Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1187

 

Д.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00838 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт холбогдох

 

Ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Заяа,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон эд хөрөнгийн ямар нэгэн зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Ажил олгогч нь анхнаасаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, мөн ажилтныг ажлаас чөлөөлөхөд тушаал гаргах ёстой байтал мэдэгдлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй байна. Ажил олгогч нь тушаал гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, үндэслэлийг зааж өгөөгүй нь хууль бус гэж үзэж байна.

Түүнчлэн Д.Нямцэрэнгийн ажиллаж байсан төсөл үргэлжлэн хэрэгжиж байгаа учир хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар нотлох баримт гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүх хангасангүй. Нэр бүхий монгол 5 иргэнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл төслийн удирдагч 2 герман ажилтан одоо болтол ажиллаж байгаа хэвээр байгаа.

Түүнчлэн, Д.Нямцэрэн нь ажил эрхлэлтийн гарын авлагатай танилцсан болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гарын авлагатай танилцсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Д.Нямцэрэнг ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 109 270 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг байгууллага нь Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг 2007 оноос 4 үе шаттай хэрэгжүүлж ирлээ. Дээрх төслийн 3 дахь үе шатыг 2014 оноос 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхдээ Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швед Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швед Улсын Засгийн газраас хамтран санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шведийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаагаар төслийн үйл ажиллагааг явуулсан.

Харин уг төслийн сүүлийн буюу 4 дэх үе шатны ажиллагаа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хоёр жилийн хугацаатай хэрэгжиж эхлээд байна. Шведийн Засгийн газар дээрх төсөлд санхүүжилт оруулах боломжгүй талаар 2016 онд албан ёсоор мэдэгдсэн учир Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар төслийн санхүүжилтийг дангаараа хариуцан ажиллаж байна.

Иймд төслийн ерөнхий санхүүжилт багассанаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох зайлшгүй шаардлага гарсан.

Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажил эрхлэлтийн гарын авлагын 10-т “Боловсон хүчний цомхотгол нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болно” гэж заасан. Энэ зохицуулалтын агуулгыг Д.Нямцэрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан тул түүнийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийн гарын авлага нь ажилтнуудад тавигдах шаардлагуудтай холбоотой бүхий л мэдээллийг агуулж, тухайн байгууллагын дотоодод хатуу мөрддөг журам юм. Иймд GIZ-ийн болон ажилтны хооронд байгуулагдах хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг тул Монгол дахь GIZ-ийн суурин төлөөлөгчийн газартай гэрээ байгуулсан бүх ажилтанд хамааралтай. Энэхүү гарын авлагын 3.1-д GIZ-ийн Суурин төлөөлөгчийн газар нь үндэсний ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах бөгөөд гэрээний үргэлжлэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанаас хэтрэхгүй байхаар, мөн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон GIZ-ийн дотоод дүрэм, журам, зохицуулалтуудын хүчинтэй хувилбар нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохоор зохицуулсныг ажилтан нь гэрээнд гарын үсэг зурснаар ажилтанд тавигдах шаардлага, гэрээ ба ажил эрхлэлтийн гарын авлагад тусгагдсан заалтуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, төсөл сунгагдах нөхцөлд хуучин ажиллаж байсан ажилтнууд болон шинээр ажилд орохыг хүсэгчид бүгд Монгол дахь GIZ-ийн ажил эрхлэлтийн гарын авлагын 4-т заасан сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн нь төслийн ажилтнаар ажилладаг онцлогтой.

Дараагийн төсөл хэрэгжихтэй холбогдуулаад нэхэмжлэгч Д.Нямцэрэнд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа болон төслийн дараагийн үе шатны ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах гэж байгаа, уг шалгаруулалтад оролцох эрхтэй талаар бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгч Д.Нямцэрэн сонгон шалгаруулалтад орох эрхээ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг хариуцагч хариуцах учиргүй юм.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Нямцэрэнтэй 2015 оны 12 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр томилон ажиллуулсан.

Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна. Энэхүү нөхцлийг Д.Нямцэрэн нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болох хугацааг талууд тохиролцсон байх тул уг гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэж байна.

Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл, ур чадварын талаар жил бүрийн 3 дугаар сард ажлын үнэлгээ өгч, урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэж ирсэн. Энэ дагуу 2016 оны 3 сард дээрх ажлыг зохион явуулахдаа төслийн удирдагчийн зүгээс төслийн зарим санхүүжилт зогсох эрсдэл үүссэн, ажлын байр баталгаагүй болж байгаа бодит байдлын талаар нийт ажилчдад албан ёсоор мэдэгдсэн. Мөн ажил олгогчийн зүгээс Д.Нямцэрэнд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхдээ хөтөлбөрийн 3 дугаар шат дуусаж байгаа, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй талаар албан ёсоор мэдэгдсэн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Нямцэрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-т холбогдох, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 109 270 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Д.Нямцэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00838 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ГОУХАН-ийн Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд нягтлан бодох, гэрээний мэргэжилтэнээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч /ГОУХАН/ байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй юм. Талууд тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан, ингэхдээ тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байхыг шаарддаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн ажлын байр нь байнгын ажлын байр болохыг дүгнэсэн ч, энэхүү ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах талаар дүгнээгүй байна.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-д “хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно”, 369.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэсэн нь “тусгай харилцааг тухайлан зохицуулсан хуулийг ерөнхий харилцааг зохицуулсан хуулиас түрүүлж хэрэглэнэ” гэсэн зарчмын илэрхийлэл бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд иргэний эрх зүйн харилцаа /Үүргийн эрх зүйн харилцаа, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дзх зохицуулалт/-г зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх ёсгүй юм. Тиймээс анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг иргэний эрх зүй /үүргийн эрх зүй/-н харилцаанаас ялгамжтай авч үзээгүй, тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй явдал нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Хариуцагчийн төлөөлөх бүрэн эрхийг шалгасан тухайд: ИХШХШТХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана гэжээ. Хариуцагч болох Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тогтоох, түүнийг төлөөлж буй этгээдийг гэрчилсэн баримт, хуулийн дагуу үйлдэгдсэн итгэмжлэл зэргийг шалгах ажиллагаа хийгдээгүй нь ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг эрх бүхий этгээдэд гардуулсан эсэх, төлөөлөх эрх бүхий этгээд хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцшн гзх ундашалгүй юм. Тухайлбал, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримтаас үзвэл хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ГОУХАН-ийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын Захиргааны асуудал эрхэлсэн захирал Тилла Луиза Детер /TILLA LOUISE DETER/ нь тус газрын хуулийн төслийн удирдагч Л.Заяад итгэмжлэл олгосон нь төлөөлөх эрхгүй этгээдэд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна. Учир нь хэргийн материалд авагдсан ГОУХАН-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Тилла Луиза Детерт байгууллагатай холбогдох аливаа асуудлаар хуулийн болон шүүхийн байгууллагад байгууллагыг төлөөлөх эрхтэй болно хэмээн тодорхойлолт олгосон баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн төлөөлөх бүрэн эрхийг шалгалгүйгээр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, төлөөлөх эрхгүй этгээд, түүний өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан явдал нь процессын ноцтой зөрчил юм.

3. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ГОУХАН-ийн “Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөлд жолооч ажилтай Б.Алтанхуягийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтын дагуу ажлаас чөлөөлсөн мэдэгдэл бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй байдаг. Тухайлбал, нэхэмжлэгч Д.Нямцэрэн нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр ажиллаж байсан ч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлээр .... төсөлд нягтлан бодогч ажилтай иргэн Д.Нямцэрэнг ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр /тушаал/-т ажлаас халах, ажил хүлээлцэх журам /ээлжийн амралтын хугацаа, ажил хүлээлцэх хоног гэх мэт/-ыг агуулаагүй нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 181 /ШШ2017/00868 тоот шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанчлан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-т холбогдуулан, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 109 270 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ нь нэхэмжлэгч Д.Нямцэрэнг Төвийн эрчим хүчний системд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн нягтлан бодох, гэрээний мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар тохиролцож, талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул цаашид сунгагдахгүй болсон талаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэсэн зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн хугацаатай гэрээний аль нэг тал санал гаргаснаар тухайн гэрээний харилцаа дуусгавар болохоор байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусах үед, цааш үргэлжлүүлэхгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс тушаал, шийдвэр гаргах шаардлагагүй юм.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцааг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар цуцлаж, түүнийг ажлаас халаагүй тул мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд ажлаас халсан шийдвэрийг өгөх үүрэг үүсэхгүй.

 

Талууд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 4-т хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээг хугацаагүй байгуулах, гэрээнд өөрчлөлт оруулах талаар хариуцагчид санал, хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Хариуцагч байгууллагын захиргааны асуудал эрхэлсэн захирал Тилла Луиза Детерээс тус байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг тус газрын Хуулийн төслийн удирдагч Л.Заяад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3 сарын хугацаатай олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй ба хариуцагч энэ талаар маргаагүй тул эрхгүй этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхгүй бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.   

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                             ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ     

 

                                                           С.ЭНХТӨР