Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01120

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01120

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 дугаар байр, 9 тоотод оршин суух, Чонос овогт Лханаасүрэнгийн Даваасүрэн /РД:цг70122173/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/3 дугаар байр, 603 тоотод оршин суух, Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:ух62041881/-д холбогдох,

 

8,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэврэнцэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Даваасүрэн надтай хариуцагч О.Сарангуа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр утсаар холбогдон уулзаж нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй нийт 15 ширхэг “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-ыг нийт 6,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэрээр миний зарж буй камеруудыг шалгаж, ажиллуулж үзсэний эцэст хүлээн авч энэ тухайгаа албан бичгээр баталгаажуулан, тамга дарж худалдаж авсан. Ингэхдээ камернуудын төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Ингээд төлбөрийн хугацаа өнгөрөхөд О.Сарангуа нь “дахиад нэг сар сунгачих” гэсэн. Энэ хугацаа өнгөрсний дараа ярихад тэрээр “би ном хэвлүүлж байгаа, санаа зоволтгүй, хүү алданги тооцоод төлчихнө, хүлээж бай” гэсэн. Ингээд сүүлдээ утсаа авахгүй болж хааяа өөр утсаар залган холбогдоход “...одоо өглөө, удахгүй өгнө, хүү алданги тооцож байгаа юм чинь хүлээж бай” гэсээр хэдэн сар болсон. Улмаар амьдарч байсан газраасаа нүүж, утсаа салган сураг тасарсан. Дараа нь би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Пүрэврэнцэн гэдэг хүнтэй холбоо барьсан. Бид харилцан тохирч дахин хугацаа сунган “худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээний хуацаа дуусаж төлбөрөө төлөхийг сануулахад хариуцагч “шүүхдээ өг” гэсэн. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу хугацаа хэтэрсэн 88 хоногийн алданги 2,640,000 төгрөг, үндсэн төлбөр болох 6,000,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөгийг хариуцагч О.Сарангуагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 15 ширхэг өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-ыг хариуцагч О.Сарангуад хүлээлгэж өгсөн. Хариуцагч барааг өөрөө шалгаад хүлээн авсан ба бид зарагдсан барааг буцаах асуудал байхгүй гэж тохирсон. Гэвч хариуцагч тохирсон ёсоор төлбөрөө өгөхгүй байсан ба төлбөр төлөх хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч О.Сарангуагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэврэнцэнтэй “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан ба камерны үнэ болох 6,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлөх, хугацаандаа төлбөрийг төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Би энэ худалдах-худалдан авах гэрээг дарамталж хийгээгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн. Хариуцагч энэ камернуудыг буцаан өгнө гэж байна. Гэтэл одоо эдгээр камернуудын үнэ буурчихсан, надад буцааж авах ямар ч шаардлага байхгүй. Би мөнгөө л авна. Алдангийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцсон байгаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хариуцагч намайг “Өнө судар” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагатай гэрээ хийсэн гэж байна. Гэтэл О.Сарангуа нь өөрөө энэ байгууллагын удирдах зөвлөлийн дарга нь бөгөөд сүүлд гэрээгээ хувь хүнээр хийсэн. Иймд би хариуцагчаас барааны үнийг шаардах эрхтэй гэжээ. 

        

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэврэнцэн шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Даваасүрэнгийн нэхэмжлээд буй 8,640,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тухайн өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Саmer/-уудыг буцааж өгнө. Учир нь тухайн үед О.Сарангуатай Л.Даваасүрэн камерийг өгөхдөө ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байдаг. О.Сарангуа камерийг нь борлуулж мөнгийг нь тодорхой хугацаагаар ашиглаад буцааж өгөхөөр тохирсон боловч Л. Даваасүрэн нэгд, маш үнэтэй үнээр өгсөн, хоёрт залилан хийсэн, цагдаад өгнө гэж айлгасаар надтай гэрээ байгуулахад хүргэсэн. Тэгэхдээ камераа буцааж ав гэж хэлэхэд хэзээ ч буцааж авахгүй, заавал гэрээ хийнэ гэж хүчээр шахуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн 88 хоногийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймээс тухайн камерийг буцааж өгч Л.Даваасүрэнг хохиролгүй болгох саналтай байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэврэнцэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс өгсөн баримтаас үзэхэд тэрээр анхнаасаа “Өнө судар” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагатай гэрээ хийсэн байна. Иймд нэхэмжлэгч нь О.Сарангуагаас барааны үнийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Би О.Сарангуагаас уг камернуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төлөөлөх бүрэн эрхийг авч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл авсан. Уг итгэмжлэлийг үндэслэж нэхэмжлэгчтэй 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан нь үнэн. Гэхдээ уг гэрээг нэхэмжлэгч Л.Даваасүрэн биднийг “шүүх, цагдаад өгнө” гэж дарамталж хийсэн. Мөн О.Сарантуяаг төлөөлж би гэрээ хийхдээ ноцтой төөрөгдсөн. Биднийг нотариат дээр очиход нотариатч нь “...энэ худалдах-худалдан авах гэрээнд заасан бараа, материалын чинь баримт, бичиг нь хаана байна” гэж асууж байсан. Би тухайн үедээ асуудлыг сайн судлалгүй гэрээ хийсэн. Тэгээд ч уг камернууд зах зээлийн үнээс хэт үнэтэй байсан. Иймд нэхэмжилж буй мөнгийг О.Сарангуа хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад              

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Даваасүрэн хариуцагч О.Сарангуад холбогдуулж нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Cаmer/-ны үнэ 6,000,000 төгрөг, 88 хоногийн алданги 2,640,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд ханджээ.

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Л.Даваасүрэн нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Cаmer/-ыг О.Сарангуад худалдсан бөгөөд барааны үнэ болох 6,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирчээ.

 

Дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй гэсэн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Л.Даваасүрэн болон Б.Пүрэврэнцэн нар “худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан ба уг гэрээгээр 15 ширхэг “Ви стар ай пи камер” /V star IP Cаmer/-ны үнэ 6,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлөхөөр харилцан тохирсон байна. Уг гэрээг Б.Пүрэвцэрэн нь хариуцагч О.Сарангуагаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 сарын хугацаатай олгогдсон итгэмжлэлийг үндэслэж хийсэн ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй /хх5, 6 хуудас/.      

 

О.Сарангуа нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Cаmer/-ыг хүлээн авсан, барааны үнийг төлөөгүй болон эдгээр камернууд ямар нэг доголдолтой байсан эсэх тал дээр маргаагүй бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч Л.Даваасүрэнд  нэг бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг өрөөний дотоод хяналтын камер буюу “Ви стар ай пи камер” /V star IP Cаmer/-ны үнэ 6,000,000 төгрөгийг хариуцагч О.Сарангуагаас шаардах эрх үүссэн байна.

 

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны алданги 2,640,000 төгрөгийг хариуцагч О.Сарангуагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” талуудын байгуулсан гэрээний 2.2-т “...худалдан авагч нь төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдан авагчаар төлүүлнэ” гэж тус тус заасантай нийцнэ. 

 

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “худалдах-худалдан авах гэрээ”-г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн нь хариуцагч О.Сарангуаг төлөөлж хийсэн тул гэрээний үүргийг О.Сарангуад хариуцуулах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт харшлахгүй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд    хариуцагчийн “...худалдах-худалдан авах гэрээг ноцтой төөрөгдөж хийсэн, нэхэмжлэгч талаас уг гэрээг дарамталж хийсэн” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Сарангуагаас 8,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 10 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 153,190 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ