Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0137

 


       “Ги” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, Д.Эрдэнэчулуун нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ги” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эү” ТӨҮГазар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эү” ТӨҮГазарт холбогдуулан “Эү” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1617 дугаар албан бичиг хүчингүй болгуулах, ЭҮХХК/201904079 дугаартай ““Э”орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Ги” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эү” ТӨҮГазарт даалгах, “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр “Эү” ТӨҮГ-ын “Э”орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа нэхэмжлэгч “Ги” ХХК тус тус татгалзсаныг баталж, тухайн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эү” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Ги” ХХК-ийн “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Эү” ТӨҮГ-ын “Э”орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд “Ги” ХХК-ийг хамгийн сайн тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах,

“Эү” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1078 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д дараах нөхцөл үүссэн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахаар заасан. Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн, тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан. Хуулийн дээрх зохицуулалт тендерийн баримт бичигтэй бүх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маргаж болно гэсэн үг биш бөгөөд зөвхөн дээрх үндэслэлээр өрсөлдөөнийг хязгаарласан бол хянуулж болохоор зохицуулжээ. Тендерийн баримт бичигт 2013 оны Барилга хот байгуулалтын сайдын "Журам батлах тухай” 89 тоот хүчингүй болсон журмын 2.1.1. “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” тусгай зөвшөөрөл шаардсаны зэрэгцээ 2.1.1* “Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил” гэсэн тусгай зөвшөөрөл гэж заасан боловч ТОӨЗ-ын 6.2.9 а хэсгийн нэмэлт тайлбар хэсэгт “Өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан журмын үед авсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн хувьд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны “Аргачлал батлах тухай” 33 тоот тушаалаар дүйцүүлэн тооцно гэж заасан.

Тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан болон өрсөлдөөнийг хязгаарлаж болох зөвлөгөө авахыг хориглосонтой холбоотой асуудал огт гараагүй, талууд маргаагүй атал шүүх маргаанд хамааралгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан эсхүл баримт бичиг хууль бус гэж огт маргаагүй. Харин тендерийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг хянах явцад журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж маргасан. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 сарын 04-ний өдөр “Эү" ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хороо манай тендерт үнэлгээ хийхдээ тендерийн баримт бичигт заасан аргачлалаа хэрэглээгүй, хүчингүй болсон журамд үндэслэн шийдвэр гаргасан гэж маргаж байгаа болно.

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн төрөл ангилал, нөхцөлийг журамласан 2013 оны Барилга хот байгуулалтын сайдын “Журам батлах тухай” 89 тоот тушаал нь 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Барилга хот байгуулалтын сайдын 11 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар хүчингүй болсон. Шинэчлэгдсэн батлагдсан тус тушаалаар 2.1.1* барилгын засаг чимэглэл интерьерийн ажил гэх төрөл ангиллын тусгай зөвшөөрөл байхгүй болсон.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан өмнө үйлчилж байсан 89 тоот журамд үндэслэн олгогдсон тусгай зөвшөөрлүүд шинэ журмаар ямар нэр бүхий аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл вэ гэдгийг тодорхойлохын тулд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны өдрийн "Аргачлал батлах тухай” 33 тоот журам гарсан. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын хавсралтаар 2 шаардлагыг дараах байдлаар дүйцүүлсэн. Үүнд Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага            Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” дугаар 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, 2.1.1*. Барилгын засаг чимэглэл, интерьерийн ажил.

Үүнээс үзэхэд 89 тушаалаар батлагдсан журмын 2.1.1 болон 2.1.1* тусгай зөвшөөрлүүд нэгдэж БА-8.1-д заасантай дүйцнэ гэж журамлаагүй байна. Харин 2.1.1 дангаар БА-8.1-д заасан ангиллын тусгай зөвшөөрөлтэй дүйцэх, 2.1.1* тусгай зөвшөөрөл дүйцэх зүйлгүй буюу хүчингүй гэдгийг илэрхийлж байна. Үүнийг журам батлан гаргасан байгууллага, тусгай зөвшөөрөл олгож хяналт тавих байгууллагууд дараах байдлаар илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байгаа болно.

Барилга хот, байгуулалтын яамны 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 03/4456 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” тоот албан бичиг, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 сарын 31-ны өдрийн 217 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан журмаар 2018 оны 01 сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” дугаар 11 тушаалыг хүчингүй болгож тус журамд байсан БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрлийн төрөл шинэ журмын 8-д өмнөх нэрээр хэвээр уламжлан зохицуулагдсан.

Нэхэмжлэгчийн зүгээс “Эү" ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 сарын 04-ны өдрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх" 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж маргасан. “Хуульд үндэслэх" зарчим хүчин төгөлдөр үйлчилж буй хууль болон түүнд үндэслэн гаргасан хэм хэмжээний актад үндэслэсэн байхыг шаарддаг. 2013 оноос 2018 оны хугацаанд үйлчилж байсан бөгөөд түүний шийдвэр гаргах үед хүчингүй болсон хэм хэмжээний актад үндэслэн шийдвэр гаргасан, шийдвэр гаргах үед нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээний акт болох Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаал, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 217 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслээгүй.

“Гангар-Инвест” ХХК нь 2018 оны 01 сарын 09-ний өдөр авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт эзэмшдэг байснаараа Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар бодит байдал дээр БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил" тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон байсныг хүлээн зөвшөөрөөгүй.

Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичигт “...Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл буюу барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гүйцэтгэх 2.1.1* заалт байхгүй байгаа талаар холбогдох байгууллагаас нягталсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх" талаар мэдэгдсэн.

Тухайн харилцаанд дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2, 98.1.3-д заасан хүрээнд шийдвэрээ гаргасан. Гэтэл “Эү” ТӨҮГ нь дээд шатны захиргааны байгууллагаас шийдвэрлэж 2.1.1* заалт байхгүй байгаа талаар холбогдох байгууллагаас нягталсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан Монгол Улсын Сангийн  яамны үүргийг биелүүлээгүй, холбогдох байгууллагаас тодруулга аваагүй, ажил, үүрэгтээ хайнга хандсан байна.  Шүүх дээрх үндэслэлүүдийг хүлээж аваагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дээрх зарчмуудын хяналтыг захиргааны үйл ажиллагаанд тавиагүй. Үүгээрээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-д “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасныг зөрчин бодит байдал дээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн ангилал төрлийг тухайн хэлбэрээр нь нэхэмжлэгчээс шаардсан шийдвэр болжээ. Иймд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны төлөөлөгчийн шүүх хуралдааны үед хэлсэн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг хангаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болсон бөгөөд бусад шаардлагыг хангасан талаар дурдсан. Гэвч 2.1.1* тусгай зөвшөөрөл тендер зарлах үед төрийн байгууллагаас олгогдохгүй болсон бөгөөд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь 2.1.1* зөвшөөрлийг авах боломжгүй, шаардлагагүй. Иймд “Эү” ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороо нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод, ... үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан атал захиалагч “Эү” ТӨҮГ худалдан авах ажиллагаанд энэхүү зарчмыг баримтлаагүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.4.үр нөлөөтэй байх зарчмуудыг тус тус зөрчсөн “хууль бус" захиргааны акт юм. “Ги” ХХК болон “Прохит" ХХК-ийн түншлэлийн тендерийг шалгаруулахаас татгалзаж буй тус хууль бус үндэслэлээс бусад шаардлагыг хангаж байгаа тул нэн тэргүүнд шаардлага хангасан тендерээр шалгарах ёстой байсан. Цаашлаад тус тендерт 2 оролцогч оролцож, манай түншлэл 29,920,273,291 төгрөгийн үнийн санал илгээж, нөгөө оролцогч этгээд 29,979,298,837 төгрөгийн санал ирүүлж, манай түншлэл хамгийн бага үнийн санал илгээсэн оролцогч буюу “хамгийн сайн тендер”-т шалгарах “хууль ёсны ашиг сонирхол” зөрчигдсөн. Улмаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ги” ХХК-иас анхан шатны шүүхийн шийдвэрийн  “...“Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Эү” ТӨҮГ-ын “Э”орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд “Ги” ХХК-ийг хамгийн сайн тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан гомдол гаргасан, шийдвэрийн өөр бусад хэсэгт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнд хянав.

“Эү” ТӨҮГ-ын  зарласан ““Э”орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Ги” ХХК, “Л” ХХК оролцсон боловч Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийг хянан үзэх үе шатанд “шаардлагад нийцсэн тендер ирээгүй” хэмээн бүх тендерээс татгалзсан байх бөгөөд тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 в-д заасан “Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай барилга угсралтын 2.1.1* /Барилгын засал, чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч “Ги” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Ги” ХХК нь барилга угсралтын 2.1.1* тусгай зөвшөөрөлгүй болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй боловч “...захиалагчийн шаардаж буй 2.1.1* тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу олгохоо больсон, 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй байхад 2.1.1* тусгай зөвшөөрлийг авах шаардлагагүй,  энэ 2 тусгай зөвшөөрлийг нэгтгэн БА-8.1 гэж нэрлэх болсон ба 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй бол БА-8.1 тусгай зөвшөөрлийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг хийх боломжтой” гэж, харин хариуцагч нь “...уг ажлыг гүйцэтгэхэд барилга угсралтын 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл шаардлагатай гэж үзсэн учраас тендерийн баримт бичигт тусгасан, БА-8.1 тусгай зөвшөөрөл нь 2.1.1 болон 2.1.1* тусгай зөвшөөрлийн нийлбэр учраас зөвхөн 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй этгээд тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй, нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигтэй маргаагүй, Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу дүгнэх үүрэгтэй” гэж тус тус маргажээ.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага” үйлчилж байх үед олгогдсон барилга угсралтын 2.1.1 /Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт/ тусгай зөвшөөрөл нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-д заасан БА-8.1 /Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил/ тусгай зөвшөөлтэй дангаараа дүйцэх эсэх, шинэчлэн батлагдсан тус суурь нөхцөл, шаардлага үйлчилж эхэлснээр зөвхөн барилга угсралтын 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй этгээд барилгын интерьерийн ажлыг гүйцэтгэж болохоор зохицуулагдсан эсэх нь маргааны гол асуудал байна.

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-ын дагуу олгогдох БА-8.1 тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагаас үзэхэд барилга угсралтын 2.1.1 болон 2.1.1* тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн нэг тусгай зөвшөөрөл болгосон байх бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар барилга угсралтын 2.1.1 тусгай зөвшөөрөл нь БА-8.1 тусгай зөвшөөрөлтэй дангаараа дүйцнэ гэсэн агуулгаар батлагдаагүй, 2.1.1, 2.1.1* тусгай зөвшөөрлийг аль алийг нь авсан хуулийн этгээд БА-8.1 тусгай зөвшөөрлийн тавигдах шаардлагыг хангасан гэж дүйцүүлэн ойлгохоор зохицуулсан гэж үзэхээр байна.

Үүнээс үзвэл, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага шинэчлэн батлагдсанаар “Барилгын интерьерийн ажил” гүйцэтгэх этгээдэд 2.1.1* тусгай зөвшөөрөлтэй байх /тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй бол/, хэрэв энэ тусгай зөвшөөрөлгүй бол БА-8.1 тусгай зөвшөөрлийг авах шаардлага тавигдахаас биш 2.1.1* тусгай зөвшөөрлийг олгохоо больсон нь “барилгын интерьерийн ажил” гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй болсон гэж үзэхгүй юм.

Иймд “Эү” ТӨҮГ-ын зарласан ““Э”орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 в-д заасан “Уг ажлыг гүйцэтгэхэд барилга угсралтын 2.1.1* /Барилгын засал, чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрөлтэй байх” шаардлагыг тавьсан, нэхэмжлэгч “Ги” ХХК нь барилгын угсралтын 2.1.1* тусгай зөвшөөрөл байхгүй тул Тендерийн үнэлгээний хорооноос түүний ирүүлсэн тендерийг баримт бичгийн шаардлага хангаагүй гэж үзэн татгалзсан нь үндэслэлтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “... тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн санал”-ыг ойлгохоор зааснаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй захиалагч нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, хариуцагч “Эү” ТӨҮГ нь “Э”орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа уг ажлыг гүйцэтгэх этгээд нь барилга угсралтын 2.1.1* Барилгын засал, чимэглэл, интерьерийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсан, үндэслэлээ “...тухайн тусгай зөвшөөрлийг олгохоо больсон ч 2.1.1* тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаагүй аж ахуйн нэгжүүдэд боломж олгож, тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангах зорилгоор тендерийн баримт бичигт тусгасан” гэж тайлбарласан, захиалагч нь тухайн тендерийн шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох бүрэн эрхтэй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг ... хуульд ... нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж заасны дагуу захиалагчийн тогтоосон шалгуур үзүүлэлт, шаардлага нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж тендерт оролцогч үзвэл, тухайн тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргахаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т тусгайлан заасан, нэхэмжлэгч “Ги” ХХК-иас 2.1.1* тусгай зөвшөөрөл шаардсан нь хуульд нийцээгүй талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй тул “...захиалагчаас тендерийн баримт бичигтээ хүчингүй болгосон буюу олгохоо больсон 2.1.1* тусгай зөвшөөрлийг тусгаж, үүнийхээ дагуу үнэлсэн” гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Ийнхүү хариуцагчаас өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзсэн нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тендерийг “хамгийн сайн тендер” гэж шүүхээс үнэлэх боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар зөвхөн шаардлага хангасан тендерийг үнэлж, шалгарсан болохыг тогтоож хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн оролцогчтой гэрээ байгуулах нөхцөл бүрдэх тул “Эү” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд “Ги” ХХК-ийг хамгийн сайн тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах хууль зүйн боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ги” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН