Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01239

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00838 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1187 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт холбогдох,

Ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэрэндаваа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон эд хөрөнгийн ямар нэгэн зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Ажил олгогч нь анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, мөн ажилтныг ажлаас чөлөөлөхөд тушаал гаргах ёстой байтал мэдэгдлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Ажил олгогч нь тушаал гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, үндэслэлийг зааж өгөөгүй нь хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн Д.Н-гийн ажиллаж байсан төсөл үргэлжлэн хэрэгжиж байгаа учир хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар нотлох баримт гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүх хангасангүй. Нэр бүхий монгол 5 иргэнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл төслийн удирдагч 2 герман ажилтан одоо болтол хэвээр ажиллаж байгаа. Түүнчлэн, Д.Н- нь ажил эрхлэлтийн гарын авлагатай танилцсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гарын авлагатай танилцсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Д.Н-г ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 109 270 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Уг байгууллага нь Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг 2007 оноос 4 үе шаттай хэрэгжүүлж ирлээ. Дээрх төслийн 3 дахь үе шатыг 2014 оноос 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхдээ Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швед Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швед Улсын Засгийн газраас хамтран санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шведийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаагаар төслийн үйл ажиллагааг явуулсан. Харин уг төслийн сүүлийн буюу 4 дэх үе шатны ажиллагаа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хоёр жилийн хугацаатай хэрэгжиж эхлээд байна. Шведийн Засгийн газар дээрх төсөлд санхүүжилт оруулах боломжгүй талаар 2016 онд албан ёсоор мэдэгдсэн учир Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар төслийн санхүүжилтийг дангаараа хариуцан ажиллаж байна. Иймд төслийн ерөнхий санхүүжилт багассанаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох зайлшгүй шаардлага гарсан. Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажил эрхлэлтийн гарын авлагын 10-т “Боловсон хүчний цомхотгол нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болно” гэж заасан. Энэ зохицуулалтын агуулгыг Д.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан тул түүнийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийн гарын авлага нь ажилтнуудад тавигдах шаардлагуудтай холбоотой бүхий л мэдээллийг агуулж, тухайн байгууллагын дотоодод хатуу мөрддөг журам юм. Иймд GIZ-ийн болон ажилтны хооронд байгуулагдах хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг тул Монгол дахь GIZ-ийн суурин төлөөлөгчийн газартай гэрээ байгуулсан бүх ажилтанд хамааралтай. Энэхүү гарын авлагын 3.1-д GIZ-ийн Суурин төлөөлөгчийн газар нь үндэсний ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах бөгөөд гэрээний үргэлжлэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанаас хэтрэхгүй байхаар, мөн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон GIZ-ийн дотоод дүрэм, журам, зохицуулалтуудын хүчинтэй хувилбар нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохоор зохицуулсныг ажилтан нь гэрээнд гарын үсэг зурснаар ажилтанд тавигдах шаардлага, гэрээ ба ажил эрхлэлтийн гарын авлагад тусгагдсан заалтуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж заажээ. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, төсөл сунгагдах нөхцөлд хуучин ажиллаж байсан ажилтнууд болон шинээр ажилд орохыг хүсэгчид бүгд Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийн гарын авлагын 4-т заасан сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн нь төслийн ажилтнаар ажилладаг онцлогтой. Дараагийн төсөл хэрэгжихтэй холбогдуулаад нэхэмжлэгч Д.Н-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа болон төслийн дараагийн үе шатны ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах гэж байгаа, уг шалгаруулалтад оролцох эрхтэй талаар бичгээр мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгч Д.Н- сонгон шалгаруулалтад орох эрхээ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг хариуцагч хариуцах учиргүй юм. Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Н-тэй 2015 оны 12 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна. Энэхүү нөхцлийг Д.Н- нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болох хугацааг талууд тохиролцсон байх тул уг гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэж байна. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл, ур чадварын талаар жил бүрийн 3 дугаар сард ажлын үнэлгээ өгч, урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэж ирсэн. Энэ дагуу 2016 оны 3 сард дээрх ажлыг зохион явуулахдаа төслийн удирдагчийн зүгээс төслийн зарим санхүүжилт зогсох эрсдэл үүссэн, ажлын байр баталгаагүй болж байгаа бодит байдлын талаар нийт ажилчдад албан ёсоор мэдэгдсэн. Мөн ажил олгогчийн зүгээс Д.Н-д 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхдээ хөтөлбөрийн 3 дугаар шат дуусаж байгаа, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй талаар албан ёсоор мэдэгдсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Н-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00838 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-т холбогдох, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 109 270 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Д.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1187 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд хэрэв талууд тодорхой нөхцөл зааж харилцан тохиролцсон, эсхүл эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болдог. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаарх талуудын тохиролцоо болон хуульд заасан нөхцөл тогтоогддоггүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Хэрэв ажил олгогч нь ажилтанг хугацаатай ажиллуулах болсон үндэслэл, шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг дүгнэхдээ, “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, улмаар буруу жишиг тогтох үндэслэл болж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Н- нь өөрийгөө Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн нягтлан бодох, гэрээний мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр дамжуулан Д.Н-г Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1., 23.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болдог бөгөөд хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог байна.

  Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгчийн газар нь үндэсний ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанаас шууд хамааралтай, тухайн хугацаанаас хэтрэхгүй байх учиртай байна. Тухайн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхаас гадна нийгэмлэгийн дотоод дүрэм, журмаар зохицуулагдах учиртай. Ажилтан нь гэрээнд гарын үсэг зурснаар өөрт болон ажлын байранд тавигдах шаардлага, гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, төсөл сунгагдах нөхцөлд хуучин ажиллаж байсан ажилтнууд болон шинээр ажилд орохыг хүсэгчид бүгд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь ажил эрхлэлтийн гарын авлагын 4-т зааснаар сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн нь төслийн ажилтнаар ажиллах боломжтой байна.

Тодорхой хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй юм. Байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх  ажил хамаардаг ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан нягтлан бодох, гэрээний мэргэжилтний ажил нь дээрх шинжийг агуулж байгаа боловч төсөл өөрөө байнгын бус буюу тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа тул төслийн ажилтнуудын ажиллах хугацаа уг төслийн хугацаанаас шууд хамааралтай болно. 

Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор байх ба ажил олгогч уг хугацааг баримтлан ажилтанд мэдэгдэл өгсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00838 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН