Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 008

 

 

 

 

 

                                                

   С.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаартай шийдвэртэй,

С.Намжилмаагийн нэхэмжлэлтэй “Энержи Плас” ХХК болон тус компанийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Мягмарсүрэн нарт холбогдох газар чөлөөлүүлж хашааны хаалга бариулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч С.Намжилмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.Мягмарсүрэн

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2011 онд тус компани нь Булган суманд Дулааны станцын барилга барьж эхлэхдээ манай хашаанд тоног төхөөрөмж, барилгын материалаа оруулж тавья гээд хашааг буулгаж, тоног төхөөрөмж, барилгын материалаа зөөж оруулан дөрвөн жил гаран болсон. Тоног төхөөрөмж, барилгын материалыг зөөж байхдаа барьж байгаа барилгынхаа суурийг манай хашааны хойд хэсэг болон хашааны хаалганы газар суурийн цутгалтаа хийсэн. Миний бие: Та нар яагаад манай газар хашааны хаалга байсан газар луу барилгынхаа суурийг цутгаж байгаа юм бэ? Манайх хаалгагүй болчихлоо, хаагуур орж гарах болж байна гэхэд, захирал Гантулга: Манай газрын талбай хүрэлцэхгүй байна, танай газар болон хашааны хаалганы асуудлыг шийдэж өгнө гэж явсаар байгаад өдий хүрлээ. Би энэ талаар сумын газрын даамал болон аймгийн Газрын албанд удаа дараа хандахад манайх, танай газраас ав гэж зөвшөөрөл өгөөгүй, бид энэ асуудлыг шийдэхгүй, тэр компанитайгаа учраа ол гэсэн хариу өгөх юм. Гантулга захирал: Газрын чинь асуудлыг шийдвэрлэж өгнө гээд эхлээд зүүн талд хаалгыг чинь гаргана, дараа нь хоёр байшингийн дундуур гаргана гэсээр байгаад баруун талд орох ямар орц боломжгүй хаалга хийсэн. Энэ хаалгаар хашаандаа орж гарах гэхээр бусдын эзэмшил газар дээгүүр явах болж машин болон хүн амьтан орж гарах замыг нь газрын эзэн Энхтайван зөвшөөрөхгүй болсноор бид хашаандаа орж гарч чадахгүй болоод байна. Мөн манай эзэмшлийн хашаа руу 117 м.кв газар үйлдвэрийнхээ хашааг сунгаж хашаагаа барьсан. Бид энэ компанийг газрын болон хашааны хаалганы асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүлээсээр дөрвөн жил гаруй хугацаа боллоо. Энэ талаар би дахин аймгийн Газрын албанд хандахад аймгийн Газрын алба газар чөлөөлж өгөх тухай албан тоот бичиг энэ компанид өгсөн боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд манай хашааны хаалганы болон зөвшөөрөлгүй 117 м.кв газар сунгасан зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Энержи Плас ХХК-ийн захирал Ч.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 257 тоот тогтоолоор Булган аймгийн төвийн дулааны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих-ашиглах-өмчлөх нөхцөлтэйгээр тус компани барихаар болж Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Булган аймгийн Засаг дарга нартай 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Булган аймгийн Засаг дарга гэрээний дагуу дулааны станцын зохицуулалтаар Булган сумын 5 дугаар багийн нутаг Д.Лхагвадоржийн өргөн чөлөөнд 7567мкв талбай бүхий газрыг манайд эзэмшүүлэхээр захирамж гаргаж 0294904 тоот эрхийн гэрчилгээ олгосон. Уг газар нь ТЭЗҮ заагдаснаас бага хэмжээтэй, стандарт шаардлага хангахгүй, зарим хэсэг нь маргаантай байгаа талаар холбогдох газруудад нь мэдэгдэж гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхийг шаардсаар байгаа. Одоо дулааны станцын угсралтын ажил 80 шахам хувийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Гэвч газрын маргаанаас болж бүтээн байгуулалт саатах, аймаг орны ажилд нөлөөлж болзошгүй байгааг харгалзан олон нийтийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүндэтгэн маргаантай байгаа газраас хашаагаа татан хүндхэн нөхцөлтэй ч гэсэн ажлаа хэвийн явуулахаар шийдлээ гэжээ.

Хариуцагч Т.Мягмарсүрэн шүүхэд болон шуух хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд манай компани концесын гэрээ байгуулж 2012 оноос ажлаа эхэлсэн. Аймгаас олгосон газар дээрээ бид үйл ажиллагаа явуулж барилгаа барьж байна. Нэхэмжлэгч С.Намжилмаагийн нэхэмжилсэн газар чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манайх барилгын үйл ажиллагаагаа эхлэхдээ нэхэмжлэгч С.Намжилмаагийн эзэмшлийн газар луу хашаагаа түрж оруулаад барьсан. Гарах гарц гаргаж өг гэхээр нь бид С.Намжилмаагийн хашааны баруун талд засварын газрын эзэн Энхтайваны газар луу харуулж хашаанд нь гүйдэг хаалга хийж өгсөн. Хаалга хийж өгөх үед тус засварын газрын ар хэсгийн газар нь нийтийн эзэмшлийн газар байсан. Гэтэл засварын газрын Энхтайван газраа сунгаж авснаас болж гарах гарцыг хаасан байна. Нэгэнт С.Намжилмаагийн эзэмшлийн газар луу хашаагаа оруулж барьснаа хүлээн зөвшөөрч газрыг нь чөлөөлж өгнө. Харин газрын эзэмшигч өөрийн газар дээрээ хашаа барьж хаалгаа хаагуураа гаргаж барих нь тэдний эрхийн асуудал тул бид хаалга дахин хийж өгөх боломжгүй. Хашаагаа түрж барьсан газрын хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэлд дурьдсан хэмжээгээр гэж бодож байна. Бид эвлэрэх талаар хэд хэдэн удаа уулзаж байсан. Бид С.Намжилмаагийн  газрын баруун талын жижиг байшинг 15 сая төгрөгөөр худалдаж авч гарц гаргаж өгөхөөр тохиролцож байсан боловч С.Намжилмаа нь манай компанийн удирдлага руу яриад өөрийн объектыг 350 сая төгрөгөөр худалдаж ав гэсэн шаардлага тавьсан байсан. Иймээс бид тохиролцоонд хүрч чадаагүй. Газрыг нь чөлөөлж өгөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг баримтлан С.Намжилмаагийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Л.Энэбишийн гудамжны 1 дүгээр эгнээний 1676 м2 газраас 117м хэмжээтэй газрыг чөлөөлөхийг хариуцагч “Энержи Плас” ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хашааны хаалга бариулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Энержи Плас” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч С.Намжилмаа давж заалдах гомдолдоо: “...хариуцагч “Энержи Плас” ХХК-ны захирал Гантулга шүүхэд бичсэн тайлбартаа хэн хэнийхээ эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлж байсан. Гэтэл хариуцагч Т.Мягмарсүрэн нэхэмжлэлийн агуулгыг өөрчлөн, худал ярьж тайлбарласныг шүүх хэргийн материалд дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн Т.Мягмарсүрэнгийн тайлбарласнаар шийдвэрлэснийг, 

- мөн шүүх нэхэмжлэгч, хариуцагчаар хашааны хаалга бариулахаар шаардсан боловч ямар үндэслэлээр, ямар хэмжээтэй хаалга бариулах нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэжээ. Би шүүхэд хаалга бариулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, манайх хаалга бариулах шаардлага ч байхгүй. Хаалганы үнийн дүн, хэмжээг ч гаргах шаардлагагүй. Зөвхөн хашаандаа орж гарах гарц гаргуулахыг шаардсан. Манайх хашаандаа орж гарах гарц байхгүйг нотлох кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд байхад шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй зүйлийг үндэслэн шийдвэрлэснийг,

- нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өвчний учир ирэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт ирүүлсэн хэдий ч хариуцагч тал нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хэргийг шийдвэрлэжээ. Хуульд зааснаар нэхэмжлэгч шүүх хурлыг хойшлуулах үндэслэлийг гаргаж хүсэлт, эмнэлэгийн чөлөөний хуудас ирүүлсэн байхад, нэхэмжлэгч шүүх хуралд оролцсон нөхцөлд хэргийн нөхцөл байдал өөр гэдгийг мэдэж хариуцагч тал, нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийх хүсэлтийг гаргасны дагуу шүүх шийдвэрлэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.

- манай хашааны хаалга байсан газар бутлах цех, конивер станцын төв барилгыг барьж, манай хашаандаа орж, гарах эрхийг хязгаарласан боловч бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулалгүйгээр хулээцтэй хандаж, компанийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр хадгалж хамгаалсаар өдий хүрсэн. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох миний эзэмшлийн 117 м2 талбай бүхий газрыг чөлөөлүүлж, хашаандаа орж гарах эрхийг олгож өгнө үү” гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Намжилмаа нь “Энержи плас” ХХК-нд холбогдуулан хашааны газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Намжилмаа нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, 2016 оны 06-р сарын 27-ний өдрийн эмнэлгийн магдалгаа зэрэг нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байхад шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, зоригчдод мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийг эзгүйд шийдвэрлэсэн нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

      Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                       М.ХҮРЭЛБААТАР