Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2434

 

Талуудын эвлэрлийг баталж,

                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 52/2-202 тоот хаягт оршин суух Ухнаагийн Тамир /РД:ХО61110208/-ын гаргасан,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Дэндэвийн гудамж, 85 дугаар байрны 207 тоот хаягт оршин суух Борхүүгийн Уранчимэг /РД:ХЖ55101680/-д Хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлаар зөрчигдсөн эрхийг сэргээх, 18,520,400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч У.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Уранчимэгийн санал болгосны дагуу Б.Уранчимэг, Ё.Энхбаяр нартай хамтран Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэнгис кинотеатрын ард байрлах 600 м,кв талбайтай газрыг иргэн Л.Батцэцэг, Р.Тамир нараас шилжүүлэн авч, барилга барихаар талууд харилцан итгэлцэх зарчмын дагуу тохиролцсон. Иргэн Л.Батцэцэг, Р.Тамир гэсэн хүмүүстэй уулзаж байгаагүй, харин Б.Уранчимэг зуучилж байгаа хүн гээд н.Нямсүрэн гэдэг хүнтэй биднийг уулзуулж байсан. Дээр дурьдсан тохиролцоогоо 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Уранчимэг, Ё.Энхбаяр, У.Тамир бид Хамтран ажиллах гэрээгээр баталгаажуулсан.

Энэхүү гэрээнд дараах асуудлыг баталгаажуулсан. Үүнд:

  1. Дээрх газрын зөвшөөрлийг Б.Уранчимэгийн нэр дээр шилжүүлж, У.Тамир, Ё.Энхбаяр нар хамтран эзэмших,
  2. Газар эзэмших эрхийг шилжүүлэх, барилга барих ажилд хөрөнгө оруулалтын хувь болгон барилгын ажлыг эхлүүлэх зардлын эх үүсвэрийг хүн тус бүр 20,000,000.00 төгрөгийг эхний ээлжинд гаргахаар тохиролцсоны дагуу 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар У.Тамир 18,520,400.00 төгрөгийн санхүүжилт хийснийг талууд баталгаажуулах /Хамтран ажиллах гэрээний 2.3/,
  3. Бүгдийн эрх ашиг болон санхүүгийн хувьд тэнцүү хариуцлага хүлээх байдлыг хангах, цаашид гарах зардлыг санхүүжилт дутуу хийсэн тал хариуцах, хэн нэгэн илүү санхүүжилт хийсэн байх тохиолдолд дутуу санхүүжилт оруулсан тал нь илүү санхүүжилт оруулсан талдаа банкны хадгаламжийн дундаж хувиар хүү төлөх /Хамтран ажиллах гэрээний 3.1, 3.2/,
  4. Тохирсон ёсоор барилга барьж дуусгах, ашгаа хуваахаар тохиролцсон.

Гэтэл хариуцагч Б.Уранчимэг 2006 оноос эхлэн гэрээнд заасан үүргээ санаатайгаар зөрчиж, тохиролцсон мөнгөө хугацаанд нь гаргаагүй, улмаар хэрэгжилт болон явцын талаар мэдээлэл өгдөггүй. 2007 оны 03 дугаар сард гэрээг дүгнэх, цаашид авах арга хэмжээний талаар хэлсэн саналыг минь хүлээж аваагүй, газартай холбоотой санал тавьсныг мөн хүлээж аваагүй, тохиролцохгүй болохоор нь оруулсан хөрөнгөө буцаан авъя гэхэд тэгье, хүүдээ мөнгө олоодох гээд хэлье гээд таг болсон. Энэ хугацаанд Б.Уранчимэг бидний хамтран эзэмшдэг газрыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлж, тодорхой ашиг олсон гэж үзэж байгаа бөгөөд үүнийг хүү Ц.Билгүүн нь надад 2013 оны 10 дугаар сарын эхээр уулзахдаа үгүйсгээгүй, хамтрагч Ё.Энхбаяраар дамжуулан мөнгөтэй болонгуутаа У.Тамирын мөнгийг хамгийн түрүүнд өгнө гэх зэргээр худлаа ярьсан. 2012 онд Эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан боловч үр дүнд хүрээгүй, түүнтэй 2015 оны 03 дугаар сард тааралдахад зээл бүтээгүй байна тэгж байгаад өгнө гээд сураггүй болсон.

Иймд, У.Тамир миний Б.Уранчимэгтэй байгуулсан Хамтран ажиллах гэрээтэй холбоотой зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгөх, гэрээний 2.3-т зааснаар 18,520,400.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Талууд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах асуудлыг тохирч. Үүнд:

  • Хариуцагч Борхүүгийн Уранчимэг нэхэмжлэлийн шаардлага болох 18,520,400.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх,
  • Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулах.

Хэрэг цугларсан баримтаас үзвэл зохигчид 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэнгис кинотеатрын ард байрлах 600 м,кв талбайтай газрыг шилжүүлэн авч, барилга барихаар тохирсон байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэхэмжлэгч тал 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 18,520,400.00 төгрөгийн санхүүжилт гаргасан байгааг талууд хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 478 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр болжээ.

Гэрээ болоод талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнээс дүгнэхэд нэхэмжлэгч У.Тамир нь тус Хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажил эхлүүлэх зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хүн бүрээс 20,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулах ёстой байснаас тэрээр 18,520,400.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх бөгөөд гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэж Б.Уранчимэгээс тус 18,520,400.00 төгрөгийг нэхэмжилж байгаа ажээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Энэхүү хэргийн нэхэмжлэгч болоод хариуцагч нар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээнээс 18,520,400.00 төгрөгийн хэмжээнд эвлэрч, төлбөрийг тодорхой хугацааны дотор төлөхөөр тохиролцсон байгаагаас дүгнэвэл зохигч нар нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагаас зөвхөн мөнгөн төлбөртэй шаардлагад эвлэрч байгаа нь нэхэмжлэгч тал Хамтран ажиллах гэрээтэй холбоотой зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгөх тухай шаардлагаасаа татгалзаж байна гэж дүгнэгдэж байна.

Энэхүү эвлэрэл нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх тухай тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Нэгэнт талууд эвлэрч гэрээ байгуулсан, шүүхэд гаргасан тайлбартаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг дурдаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэв.

Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

Иймд, У.Тамирын гаргасан Б.Уранчимэгт холбогдох Хамтран ажиллах гэрээтэй холбоотой зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгөх, гэрээнд зааснаар 18,520,400.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.У.Тамирын гаргасан Б.Уранчимэгт холбогдох Хамтран ажиллах гэрээтэй холбоотой зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгөх, гэрээнд зааснаар 18,520,400.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь   хэсэгт зааснаар талуудын эвлэрсэн хэмжээ болох 18,520,400.00 төгрөгт ногдох нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,552.00 төгрөгийн 50 хувь болох 125,276.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 50 хувь болох 125,276.00 төгрөгийг хариуцагч Б.Уранчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн илүү төлсөн 2,650.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан түүнд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

 

                        ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР