Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01236

 

У.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ТӨҮГ-т холбогдох,

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10 193 274 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ныг хүртэл хугацааны цалингийн зөрүү 150 000 төгрөг болохыг тогтоолгон, 1 650 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө болох 1 648 000 төгрөг, түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг Т төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар цалин хөлсийг 1 080 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой гарсан зардал 398 525 төгрөг, хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой гарсан зардал 640 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тд 13 жил ажилласан ба энэ хугацаанд 4 удаа ажлаасаа үндэслэлгүй халагдаж байна. 2009 оноос хойш хөдөлмөрлөх эрх минь ноцтой зөрчигдөж байна. 8 жилийн хугацаанд Үндсэн хуулинд заасан иргэн хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул би шударга үнэний төлөө тууштай 8 жил явж ирсэн. 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр анх ажлаас халж, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153 тоот тогтоолоор ТОСК-ийн санхүү, дотоод хяналт хариуцсан мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 968 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 815 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 806 тоот тогтоолоор ажилдаа эгүүлэн томилогдсон. 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35 тоот тушаалаар ажилдаа эргэж орсон. 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 487 тоот шийдвэр, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 406 тоот магадлал, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 470 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаа хангуулж, ажилдаа орсон. 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1115 тоот шийдвэрээр цалин хөлсөө шийдүүлсэн. ТОСК-ийн захирал солигдож, Б.Гантулга гэдэг хүн болсон. Б.Гантулга 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 тоот тушаалаар түрээсийн орон сууц удирдлага, ашиглалтын хэлтсийн нягтлан бодогчийн ажлаас халсан. 3 шатны шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдсон. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас халаад дахин шүүхэд хандсан.

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаа хамаарч байгаа. Энэ хугацааны цалин хөлсөнд 10 193 274 төгрөгийг нэхэмжилж байна. 2014 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн дундаж нь 1 765 771 төгрөг байна. Үүнийг ажлын 22 хоногт хуваахаар өдөрт 80 262 төгрөг болж байгаа. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 127 ажлын хоног байгаа. Ингээд 10 193 274 төгрөг болж байгаа. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд хандсан болохоор шүүхийн ажиллагаа 4 сар үргэлжилсэн.

Тус корпорацийн ерөнхий захирлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/31 тоот тушаалаар ажилчдын цалин нэмэгдсэн байсан. Анхан шатны шүүх хурлын явцад би энэ талаар ерөөсөө мэдээгүй. Ажилдаа орох тушаал гарч, би цалин нэмэгдсэн гэдгийг мэдсэн. Нэмэгдсэн цалингийн зөрүү 1 650 000 төгрөг болж байгаа. Шүүх ТОСК-ийг бүтцийн өөрчлөлт хийгээгүй, ерөнхий захирал Б.Гантулга нь Ерөнхий сайдын эрх хэмжээнд хамаарах асуудлаар дур мэдэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, намайг ажлаас халсныг тогтоосон ба энэ нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5351 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой байгаа. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/118 тоот, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот ажилд томилсон тушаалд цалинг 900 000 төгрөгөөр тогтоосон. Би нэмэгдсэн цалингаараа цалинжих ёстой байсан. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн цалин 750 000 төгрөг байснаа 900 000 төгрөг болж, 150 000 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Энэ хугацааны цалин нь 1 650 000 төгрөг болж байгаа. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/31 тоот тушаалыг шүүхээр гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот ажилд томилсон тушаалаар нотлогдоно. 3 шатны шүүх ТОСК-н буруутай гэдгийг эцэслэн тогтоосон. Шүүхийн процессын үеийн цалинг гаргуулах зүйтэй гэж үзэж байна.

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ээлжийн амралтын мөнгөний үлдэгдэл 1 500 000 төгрөг гарна гэж тооцоолсон. Шүүхийн шийдвэрээр ажилдаа орсны дараа нь ээлжийн амралтын мөнгөө авах хүсэлтээ тавихад 512 000 төгрөгийг миний дансанд хийгээд, үлдэх 1 000 000 төгрөгийг “та түр хүлээж бай”, дараагийн ирэх сарын цалин дээр нэмж олгоно гэж хэлсэн. Надад ээлжийн амралт ч өгөөгүй, цалингаа бүтэн аваагүй. Нийт цалингийн нийлбэр 15 840 991 төгрөг болж байгаа. Үүнийг 12 сард хуваахаар нэг сарын дундаж нь 1 320 082 төгрөг болж байгаа. Ажлын 22 хоногт хуваахаар өдрийн цалин 60 003 төгрөг болж байгаа. Би 25 хоног амардаг. Би улсад 24 жил ажиллаж байгаа. Ингээд 1 500 000 төгрөг болж байгаа. Нэмэгдсэн цалингаараа тооцсон.

2016 оны ээлжийн амралтын мөнгө 1 648 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг дээрх аргачлалаар бодсон. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цалингийн дундаж 1 450 200 төгрөг, ажлын 22 хоногт хуваахаар 65 918 төгрөг болж байгаа. Ээлжийн амралтын 25 хоногт үржүүлэхээр 1 648 000 төгрөг болж байгаа. Ээлжийн амралтын 1 648 000 төгрөг гаргуулах эрхтэй гэж үзэж байна.

Ажилдаа орох хугацааг хойшлуулж байна гэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2 сар хүлээсэн. ТОСК нь 71 орон тоотой байж байгаад 89 орон тоотой болж 11 орон тоо нэмэгдсэн. Тэр байтугай таны ажиллаж байсан хэлтэс 3 ажилтантай байж байгаад 5 болсон. Үйл ажиллагааг нь 2 хуваагаад тооцоо түрээстэй холбоотойг нь удирдлага ашиглалтын хэлтэс, болгоод, барилгын ашиглалттай холбоотойг нь зүгшрүүлэлтийн хэлтэс болгосон. Таны ажиллаж байсан хэлтэс үйл ажиллагаа 2 хуваагдаад, нийт 10 хүнтэй болж нэмэгдсэн гэсэн. Засгийн газрын 2015 оны 419 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 778 дугаар тогтоолын дагуу ОССК-ийн ерөнхий захирлын тушаал гарч, орон тоо бүтэц өөрчилсөн гэж дурдсан байгаа. Гэтэл тогтоолын 2 дахь хэсэгт “Т” төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоосон байгаа. 18 орон тоогоор нэмэгдсэнийг баталж байгаа. Тогтоолын 3 дугаар хэсэгт Хөрөнгө удирдлагын хэлтэс нь 5 орон тоотой ажиллаж байна гэсэн байна. Миний хийж байсан ажил нь хөрөнгийн удирдлагын хэлтэст хамаарах ба миний эрхэлж байсан чиг үүрэгтэй ижил чиг үүрэг бүхий ажлын орон тоо байсаар байтал намайг ажлаас халсан. Хэлтсийн нэр өөрчлөгдсөн нь орон тоо хасагдсан гэдэг үндэслэл хамаарахгүй гэж үзэж байгаа. Иймд намайг түрээсийн орон сууцны удирдлага, ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалинг гаргуулах шаардлага гаргаж байна. 264 хоногийн цалин 26 103 528 төгрөг болж байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 398 525 төгрөг нэхэмжилж байгаа. ТОСК шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байсан бол 398 000 төгрөг надаас гарахгүй байх байсан. Иймд 398 500 төгрөгийг нэхэмжилж байна.

Хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой 2 жилийн хугацаанд гарсан зардлаа нэхэмжилж байна. Гарсан зардлын баримтаа тухай бүрд нь цуглуулж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гарсан зардал болох 214 000 төгрөгийг өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжилсэн байсан. Шүүх нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хангаагүй. Нотлох баримтыг цуглуулаад дахин нэхэмжилж байна. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 426 200 төгрөгийн зардал гарсан. Эдгээр баримтуудыг хэрэгт өгсөн байгаа.

Иймд 640 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өөрийн ойлголт их зөрүүтэй байна гэдгийг зайлшгүй дурдах шаардлагатай. Тухайлбал 2015 онд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байсан үндэслэл, 2016 онд үүсч байгаа хөдөлмөрийн маргаан өөр. Жишээ нь 2015 онд шийдэж байсан хөдөлмөрийн маргаан нэхэмжлэгч У.Н-ийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг ерөнхий захирал шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр авч шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн. Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 419 дүгээр тогтоолоор өмнөх хэд хэдэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа. Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 тоот тогтоолоор ТОСК-г Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байсныг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн. Төрийн өмчийн хороо нь ТОСК-ийн дүрмийг шинэчилж батлаж өгсөн. Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 тоот тогтоолоор ТОСК-ийн бүтцэд өөрчлөлт хийн, зорилтот түвшинг 1 дүгээр хавсралтаар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, зохион байгуулалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталж орон тооны дээд хязгаар 89 байхаар тогтоосон. Өмнөх 11 дүгээр сарын тогтоолоор ТОСК-ийн дотоод журмаар дээд хязгаарыг тогтоосон. 2015 оны 685 тоот тогтоолоор батлагдсан ТОСК-ийн дүрмийн 6.3-т “ТОСК-ийн газрын орон тооны дээд газрыг Төрийн өмчийн хороо тогтооно” гэж заасан. Хуульд заасан журмын дагуу процедур ажиллагааны дагуу байгууллага нь өөр эрх зүйн статустай болсон. Түүнийг харьяалдаг байгууллага нь өөр болсон гэдгийг харж болно. Яг өмнөх шүүхийн шийдвэртэй адилхан Гантулга нь Засгийн газрын эдлэх эрхийг эдлээд байна гэж буруу ойлгоод байна. Дүрмийн 6.9.4-т удирдлага зохион байгуулалт бүтцийг, цалингийн хэмжээг тогтоохоор заасан байдаг. 6.1-д захирал нь уг газрыг удирдахаар заасан. Захирлын эрх хэмжээний заалтаар гарч ирнэ.

Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орсон байдаг. Тйн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 тоот тушаалаар байгууллагын зохион байгуулалт бүтэц дэх ажил албан тушаал батлагдсан. Энэ тушаал бол зөвхөн У.Н- гэдэг хүнд холбогдож гарсан тушаал биш. Орон тооны дээд хязгаарт багтаан, ажил албан тушаалын жагсаалтыг баталсан. Ингэхдээ Төрийн өмчит үйлдвэрийн газар нь дүрэмд заасан, хуульд заасны дагуу ашигтай нөхцөл, эдийн засгийн ач холбогдол, үр ашиггүй ажил зэрэг бүх ажлыг харгалзан үзэж орон тооны жагсаалтыг баталж байна. Нэхэмжлэгчийн хувьд хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2014 оны ажлын байрны тодорхойлолтоор дагалдаж, 2 хоног ажилласан. Өмнөх ажлын байрны тодорхойлолтыг маш сайн танилцах хэрэгтэй. Энэ ажлын байрны тодорхойлолт дээр нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт чиг үүрэг гээд, ажлын байрны зорилго гэдэг дээр төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд баригдсан орон сууцыг улсын комисст хүлээж авснаас хойш мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэж өгөх хүртэл хугацаан дахь санхүүгийн бүртгэл, тооцоо, тайлан гаргах харилцааг зохицуулна гээд мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөх хүртэл хугацааны ажлыг гүйцэтгэхээр тодорхой хугацаа заагаагүйгээр ажиллаж байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолд “... ажлын байр үгүй болохыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу ямар тохиолдолд мэдэгдэл гардуулахыг заасан байдаг. Нэгэнт ажлын байр үгүй болсон тул 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр У.Н-т мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай утгатай мэдэгдэл юм. Энэ мэдэгдлийг нэхэмжлэгч аваагүй гэж өнөөдөр тайлбарлаж байна. Энэ мэдэгдлийг хүлээн авсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд холбогдох зардал зэргээ нэмэгдүүлж, шаардлагаа нэмэгдүүлсээр ирсэн. Нэхэмжлэгч талаас шүүх хурал болгон дээр нэхэмжлэлийн шаардлагаа хэлбэрийн төдий өөрчилж, нэмэгдүүлэн, нотлох баримт олж ирнэ гэж хурал хойшлуулдаг байсан. Эхэндээ бид хүндэлдэг байсан. Энэ хэрэг нь бүтэн жил болж байна. Ямар санаа зорилго байгаа юм бэ? гэж хэлж байсан. Нэхэмжлэгч өнөөдөр үндэслэлгүй худал ярьж байна. Энэ мэдэгдлийг надад хүлээлгэж өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлийг заагаагүй гэж хэлж байна. Тйн ерөнхий захирал Гантулгын гарын үсэгтэй 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/492 тоот албан бичиг байгаа. Энэ албан бичиг дээр У.Н-т “таны орон тоо хасагдсан тул байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээт ажилтны байнгын орон тоог санал болгож байна” гэсэн байгаа. Албан бичиг өгсөн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гээд бичсэн байгаа шүү. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарах гэж байгаа талаар мэдэгдэл өгч, 30 хоногийн дараа 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тушаал гарсан.

Нэг дэх үндэслэл буюу Б/34 тоот тушаал нь зохих, хуульд заасны дагуу гарсан тул хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. Аливаа байдлаар ялгаварлан гадуурхаж байгаагүй. Өөрийнх нь хэлж байгаагаар, нэхэмжлэгч хэнийг ч, ямар ч байдлаар хардаж болно.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 193 274 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч нь 2014 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн дунджаар тооцон, нэмэгдүүлсэн цалингаар тооцож байна гэсэн. У.Н- нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон. Шүүхийн шийдвэр гарахад үндэслэсэн нотлох баримтыг бид өөрчилж чадахгүй. Өмнөх шийдвэрээр сарын дундаж цалин хөлсийг тогтоосон байгаа. Нэгэнт тогтоосон үйл баримтыг өөрчлөх боломжгүй. Дахиж нотлох шаардлага байхгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцох ёстой. Нэхэмжлэгч цалингийн зөрүү 1 650 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл 126.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсоноор цалин хөлс олгох зохицуулалтын дагуу ажил олгогч үүрэг хүлээдэг тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны ээлжийн амралтын олговорт 1 000 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговорт 1 648 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд үндэслэлгүй. Ажил олгогч ээлжийн амралтын олговрыг олгосон. Дансны хуулга хэрэгт байгаа. 1 080 000 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гарсан зардал 398 000 төгрөгийг цалин хөлсийг шилжүүлэхэд суутгагдсан. Хууль бусаар ажлаас халагдсантай холбогдуулан гарсан зардлууд нийтдээ 640 200 төгрөг нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Яг ямар асуудал дээр ийм үнийн дүн гарсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Т” ТӨҮГазраас 4 329 546 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 863 728 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “Т” төрийн өмчит үйлдвэрийн газраас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2016 оны 02 дугаар сарын 17-ныг хүртэл хугацааны цалингийн зөрүү 150 000 төгрөг болохыг тогтоолгон, цалингийн зөрүү 1 650 000 төгрөг гаргуулах, 2016 оны ээлжийн амралтын мөнгө болох 1 648 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Т” /ТӨҮГ/-ын түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлсийг 1 080 000 төгрөгөөр тооцуулан ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Т” төрийн өмчит үйлдвэрийн газраас 398 525 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Н-т олгож нэхэмжлэлээс 640 200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжлэлийн “хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан бүхий” нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Т” төрийн өмчит үйлдвэрийн газраас 106 599 төгрөг, нэхэмжлэгч У.Н-ээс 28 939 төгрөг тус тус гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Тас /ТӨҮГ/ 4 329 546 төгрөг...” гэснийг “16 364 346 төгрөг” гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч У.Н-тэй тохиролцсоны үндсэн дээр өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж.” гэж өөрчлөх, шийдвэрийн 5 дахь заалтад “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106 599 төгрөгийг гаргуулан...” гэснийг “239 771.73 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч У.Н- нь өмнөх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5357 тоот шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажиллагаа хийгдэж Т ТӨҮГазраас түүнийг ажилд эгүүлэн авсан байдаг. Үүнээс 2 хоногийн дараа Т ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 19-ны өдрийн “Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” №Б/16 тоот бүх ажилтнуудад чиглэсэн тушаал гарсан. Тус тушаал гаргах болсон үндэслэл нь МУ-ын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр тогтоол гарч Т ТӨҮГазрыг Засгийн газрын мэдэлд байсныг Төрийн өмчийн хорооны мэдэлд шилжүүлж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 685 тоот тогтоолоор Т ТӨҮГазрын дүрмийг шинэчлэн батласантай холбоотой байсан.

Өөрөөр хэлбэл Т ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 тоот тушаалыг зөвхөн нэхэмжлэгч У.Н-т холбогдуулан гаргаагүй, энэхүү тушаал гарсан цаг хугацаа нь нэхэмжлэгчийг ажилд авахаас 2 хоногийн дараа санамсаргүй тохиолдсоныг давж заалдах шатны шүүх хариуцагчийн зүгээс санаатайгаар зохион байгуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. У.Н-ийг ажилд авснаас 2 хоногийн дараа дээрх тушаалыг гаргаж болохгүй хэмээн хойшлуулж Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг доголдуулах, төлөвлөгөө, төсвийг зөрчих, бусад ажилтнуудын эрхийг хөндөх боломжгүй гэдгийг хяналтын шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч У.Н- нь “2016.02.19-ний өдөр надад мэдэгдэл гардуулж өгөөгүй” хэмээн тайлбарладаг боловч түүнийг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр энэ нь үгүйсгэгддэг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар тухайн үед адил чанарын өөр ажил, албан тушаалыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид санал болгосон ч нэхэмжлэгч У.Н- нь “мэдэгдлийг хүлээн аваагүй” гэх худал тайлбартайгаа адил надад “ажил санал болгоогүй” хэмээн тайлбарласаар ирсэн. Давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглэхдээ зохигчдод адил тэгш хандалгүйгээр, нэхэмжлэгчид ашигтай гэж үзэж болох нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлаар дүгнэлт хийсэн нь хуулийг зөрчсөн гэж үзнэ. Шүүх У.Н-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016.03.31-ний өдрийн Б/40 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, түүнийг ажлын байр үгүй болсон үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хуульд нийцсэн эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн өөр бусад асуудлаар дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 7-д “...Харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.” хэмээн тайлбарласанчлан У.Н-ийн ажлын байрны зорилт, үйл ажиллагаа нь Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцнуудыг мэргэжлийн байгууллага буюу ОСНААГ, СӨХ зэрэгт хүлээлгэж өгөх хүртэл хэрэгжүүлэх ажил байсан бөгөөд хүлээлгэн өгснөөр түүний ажлын байр нь үгүй болж хасагдсан. Өөрөөр хэлбэл оршин суугчид холбогдох байгууллагууддаа төлбөр тооцоогоо төлж хэрэглэгч нь болсон тул тус ажлын байрны зорилт, чиг үүрэг хэрэгжихгүй болсон.

Түүнчлэн Т ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь Төрийн өмчийн хорооны баталсан шинэчилсэн дүрмийн 6.9.4-т “Үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч хэмжээнд багтаан цалингийн хэмжээг тогтоох” гэж заасан эрхтэй болсны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу У.Н-ийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн цуцалсан болно. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 1123 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд авах байсан цалинтай тэнцэх нөхөх олговор хариуцагчаас гаргуулахаар, мөн нэхэмжлэгчийг өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин ийнхүү шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх найруулгын алдаа гаргасныг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч У.Н-ийг хариуцагч “Т” ТӨҮГ-ын Түрээсийн орон сууцны удирдлага, ашиглалтын хэлтсийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5351 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1320 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1022 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор төлөх үүрэгтэй ба энэ талаар шүүх хууль зүйн үндэслэлтэй, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцсэн дүгнэлт хийжээ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т тусгагджээ.

Хуулиар тодорхойлсон дээрх үүргийг ажил олгогч биелүүлэх бодит боломжгүй болсон буюу ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болох нь мөн зүйлийн 36.2.-т заагдсан байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа тооцооны алдаа хийсэн байгааг  залруулах боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 10 193 274 төгрөг, шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотойгоор гаргасан зардалд 398 525 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлээс нийт 10 591 799 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотойгоор гаргасан зардлын талаарх шаардлагыг шийдвэрийн тусдаа заалтаар хангасан байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах хэмжээг өөрчилсөн магадлалын заалтад өөрчлөлт оруулах боломжтой байна.

Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа найруулгын алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэрийн заалтыг алдаатай, шийдвэрт зааснаас өөрөөр тусгасан байгаагаас гадна магадлалаар оруулж буй засвар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг алдагдуулж буйг анхаараагүйг тэмдэглэж байна.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “16 364 346 төгрөг” гэснийг “хариуцагч Тас \ТӨҮГ\ 10 193 274 төгрөг гаргуулж, У.Н-т олгосугай” гэж өөрчлөн, мөн заалтад “нэхэмжлэлийн шаардлагаас 5 863 728 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч” гэж нэмэн, “239 771.73 төгрөг” гэснийг “хариуцагч “Т” төрийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 184 418 төгрөг” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН