Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 309

 

Б.Төмөрчөдөрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Г.Золзаяа,

          Ялтан Б.Төмөрчөдөрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Төмөрчөдөрийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Төмөрчөдөрт холбогдох эрүүгийн 2016 2601 1717 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Бадарчийн Төмөрчөдөр, 1978 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Бурхантын 16-252  тоотод оршин суух,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дугаар зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          - Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ял, тухайн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1466 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн ял оногдуулсан ялаас үлдсэн 4 сар 15 хоног, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 7 сар 7 хоног, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаас үлдсэн 1 жил 10 сар 23 хоногийн хорих ялын 30 хувь болох 6 сар 25 хоногийн ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, үлдэх 1 жил 3 сар 28 хоногийн ялыг биечлэн эдлүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 210 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 192-а дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хассан /РД:УБ78042815/,

Б.Төмөрчөдөр нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал нь арилаагүй байхдаа согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамжны 63 тоотод хамт архи ууж согтуурсан Б.Болдбаатарыг “эхнэр Д.Дуламсүрэнг янханы хүүхэд гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр хэвлий тус газарт нь шургааг модоор цохиж, бие махбодид нь “нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт” бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Төмөрчөдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Төмөрчөдөрийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрчөдөрийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Б.Төмөрчөдөрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Төмөрчөдөрийн цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэг оршуулгын зардалтай холбоотой төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад шаардлагатай хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Б.Төмөрчөдөрийн иргэний үнэмлэхийг буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 99 см урттай, 7.5 см өргөн диаметрын хэмжээтэй шургааг мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Төмөрчөдөр давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, бага насны 3 хүүхэд, эхнэрийн 2 дүүгийн хамт ам бүл 7-лаа амьдарч байна. Эхнэр ажил мэргэжилгүй, 3 хүүхэд сургуульд сурдаг, эхнэрийн 2 дүү нь сэтгэцийн өвчтэй тул ажил хийх чадваргүй, халамжийн мөнгөөр нь бид долоон ам бүл тарчиг амьдардаг. Надаас өөр тусалж дэмжих хүн байхгүй. Миний бие хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт элэгний архаг церроз буюу элэгний хатуурал гэдэг өвчний оноштой өдийг хүртэл хэвтэн эмчлүүлж, өдөр ирэх тусам биеийн байдал муудаж байгаа тул эрүүл мэндийн болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорих ял болон зүйл ангийг минь хөнгөрүүлж өгнө үү. Би урьд болон одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч тусална уу...” гэжээ.

            Ялтан Б.Төмөрчөдөрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Төмөрчөдөрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Төмөрчөдөрийн биеийн байдал хүнд,  хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа болно. Уг гэмт хэрэг нь танхайн сэдэлтээр бус хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж үүссэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Төмөрчөдөр нь хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул ялтан Б.Төмөрчөдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            Б.Төмөрчөдөр нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал нь арилаагүй байхдаа согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамжны 63 тоотод хамт архи ууж согтуурсан Б.Болдбаатарыг “эхнэр Д.Дуламсүрэнг янханы хүүхэд гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр хэвлий тус газарт нь шургааг модоор цохиж, бие махбодид нь “нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт” бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайхын “...Жаямаа Б.Төмөрчөдөр хоёр маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Шоронд хамт ял эдэлсэн юм шиг байсан. Шоронгийн талаар яриад маргалдаад байсан. Тэгээл 19 цагаас 20 цагийн орчим Жаямааг Б.Төмөрчөдөр зүүн гар руу нь гэрт дотор байсан шургааг модоор нэг удаа цохисон. Талийгаач орон дээрээ Д.Батцогтын хөлд дээшээ хараад хэвтэж байхад нь нөгөө шургааг модоороо гэдэс рүү нь нэг л удаа цохисон чинь эвхрээд цаашаа эргэж хараад хэвтээд өгсөн...” /1-р хх-29-30, 44, 2-р хх-45/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэгийн “...Надад Х.Үүрцайх 2016 оны 7 дугаар сарын 8-ны орой 22 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр байхад Төмөрөөд зодуулсан гэж хэлж байсан. Х.Үүрцайх “эхлээд барилга дээрээс унасан гэж эмч нарт хэлсэн” гэж сүүлд нь надад талийгаач өөрөө тэгж хэлээрэй гээд байхаар эмч нарт тэгж хэлж байсан гэж хэлсэн...” /1-р хх-17-20, 2-р хх-2/,

            Гэрч Л.Лувсан-Эрдэнийн “...алсаас хараад зогсож байтал Б.Болдбаатар орон дээр дээшээ хараад хэвтэж байхад нь дээрээс нь Төмөрөө ах гартаа барьж байсан шургааг бүдүүн модоороо Б.Болдбаатарын гэдэс дээр нь цохисон. Тэгэхэд Б.Болдбаатар ах “ёоёо” гэж хэлээд хоёр гараараа гэдсээ бариад эвхрээд атиралдахад Төмөрөө ах Б.Болдбаатар ахын цаана хэвтэж байсан Шараа ахын хөл рүү нь гартаа барьж байсан шургааг модоороо цохиод, модоо доороо шалан дээр хаяад Шараа ахын толгой, дух хэсэг рүү нь өвдөглөж цус гаргасан. Тэр үед би Төмөрөө ахыг татаж салгахад Төмөрөө ах “та нар ингэж болохгүй” гэж хэлээд эхнэрээ дагуулаад гараад явсан...” /1-р хх-21-22/,

            Гэрч Д.Дуламсүрэнгийн “...Талийгаач эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь манай нөхөр “яах гэж ингэж байгаа юм чи” гэсэн чинь Үүрээ гараад явсан хойноос нь талийгаач гараад эхнэрээ зодоод, дээр нь гарчихаад цохиод байхаар нь би гарч салгасан чинь намайг “янхан минь, гичий минь чи зайл” гээд байсан. Б.Төмөрчөдөр намайг өмөөрөөд гэрт нь хураасан байсан бөөрөнхий шургааг мод аваад талийгаачийг гэр дотор нь орон дээрээ хэвтэж байхад нь нэг удаа цохисон, хаашаа цохисныг нь хараагүй. Тэр үед талийгаач орон дээрээ сонин дуугараад “ёоёо” гээд байсан...” /1-р хх-23-24, 43/,

Гэрч Д.Батцогтын “...Б.Төмөрчөдөр ах манай байшингийн дотор талд үүдэнд хураасан байсан бөөрөнхий хэлбэртэй 1 метр гарангийн урттай шургааг модноос нэгийг нь аваад эхлээд Жаямааг үүдэнд шалан дээр сууж байхад нь нуруунд нь 2-3 удаа, дараа нь Б.Болдбаатар ахыг матраасан дээр дээшээ хараад хэвтэж байхад хэвлийд нь 2 удаа цохиод авсан. ...Б.Болдбаатар ах эхнэр Үүрээтэйгээ маргалдсан. Тэр үед Дуламсүрэн эгч очиж салгаж байсан. Тэгсэн чинь Б.Болдбаатар ах Б.Төмөрчөдөр ахын эхнэр Д.Дуламсүрэнг “янханы хүүхэд” гээд хэлчихсэн чинь Б.Төмөрчөдөр уурлаад мод аваад бид нарыг цохиж авсан. Б.Болдбаатар ах архи уугаад согтчихоороо дандаа “янханы хүүхэд” гэж хэлдэг юм...” /1-р хх-25-26, 42/,

            Гэрч Б.Жаямаагийн “...Б.Төмөрчөдөр үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байснаа л гэнэт юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байшингийн үүдний хэсэгт хураасан байсан модноос хашааны шонгийн гэмээр өргөнтэй уртаараа 1 метр гаран см урттай шургааг аваад байшингийн цонхны доод талын матрас дээр хэвтэж байсан Б.Болдбаатар ахын гэдэс орчимд нөгөө шургаагаар дээрээс даллаж ирээд нэг удаа хүчтэй цохисон чинь Б.Болдбаатар ах ёолоод, эвхрээд яваад өгсөн чинь хажуунаас нь Лук “та боль, хүн аллаа шүү дээ” гэж хэлээд нөгөө гартаа барьж байсан шургаагийг нь булааж авсан...” /1-р хх-28-29, 41/,

            Шинжээч эмч Б.Ариунзулын “...Нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг удаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10, 11, 12 дугаар хавирганы хуучин хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна. Энэ нь хавирганы ясанд бороо үүссэн учраас 1 сараас дээш хугацаанд үүсгэгдсэн байна. ...Хохирогчийн биед учирсан “нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогонд орсон тохиолдолд 24 цагаас дээш 72 цагийн хугацаанд амьдрах боломжтой, 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нарийн гэдэс урагдаж, хэвлийн гялтангийн тархмал идээд үрэвсэл үүссэн тохиолдолд 2016 оны 7 дугаар сарын 8-ны 21 цаг 15 минут хүртэл амьдрах боломжгүй. Иймд нас барсан шалтгаан нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хэвлий хэсэгт цохиулснаас болж нарийн гэдэс урагдаж, хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч, баасны хордлогод орж нас барсан байх боломжтой...” /1-р хх-56-58/ гэх мэдүүлгүүд,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Төмөрчөдөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвдөж байсан гэсэн баримт байхгүй байна. Б.Төмөрчөдөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.Төмөрчөдөр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Төмөрчөдөр нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 750 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-48-49/,     

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачид хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт, зүүн 10, 11, 12 дугаар хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдов. Нарийн гэдэсний урагдал, чамархайн цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээд үрэвсэл үүсч баасны болон идээд хордлогод орж нас баржээ...” гэсэн 1253 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-50-53/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-8-9, 10/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-11, 12/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13, 14-15/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-16/, талийгаач Б.Болдбаатарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-92-101/, Б.Төмөрчөдөрийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, түүний урьд ял шийтгүүлж байсан шүүхийн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Ялтан Б.Төмөрчөдөрийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Б.Төмөрчөдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрчөдөрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон, хүнд бус ялаар шийтгэсэн байна.

Ялтан Б.Төмөрчөдөр нь давж заалдах шатны шүүхэд “...эрүүл мэндийн болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Б.Төмөрчөдөр нь бусдыг үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан Б.Төмөрчөдөрийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Б.Төмөрчөдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Төмөрчөдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ