гэх хог түүгээд явж байдаг хүн хараад надад хэлсэн учраас би очиж үзсэн юм. Үхэр нядалсан газрын ойролцоо хүрэн халзан /халтар/ үнээ, 2 хүрэн бярууны хамт байсан... тэгээд цагдаа нар намайг эдгээр 3 тооны үхрийг түр хариулж байгаач гэж гуйсан учраас би 2 хоног хариулж байгаад эзэн нь болох С.Буянхишиг гэх хүн ирээд аваад явсан...” /хх-35-36/,

          -  яллагдагч Ү.Бямбадоржийн “...2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 19 цагийн үед 24 дүгээр хороо буюу баруун салааны ... гудамжинд айлын 8-9 тооны үхэр байсан. Тэр үхрүүд дундаас 5 тооны үхрийг тасалж ганцаараа туугаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны ... замын тэнд аваачсан. Замдаа Ш.Хишигдэлгэр ахын утас руу залгаад “Автомашинтайгаа хурдан хүрээд ирээч” гэхэд тэрээр мөнгөлөг өнгийн “Тоёота Приус-10” загварын автомашинтайгаа удалгүй ирсэн... түүнтэй хамт 2 тооны үхрийг хөтлөөд жалганд аваачиж нугаслаж, хамжиж өвчиж жижиглээд махыг нь аваад арьс, толгой, таахайг гэдэстэй нь орхисон. Бид хоёр махыг нь автомашиндаа ачаад 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 05 цагийн үед “Нарантуул-2” худалдааны төвийн ченжид 650.000 төгрөгөөр худалдсан. Ш.Хишигдэлгэр ахад 200.000 төгрөгийг өгөөд бид хоёр салсан... нядалсан 2 тооны үхэр хоёулаа гунжин үхэр байсан...” /хх-40-42/,

          - яллагдагч Ш.Хишигдэлгэрийн “...Ү.Бямбадорж миний утас руу залгаад “Баянхошуунд хурдан хүрээд ир, энд хэдэн үхэр байна, нядалж заръя” гэхээр “Ахыгаа хэрэгт унагаачихваа” гэхэд “Зүгээрээ, хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн... тэгээд өөрийн 46-86 УНО улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Тоёота Приус-10” загварын автомашинаар Баянхошууны Хайлааст руу давдаг замын тэнд очоод Ү.Бямбадоржтой хамт хамгийн дээд талын эзэнгүй хашаа руу 5 тооны үхрийг шахаж байгаад 2 тооны үхрийг нь Ү.Бямбадорж бугуйлдаж жалганд аваачаад би нугаслаж, бид хоёр хамтдаа өвчиж махыг нь миний автомашинд ачаад толгой шийр, таахайг нь нядалсан газраа үлдээсэн. Маргааш өглөө 05 цагийн үед “Нарантуул-2” худалдааны төвийн ченжид махаа худалдаад надад 200.000 төгрөгийг өгсөн...” /хх-46-49/ гэсэн мэдүүлгүүд,

          хэргийн газарт болон үхрийн ширэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-11/, нядлагдсан 2 тооны үхрийн толгой, шийр, таахай зэргийг хэргийн газраас хураан авч, хохирогч С.Буянхишигийн нөхөр П.Ганболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 46-86 УНО улсын дугаартай, “Тоёота Приус-10” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол /хх-73/, уг тээврийн хэрэгсэл болон алдагдсан 5 тооны үхэрт үнэлгээ хийсэн тухай баримт /хх-80-89/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой ба эдгээрийг үндэслэн Ү.Бямбадоржийг урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн ялтай байх хугацаандаа хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн, мөн Ш.Хишигдэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Ялтан нар нь энэ гэмт хэрэгт бүлэглэн оролцохдоо, Ү.Бямбадорж нь хохирогч С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг … 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх бэлчээрээс нь тууж хулгайлан авч явсан ба Ш.Хишигдэлгэртэй хамт 2 тооны үхрийг нядалсан, улмаар Ш.Хишигдэлгэрийн жолоодон ирсэн тээврийн хэрэгсэлд нядалсан үхрийнхээ махыг ачиж, түүнийг худалдан борлуулахаар хамт явсан зэргээр үйлдлээрээ нэгдэж оролцсон байна.

Ялтан Ш.Хишигдэлгэр нь 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтай байдалд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх ялтан нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан төлсөн байдал, мөн Ш.Хишигдэлгэрийг хуульд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнд тооцсон болон Ү.Бямбадоржийн урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, хорих ял эдэлсэн ба ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон харгалзан үзэж, тэдэнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн мөрдөн байцаалтаар ялтан нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 46-86 УНО улсын дугаартай, “Тоёота Приус-10” загварын тээврийн хэрэгсэл хэрэглэсэн нь тогтоогдсон ба хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-87/ уг тээврийн хэрэгсэл нь барьцааны зүйл болж “Бат-Ази капитал” ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул түүнийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнийг ялтан нараас хувь тэнцүүлэн гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд харшлахгүй байна.

            Ялтан Ш.Хишигдэлгэр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нараас “...Ш.Хишигдэлгэрийн эрүүл мэнд, ар гэр болон бусад байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсхүл бусад хэлбэрээр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Ялтан Ш.Хишигдэлгэр урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж, 1 удаа ял шийтгүүлэхэд нь шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах буюу хөнгөн ял шийтгэлийг сонгож хэрэглэсэн байхад, тэрээр энэ байдалдаа дүгнэлт хийлгүй дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.  

Гэвч ялтан Ш.Хишигдэлгэр нь хуульд зааснаар анх удаагаа ял шийтгүүлж байгаа, хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн хор аюул их биш, хохирогчид учирсан хохирол, гэм хорыг арилгасан, ялтан өөрийн гэм буруугаа ойлгож, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг заавал хорих ялаар шийтгэх шаардлагагүй, түүний нас, эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан үзэж баривчлах ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Хишигдэлгэрийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 14 хоног, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 41 хоног буюу нийт 55 хоног цагдан хоригдсон хугацааг баривчлах ялын эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ялтан Ш.Хишигдэлгэр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг агуулгын  хувьд  хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар... шүүгдэгч Ш.Хишигдэлгэрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар... Ш.Хишигдэлгэрийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас шүүгдэгч Ш.Хишигдэлгэрт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Хишигдэлгэрт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                                                 ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                                         Д.МӨНХТУУЛ