Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01261

 

Л.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01120 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1338 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.С-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д-, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.С- нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэг бүр нь 400 000 төгрөгийн үнэтэй нийт 15 ширхэг “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-ыг нийт 6 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэрээр миний зарж буй камеруудыг шалгаж, ажиллуулж үзсэний эцэст хүлээн авч энэ тухайгаа албан бичгээр баталгаажуулан, тамга дарж худалдаж авсан. Ингэхдээ камернуудын төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Ингээд төлбөрийн хугацаа өнгөрөхөд О.С- нь “дахиад нэг сар сунгачих” гэсэн. Энэ хугацаа өнгөрсний дараа ярихад тэрээр “би ном хэвлүүлж байгаа, санаа зоволтгүй, хүү алданги тооцоод төлчихнө, хүлээж бай” гэсэн. Ингээд сүүлдээ утсаа авахгүй болж хэдэн сар болсон. Дараа нь би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Пүрэврэнцэн гэдэг хүнтэй холбоо барьсан. Бид харилцан тохирч дахин хугацаа сунган “худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээний хуацаа дуусаж төлбөрөө төлөхийг сануулахад хариуцагч “шүүхдээ өг” гэсэн.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу хугацаа хэтэрсэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 88 хоногийн алданги 2 640 000 төгрөг, үндсэн төлбөр болох 6 000 000 төгрөг нийт 8 640 000 төгрөгийг хариуцагч О.С-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Л.Д-гийн нэхэмжлээд буй 8 640 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тухайн өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-уудыг буцааж өгнө. Учир нь тухайн үед О.С-тай Л.Д- камерийг өгөхдөө ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байдаг. О.С- камерыг нь борлуулж мөнгийг нь тодорхой хугацаагаар ашиглаад буцааж өгөхөөр тохирсон боловч Л.Д- нэгд, маш үнэтэй үнээр өгсөн, хоёрт залилан хийсэн, цагдаад өгнө гэж айлгасаар надтай гэрээ байгуулахад хүргэсэн. Тэгэхдээ камераа буцааж ав гэж хэлэхэд хэзээ ч буцааж авахгүй, заавал гэрээ хийнэ гэж хүчээр шахуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн 88 хоногийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймээс тухайн камерыг буцааж өгч Л.Д-г хохиролгүй болгох саналтай байна. Мөн О.С-г төлөөлж би гэрээ хийхдээ ноцтой төөрөгдсөн. Биднийг нотариат дээр очиход нотариатч нь “...энэ худалдах, худалдан авах гэрээнд заасан бараа, материалын чинь баримт, бичиг нь хаана байна” гэж асууж байсан. Би тухайн үедээ асуудлыг сайн судлалгүй гэрээ хийсэн. Тэгээд ч уг камернууд зах зээлийн үнээс хэт үнэтэй байсан. Иймд нэхэмжилж буй мөнгийг О.С- хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01120 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С-гаас 8 640 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 10 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 153 190 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1338 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 390 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...О.С- нь бүх камеруудыг нэг бүрчлэн ажиллуулж шалгаж, тоолж амьдарч байсан гэртээ хүлээн авсан. Энэ бүхэн зөвхөн Сарангуа бид 2-ын хооронд л болсон зүйл бөгөөд ямар нэгэн Төрийн бус байгууллага төлөөлж худалдан авч байгаа болон төлбөрийг ТББ төлнө гэсэн тухай нэг ч үг үсэг хэлээгүй яригдаагүй ба үнэхээр л ТББ худалдаж авч байгаа бол тоо ширхэг нэгжийн үнэ нийт үнийг тусгаж хүлээлцсэн санхүүгийн тамгатай орлогын падаан өгөх байсан ч өгөөгүй, ТББ-ынхаа санхүүгийн бүртгэл дээрээ бүртгэж бүртгэлийн баримтаа шүүхэд нотлох баримтаар өгөөгүй байж ТББ-ын нэр дээр авсан ТББ-аас нэхэмжлэх ёстой гэсэн цаг хугацаа хожих агуулгатай худал үгийг нь давж заалдах шатны шүүх үнэлсэн. ...Би бас цаг хугацааны хувьд итгэмжлэлээр байгуулсан худалдах худалдан авах гэрээг байгуулснаас хойшхи байдлаар нэхэмжлэлээ гаргаж гэрээний үүрэгт заасан алдангийг гэрээний үүргийн дагуу тоолж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцүүлэн гаргасан. Би итгэмжлэлээр байгуулсан худдалдах худалдан авах гэрээнээс өмнөх хугацааны нэг ч асуудлыг шүүхэд нэхэмжлээгүй. Би итгэмжлэлээр байгуулсан худалдах худалдан авах гэрээгүйгээр зөвхөн тэр Өнө Судар гэсэн баримтаар О.С-гаас төлбөрөө нэхэмжилсэн бол давж заалдах шатны шүүхийн магадлалыг жинхэнэ хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж болохоор байлаа. Уг нь бол “Өнө Судар” ТББ нь ганцхан эзэнтэй, ганцхан удирдах зөвлөлтэй. Тэр нь О.С- өөрөө. Энэ бол цэвэр О.С- бид 2-ын хооронд хийсэн наймаа юм.

Тэгээд ч өөрөө ярьж, өөрөө шалгаж, өөрөө бүх тохироог хийж тогтчихоод өр төлбөрөө төлөх болохоороо цаг хожих гэсэн башир арга хэрэглэж өдий хүртэл намайг асар ихээр хохироосоор байгаа нь хуулиар хамгаалагдсан миний эрх ашгийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд энэ утгаараа хариуцагч мөн юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгон намайг цаг хугацаа, төлбөр мөнгөний хувьд xoxиролгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо иргэн О.С-гаас иргэн Б.Пүрэвцэрэнд олгосон итгэмжлэлийн дагуу байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагч О.С-д ногдуулсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т заасан хариуцагчийн тодорхойлолтод нийцээгүй гэж үзжээ.

Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч О.С-д холбогдуулан 15 ширхэг V Star IP камерын үнэ 6 000 000 төгрөгийг алданги 2 640 000 төгрөгийн хамт нийт 8 640 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар О.С-г зааж, түүний төлөөлөгч нь Б.Пүрэврэнцэн болохыг мөн тусгасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б.Пүрэврэнцэнд “хариуцагчийг төлөөлөх” итгэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон байх ба уг итгэмжлэлийн дагуу Б.Пүрэврэнцэн нь О.С-г иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцох тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхтэй байна.

Түүнчлэн, О.С- Б.Пүрэврэнцэнд 15 ширхэг камер худалдах-худалдан авах гэрээ Л.Д-тэй байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр, хугацаа, үнийг тодорхойлох эрхийг олгосон итгэмжлэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгчээ.

Уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Л.Д- Б.Пүрэврэнцэнтэй 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйл болох 15 ш камерын нийт үнэ 6 000 000 төгрөг болохыг тусгаснаас гадна төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор заасан байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2.-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж  чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг л төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй байна. Худалдах-худалдан авах гэрээг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй, эсхүл худалдан авагч  хэлцлийг заавал биечлэн хийх хуулийн шаардлага байхгүй болно.

Мөн зүйлийн 62.3.-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг байна. Хариуцагч О.С- Б.Пүрэврэнцэнд итгэмжлэл олгосноор Б.Пүрэврэнцэнд худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрх үүсжээ.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Л.Д-, Б.Пүрэврэнцэн нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд Б.Пүрэврэнцэн нь худалдан авагчаар тусгагдсан боловч гэрээний талуудын хэн алин нь худалдан авагч О.С-гийн нэрийн өмнөөс гэрээ байгуулагдаж байгааг ойлгож байсан нь дээрх итгэмжлэл, гэрээний зүйл болох 15 ш камерыг О.С- гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан байсан үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч О.С- нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “бараа худалдан авсан тухай баримт”-аар Л.Д-гээс нэг бүр нь 400 000 төгрөгийн үнэ бүхий камер нийт 15 ширхэгийг байгууллагынхаа ажлын хэрэгцээнд худалдаж авсан болохоо баталсан байх ба нийт төлбөрийн дүн 6 000 000 төгрөг болохыг, мөн барааг буцаах асуудал гаргахгүй талаар уг баримтад заажээ.

Энэхүү баримт нь “Өнө судар” ТББ-ын албан бланк дээр бичигдсэн, мөн баримтад ТББ-ын тамга дарагдсан байх нь иргэн О.С-г хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. “Өнө судар” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 1 гишүүнтэй, О.С- уг ТББ-ын удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд дээрх батламж бичигт О.С- ТББ-ын албан тушаалтны хувьд бус харин иргэний хувьд гарын үсэг зуржээ.  Нэхэмжлэгч Л.Д- нь иргэн О.С-д эд хөрөнгө худалдсан гэж үзэж, түүнээс төлбөр шаардсан байх ба хариуцагч О.С- хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээний харилцаанд орсон гэх баримт байхгүй, гэрээ байгуулах итгэмжлэлийг өөрийн нэрийн өмнөөс Б.Пүрэврэнцэнд олгосон байна. Харин О.С- өөрт хохирол учирсан гэж үзвэл “Өнө судар” ТББ-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна. Хариуцагч О.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс 15 ш камер хүлээн авсан, төлбөрийг төлөөгүй үйл баримтыг үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг ба хариуцагч О.С-гийн итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч Л.Д- болон Б.Пүрэврэнцэн хоёрын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд төлбөр төлөх хугацаа хожимдуулах тохиолдолд алданги тооцох нөхцөл тусгагджээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, татгалзсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Гэрээг хүчээр байгуулсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүйгээс гадна худалдан авсан камеруудыг буцаан өгөх буюу гэрээнээс татгалзах үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчдын маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг  зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1338 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 153 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН