Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 424

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух, Найман овогт Муратын Мейрамбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух, Санырау овогт Хайдарын Ербол, Найман овогт Атретханы Гүлнаш нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Мейрамбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Мейрамбек 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тохиролцсоны дагуу тус багийн иргэн Х.Ербол, А.Гүлнаш нарт 1 сая төгрөгийг зээлээр олгож, баримтад гарын үсэг зуруулж авсан. Гэтэл Х.Ербол, А.Гүлнаш нар нь итгэл алдаж надаас авсан зээлээ төлөхгүй байна. Шаардлага тавихаар бид нар өгөхгүй чаддаг юм бол шүүх, цагдаад хандаж авна биз гэж доромжилдог болов. Иймд Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэн Х.Ербол, А.Гүлнаш нарын надаас зээлээр авсан 1 сая төгрөгийг өөрсдийн тохиролцож гарын үсэг зурсан хүүгийн хамт гаргуулж өгч тусална уу гэжээ.

Хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Ербол, Цэнгэл сумын 1-р багийн иргэн, 2015 оны 6-р сарын 03-ны өдөр урьд өгөх байсан 800000 төгрөгийг иргэн М.Мейрамбект өгөх ёстой байсан. Дээрхи мөнгийг Мейрамбекийн төрсөн дүү болох М.Асылбект, Цэнгэл сумын төвд ноолуур тушаах үед 800000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэтэл мөнгө өгөх үед бие мөнгөө авсан гэсэн баримт гарын үсэг аваагүйг минь далимдуулан мөнгө аваагүй гэж хуйвалдан шүүхэд өгсөн байна. Иймд миний энэхүү маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгч тусална уу гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Мейрамбект шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдааны товыг мэдлээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү, миний өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд оролцох болно гэж шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нарт шүүх хуралдааны товыг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн орон нутгийн олон нийтийн радиогоор хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд дуудаж, зарлуулсан тухай баримтаар /мэдэгдэх хуудас/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч нарын өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдааныг товыг хариуцагч нар мэдсэн боловч хүрэлцэн ирж чадаагүй гэж тайлбарласан боловч энэ нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч С.Алтайгийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах, гэрч асуулгах, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д зааснаар шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Мейрамбек нь хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас зээл авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг бүгд 1720000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар нь 2014 оны 06 сарын 15-ны өдөр 1000000 / нэг сая /төгрөг авсан нь, мөн уг мөнгийг 2015 оны 05 сарын 01-нд өгнө, түүнээс хожигдвол сарын 6% хүүтэй төлнө гэж өөрсдийн гараар баримт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан баримтаар нотлогдож байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нь нэхэмжлэгч Х.Мейрамбекийн дүү Асылбект мөнгийг өгсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Х.Мейрамбекийн дүү Асылбект мөнгө өгсөн эсэх нь тодорхойгүй, өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй болохыг танилцаж, гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй.

Хариуцагчийн өмгөөлөгч нь ... зээл авснаа хүлээн зөвшөөрч байна, үүнээс 800000 төгрөгийг өгсөн, нэг хүнээс 200000 төгрөгийг авч өгөөд нэг сая төгрөгийг төлж барагдуулсан одоо төлөх ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй ... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар нь тухайн үед мөнгөний хэрэгцээ гарч мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлсөн, төлсөн мөнгийг дахин төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч М.Мейрамбекээс зээлж авсан 1000000 төгрөгийг төлж барагдуулсан тухай ямар нэгэн баримтгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Х.Ербол, А.Гүлнаш нар нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч М.Мейрамбек нь мөнгөө буцаан шаардах эрх нь үүссэн байна.

Тухайн үед зээлсэн мөнгийг 2015 оны 05 сарын 01-нд өгнө, түүнээс хожигдвол сар 6% хүүтэй төлнө гэж хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож, гарын баримт үйлдсэн байх тул хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас 1000000 төгрөгийн хүү 720000 төгрөгийг тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас зээлж авсан 1000000 төгрөг, түүний хүү 720000 төгрөг буюу нийт 1720000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мейрамбект олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50380 төгрөгөөс 42470 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 7910 төгрөгийг нэхэмжлэгч М.Мейрамбект буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2016.06.14. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар өгсөн а/х Т.Тилеген гэсэн бичмэл нотлох баримт нь ямар нэгэн тамга тэмдэггүй, 2016.05.29. гэх Д.Асылбекийн болон мөн хэд хэдэн /нэр нь тодорхойгүй/ иргэдийн бичсэн бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас зээлж авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг бүгд 1720000 /нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мейрамбект олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мейрамбекийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50380 төгрөгөөс 42470 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7910 төгрөгийг нэхэмжлэгч М.Мейрамбект буцаан олгож, хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас 42470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мейрамбект олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН