Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 523

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-гийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, Д.Н, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Т” ХХК-ийн Ц******* тооцооны төв гомдлын шаардлагадаа: “...Тны “Ц*******” тооцооны төвд Баянзүрх дүүргийн Татварын албаны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай “Х*******” СӨХ-ны дансыг битүүмжлэх мэдэгдэл Төв банкны цахим хаягаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Уг мэдэгдлийн дагуу “Х” СӨХ-ийн дансанд орж ирсэн нийт 7,904,392,8 /долоон сая есөн зуун дөрвөн мянга гурван зуун ерөн хоёр төгрөг наян мөнгө/ төгрөгийг татварын алба руу шилжүүлсэн байдаг. Гэтэл 2018 оны 12-р сарын 11-ны өдрийн шуудангаар Татварын хэлтсийн байцаагчийн ******* дугаартай 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн торгууль ноогдуулсан шийтгэлийн хуудсыг манай тооцооны төвийн хаягаар ирүүлсэн байна. Уг мэдэгдлийн дагуу бүх мөнгийг татварын данс руу шилжүүлсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны одөр ******* дугаартай татварын албаны мэдэгдэх хуудсыг Тинд ирүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 711.2.1-т Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага нь “Харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх”-ээр үүрэг хүлээсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нь хууль тогтоомжид заагдаагүй үүргийг Тны “Ц*******” тооцооны төв хэрэгжүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй''-ыг зөрчсөн гэж үзэн 4,000,000 төгрөгийн шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй юм.

Татварын ерөнхий хуулинд Банк нь татварын өр төлбөрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд татвар төлөгчийн дансны зарлагын гүйлгээг бүрэн зогсоох үүрэг хүлээхгүй, татварын албаны даргын зөвшөөрлөөр дансыг нээх үүрэг хүлээхгүй.

Мөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ холбогдогч /Ц******* тооцооны төвийн ахлах теллер/ Ч.Г*******т холбогдуулан ******* дугаартай зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл үйлдсэн, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдсэн, холбогдогч Ч.Г*******ээс тайлбар бичүүлж авсан, холбогдогч Ч.Г*******тэй холбогдож хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн, холбогдогч Ч.Г******* болон түүний нөхөртэй утсаар холбогдсон талаар тэмдэглэл үйлдэж шалгасан мөртлөө шийтгэлийн хуудсыг Т “Ц*******” тооцооны төвд оногдуулсан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Тодруулбал:

“Холбогдогч дараах эрхтэй”, Үүнд: 3.1.2.1 ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 3.1.2.2. “өөрийгөө өмгөөлөх, хууль зуйн туслалцаа авах,” 3.1.2.5. “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 3.1.2.7. “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 3.1.2.8 “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 3.1.2.9 “зөрчлийн хэрэгтэй танилцах эрхтэй гэж заасан байхад банкинд энэ талаар мэдэгдээгүй, хуулиар хүлээсэн эрх, үүргийг эдлэх боломжоор хангаагүй үйлдэл гаргасан;

2. Хуулийн 3.5.1-т “Эрх бүхий албан тушаалтан нь Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан Б.Б нь банкинд зөрчлийн хэргийн талаар мэдэгдээгүй, банкнаас хууль ёсны төлөөлөгчийг албан ёсоор томилоогүй байхад зөрчлийн хэрэг нээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үйлдэл гаргасан;

3. Хуулийн 6.9 дүгээр зүйлийн 6.9.1 “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана”-т заасан байхад холбогдогч Тны Ц******* тооцооны төвийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй;

4. Хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.6 “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ”-т заасан байхад шийтгэлийн хуудсыг Тны “Ц*******” тооцооны төвд 2018.12.11-ний өдөр буюу 12 хоногийн дараа танилцуулсан үйлдэл гаргасан.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Б нь Тны “Ц*******” тооцооны төвийн ахлах теллер Ч.Г*******ийн гаргасан үйлдэл нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гаргасан үйлдэл биш байхад Тны “Ц*******” тооцооны төвд шийтгэлийн хуудас ногдуулсан байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.3 “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд нь хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”-т заасан хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд “Мэдэгдэх хуудас гардуулах” гэж заасны дагуу өөрийн хариуцаж буй “Х” СӨХ-д удаа дараа банкны данс хаах, битүүмжлэх тухай мэдэгдэх хуудас гардуулан ажиллаж байсан. Хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд “Татварын өрийг үл маргах журмаар гаргах” гэж заасны дагуу уг СӨХ-ны банкин дахь данснаас гаргуулахаар Тинд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* дугаартай татварын албаны мэдэгдэх хуудсыг гардуулан дансыг битүүмжилсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1 дэх хэсэгт “харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх”, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт “харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй” гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн хугацаанд татварын албаны дансанд 6,336,342.8 төгрөгийн өрийг Ц******* тооцооны төвөөс шилжүүлсэн байдаг. Гэтэл уг хуулийн этгээдийн татварын өр төлбөр бүрэн барагдаж дуусаагүй байхад буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд харьяа татварын албаны даргын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн “Х*******” СӨХ- ний дансыг нээсэн, битүүмжийг цуцалсан байсан нь Ц******* тооцооны төвийн ахлах теллертэй татварын улсын байцаагч Б.Б утсаар холбогдоход тогтоогдсон байдаг.

Тны Ц******* тооцооны төв нь Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйл “Банк, санхүүгийн болон холбогдох бусад байгууллагын хүлээх үүрэг”-ийн 711.2.1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх хэсгийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэх заалтыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч Б.Б нь шалгасан. Ийнхүү шалгах явцад зөрчил үйлдсэн нь тогтоогдсон ба уг зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 711.2.1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг болон бусад холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн шийтгэл ногдуулсан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б Тны Ц******* тооцооны төвд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг 2018 он 11 дүгээр сарын 30 - ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж сайн дураар биелүүлэхийг даалгасан байдаг.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Т” ХХК-ийн Ц******* тооцооны төв нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар тус компанид 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Т” ХХК-ийн харилцагч “Х” СӨХолбоо /*******/-ны 7,833,342,80 төгрөгийн татварын өрийг харилцагчийн данснаас түүнийг зөвшөөрсөн эсэхээс үл хамааран төсвийн орлогын холбогдох дансанд Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1-д заасны дагуу 12 цагийн дотор шилжүүлэх, татварын өрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд харилцагчийн дансны шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн зогсоохыг үүрэг болгосон ******* дугаартай татварын албаны мэдэгдэх хуудсыг гардуулан дансыг битүүмжилсний дагуу Тны Ц******* тооцооны төвөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 6,336,342.8 төгрөгийн өрийг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан банк хоорондын гүйлгээний баримтуудаас харагдаж байна. 

“Х” СӨХолбооны татварын өр төлбөр бүрэн барагдаж дуусаагүй байхад буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд харьяа татварын албаны даргын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн уг хуулийн этгээдийн дансыг нээж, битүүмжийг цуцалсан байсан нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 84-р хуудас/, Т дахь “Х” СӨХолбооны ******* дугаартай дансны 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийт 10,792,950 төгрөгийн зарлагын гүйлгээнээс харагдаж байна.

Татварын албаны мэдэгдэх хуудаст заасан татварын өр бүрэн барагдаж дуусаагүй байхад зарлагын гүйлгээг нээснээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гүйлгээ хийх, зарлага гаргах боломжийг олгож Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.3.б-д “дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр” зааснаар харилцагчийн өр төлбөрийг гаргуулах дарааллыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч нь уг зөрчлийн хэрэгт холбогдогчоор Тны Ц******* тооцооны төвийг тогтоосон боловч түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэлгүйгээр Тны Ц******* тооцооны төвийн ахлах теллерийг холбогдогчийн төлөөлөгчөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ч энэ нь зөрчилд шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэлд нөлөөлөөгүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл холбогдогчийн төлөөлөгчийг эрх бүхий этгээдийн итгэмжлэлээр оролцуулаагүй нь зөрчилд шийтгэл ногдуулсан үндэслэлд нөлөөлөхөөргүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар “Т” ХХК-ийн Ц******* тооцооны төвд 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл  ногдуулсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 6.6 дугаар зүйлийн 1.1, 7.6 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн  711 дүгээр зүйлийн 711.2.1, 711.2.3.б, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” “Т” ХХК-ийн Ц******* тооцооны төвийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА