Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0597

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн Ц тооцооны төвийтэй гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0523 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн Ц тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Т” ХХК-ийн Ц тооцооны төвийн захирал Т.Б 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0291165 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ. 

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0523 дугаар шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 6.6 дугаар зүйлийн 1.1, 7.6 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1, 711.2.3.б, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0291165 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “Т” ХХК-ийн Ц тооцооны төвийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Т” ХХК-ийн Ц тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.“Т” ХХК-ийн Ц тооцооны төв нь Баянзүрх дүүргийн татварын албаны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн .......... дугаартай “Х” СӨХ-ны данснаас татварын өр төлбөрийг шилжүүлэх мэдэгдэл Төв банкны цахим хаягаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Уг мэдэгдлийн дагуу “Х” СӨХ-ны дансанд орж ирсэн нийт ........ төгрөгийг татварын алба руу шилжүүлсэн байдаг.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар татварын улсын байцаагчийн 0291165 дугаартай ........... төгрөгийн торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас тус төвийн хаягаар ирүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу татварын өр төлбөрийг татварын данс руу шилжүүлсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 0291165 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Т” ХХК-ийн Ц тооцооны төвөөс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийт ........ төгрөгийн өрийг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан банк хоорондын гүйлгээний баримтуудаас харагдаж байна” гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Ц... тооцооны төв нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт .......төгрөгийг татварын албаны данс руу бүрэн шилжүүлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад тухайн үйл баримтыг үнэлэхгүй, хариуцагч талын нотлох баримт, тайлбарыг үнэлэх замаар хэргийг буруу шийдвэрлэсэн.

3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Х” СӨХ-ны татварын өр төлбөр бүрэн барагдаж дуусаагүй байхад буюу 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд харьяа татварын албаны даргын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн уг хуулийн этгээдийн дансыг нээж, битүүмжийг цуцалсан...” гэж дүгнэжээ. Татварын ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1-т “Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага нь харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харьцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх” гэж үүрэг хүлээсэн.

Өөрөөр хэлбэл Арилжааны банк нь харилцагчийн дансыг битүүмжлэх үүрэг хүлээгээгүй байхад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр дүгнэж хэргийг буруу шийдвэрлэсэн.

4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн хариуцагч нь уг зөрчлийн хэрэгт холбогдогчоор Т банкны Ц тооцооны төвийг тогтоосон боловч түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэлгүйгээр Т банкны Ц тооцооны төвийн ахлах теллерийг холбогдогчийн төлөөлөгчөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ч энэ нь зөрчилд шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэлд нөлөөгүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчоор Т банкны Ц тооцооны төвийн ахлах теллер Ч.Г тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж хариуцагч талын нотлох баримтыг үнэлэх замаар хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгов.

Т банкны Ц тооцооны төвд Баянзүрх дүүргийн Татварын албанаас ирүүлсэн “Х” СӨХ-ийн данснаас ...... төгрөгийг татварын албанд шилжүүлэх тухай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдлийн дагуу 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 5-ны дотор дээрх төлбөрийг бүрэн шилжүүлсэн, гэтэл татварын улсын байцаагчаас энэ хугацаанд буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан ....... сая төгрөгөөр тус тооцооны төвийг торгохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн зөрчлийн улмаас хохирол учирсан эсэхийг харгалзан үзээгүй, мөн цаг хугацааны тухайд 11 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шалгасан боловч мөн өдрөөр огноолсон шийтгэлийн хуудсыг 12 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар гомдол гаргагчид хүргүүлсэн болох нь холбогдох баримтаар тогтоогддог, гэтэл ийнхүү шийтгэлийн хуудас ирэх үед хэдий нь мэдэгдэлд заасан мөнгөн төлбөр татварын албаны дансанд шилжсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байна.

Уг хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

-мөн зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэсэн үндэслэлийг тус тус тодорхойлсон байдаг. 

Түүнчлэн Т банкны Ц тооцооны төвийг зөрчлийн холбогдогчоор тогтоосон атлаа түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэлгүйгээр тус тооцооны төвийн ахлах теллер Ч.Г холбогдогчийн төлөөлөгчөөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь, түүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь, “Х” СӨХ-ийн харилцах данс чухам ямар шалтгаанаар нээгдсэн талаарх Ч.Г гаргасан тайлбарыг харгалзан үзээгүй зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд хамаарна. 

Татварын ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1-т зааснаар “Арилжааны банк нь харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх” үүрэг хүлээсэн байдаг.

Түүнээс харилцах дансыг “битүүмжлэх” үүрэгтэй гэж шууд дүгнэх боломжгүй, энэ тохиолдолд уг хуулийн 71.2.3-т заасан харилцагчийн өр төлбөрийг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн буюу 71.2.3.б-д зааснаар “дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр”-ийг бүрэн гаргуулж дуусаагүй байхад өөр мөнгөн шилжүүлэг хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж гомдол гаргагчийг буруутгаж болох боловч мэдүүлэгт заасан төлбөр бүрэн төлөгдөж дууссан бодит нөхцөл байдалтай холбогдуулан гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангав.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, …нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон” байх гэж тодорхойлсон, иймд Т банкны Ц тооцооны төв татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснээр зөрчлийн шинжийг агуулахгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0523 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Татварын ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн Ц тооцооны төвийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0291165 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч “Т” ХХК-ийн Ц тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН