| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/03789/И |
| Дугаар | 210/МА2024/02077 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02077
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03913 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн зээлийн гэрээний үүрэгт 134,100,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* байрны ******* хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ******* гудамж, 3 давхрын ******* тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгасан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******* байрны ******* хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130,500,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр утсаар мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг шуудангаар хүргүүлэх талаар хэлсэн.
Ингээд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *******т очиж үнэлгээний мэдэгдлийг гардаж аваад шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцсан болно.
Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрх-ийг хангаагүй, буюу төлбөр хэрхэн төлөх саналыг авалгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаж, төлбөр авагч *******т 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээ хийлгэх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 70,300,000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч миний бие тус үнэлгээ хийлгэх тухай мэдэгдлийн талаар огт мэдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материалтай танилцах явцад энэ талаар олж мэдлээ. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчид нь мэдэгдээгүй, төлбөр авагч нь 70,300,000 төгрөгөөр, хөрөнгийн үнэлгээний байгууллага 130,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хоорондоо асар зөрүүтэй байх бөгөөд миний олж мэдсэнээр бол тухайн байрлалд ойролцоо 2 өрөө байрны үнээр миний 3 өрөө байрыг үнэлсэн байна. Тодруулбал: unegui.mn худалдааны цахим мэдээллээс хайж үзэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 3 өрөө байрны зар олдоогүй, 2017, 2019 онуудын хуучин зар гарч ирэх бөгөөд байрны үнэ ханш өссөн энэ үед хөрөнгийн үнэлгээний байгууллага яаж зах зээлийн үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй, хуучны судалгаанд тулгуурлаж зохиомол үнэ гаргасан байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангах 2 үл хөдлөх эд хөрөнгө нэрлэн заасан байхад төлбөр авагч ******* нь Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний 90 м.кв талбайг санал болгоход хүлээж авахгүй атлаа заавал миний эцгийн гал голомт болсон орон сууцыг төлбөрт хураалгаж, зах зээлийн үнээс хамаагүй багаар үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улмаар хуульд зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувь болох 91,350,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах нь төлбөр төлөгчид хохиролтой, ******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн захирамжаар н.Алимаагаас 134,100,000 төгрөг гаргуулж н.д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хугацаандаа мэдэгдэж баталгаажуулж, холбогдох баримт бичгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21290759 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдсэн.
Дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргын 16 дугаар хороо, ******* байрны ******* хаягт байршилтай 38 м.кв талбаатай 3 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21290759 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21230759 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 130,500,000 төгрөгөөр үнэлсэн болохыг талуудад шуудангаар хүргүүлсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/15517 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тусгасан.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны 2 хөрөнгө байхад зөвхөн нэг хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Шүүх хөрөнгийн үнэлгээ хийх хүртэлх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг анхаараагүй. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Гранд бэхи ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд маргаж буй үнэлгээнээс 10,000,000 гаруй төгрөгөөр өндөр үнийн дүн гарсан. Гэтэл шүүх шинжээчид хууль сануулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр цуглуулаагүй гэж үзэж хөрөнгийн үнэлгээг үнэлээгүйг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн ба шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгчид удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Баянзүрх дүүрэгт байрлах барьцааны хөрөнгийг битүүмжилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Харин Хан-Уул дүүрэгт байрлах барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг буруу бичсэнийг залруулан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай захирамжаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т зээлийн гэрээний үүрэгт төлөх 134,100,000 төгрөгийг төлөх болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* байрны ******* хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ******* гудамж, 3 давхрын тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 9-10/
4. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* нь сайн дураар биелүүлээгүй, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/0483 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******* 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* байрны ******* хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 21290559/04 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 21290559/05 дугаар тогтоолоор хураан авсан байх бөгөөд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гараагүй, ажиллагаа хүчинтэй байна.
Хариуцагч ******* захирамжид заасан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ******* гудамж, 3 давхрын тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд аливаа ажиллагаа хийгээгүй байна.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй. Энэ нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас аль хөрөнгөд ажиллагаа хийх эрхийг олгосон явдал биш юм.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүрэг гүйцэтгүүлэгч болон төлбөр авагчаас барьцааны 2 үл хөдлөх эд хөрөнгөөс сонголт хийсэн талаар баримтгүй боловч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа хийгээгүй нөхцөл байдлыг 3 өрөө орон сууцанд хийж буй ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамааруулах боломжгүй гэж дүгнэлээ.
6. ******* 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4-179/14317 тоот албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 4-179/14679 тоот албан бичгээр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч *******д тус тус мэдэгдсэн, албан бичгүүдийг баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон. Иймд уг мэдэгдэл гарсан талаар мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
6.1. Иймд төлбөр төлөгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрх-ээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
6.2. Төлбөр төлөгч ******* нь албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал ирүүлээгүй, төлбөр авагч *******ээс үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг 70,300,000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч байгууллага төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор мэргэшсэн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилсон. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК нь уг 3 өрөө орон сууцыг 130,500,000 төгрөгөөр үнэлж, *******т ирүүлжээ. /хх 49-58/
Төлбөр авагч *******ээс 3 өрөө орон сууцыг 70,300,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор гаргасан санал нь зах зээлийн үнэлгээтэй нийцсэн байхыг хуулиар шаардахгүй юм. Иймд шинжээчээс тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 130,500,000 төгрөг болон төлбөр авагчийн санал болгосон үнэлгээ зөрүүтэй байх нь шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
7. Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан үнэлгээний тайланд 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, үнэлгээчин С.Мөнхжаргалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг тайлбарласан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
8. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ХХК-иар маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 141,147,969 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээний тайланг баримтаар гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотолгооны хуваарилалтад нийцсэн байх тул анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн гэсэн алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.
ХХК маргаан бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоосон боловч энэ нь Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК-ийн тогтоосон үнэлгээнээс хойш буюу 2 сар 22 хоногийн дараа хийгдсэн байх тул хоёр үнэлгээний хооронд үүссэн 8 хувь буюу 10,647,969 төгрөгийн зөрүүг илт их хэмжээтэй гэж дүгнэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон зах зээлийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлд хамааруулахгүй.
9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтэд маргаж буй тохиолдолд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулж өгөх үүрэгтэй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ гаргуулахтай холбоотой шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
10. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын нэрийг шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ******* гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулав.
11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 1******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА