Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/01977

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Э.Золзаяа бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШШ2024/00451 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, ******* ХХК-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхон, ******* байрны *******, *******, ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 33,676,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-иас 583,335,506 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Одзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь хариуцагч *******тай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 02/19 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* байрны ******* тоот орон сууцыг зээлээр худалдан авахаар тохирсон. Уг байр нь 197,040,000 төгрөгийн үнэтэй ба тухайн үед урьдчилгаа 25,000,000 төгрөгийг төлөгдсөн. Үлдэгдэл төлбөрийг 8 жилийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл нийт 17,391,763 төгрөг төлөгдсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 154,648,237 төгрөгийг төлөөгүй.

1.2. Хариуцагч ******* нь манай компанитай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, байрны *******, ******* тоот орон сууцыг худалдан авахаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 234,596,226 төгрөгийг 8 жилийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.3. ******* ХХК-ийн зүгээс хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сараас хойш сар бүрийн график төлөлтөө хийхгүй зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул тус гэрээний 6.6-д заасны дагуу гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг хураах талаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 272, 273 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. Тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг тухай бүрт нь өгсөн. Хариуцагч нарын зүгээс гэрээ цуцалсан, гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг.

1.4. Маргаан бүхий *******, *******, ******* тоот байрны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* ХХК болох нь тогтоогддог. Иргэний хуулийн 219, 225, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж, өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхтэй тул нэхэмжлэл гаргаж байна.

1.5. ******* ХХК нь 2017-2019 оны хооронд ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь тухайн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байсан. Энэ 3 орон сууцыг худалдаж авахаас өмнө 2018 онд 1 сарын түрээсийн төлбөрийг 1,120,500 төгрөгөөр тооцож байсан. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт тухайн үеийн түрээсийн ханшаар нэг сарын төлбөрийг 1,120,500 төгрөгөөр тооцож ******* тоотын төлбөр 14,556,500 төгрөг, *******, ******* тоотын төлбөр 19,110,000 төгрөг, нийт 33,676,500 төгрөгийг нэхэмжилж байна.

1.6. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн гэрээг үндэслэн манай компаниас их хэмжээний төлбөр нэхэмжилдэг бөгөөд тус гэрээтэй холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгаж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа баримт нь хэрэгт авагдсан байна.

1.7. Мөн ******* ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх гэрээтэй холбоотой асуудлаар удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******, ******* нар нь ******* хотхон, ******* байр, *******, *******, ******* тоот орон сууцуудыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/19 болон 02/19 дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ээр тус тус худалдан авч эзэмшиж, ашиглах болсон. Гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,000,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаанд нийт 50,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 8 жилийн хугацаатай графикийн дагуу төлөхөөр болсон. Уг байранд *******ын үүсгэн байгуулсан ******* ОСНААК-ийн оффис байрлан ******* хотхоны , б, в байруудыг ус, дулаанаар хангаж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан.

2.2. ******* ХХК нь ******* хотхоны байранд үйлчилгээний зориулалттай 19,106 м.куб талбай, 14 давхар, 5,213 м.кв талбайтай орон сууцыг зочид буудлын зориулалтаар, 100 автомашины 3,558 м.кв талбайтай дулаан зогсоолыг өмчилж, ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус дулааны болон засвар үйлчилгээний зардлыг cap бүр манай компанид төлдөг байсан.

2.3. Иймд талууд тохиролцон орон сууцны үнийн cap бүрийн төлөлт болон ******* ХХК-ийн ашиглалтын зардлыг cap бүрийн төлөлтийг тооцоо нийлж, уг тооцоод ******* ХХК нь тооцооноос илүү гарсан ашиглалтын зардлыг ******* ОСНААК-д төлж хамтран ажиллаж байсан.

2.4. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд ******* ОСНААК нь орон сууцны үнийн cap бүрийн төлөлтийг 2020 оны 04 дүгээр сарыг дуустал төлсөн, ******* ХХК ашиглалтын зардлаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 6,272,482 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тохиролцон тогтоосон.

Энэхүү тооцоо нийлснээс хойш ******* ХХК нь тооцооны үлдэгдэл төлбөр болон түүнээс хойших хугацааны ашиглалтын зардлын зөрүүг төлөхгүй байсаар 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63,448,861.82 төгрөгийн өр үүсгэжээ.

2.5. Бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. ******* нь орон сууцны үнийн урьдчилгаанд 25,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал 13 сарын хугацаанд орон сууцны үнэд хоорондын тооцоогоор 31,616,963.04 төгрөг, нийт 56,616,963.04 төгрөгийг,

******* нь орон сууцны үнийн урьдчилгаанд 25,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал 13 сарын хугацаанд орон сууцны үнэд хоорондын тооцоогоор 47,963,916 төгрөг, нийт 72,963,916 төгрөгийг тус тус төлсөн.

2.6 ******* ХХК нь дангаараа гэрээ цуцлах эрхгүй, бид орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй.

2.7. Сөрөг нэхэмжлэл гаргаж байна. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр , *******, байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулах түгээх шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ байгуулагдан хэрэгжиж байсан бөгөөд уг гэрээний дагуу ******* ХХК-иас ******* ХХК-д төлөх төлбөр нь алданги тооцохгүйгээр бодоход 593,017,987 төгрөг байх бөгөөд уг төлбөрөөс нэхэмжлэгч байгууллага нь 186,742,597.23 төгрөгийг төлж, үлдэгдэл 388,890,337 төгрөгийг төлөөгүй байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тооцооны баримтаар ******* ХХК-д мэдэгдсэн.

2.8. Дээрхи тооцоонд гэрээний алдангийг тооцоогүй боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алданги тооцох заалт орсон, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир хуульд зааснаар алдангийг тооцож байна.

2.9. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-иас гэрээний үүрэгт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг, нийт 583,335,506 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч *******, ******* нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхоны *******, *******, ******* тоот орон сууцуудыг хариуцагч *******, *******, ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч нараас 33,676,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны үнэд төлсөн 129,580,879 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож,

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарын Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны *******, *******, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч ******* ХХК-иас ашиглалтын төлбөрийн үлдэгдэл төлбөрт 388,890,337 төгрөг, алданги 194,445,169 төгрөг, нийт 583,335,506 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,058,828 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 624,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тус шүүхийн албан ёсны цахим хаягаар хүргүүлсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх үнэлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02392 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай илтэд үндэслэлгүй шүүгчийн захирамж гаргасан.

4.2. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн баримтууд нь эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй, хуулийн шаардлага хангахгүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч талыг шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр хариуцагчийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан огт өөр өөр харилцааг зохицуулсан хуулиудыг хамтатган хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, зориудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамаарахгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй байх зорилготой байжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн Р.Пүрэвлхам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар эрхийг нь хязгаарласан гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, ялгаварласан зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдод тэгш эрхээр мэтгэлцэх боломжийг олгосон. Мөн хэргийн оролцогч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх эдлэхээс гадна үүрэг хүлээдэг. Энэ нь шүүхээс тавьсан шаардлагыг биелүүлэх, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй.

7.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Маргааны гол зүйл орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан тул Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байвал хамтатган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******* нарын итгэмжлгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нартай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхон, ******* байр, *******, *******, ******* тоот хаягт байрлах орон сууцуудыг чөлөөлүүлэх, ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 33,676,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч *******, ******* нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-аас 583,335,506 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоосон, талууд энэ талаар гомдол гаргаагүй.

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206074222 дугаарт бүртгэлтэй, өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 65.68м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 3,000,000 төгрөгөөр тооцож, нийт 197,040,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* нь гэрээний үнийг 8 жилийн хугацаанд жилийн 8 хувийн хүүтэйгээр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх 4-6/

3.2.Хариуцагч ******* уг гэрээний дагуу урьдчилгаанд 25,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд 31,616,962 төгрөг, нийт 56,616,963 төгрөг төлсөн нь ******* ХХК-ийн орлогын баримтын тасалбар болон бэлэн мөнгөний орлогын баримт-аар тогтоогджээ.

 

3.3. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч ******* ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 44,91 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн тухайн ******* байрны ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 52,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 285,990,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* нь гэрээний үнийг 8 жилийн хугацаанд жилийн хүү 8 хувийн хүүтэйгээр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /3хх 30-32/

 

3.4. Хариуцагч ******* гэрээний урьдчилгаанд 25,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд 47,963,916 төгрөг, нийт 72,696,916 төгрөгийг тус тус төлсөн нь ******* ХХК-ийн орлогын баримтын тасалбар болон бэлэн мөнгөний орлогын баримт-ад үндэслэгджээ. /3хх 36-37/

 

3.5. Хариуцагч талаас дээрх 3 гэрээний үүрэгт нийт 129,589,879 /25,000,000+31,616,962+25,000,000+47,963,916 / төгрөг төлөгдсөн.

 

4. ******* ХХК, ******* болон ******* ХХК, ******* нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Учир нь дээрх 3 гэрээний дагуу худалдагч тал гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч тал гэрээ тус бүрийн зээлийн хуваарьт заасан төлбөрийг төлөхдөө гэрээний 2.1.3-т зааснаар зээлийн хүү жилийн 8 хувь-иар тооцож төлөхөөр тохиролцсон байна.

 

5. Хариуцагч *******, ******* нар дээр дурдсан төлбөрөөс өөр төлбөр хийгээгүй тул талуудын тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь хариуцагч тал дээр дурдсан 3 гэрээний үнийг бүрэн төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

5.1. ******* ХХК болон ХХК-иуд 2020 оны 01 дүгээр сарын 21, мөн оны 02 дугаар сарын 18, мөн оны 03 дугаар сарын 16-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх нэртэй баримт үйлдсэн байх ба уг баримтад ******* ХХК-иас ХХК-д төлөх ус, дулаан, үйлчилгээний төлбөрөөс дээр дурдсан 3 гэрээний дагуу төлөх төлбөр /31,616,962 +47,963,916 төгрөг/-ийг хасч тооцсон байна. Энэ нь талууд тооцоо нийлсэн үед хэн алиндаа төлөх төлбөрийг харилцан тооцож байсан гэж дүгнэхээр боловч тэдний хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх нөхцөлийг өөрчилсөн хэлцэл хийгдсэн гэж дүгнэхгүй юм. Учир нь гэрээний төлбөр төлөх нөхцөлийг өөрчилж буй бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон байх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх учиртай.

5.2. ХХК болон ХХК-ийн хооронд үүссэн ус, дулааны төлбөр болон үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаанд дээр дурдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг хамааралгүй болно. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар ус, дулааны төлбөр болон үзүүлсэн үйлчилгээний төлөгдөөгүй хөлсний хэмжээгээр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэг зохих ёсоор гүйцэтгэсэн, улмаар гэрээ дуусгавар болсон гэж дүгнэхгүй юм.

 

6. Хариуцагч Б.Мөнхбаатар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч ******* 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах 2 гэрээний үнэ төлөх үүргийг 2020 оны 04 дүгээр сараас хойш хуваарьт заасан хэмжээгээр төлөөгүй үүргийн зөрчил гаргасан, нэхэмжлэгч ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 243, 244 дугаартай албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээ цуцлах талаарх мэдэгдэл-ээр гэрээний үнэ төлөхгүй байгаа үүргийн зөрчлийг 2020 оны 10 дугаар сарын 10 болон 15-ны өдрийн дотор арилгах хугацааг мэдэгдсэн байна. Энэ хугацааны дотор хариуцагч *******, ******* нар үүргийн зөрчлийг арилгаагүй. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч ******* ХХК зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхийг зөв хэрэгжүүлжээ.

 

6.1. Гэрээнээс татгалзсны үр дагаврыг мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд хариуцагч *******аас дээр дурдсан хаягт оршин байх ******* тоот орон сууцыг, хариуцагч *******оос дээр дурдсан хаягт оршин байх *******, ******* тоо орон сууцыг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч ******* ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэгт шилжүүлсэн 56,616,963 төгрөгийг *******, 72,696,916 төгрөгийг ******* нарт тус тус буцаан олгох учиртай. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт буцаан төлөх төлбөрийг хэнээс хэнд ямар хэмжээгээр олгогдох талаар тодорхойгүй заасан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6.2. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******, ******* нарыг өмчлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд дээр дурдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжих боломжгүй болно.

 

7. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-ийн хууль бус эзэмшлээс дээр дурдсан 3 ширхэг орон сууцыг гаргуулахыг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7.1. Дээр дурдсан 3 ширхэг орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* ХХК болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

7.2. Маргаан бүхийн 3 ширхэг орон сууцанд хариуцагч ХХК үйл ажиллагаа явуулж байгаа байдал талуудын тайлбараар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй. Иймд уг 3 ширхэг орон сууцыг хариуцагч ХХК бодитоор эзэмшиж байна.

 

7.3. Нэхэмжлэгч ******* ХХК дээр дурдсан 3 ширхэг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул худалдан авагч болох *******, ******* уг 3 ширхэг орон сууцыг эзэмших эрхгүй болсон тул хариуцагч ХХК-ийн эзэмшил хууль бус болжээ.

 

7.4. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч хариуцагч уг орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн алдаатай дүгнэлт хийснийг залруулна.

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан ба түрээсийн гэрээний зүйл нь дээр дурдсан хаягт оршин байх ******* тоот орон сууц байна. Уг орон сууцыг хариуцагч Г.Мөнхбаатартай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч *******ын эзэмшилд шилжүүлсэн тул түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаар хариуцагч *******ын эд хөрөнгө эзэмших эрх дуусгавар болсон тул *******ын зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй ХХК-ийн орон сууц эзэмших эрх хууль бус болно. /1 хх-ийн 69-70/

 

8. Хариуцагч ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгтт 33,676,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

8.1. Дээр дурдснаар нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний харилцаа үүсч, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагаварыг нэхэмжлээгүй байна.

 

8.2. Анхан шатны шүүх түрээсийн гэрээний талаар алдаатай дүгнэлт хийсэн боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох ашиглалтын зардал, алдангид 583,335,506 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч холбогдох сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байтал сөрөг нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Учир нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор тухайн эрх зүйн маргааныг шүүх шийдвэрлэсэн гэх үр дагаварт хүргэж, хариуцагч талыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зөрчсөн явдал болжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Ингэснээр хариуцагчид тухайн нэхэмжлэлийг тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй үлдэнэ.

 

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагч талын эрхийг хязгаарласан талаарх хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

10.1. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурал хойшлуулах тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15:30 минутад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох талаарх мэдэгдлийн хамт шүүхийн цахим хаягаар ирүүлжээ.

 

10.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШЗ2024/02392 дугаартай захирамжаар ...Уг иргэний шүүх хуралдаан зарлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 32 удаа хойшилж, үүнээс 25 удаа хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хурал удаа дараа хойшилсон болох нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хийсэн судалгаагаар нотлогдож байна. Нөгөөтэйгүүр шүүхээс удаа дараа хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15:30 минутад шүүх хуралдаан давхацсан гэх боловч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан нь мөн өдрийн 15:00 минутад буюу өмнө нь зарлагдсан байх тул шүүх хуралдаанд эхэлж оролцох боломжтой... гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах боломжгүй байна.

 

10.3. Тодруулбал, талуудын хооронд үүссэн маргаан бүхий иргэний хэрэг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан нийт 34 удаа хойшилж, үүний 26 удаагийн шүүх хурлыг хариуцагч нарыг мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримт бүрдүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хойшлуулсан байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлэх зорилгоор 4 жил гаруй хугацаанд үргэлжилсэн байгаа зэргийг харгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

 

10.4. Түүнчлэн, 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдааныг харуцагч талын хүсэлтээр хойшлуулахдаа дараагийн шүүх хуралдааны товыг жич товлохоор шийдвэрлэсэн байна. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн зүгээс хэргийн оролцогч нарт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд ийнхүү мэдэгдэх үед хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нь өөр шүүхэд шүүх хуралд оролцохоор болсон талаар мэдэгдээгүй байна.

 

10.5. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11. Мөн ..хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэсэн асуудал хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдагдах боловч тус компанийн зүгээс давж заалдах гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, ХХК өөрийг нь төлөөлөх эрхийг өмгөөлөгч Р.Пүрэвлхамд олгоогүй тул эрхгүй этгээд гомдол гаргасан гэж үзнэ.

 

12. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхон, ******* байр, *******, *******, ******* тоот хаягт байрлах орон сууцуудын эрхийн улсын бүртгэлийн дугаарыг орхигдуулсныг залруулна.

 

13. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад заалтын дугаарлалтыг өөрчлөн, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШШ2024/00451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ын эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206074222 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоот хаяг оршин байх 3 өрөө орон сууцыг,

хариуцагч *******ын эзэмшлээс Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоот хаягт оршин байх 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны ******* тоот хаяг байрлах 2 өрөө орон сууцыг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

хариуцагч ХХК-ийн хууль бус эзэмшлээс мөн хаягт оршин байх *******, *******, ******* тоот орон сууцыг чөлөөлж,

******* ХХК-иас 56,616,963 төгрөг гаргуулж *******т, 72,696,916 төгрөгийг гаргуулж *******т тус тус олгож,

нэхэмжлэлээс хариуцагч ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 33,676,500 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

2 дахь заалтыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны *******, *******, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай заасныг хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг нэмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох ашиглалтын зардал, алдангид 583,335,506 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж оруулж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан өөрчилж, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА