Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/0075

 

“Ж”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Татварын газрын татварын

улсын байцаагч У.О, С.Т  нарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч     Ц.Цогт

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа  

Шүүгчид:                      Д.Батбаатар

                                         П.Соёл-Эрдэнэ                       

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч                                   

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа                 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар  сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0136 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2024/0272 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/0223 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Ж”  ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч У.О, С.Т  нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т  нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн НА-2223000… дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т  нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-22230000013 дугаар нөхөн ногдуулалтын актын 121,771,955 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Т б х п”  ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолтоор (Татвар төлөгчөөс татан буугдах хүсэлт ирүүлсэн-Иж бүрэн) шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд хийж, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-2223000… дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 121,812,822.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий татварын байцаагч нарын актыг эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын актыг хэвээр баталжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... “Т б х п”  ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Компанийн тухай хуульд заасны дагуу “Т б м г”  ХХК-д нэгдсэн. “Т б м г”  ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/01 дүгээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “Ж”  ХХК руу нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсан тул тус компанийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байна. “Т б х п”  ХХК-аас татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах зорилгоор 2018-2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт оруулах хүсэлтийг гаргасан. ...”Т б в”   ХХК (нэрээ сольж “Т б м г”  болсон)-ийн эрх бүхий албан тушаалтан Ш К  нь татварын хяналт шалгалтын гүйцэтгэх болон дуусгах үе шатанд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан боловч уг ажиллагаанд компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Б  болон “Т б х п”  ХХК-ийн үүсгэн байгуулагч “Т б т”  ХХК-ийн Татварын хэлтсийн дарга Б.Б  нар оролцсон. Харин эрх бүхий албан тушаалтан Ш К  нь оролцон мэдэгдэл авсан талаар баримт бичиг, тэмдэглэл огт байхгүй.

3.2.Маргаан бүхий актыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүлээн авсан, харин актыг гардуулах боломжгүй талаар татварын байцаагч нар өдөр тутмын тэмдэглэлдээ тэмдэглээгүй, бид гардан авах боломжгүй гэдэг тайлбар огт тавиагүй буюу нөхөн ногдуулалтын актыг бидэнд мэдэгдээгүй. Татварын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

3.3.Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь БНХАУ-ын салшгүй нэг хэсэг юм” хэмээн заасан тул “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн б/-д заасны дагуу газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэр гэх агуулгад газар зүйн байршлын хувьд Хонконг нь бүхэлдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршдог, салшгүй нэгэн хэсэг нь мөн байх тул Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын болон Хонконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил гүйлгээнд ашиглах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэж маргасан.

4.Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

  4.1.“... “Т б в”   ХХК буюу “Т б м г”  ХХК нь “Т б т”  ХХК-ийн 100 хувь хөрөнгө оруулалттай охин компани тул “Т б т”  ХХК-ийн Татварын хэлтсийн дарга Б.Б  нь “Т б х п”  ХХК-ийн татварын хяналт шалгалтад оролцох эрх бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна. “Т б в”   ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш К...той өөртэй нь холбогдон ярьж ярилцлага өгөх талаар мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудсан хугацаанд ирээгүй тул 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22221001… дугаартай мэдэгдлийг хүргүүлж, гүйцэтгэх захирал хүрэлцэн ирж материалтай танилцаагүй тухай тэмдэглэлийг тухай бүр татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэлд бүртгэсэн. Татварын хяналт шалгалтын гүйцэтгэх болон дуусгах үе шатанд тус компанийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч Б.Б  болон “Т б х п”  ХХК-ийн үүсгэн байгуулагч “Т б т”  ХХК-ийн Татварын хэлтсийн дарга Б.Б  нарт хуульд заасан татвар төлөгчийн эрх, үүргийг танилцуулж ярилцлага хийж итгэмжлэх шаардахад шаардлагагүй талаар дурдан татварын хяналт шалгалтын явцад тайлбар, ярилцлага өгч оролцсон.

4.2.”Т б х п”  ХХК нь Хаан банканд байрлах өөрийн 51730881... тоот долларын данснаас Хонконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан “L S H K H” Co.ltd/компанитай байгуулсан франчайзийн гэрээний үндсэн дээр тухайн компанийн “H K and sh b c” банкны “H o 1 q's r c h k” салбарын 0477526628... тоот дансанд 2018 онд 449,837,276.37 төгрөг, 2019 онд 361,619,913.39 төгрөгийн эрхийн шимтгэлийн төлбөр шилжүүлсэн нь тухайн компанийн харилцах дансны хуулга болон гадаад гуйвуулгын баримтаар нотлогдсон. Дээрх эрхийн шимтгэлийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн холбогдох заалтыг үндэслэн 10 хувиар ногдуулан төлж, төлбөл зохих татварыг 2018 онд 44,983,727.64 төгрөгөөр, 2019 онд 36,161,991.34 төгрөгөөр, нийт 81,145,718.98 төгрөгөөр бууруулан тайлагнасан. Хонконг бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь Хятад Улсаас тусдаа байна. Хятад-Их Британийн хамтарсан тунхаг ёсоор харьяалах Улс нь Британи байж байгаад Хятад болж солигдсон ч эдийн засаг, засаг захиргааны бүтэц хэвээр үргэлжлэхээр заасан. Хятад Улсын “Нэг улс, хоёр тогтолцоо” зарчмын хүрээнд Хонконгийн суурь хууль нь муж орны түвшнийх тул Монгол болон Хятад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улс, Хонконгийн аж ахуйн нэгжүүд хооронд хийсэн гэрээ, ажил гүйлгээнд ашиглах боломжгүй ...” гэжээ.   

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар  сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0136 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 1-ийн б, 12 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч У.О, С.Т  нарын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-2223000 дугаар нөхөн ногдуулалтын актын 121,771,955 (нэг зуун хорин нэгэн сая долоон зуун далан нэг мянга есөн зуун тавин тав) төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.“... Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн б, 12 дугаар зүйлийн 2-т заасан эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, Олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр, Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус маргаанд баримтлах нь зүйтэй.

5.2.Дээрх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн холбогдох зохицуулалтуудад ““Хятад” гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрт хамаарахаар, оногдуулж буй татвар нь шан харамж, эрхийн шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтрэхгүй” гэж тус тус заасан ба Хонконг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт хамаарах нь тодорхой тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 10 хувиар тооцож татвар төлөх ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй.

5.3.Харин хариуцагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл бодит байдалд нийцэхгүй байна ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2024/0272 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.“... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2.Харин Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн зохицуулалт, хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04/1307 дугаар албан бичиг зэргээс үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг нь хэлэлцэн тохирогч хоёр улсад хамаарахгүй, эдийн засаг, засаг захиргааны бүтцийн хувьд бие даасан учраас уг хэлэлцээрийн зохицуулалтууд үйлчлэхээргүй байх тул хариуцагчийн “... Хонконг нь бие даасан статустай, бие даасан эдийн засагтай, дэлхийн бусад улсуудтай бие дааж, тусдаа давхар татварын гэрээ байгуулдаг тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ маргаанд хэрэглэхгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

6.3.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5-д заасанд нийцсэн байна ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Б.Б  нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч талын хууль, олон улсын гэрээнд үндэслээгүй, албан бус эх сурвалжаас авсан тайлбар, эрх зүйн баримт бичгээр баталгаажаагүй албан бичиг болон нэг улсын захиргаанд байх бүс нутгийг бие даасан улс мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Мөн Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1, 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн б, в, з/-д заасныг зөв ишилсэн байх боловч тайлбарлан хэрэглэхдээ болон хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04/1307 дугаар албан бичиг, хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэл болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг нь хэлэлцэн тохирогч хоёр улсад хамаарахгүй, эдийн засаг, засаг захиргааны бүтцийн хувьд бие даасан учраас уг хэлэлцээрийн зохицуулалтууд үйлчлэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий зөв дүгнэлтийг хийсэн.

7.2.Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.4.13а-д заасны дагуу Олон улсын татварын байгууллагаас тодруулах боломжтой байсаар байтал огт шалгаагүй атлаа танин мэдэхүйн сайт дээрх мэдээллийг шалгасан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан нь татвар төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх олон улсын гэрээний зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнийг татвар төлөгчийн зүгээс хэрэглэхдээ 1 дүгээр зүйлд зааснаар “Энэхүү хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч хоёр улс буюу эдгээрийн аль нэгний нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээдийг хамаарна” гэсэн нь уг хэлэлцээрийг байгуулсан хоёр улс (Монгол болон Хятад)-ын нутаг дэвсгэр гэж тодорхойлогдох газар нутагт байнгын байдлаар оршин сууж буй этгээдүүдэд энэхүү хэлэлцээр нь хамааралтай гэсэн агуулгаар ойлгогдох тул нэхэмжлэгч байгууллагын хувьд уг хэлэлцээрийг ажил гүйлгээндээ хэрэглэх нэгэн үндэслэл болсон. Мөн 3 дугаар зүйлийн 1 б дэх заалт нь уг хэлэлцээрийг хэрэглэх гэж буй этгээдийн 1 дүгээр зүйлд заасан “хэлэлцэн тохирогч хоёр улс буюу эдгээрийн аль нэгний нутаг дэвсгэрт” гэх хэсгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувьд хэрхэн авч үзэж тодорхойлохыг дэлгэрэнгүй заасан агуулгатай заалт гэж үзнэ. Энэхүү заалт нь нийт 4 хэсэг агуулгыг багтааж байх ба үүнд: “Хятад” гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх газар нутаг дэвсгэрийг, Хятадын татварын хууль үйлчлэх БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтах тэнгис, олон улсын хуулийн дагуу нөөцийг нь БНХАУ олборлох, ашиглах эрх бүхий далайн ёроол, түүний хэвлий, БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтах тэнгисээс гадагш орших нутгийг бүгдийг ойлгохоор байна.

7.3.Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Их Британийн Засгийн газар Хонконгийн асуудлаарх Хятад-Их Британийн хамтарсан тунхаглалд 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан байдаг ба тунхаглал ёсоор 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хонконг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шилжин ирсэн. Хятад Улс Хонконгийг шилжүүлэн авахаас өмнө 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Үндсэн хуулийг баталсан. Тус Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь БНХАУ-ын салшгүй нэг хэсэг юм” хэмээн заасан байх тул Хонконг нь газар зүйн утгаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх газар нутаг дэвсгэрт багтах учир хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн б/-д хамаарах үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ... 04/1307 дугаар албан бичиг зэргээс үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг нь хэлэлцэн тохирогч хоёр улсад хамаарахгүй, эдийн засаг, засаг захиргааны бүтцийн хувьд бие даасан учраас уг хэлэлцээрийн зохицуулалтууд үйлчлэхээргүй байх тул гэх буруу дүгнэлт хийсэн. Хятад-Их Британийн хамтарсан тунхаглалд бусад зүйлсээс гадна, Хонконгийн болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн бодлогын тухай тусгасан байдаг. “Нэг улс, хоёр бодлого” зарчмын дагуу Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд социалист тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхгүй байх, Хонконгийн өмнөх капиталист тогтолцоо, амьдралын хэв маяг 50 жилийн турш өөрчлөгдөхгүй хэвээр байна. Мөн эдгээр үндсэн бодлогыг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Үндсэн хуульд тусгана хэмээн хамтарсан тунхаглалд тусгасан. “Нэг улс, хоёр бодлого” гэдэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь гадагшаа буюу олон улс руу нэг улс байх бодлого баримтлах тул бид энэ давхар татварын хэлэлцээрт Хонконг хамаарна гэж дүгнэж байна.

7.4.Давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах тайлбаруудыг гаргаж байсан боловч харгалзан үзээгүй.

Үүнд: 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн в/-д “Хэлэлцэн тохирогч Улс”, “Хэлэлцэн тохирогч нөгөө Улс” гэж Хэлэлцээрийн заалтын утгаас хамааран Монгол болон Хятадыг хэлнэ” гэж хэлэлцээрийн заалтуудад тухайлан Монгол болон Хятад гэж заахгүйгээр орлогыг аль тал олж байгаа, төлбөрийг аль тал төлж байгаагаас шалтгаалан хэлэлцэн тохирогч улс, хэлэлцэн тохирогч нөгөө улсыг ойлгохоор байна. 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн з/-д “Харьяа” гэж хэлэлцэн тохирогч Улсын харьяат бүх хувь этгээд болон Хэлэлцэн тохирогч Улсын хуулийн дагуу зөвшөөрөгдөн ажиллаж буй хуулийн бүх этгээд, татвар оногдуулах утгаараа түүнтэй адилтгах хуулийн бус этгээдийг хэлнэ” гэж заажээ. Уг хэлэлцээрийн аль нэг талын улсын харьяанд буй тухайн улс орны хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй бүх этгээд, татвар оногдуулах заалттай хуулийн бус этгээд хүртэл хэлэлцээрийн дагуу харьяа болох нь тодорхой байна. 4 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү Хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч аль нэг Улсад байнга оршин суугч” гэж өөрөө болон удирдах, толгойлох байгууллага нь байнга оршин сууж, байрлаж байгаа, мөн түүнтэй адилтгах бусад шалтгаанаар оршин сууж, байрлаж тэр Улсын хуулийн дагуу тухайн Улсад татвар төлөх үүрэгтэй аливаа этгээдийг хэлнэ” гэж заасан. 

7.5.Хэргийн материалд авагдсан “Олон улсын франчайз гэрээ”-ний 1 дүгээр зүйлд “ Li Sh” брэндийн оюуны өмчийн эрхийн хууль ёсны жинхэнэ эзэмшигч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны “l M L Sh C Ch” компани бөгөөд олон улсын зах зээлд уг брэндийн үйл ажиллагааг эрхлэх, ашиглуулах эрхийг өөрийн салбар компани болох Хонконгт зохион байгуулагдсан “L S H K H” компанид олгосон нь нотлогддог. Оюуны өмч нь хууль ёсны дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бүртгэлтэй, оюуны өмчийн жинхэнэ эзэмшигч, толгойлох байгууллага нь мөн адил Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд байх тул уг хэлэлцээрийг хэрэглэх бүрэн үндэслэлтэй гэдгийг давхар нотолж байгаа болно. Татварын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04/1307 дугаар албан бичиг нь Монгол Улсын олон улсын гэрээ буюу оролцогч талуудын маргаж буй хэлэлцээрийг хэрэглэх талаар шууд тайлбарласан байх ба Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Татварын асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллагад олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар, зөвлөмж өгөх эрх хуулиар олгогдоогүй байтал Татварын ерөнхий газрын дээрх албан бичгийг давж заалдах шатны шүүх магадлалдаа үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3 дахь заалтуудыг анхаарч үзээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй, маргаан бүхий харилцаанд Монгол болон Хятад Улсын хооронд байгуулагдсан давхар татварын гэрээ үйлчлэхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10.Хяналтын шатны шүүхээс тус маргааны үйл баримтад 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх эсэхэд дүгнэлт өгнө.

11.Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Ж”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Т б т”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 12/01 дүгээр шийдвэрээр “Т б м г”  ХХК-ийг “Ж”  ХХК-д нэгтгэсэн (иймээс “Ж”  ХХК нь нэхэмжлэл гаргасан), үүнээс өмнө “Т б х п”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 18/01 дүгээр шийдвэрээр тус компанийг “Т б м г”  ХХК-д нэгтгэжээ. Ийнхүү “Т б х п”  ХХК-ийн эрх, үүрэг дуусгавар болж байгаатай холбоотойгоор татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах зорилгоор 2018-2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт оруулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч нар хяналт шалгалт явуулж, маргаан бүхий актыг гаргасан байна.

12.Уг шалгалтаар “Т б х п”  ХХК нь Хаан банканд байрлах өөрийн 51730881… тоот долларын данснаас Хонконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан “Li Sh H K H” Co.ltd/компанитай байгуулсан франчайзийн гэрээний дагуу тус компанийн “H K and sh b c” банк дахь 047752662…. тоот дансанд 2018 онд 449,837,276.40 төгрөг, 2019 онд 361,619,913.40 төгрөгийн эрхийн шимтгэлийн төлбөр шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон. Татвар төлөгч эдгээр төлбөрийг шилжүүлэхдээ дээр дурдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн холбогдох заалтыг үндэслэн 10 хувиар татвар ногдуулан/суутган төлснийг нь хариуцагч нар эс зөвшөөрч, тус компанийг төлбөл зохих татварыг 2018 онд 44,983,727.64 төгрөгөөр, 2019 онд 36,161,991.34 төгрөгөөр, нийт 81,145,718.98 төгрөгөөр бууруулан тайлагнасан нь хууль зөрчсөн. Учир нь Хонконг бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тусдаа, өөрийн татварын хууль тогтоомжтой, улс орнуудтай давхар татварын гэрээ байгуулдаг тул Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр үйлчлэхгүй. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасны дагуу 20 хувиар татвар төлөх ёстой гэж үзэж, тухайн зөрчилд нь холбогдуулж нийт 121,812,822.93 төгрөгийн төлбөр (нөхөн татвар, торгууль, алданги) ногдуулжээ.

13.Энэхүү төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

14.Учир нь, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Суурь хууль”[1] буюу Үндсэн хуулийн 106 дугаар зүйлд “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь бие даасан санхүү, төсөвтэй байна. ... БНХАУ-ын Засгийн газар нь Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд татвар ногдуулахыг хориглоно”, 108 дугаар зүйлд “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь бие даасан татварын системийг цогцлооно. Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь бага татварын хувь хэмжээний бодлогыг баримталж, татварын төрөл, хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт болон татварын бусад асуудлаар өөрийн хуулийг батална” гэж заасан байх бөгөөд өнөөдрийн байдлаар тус бүс нь нийт 46 улстай давхар татварын хэлэлцээр байгуулсны дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (1998.04.10-нд) хамаарч байна.[2]

15.Хэдийгээр Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн б/-д “Хятад” гэж БНХАУ, газар зүйн утгаараа БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд мөн хятадын татварын хууль үйлчлэх БНХАУ-ын нутаг дэвсгэрт багтах ... нутгийг хэлнэ” гэж заасан, мөн Хонконгийн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь БНХАУ-ын салшгүй нэг хэсэг юм” гэсэн боловч уг Үндсэн хуульдаа тус бүс нь бие даасан татварын системтэй байх, БНХАУ-ын татварын хууль тогтоомж үйлчлэхгүй байхаар заасан. Үүнийг ч хүлээн зөвшөөрч Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь тус бүстэй давхар татварын хэлэлцээр байгуулсан гэж үзэж болохоор байна. 

16.Иймээс Хонконгийн хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгж Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон тохиолдолд Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын давхар татварын хэлэлцээр үйлчлэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17.Нэгэнт дээрх хэлэлцээр үйлчлэхгүй, мөн одоогийн байдлаар Монгол Улс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын онцгой бүс болох Хонконгтой давхар татварын хэлэлцээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэхүү маргааны тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн зохицуулалт хэрэглэгдэхгүй болно.

18.Гэтэл анхан шатны шүүх “... Хонконг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт хамаарах нь тодорхой тул Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 10 хувиар тооцож татвар төлөх ёстой” гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлтэй, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэглэх нь хуульд нийцнэ ...” хэмээн тухайн хэлэлцээрийн талыг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй олон улсын гэрээ болон хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

19.Маргааны үйл баримтад хэрэглэгдэх 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “ “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 5 дугаар зүйлийн 5.4-т “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна ...” 5.4.2-т “энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно”, 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу “Т б х п”  ХХК нь Хонконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан “Little Sheep Hong Kong Holdings” компанитай байгуулсан франчайзийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрт 20 хувийн татварыг ногдуулж/суутган төлөх үүрэгтэй.

20.Гэтэл нэхэмжлэгч дээрх хуульд заасан үүргээ зөрчсөн тул хариуцагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,2, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нөхөн татвар ногдуулсан маргаан бүхий татварын акт хууль ёсны байна. Иймд “тухайн харилцаанд олон улсын гэрээ хэрэглэгдэх ёстой, анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-7.4 дэх хэсэг дэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. 

21.Түүнчлэн, нэхэмжлэгч нь Хонконгийн хуулийн дагуу байгуулагдсан “Little Sheep Hong Kong Holdings” компанитай байгуулсан франчайзийн гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн буюу тус компани нь орлого олсон байх тул “ “... L Sh” брэндийн оюуны өмчийн эрхийн хууль ёсны жинхэнэ эзэмшигч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны “l M L Sh C Ch” компани бөгөөд олон улсын зах зээлд уг брэндийн үйл ажиллагааг эрхлэх, ашиглуулах эрхийг өөрийн салбар компанид олгосон нь нотлогддог. Оюуны өмч нь хууль ёсны дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бүртгэлтэй, оюуны өмчийн жинхэнэ эзэмшигч, толгойлох байгууллага нь мөн адил Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд байх тул уг хэлэлцээрийг хэрэглэх бүрэн үндэслэлтэй ...” гэх гомдол (Тодорхойлох хэсгийн 7.5-д) үндэслэлгүй юм.

22.Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2024/0272 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ЦОГТ

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА   

      ШҮҮГЧИД                                                          Д.БАТБААТАР

                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ   

                                                                                Г.БАНЗРАГЧ

                                                       

 

[1]The Basic Law of The Hong Kong Special Administrative Region of the People’s of China (https://www.basiclaw.gov.hk/en/basiclaw/index.html)