Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 046

 

М.Мейрамбекийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Найман овогт Муратын Мейрамбекийн нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Санырау овогт Хайдарын Ербол, Найман овогт Атретханы Гүлнаш нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Оралсын, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нар, хариуцагч нарын өмгөөлөгч С.Алтай, орчуулагч Т.Маншүк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие М.Мейрамбек 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тохиролцсоны дагуу тус багийн иргэн Х.Ербол, А.Гүлнаш нарт 1000000 төгрөгийг зээлээр олгож, баримтад гарын үсэг зуруулж авсан. Гэтэл Х.Ербол, А.Гүлнаш нар нь итгэл алдаж надаас авсан зээлээ төлөхгүй байна. Шаардлага тавихаар бид нар өгөхгүй чаддаг юм бол шүүх, цагдаад хандаж авна биз гэж доромжилдог болсон. Иймд Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэн Х.Ербол, А.Гүлнаш нарын надаас зээлээр авсан 1 сая төгрөгийг өөрсдийн тохиролцож гарын үсэг зурсан хүүгийн хамт гаргуулж өгч тусална уу. гэжээ. 

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэл гаргах үед өмгөөлөгч аваагүй байсан ба миний бие хуулийн мэдлэггүй байснаас болж нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт зээл болон хүүгийн хамт гаргуулах талаар бичсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн 1000000 төгрөг гаргуулах тухай дутуу бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.

Үндсэн зээл болох 1000000 төгрөг болон түүний хүү 720000 төгрөг нийт 1720000 /нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг Х.Ербол, А.Гүлнаш нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарт: Миний бие Х.Ербол, Цэнгэл сумын 1-р багийн иргэн, 2015 оны 6-р сарын 03-ны өдөр 800,000 төгрөгийг иргэн М.Мейрамбект өгөх ёстой байсан. Дээрхи 800,000 төгрөгийг М.Мейрамбекийн төрсөн дүү болох М.Асылбекийг Цэнгэл сумын төвд ноолуур тушаах үед бэлнээр өгсөн. Гэтэл мөнгө өгөх үед миний бие мөнгөө авсан гэсэн баримт гарын үсэг аваагүйг минь далимдуулан мөнгө аваагүй гэж хуйвалдан шүүхэд өгсөн байна. Иймд миний энэхүү маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгч тусална уу. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас зээлж авсан 1000000 төгрөг, зээлийн хүү 720000 төгрөг бүгд 1720000 /нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мейрамбект олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мейрамбекийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50380 төгрөгөөс 42470 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7910 төгрөгийг нэхэмжлэгч М.Мейрамбект буцаан олгож, хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нараас 42470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мейрамбект олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Цэнгэл сумын иргэн М.Мейрамбекийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нарын өмгөөлөгч С.Алтай би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Х.Ербол, А.Гүлнаш нарын хүү Е.Хасым гэрлэхэд айл хөрш амьдардаг Ерболын хадам ах, А.Гүлнашийн үеэл ах М.Мейрамбек нь тэдний хүсэлтээр 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаагаар 1000000 төгрөг зээлдсэн ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хүүг нь төлнө гэж М.Мейрамбек нь хариуцагч нарын гараар бичиг бичүүлж авсан байдаг. Уг зээлийг хугацаанаас нь өмнө хаврын ноолуурын мөнгөнөөс төлж, 250000 төгрөг үлдсэн байгаа. Ямар байдлаар төлсөн талаар анхан шатны шүүхэд хариуцагч талаас 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтэд тодорхой бичсэн байгаа.

Хариуцагч тал М.Мейрамбекээс зээлдэж авсан 1,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд залилан мэхэлж дахин зээлээ төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Цагдаагийн байгууллагаар өргөдөл гарган шалгуулж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хариуцагч талын хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Хариуцагч тал нь хожим өмгөөлөгч авсан бөгөөд өөрсдөө зээлийг төлсөн талаарх нотлох баримтыг цуглуулах чадвар сул байсан ба шүүхээр хийлгүүлэх шаардлагатай байсан. Иймд гэрч асуулгах хүсэлт гаргасан. Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өргөдлийг шалгаж байгаа талаар шүүхэд гаргаж өгсөн бичиг нь хуурамч байвал хариуцагч нар хариуцлага хүлээхэд бэлэн. Гэтэл шүүх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, зээлийг өгөх тухай бичгийг гол нотолгоо болгон яаруу сандруу байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.Мейрамбек, хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нарын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хариуцагч нарын анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбараар мөн нотариатаар гэрчлүүлсэн бичгэн гэрээгээр тогтоогдож байна. Харин зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж маргах боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй. Үүнээс үзвэл зээлдэгч нарын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн төрсөн дүү М.Асылбект зээл 800,000 төгрөг өгсөн гэх боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр М.Асылбек нь энэхүү зээлийн гэрээтэй огт хамааралгүй хүн бөгөөд зээлдэгч нар нь зээлийн буцаан төлөлтийн үүргийг зөвхөн М.Мейрамбекийн өмнө хүлээх ёстой. Зээлдэгч нар М.Асылбекийн хооронд ямар нэгэн үүрэг бий болоогүй байхад М.Асылбек нь тэднээс үндэслэлгүйгээр 800,000 төгрөгийг авсан эсэх нь энэхүү зээлийн гэрээтэй огт хамааралгүй асуудал болно. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч гэх хүний бичсэн тодорхойлолтыг анхан шатны шүүх үнэлээгүй талаар давж заалдах гомдолдоо дурджээ. Гэвч энэхүү тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт байсан тул үнэлэх боломжгүй байсан. Анхан шатны шүүх зээлийн гэрээ-ний талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж шийдвэр гаргасан тул давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Анхан шатны шүүх хариуцагч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх талаар шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагааг журамлажээ. Гэтэл анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн радиогоор хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нарыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх талаар зарлуулсныг хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчээс хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй талаар тэдгээрийн өмгөөлөгчөөс тодруулахад, хариуцагч нарын өмгөөлөгч Радиогоор шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч сонссон эсэхийг мэдэхгүй байна. ... Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн бол хүрэлцэн ирэх байсан, энэ талаар сонсоогүй байх гэж бодож байна. гэж тайлбарлажээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч нарын өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдааны товыг хариуцагч нар мэдсэн боловч хүрэлцэн ирж чадаагүй гэж тайлбарласан... гэж дүгнэж, шүүх хуралдааныг хариуцагч нарыг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т нийцээгүй байна.

 

2. Анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч нарын өмгөөлөгчийн гэрчээс мэдүүлэх авах, уг асуудлыг цагдаагийн байгууллагын албан тушаалтан шалгаж байх тул шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгчөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах, нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шүүх хуралдаанаас дээрх хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Х.Ербол, А.Гүлнаш нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хангаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Х.Ерболд буцаан олгохоор шийдвэрлэв.


 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Х.Ерболд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД Н. ТУЯА

С.ӨМИРБЕК