Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 037

 

А.Ардахын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон 6 тоотод оршин суух, Шеруши санырау овогт Айболатын Ардахын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 33-3 тоотод оршин суух Хурман овогт Хайролын Роза, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 33-3 тоотод оршин суух Ахмедперли овогт Ховдхааны Ержан нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, хамтран хариуцагч Х.Ержан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Розагаас зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөг гаргуулах-ыг хүсжээ.

 

Нэхэмжлэлд: 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс манай садан болох Х.Роза нь чи надад 6700000 төгрөг миний хаан банкны дансанд хийчих, удахгүй буцаагаад өгнө гэж гуйсан бөгөөд би Х.Розаг банканд ажилладаг, манай садан төрөл болохоор итгэж, Х.Розагийн ХААН банкны 5180888988 данс руу 6700000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Х.Розад А.Ардах миний данснаас нийт 20,050,000 төгрөг, 5180888988 тоот данс руу нийт 1,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Иймээс А.Ардах миний ХААН банкны 5076096312 дугаарын данснаас мобайл банкнаас Х.Розагийн ХААН банкны 5180888988, 5180578578 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн нийт 54030000 төгрөг болсон. Гэтэл энэ мөнгийг Х.Роза нь одоо хүртэл төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 54030000 төгрөгийг Х.Розагаас гаргуулан өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Х.Розагийн тайлбарт: Би нэхэмжлэгч А.Ардахын нэхэмжлэлд дурдсан 54,030,000 төгрөгийг түүнээс зээлж аваагүй. Надад А.Ардахаас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. А.Ардах нь миний дүү Х.Ахботагаас байнга мөнгө зээлж авдаг байсан учир итгээд, мөн хамаатан садан учраас би мөнгө зээлж байсан. А.Ардахыг илтэд худлаа ярьж, гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Ардах надтай утсаар ярьж, Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа тул 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг шаардлагатай байна. 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийн хүү өгье гэсэн. Би тэр үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Барьцаа авахгүй байгаа болохоор хүү 1,000,000 төгрөгийг зөвшөөрөн түүнд уг мөнгийг зээлэхээр тохиролцсон.

Тухайн үед Улаанбаатар хотод байдаг миний төрсөн дүү Х.Ахбота, хүргэн А.Ерболат нараас асуухад А.Ардахад би байнга мөнгө зээлдэг, гайгүй байх. Миний нэрээр шилжүүлчих, би танд мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь Х.Ахботагийн нэрээр шилжүүлэн өгсөн. А.Ардах нь надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний 5180888988 тоот данс руу хүү шилжүүллээ, баярлалаа үндсэн мөнгөө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний данс руу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн.

Дээрх байдлаар А.Ардах нь маш олон удаа надаас мөнгө зээл, мөнгөний хүүг өгч байсан. А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир 2015 оны 02 дугаар сард амралтаа авч А.Ардахтай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг юм гэж хэлсэн.

Ингээд иргэн А.Ардахад холбогдуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ардахад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ардахаас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хамтран хариуцагч Х.Ержаны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Ардахын нэхэмжлэлд дурдсан надаас болон манай эхнэр Х.Роза нараас шаардаж буй 54,030,000 төгрөгийг миний бие түүнээс зээлж авч байгаагүй ба надад А.Ардахаас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин миний бие А.Ардахад мөнгө зээлж байсан.

А.Ардах өмнө нь манай хадам дүү болох Х.Ахботагаас байнга мөнгө зээлж авдаг байсан учир манай эхнэр болон миний бие түүнд итгэн, мөн хамаатан садан болохоор мөнгө зээлж байсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Ардах манай эхнэр Х.Розагийн 99422550 дугаарын гар утас руу залгаж надад мөнгө зээлж тус болооч Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж хэлээд дахин, дахин мөнгө зээлж, мөнгөний хүүг өгдөг байсан. А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир 2015 оны 02 дугаар сард амралтаа авч А.Ардахтай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм. Ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг юм гэж хэлсэн.

Ингээд иргэн А.Ардахад холбогдуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ардахад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ардахаас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ардахын хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас зээлийн гэрээний үүрэг 54030000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэг талын ашиг сонирхлыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 281 зүйлүүдийг зөрчсөн нь дараах баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .....нэхэмжлэгч А.Ардахаас биш Еркегүл гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4030000 төгрөг, Эрка гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100000 төгрөг, 11 дүгээр сарын 7-ны өдөр 450000 төгрөг, Кабирбек гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150000 төгрөг шилжүүлж байсан нь Х.Роза, Х.Ержан нарын ХААН банкны хуулгаар нотлогдож байгаа боловч уг мөнгийг А.Ардахын даалгавараар Еркегүл, Эрка, Кадирбек гэх хүмүүс нь Х.Роза, Х.Ержан нарын ХААН банкны 5180888988 дугаар дансанд тушаасан эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр үнэлээгүй байна. Гэтэл А.Ардахын 5076096312 данс руу 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ахботагаас 4000000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Жарасаас 3000000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Маралаас 8000000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Есэнгүлээс 2500000 төгрөг тус тус шилжүүлснийг Х.Ахбота, Жарас, Марал, Есэнгүл нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна гэж үнэлсэн байдаг.

Гэтэл Х.Ахбота, Жарас, Марал, Есэнгүл нар нь огт шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.4, 43.5 заалтуудыг тус тус зөрчиж байхад шүүх үнэлсэн байна. Иймээс хуулийн шаардлага хангаагүй Х.Ахбота, Жарас, Марал, Есэнгүл нарын А.Ардахын 5076096312 данс руу шилжүүлсэн гэх 17500000 төгрөгийг шүүхийн үнэлсэн А.Ардахын 5076096312 данс руу шилжүүлсэн 52000000 төгрөгөөс хасахад 34500000 төгрөг, мөн хүү алданги тогтоогоогүй зээлийн гэрээ гэж тооцох боломжгүй, 5000000 төгрөгийг сарын дараа 6000000 төгрөг болгож өгнө гэсэн мөнгийг хасаад 28500000 төгрөг нь хуулийн шаардлага хангаж байна.

Нэхэмжлэгч А.Ардах нь ХААН банкны өөрийн 5076096312 данснаас болон шууд Х.Роза, Х.Ержан нарын ХААН банкны 5180888988 данс руу хийсэн нийт мөнгө 54030000 төгрөг байхад шүүх үндэслэлгүйгээр 38200000 төгрөг гэж үнэлсэн байх тул бодитоор эдгээр дансны А.Ардахын Х.Роза болон Х.Ержанд төлсөн баримтаар 54030000 төгрөгөөс Х.Роза, Х.Ержан нарын А.Ардахад төлсөн шүүхийн үнэлсэн мөнгөнөөс нотлох баримтаар үнэлэгдэх 28500000 төгрөгийг хасахад 25530000 төгрөг болж байх тул үүнийг Х.Роза, Х.Ержан нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу А.Ардахад төлөх үүрэгтэй. А.Ардах нь Х.Роза, Х.Ержан нарт зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх төлбөргүй болох нь харагдаж байна. ХААН банкны дансны хуулгууд, ХААН банкинд тушаасан бэлэн мөнгөний баримтуудаар нотлогдож байгаа 25530000 төгрөгийг Х.Роза, Х.Ержан нараас гаргуулж, А.Ардахад өгөхөөр үнэн зөвөөр уг хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ардахын хариуцагч Х.Роза, Х.Ержан нарт холбогдуулан гаргасан 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нотлох баримтад үндэслэгдээгүй гэж дүгнэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан бичмэл баримтуудаас үзвэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-тзаасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Харин хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 5-20 /А.Ардахын данс/, 75-86 /Х.Роза, Х.Ержан нарын данс/, 110-177 /А.Ардахын данс/ дугаар тал), орлого, зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд (хэргийн 62-74, 205-206 дугаар тал), Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд (хэргийн 193-204 дүгээр тал), зохигчийн тайлбар зэргээс үзвэл талуудын хэн аль нь удаа дараагийн үйлдлээр, банкин дахь нэхэмжлэгч А.Ардах, хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нарын данс руу харилцан мөнгөн шилжүүлгийг бэлнээр болон бэлэн бусаар хийж байсан үйл баримт тогтоогддог боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлохгүй бөгөөд дээр дурдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарт 54030000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-т амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх урьдчилсан нөхцлүүд бүхий гурван үндэслэлийг, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.-т гэрээг байгуулагдсанд тооцох найман үндэслэлийг тус тус хуульчилсан ба хэрэгт авагдсан баримтуудаар эдгээрийн аль нэг урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй буюу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хариуцагч нараас 54030000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 428100 төгрөг тушаасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа ...баримтаар нотлогдож байгаа 25530000 төгрөгийг Роза, Ержан нараас гаргуулж өгнө үү гэж тэмдэглэн, улсын тэмдэгтийн хураамжид шийдвэрийг эс зөвшөөрсөн хэмжээгээр буюу 25530000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 285600 төгрөг тушаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК