Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00337

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 59 настай эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, хувийн 16 дугаар байрны 1 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Намжилмааг /РД:ГЮ57030106/-ийн нэхэмжлэлтэй, Энержи Плас ХХК болон тус компанийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Төмөрийн Мягмарсүрэн нарт холбогдох газар чөлөөлүүлж хашааны хаалга бариулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00197/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Арвай Лонж ийн хашаанд оршин суух, Луван овогт Төмөрийн Мягмарсүрэн /РД:ЙР76101211/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2011 онд тус компани нь Булган суманд Дулааны станцын барилга барьж эхлэхдээ манай хашаанд тоног төхөөрөмж, барилгын материалаа оруулжтавья гээд хашааг буулгаж, тоног төхөөрөмж, барилгын материалаа зөөж оруулан дөрвөн жил гаран болсон.Тоног төхөөрөмж, барилгын материалыг зөөж байхдаа барьж байгаа барилгынхаа суурийг манай хашааны хойд хэсэг болон хашааны хаалганы газар суурийн цутгалтаа хийсэн. Миний бие: Та нар яагаад манай газар хашааны хаалга байсан газар луу барилгынхаа суурийг цутгаж байгаа юм бэ? Манайх хаалгагүй болчихлоо, хаагуур орж гарах болж байна гэхэд, захирал Гантулга: Манай газрын талбай хүрэлцэхгүй байна, танай газар болон хашааны хаалганы асуудлыг шийдэж өгнө гэж явсаар байгаад өдий хүрлээ. Би энэ талаар сумын газрын даамал болон аймгийн Газрын албанд удаа дараа хандахад манайх, танай газраас ав гэж зөвшөөрөл өгөөгүй, бид энэ асуудлыг шийдэхгүй, тэр компанитайгаа учраа ол гэсэн хариу өгөх юм. Гантулга захирал: Газрын чинь асуудлыг шийдвэрлэж өгнө гээд эхлээд зүүн талд хаалгыг чинь гаргана, дараа нь хоёр байшингийн дундуур гаргана гэсээр байгаад баруун талд орох ямар орц боломжгүй хаалга хийсэн. Энэ хаалгаар хашаандаа орж гарах гэхээр бусдын эзэмшил газар дээгүүр явах болж машин болон хүн амьтан орж гарах замыг нь газрын эзэн Энхтайван зөвшөөрөхгүй болсноор бид хашаандаа орж гарч чадахгүй болоод байна. Мөн манай эзэмшлийн хашаа руу 117 м.кв газар үйлдвэрийнхээ хашааг сунгаж хашаагаа барьсан. Бид энэ компанийг газрын болон хашааны хаалганы асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүлээсээр дөрвөн жил гаруй хугацаа боллоо. Энэ талаар би дахин аймгийн Газрын албанд хандахад аймгийн Газрын алба газар чөлөөлж өгөх тухай албан тоот бичиг энэ компанид өгсөн боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд манай хашааны хаалганы болон зөвшөөрөлгүй 117 м.кв газар сунгасан зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Энержи Плас ХХК-ийн захирал Ч.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 257 тоот тогтоолоор Булган аймгийн төвийн дулааны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих-ашиглах-өмчлөх нөхцөлтэйгээр тус компани барихаар болж Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Булган аймгийн Засаг дарга нартай 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Булган аймгийн Засаг дарга гэрээний дагуу дулааны станцын зохицуулалтаар Булган сумын 5 дугаар багийн нутаг Д.Лхагвадоржийн өргөн чөлөөнд 7567мкв талбай бүхий газрыг манайд эзэмшүүлэхээр захирамж гаргаж 0294904 тоот эрхийн гэрчилгээ олгосон. Уг газар нь ТЭЗҮ заагдаснаас бага хэмжээтэй, стандарт шаардлага хангахгүй, зарим хэсэг нь маргаантай байгаа талаар холбогдох газруудад нь мэдэгдэж гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхийг шаардсаар байгаа. Одоо дулааны станцын угсралтын ажил 80 шахам хувийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Гэвч газрын маргаанаас болж бүтээн байгуулалт саатах, аймаг орны ажилд нөлөөлж болзошгүй байгааг харгалзан олон нийтийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүндэтгэн маргаантай байгаа газраас хашаагаа татан хүндхэн нөхцөлтэй ч гэсэн ажлаа хэвийн явуулахаар шийдлээ гэжээ.

Хариуцагч Т.Мягмарсүрэн шүүхэд болон шуух хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд манай компани концесын гэрээ байгуулж 2012 оноос ажлаа эхэлсэн. Аймгаас олгосон газар дээрээ бид үйл ажиллагаа явуулж барилгаа барьж байна. Нэхэмжлэгч С.Намжилмаагийн нэхэмжилсэн газар чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манайх барилгын үйл ажиллагаагаа эхлэхдээ нэхэмжлэгч С.Намжилмаагийн эзэмшлийн газар луу хашаагаа түрж оруулаад барьсан. Гарах гарц гаргаж өг гэхээр нь бид С.Намжилмаагийн хашааны баруун талд засварын газрын эзэн Энхтайваны газар луу харуулж хашаанд нь гүйдэг хаалга хийж өгсөн. Хаалга хийж өгөх үед тус засварын газрын ар хэсгийн газар нь нийтийн эзэмшлийн газар байсан. Гэтэл засварын газрын Энхтайван газраа сунгаж авснаас болж гарах гарцыг хаасан байна. Нэгэнт С.Намжилмаагийн эзэмшлийн газар луу хашаагаа оруулж барьснаа хүлээн зөвшөөрч газрыг нь чөлөөлж өгнө. Харин газрын эзэмшигч өөрийн газар дээрээ хашаа барьж хаалгаа хаагуураа гаргаж барих нь тэдний эрхийн асуудал тул бид хаалга дахин хийж өгөх боломжгүй. Хашаагаа түрж барьсан газрын хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэлд дурьдсан хэмжээгээр гэж бодож байна. Бид эвлэрэх талаар хэд хэдэн удаа уулзаж байсан. Бид С.Намжилмаагийн газрын баруун талын жижиг байшинг 15 сая төгрөгөөр худалдаж авч гарц гаргаж өгөхөөр тохиролцож байсан боловч С.Намжилмаа нь манай компанийн удирдлага руу яриад өөрийн объектыг 350 сая төгрөгөөр худалдаж ав гэсэн шаардлага тавьсан байсан. Иймээс бид тохиролцоонд хүрч чадаагүй. Газрыг нь чөлөөлж өгөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Намжилмаа нь Энержи Плас ХХК болон тус компанийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Мягмарсүрэн нарт холбогдуулан газар чөлөөлүүлж хашааны хаалга бариулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Намжилмаа нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Л.Энэбишийн гудамжны 1 дүгээр эгнээний 1676 мкв бүхий газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд хариуцагч Энержи плас ХХК-ийн эзэмшлийн газар нь түүний эзэмшлийн газартай хил залгаа байрладаг болох нь зохигчдын тайлбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0301132 дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, С.Намжилмаагийн газрын кадастрын зураг, Энержи плас ХХК болон С.Намжилмаа нарын эзэмшил газрын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эзэмшлийн газар луу хариуцагч Энержи плас ХХК нь өөрийн хашаагаа барьж 117 мкв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул газрыг чөлөөлүүлж, хашааны хаалгыг бариулахаар шаардсан байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийн эзэмшил газар луу 117 мкв хэмжээтэй түрэн орж хашаагаа барьсан, хууль бус эзэмшлээсээ чөлөөлж өгөхөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх боловчхашааны хаалгыг бид барих үүрэггүй, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газартаа хашаа барьж хаалгаа хаагуураа гаргах нь тэдний эрхийн асуудал тул хашааны хаалгыг дахин барьж өгөх боломжгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар хашааны хаалга бариулахаар шаардсан боловч ямар үндэслэлээр, ямар хэмжээтэй хаалга бариулах нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримт бүрдүүлэх цуглуулах үүргээбиелүүлээгүй байна.

Иймд хариуцагч тал өөрийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн газрыг чөлөөлж өгөхөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул С.Намжилмаагийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Л.Энэбишийн гудамжны 1 дүгээр эгнээний 1676 мкв газраас 117мкв хэмжээтэй газрыг чөлөөлөхийг хариуцагч Энержи Плас ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хашааны хаалга бариулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өвчний учир ирэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшуулахаар хүсэлт ирүүлсэн хэдий ч хариуцагч тал нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг баримтланС.Намжилмаагийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Л.Энэбишийн гудамжны 1 дүгээр эгнээний 1676 мкв газраас 117м хэмжээтэй газрыг чөлөөлөхийг хариуцагч Энержи Плас ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хашааны хаалга бариулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Энержи Плас ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН