Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0141

 

“С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюун өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч “С” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц-гийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453114 тоот шийтгэлийн хуудсаар “С” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

        Учир нь “СRАВS”, “КОRIVКА” чихрүүд нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд 2013 оны 10 дугаар сарын 08, 2014 оны 05 дугаар сарын 26- ны өдрүүдэд бүртгүүлж, албан ёсоор бүртгэгдсэн байдаг.

        “П М” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо Оюуны өмчийн газарт гаргасан гомдолдоо “... “К О” үйлдвэрийн барааны тэмдэг болох “Ра ше” чихэртэй Украйн Улсын “Р” үйлдвэрийн “сг” буюу “ра” чихэр нь барааны тэмдгийн зөрчилтэй буюу хавчны зураг төсөөтэй гэж маргадаг, эдгээр чихрүүдийн сав баглаа боодол, өнгө, үзэмж, хэлбэр дүрсийн хувьд эрс ялгаатай бөгөөд “Ра ше” чихэр нь дүрслэлийн хувьд хавчны хойд талын хэсгийг дүрсэлдэг хэлбэрийн хувьд дөрвөлжин хэлбэртэй дотроо бор өнгөтэй бол “сг” чихрийн хувьд хавчны биеийг бүхэлд нь дүрсэлдэг, бөөрөнхий хэлбэртэйн дээр чихэрний хоёр талын үзүүрийг мушгисан загвартай дотор тал нь ягаан өнгөтэй цаашлаад амтны хувьд ч өөр байхад ийнхүү барааны тэмдгийн зөрчилтэй гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

        Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй зөвхөн “К” барааны тэмдэгтэй холбоотой дүгнэлтүүдийг хийж хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж, нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “Р” болон ““К О”-ын чихрүүдийн барааны тэмдгийн ялгаатай байдлыг харгалзан үзэлгүй хууль бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудсыг бичсэн.

        ... Хариуцагч албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авсан, 6.9 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэргийг танилцуулсан гэх боловч тус хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд болох Э.А гэх хүнээс мэдүүлэг авч, зөрчлийн хэргийг танилцуулсан тул шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжгүйд хүрч өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадаагүй.

        Мөн шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан агуулга дутуу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталсан болох нь тодорхойгүй. Үүнээс үзэхэд хариуцагч шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон нь буруу байхад шүүх үүнийг үнэлж, дүгнээгүй.

        Хариуцагчийн хариу тайлбар, анхан шатны шүүх “С” ХХК нь 2017-2019 оны аж ахуйн нэгж байгууллагын импортын мэдээллээр нийт 273278.83 кг эрхийн зөрчилтэй “К” чихрийг, 127662,1 кг “Ра” чихрийг тус улсад импортлон оруулж ирсэн болох нь тогтоогдсон гэх дүгнэлт хийсэн ч “Р” үйлдвэр нь 2018 оноос хойш “К” чихрийг үйлдвэрлэхгүй байгаа.

        Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр манай компаниас ирүүлсэн “Коrivka, го” барааны тэмдгийг хүчингүй болгосон гэдэг. Энэ талаар манай компани болон “Р” компанийнхан ч мэдээгүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар “Холбогдогчоос авсан мэдүүлэг”-т ч энэ тухай хэлсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй.

        Оюуны өмчийн газрын Хяналтын газрын хяналтын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, “С” ХХК-д торгууль ногдуулсан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор, үнэн зөв үнэлээгүй, маргааны үйл баримттай холбоотой дутуу дүгнэлт хийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэрийг хүчингүй, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Гомдол гаргагч “С” ХХК-аас ““С” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль ногдуулсан Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1453114 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“ гомдол гаргажээ.

        Оросын Холбооны Улсын “К О” компани Монгол Улсад “К” барааны тэмдгийг улсын бүртгэлийн 844698 дугаарт, 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн анхдагчтайгаар, олон улсын Бараа, үйлчилгээний нийцлийн 30, 31, 33 дугаар ангилалд[1],

        “Ра ше” барааны тэмдгийг улсын бүртгэлийн 1102599 дугаарт, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдагчтайгаар, олон улсын Бараа, үйлчилгээний нийцлийн 30 дугаар ангилалд[2] тус тус бүртгүүлжээ.

        Барааны тэмдэг эзэмшигч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ/, 12.3.4 /бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах/, 12.3.5 /бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах/-д зааснаар барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эзэмшигч этгээд барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсэх бөгөөд бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан, төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг тус тус таслан зогсоохыг шаардах онцгой эрхтэй байна.

        Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 /барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол/,  13.1.2 /барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол/, 13.1.3 /барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол/-д зааснаар барааны тэмдгийг үйлчилгээнд хэрэглэсэн, тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан, хилээр нэвтрүүлснийг барааны тэмдгийг ашигласанд тооцно.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч компанийн “KI” дүрс бүхий барааны тэмдгийг барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн IR1216610 дугаарт бүртгэсэн боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасныг зөрчиж бүртгэгдсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хүчин төгөлдөр байна.

        Мөн хариуцагч албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 /Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно/-д заасны дагуу тухайн зөрчилд холбогдуулан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор томилсон Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр “К О” үйлдвэрийн “К” барааны тэмдэгтэй “Р” үйлдвэрийн чихрэн бүтээгдэхүүнд ашиглаж байгаа “КI” чихрийн барааны тэмдэг нь үнээний дүрслэл, дуудлагын хувьд төсөөтэй, үгийн утга ижил, ерөнхий харагдах байдал төсөөтэй байгаа нь хэрэглэгч гарал үүслийн хувьд “К О” үйлдвэрийн “К” бүтээгдэхүүн гэж төөрөгдөлд орохоор байгааг,

        22 дугаар дүгнэлтээр “К О” үйлдвэрийн “Ра ше” барааны тэмдэгтэй “Р” үйлдвэрийн чихрэн бүтээгдэхүүнд ашиглаж байгаа “CRABS” чихрийн барааны тэмдэг нь үгийн хувьд ялгаатай боловч өнгөний зохицол, хавч ашигласан, түүнийг байрлуулсан байдал, тэмдгийн ерөнхий харагдах байдал, ижил утгатай үг ашигласан зэрэг нь “К О” үйлдвэрийн “Ра ше” барааны тэмдэгтэй төсөөтэй учир хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байгаа”-г тус тус тогтоожээ.

        Дээрх нөхцөл байдлыг үндэслэн барааны тэмдгийн зөрчилтэй “КI” болон “CR” зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдсан нь Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг нь зөрчсөн гэж үзэн хариуцагч албан тушаалтан “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

        Хариуцагч албан тушаалтан дээрх шийдвэрийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд гомдол гаргагчийн “шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй, хууль сануулж, гарын үсэг зуруулаагүй” гэх гомдол нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

        Тодруулбал, хариуцагч албан тушаалтан “С” ХХК-ийн үйлдсэн зөрчилд хуулийн нарийвчилсан зохицуулалтад үндэслэн шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байна.

        Шүүх гомдол гаргагч “С” ХХК-ийн Монгол Улсад бүртгэгдсэн барааны тэмдгүүдийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх зөрчилд шийтгэл ногдуулсантай холбоотой энэхүү маргаанд хамааралгүй “тухайн бүтээгдэхүүнүүдийг 2018 оноос үйлдвэрлэхээ больсон, “КI” болон “CR” бүтээгдэхүүний амт өөр” гэх давж заалдах гомдол дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                                        ШҮҮГЧ                                                                          Ц.ЦОГТ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 


[1] 2 дахь хавтсын 134.

[2] 2 дахь хавтсын 177 дахь тал.