Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0106

 

А.Ө-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, А.Н, гуравдагч этгээд С.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 877 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, А.Ө-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн хавсралтын 655, 660 хэсгийг буюу С.У, Б.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Ө давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн газар буюу маргаан бүхий газарт очиж үзлэг хийхдээ үзлэгийг дутуу хийсэн буюу тухайн газарт очоод зөвхөн газартай танилцаж, үзсэнээс тус газарт оршин сууж буй иргэдийн газар, тэдэнд олгогдсон газар эзэмших эрх байгаа эсэхийг тодруулаагүй. Түүнчлэн Газрын албанаас нотлох баримтыг гаргуулан авахдаа бүрдүүлсэн баримтыг дутуу гаргуулан авсан, гаргуулан авсан нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлага хангахгүй байгаа тал дээр бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй.

Шүүхээс дүгнэсэн газар эзэмшигч С.У нь газар эзэмшихээр хүсэлт өгсөн болох нь тогтоогдлоо гэж учир дутагдалтай дүгнэсэн. Шүүхэд ирсэн баримтад С.Удвал газар эзэмших хүсэлт өгсөн эсэх нь тодорхойгүй байна гэж үзсэн атлаа ийн дүгнэсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэн гомдолтой байна. Шүүгч газрын албанд үзлэг хийж, үзлэг хийсэн баримтад байгаа хүсэлт хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр гаргасан нь тодорхойгүй байхад иргэн С.У, Б.Г нар нь нэхэмжлэгчээс түрүүлж хүсэлт гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогдлоо гэж дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Ө нь “... 2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Жанжин уулын өвөрт 0.7 га газар эзэмшихээр дүүргийн газрын албанд удаа дараа хандахад газар эзэмшүүлэх нэгдсэн төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөө батлагдсаны дараа 2019 оноос нэгдсэн журмаар газар эзэмшүүлнэ тэр үед та наад газраа эзэмших талаар хүсэлтээ өгч хүсэлтийг хүлээн авдаггүй байсан” гэж, хариуцагчаас “...дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2012 оноос хойших өргөдөл, бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч А.Ө-аас хүсэлт ирүүлсэн талаар бүртгэгдээгүй, 2013 онд уг газрын талаар маргаан гарч байхад нэхэмжлэгч нь тухайн газартай холбогдуулан гуравдагч этгээдээр оролцож байгаагүй” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Ө нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх удаа Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан гаргасан, үүнээс өмнө хүсэлт гаргаж байсан гэх боловч  түүнийг нотлох баримтгүй, харин гуравдагч этгээд С.У, Б.Г нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийг гарахаас өмнө газар эзэмших хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг дүүргийн Газрын албанд гаргаж өгсөн болох нь нотлогдсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “2012 оноос эхлэн газар эзэмших эрх өөрт нь үүссэн” гэх үндэслэлээр дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар маргах хэдий ч хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Б, Б.Ц, Ш.Б нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүсэж, маргаан бүхий газрыг хэн эзэмших эрхтэй эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад тухайн газарт амьдарч байгаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээр татагдаагүй зэргээс үзвэл түүний тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээдүүдээс түрүүлж гаргаагүй, хүсэлт гаргасан газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийн холбогдох хэсгээр С.У, Б.Г нарт эзэмшүүлсэн газартай давхацсан байхад түүнд уг газрыг эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй.

Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд С.У Б.Г нарт эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч эзэмших тухай хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ө-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН